Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/00134

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/00134

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  М овогт Д-ийн Х /РД:***********/

 

Хариуцагч Б овогт А-ийн Ү /РД:************/

 

Хариуцагч: Б овогт -ын С /РД:*************/

 

Хариуцагч: Б овогт Ү-ын А /РД:*************/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Х-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д,

Хариуцагч А.Ү, Ү.С, Ү.А, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Х нь эрхийн улсын Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Д аймаг, С сум, Т баг 0 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч А.Ү, Ү.С, Ү.Ар нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Миний бие хүү Х.Мыг эхнэр хүүхдийн хамт тусад нь айл болгохоор байр орон сууж хайж байтал 2009 оны 6 дугаар сард А.Ү нь Н.У, Н.А нарын хамт манайд ирээд чи байр орон сууц хайж байгаа гэсэн, манай байшинг авчих гэж хэлсэн. Би байр хайж байсан болохоор хүү Х.Мын хамт очиж байрыг үзсэн. Хүү Х.М тухайн үед 5 дугаар багийн сум дунд эмнэлэгт хүний их эмчээр ажиллаж байсан болохоор энэ чинь эмнэлгээс ойрхон юм байна, авъя гэсэн. Тухайн үед Зүүнбаянд орон сууцны үнэ 1,500,000-1,600,000 төгрөгийн үнэтэй байсан. Би байрны эзэн А.Үтай тохироод байрыг 1,600,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ингээд би 1,000,000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд байрны түлхүүрийг авч хоцорсон. Ер нь бол хариуцагч А.Ү нь ...чи манай байшинг авчих, хань маань нас барчихсан. Би одоо энд байхгүй, надад мөнгөний хэрэгцээ байна гэж гуйгаад байхаар нь би байрыг авсан юм. Тухайн үед би ...байрны гэрчилгээ, бичиг баримт нь хаана байна гэхэд А.Ү нь ...гадаа амбаарт байгаа, дараа ирээд өгнө гэсэн. Бид хоёр нэг байгууллагад ажиллаж байсан болохоор үнэмшээд байрны гэрчилгээг аваагүй үлдээсэн. Ингээд тун удалгүй А.Ү над руу утасдаад ...миний бие өвдөөд эмнэлэгт хэвтэх боллоо. Чамд бололцоо байвал мөнгө явуулаач гэсэн. Тэгэхээр нь би 300,000 төгрөгийг Хаан банкаар А.Үын нэрээр шилжүүлсэн. А.Ү, түүний охин Ү.С нар утсаар ярьж байгаад байрны үлдсэн мөнгийг авч дууссан. А.Үын байрны гэрчилгээг өгөхгүй болохоор уг байр нь ямар хүний нэр дээр байгааг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүлгэхэд Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалттай Катеж А тоот орон сууцны талаар бүртгэл байхгүй бөгөөд орон сууц хувьчлалтын материал нь ирээгүй байна гэсэн хариуг 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 911 тоот албан бичгээр өгсөн. Ингэж би ямар ч бичиг баримтгүй байрыг А.Үаас авч залилуулснаа мэдсэн. 2012 онд уг байрны талаар улсын бүртгэлийн хэлтсээс лавлахад А.Ү, түүний охин Ү.С нар үгсэн хуйвалдаж, надад хэлэлгүй 2012 оны 6 дугаар дугаар сарын 20-нд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр авсан байсан. Ийнхүү миний өмчлөлд байсан байр орон сууцыг луйвардан, дээрэмдэж авчихаад өнөөг хүртэл миний байрны өмчлөлийн гэрчилгээг өгөхгүй намайг хохироож байна. 2009 оноос хойш удаа дараалан иргэн А.Ү, түүний охин Ү.С нараас байрны өмчлөлийн гэрчилгээг нэхсэн боловч тэд чамд өгөхгүй гэж хэлээд сураг чимээ тасарсан. Тодорхой хаяг нь олдохгүй байсаар өнөөг хүрсэн юм. Ингээд 2012 онд манай хүүхдүүд авто машины осолд орж, удаан хугацааны эмчилгээ хийлгэх болсоннадад санхүүгийн бэрхшээл тохиолдсон учир би уг байрыг Зүүнбаян 5 дугаар багийн иргэн У.Шт зарсан. Одоо тэр байранд иргэн У.Ш гэр бүлийн хамт амьдарч байгаа. Би тэр байрыг анх аваад 2,459,000 төгрөгийн их засвар хийсэн. А.Ү, түүний охин Б.С нар байрны үнэ болох 1,600,000 төгрөгийг авчихаад одоо болохоор мөнгө төгрөг аваагүй гэж улаан цайм луйвардаж, сураг чимээ тасарсан. А.Ү, түүний охин Б.С нар миний байрыг худалдаж авсан У.Ш рүү утасдаад байр суллаж өг, байраа бид зарна, чамайг байрнаас гарахгүй бол цагдаа, шүүхээр гаргуулна гэж удаа дараа хэл амаар доромжилж байгаа. Би А.Үтай 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр утсаар ярихад ...тэр байр чинь угаасаа бичиг баримт байхгүй байсанБи одоо мэдэхгүй, манай охин мэднэ гээд энэ хоёр бие бие рүүгээ чихээд луйвардаад байгаа юм. А.Ү нь залилан мэхэлж байраа надад зарчихаад, байрны үнэ болох 1,600,000 төгрөгийг охин У.С-ийн хамт авчихаад миний авсан байрны өмчлөлийн гэрчилгээг өгөлгүй намайг 12 жил хохироосон. Маргаан бүхий байр нь А.Ү, Ү.С, Ү.Ар нарын өмчлөлд байдаг болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Ийм учраас эрхийн улсын Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Д аймаг, С сум, Т баг 0 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Х-ийн нэр дээр шилжүүлэхийг А.Ү, Ү.С, Ү.Ар нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2009 оны 6 дугаар сард Дорноговь аймгийн Зүүнбаян суманд хамаатны хүний ажил явдалд оролцохоор очсон. Тэр үед талийгаачийн гэр бүлийн хүн нь ...надад өгөх 200,000 төгрөгөө одоо өг гэсэн юм. Би тэнд амьдарч байсан өөрийн эзэмшлийн байрыг зарж мөнгийг нь өгье гэж бодоод байрны үнэ ханш асуухад ...дээд тал нь 800,000 төгрөг байгаа гэж байсан. Байрыг нэхэмжлэгч Д.Х ирж үзээд 800,000 төгрөгөөр авахаар болсон. Тэрээр 600,000 төгрөгийг одоо бэлнээр өгье, үлдсэн 200,000 төгрөгийг дараа өгье гээд түлхүүр аваад үлдсэн. Ингээд би Улаанбаатар хотод гэртээ ирээд хүүхдүүддээ байраа зарж, хүний мөнгө өгсөн тухайгаа хэлсэн. Тэгэхэд ...та яагаад бид нартай ярилцалгүй зарсан юм бэ гэж хэлсэн. Ингээд би Д.Х руу ярьж учрыг хэлэхэд тэрээр байрыг өөр хүнд зарсан байсан. Ингээд би байраа буцааж авъя гэхэд тэрээр зөвшөөрөхгүй байгаа ба анх авснаас илүү мөнгө нэхсэн. Тэрээр надад мөнгө нэмж өгсөн гэж худал яриад байгаа. Би анх байраа өгөхдөө 600,000 төгрөг аваад 200,000 төгрөгийг дараах авахаар болоод ярьж тохирсон байсан. Гэтэл одоо болохоор намайг өвчин, зовлон яриад мөнгө нэхсэн гэж худал яриад, мөн 1,000,000 төгрөг өгсөн гээд байгаа юм. Би Д.Х-оос 600,000 төгрөгөөс өөр нэг ч төгрөг нэхээгүй, аваагүй. Мөн би 600,000 төгрөгийг нь буцаан өгч, байраа буцаан авах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ү.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардаж байгаа орон сууц нь миний аав А.Ү, миний дүү Ү.Ар, миний бурхан болсон ээж н.С болон хариуцагч миний бие Ү.С гэсэн дөрвөн хүний өмчлөл бүхийн орон сууц юм. Гэтэл эцэг А.Ү нь бидэнд мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч Д.Х-той 800,000 төгрөгөөр зарахаар болж, урьдчилгаанд нь 600,000 төгрөг авсан байсан. Аав тухай үед мөнгийг нь буцаад өгөх боломжгүй цус харваж эмнэлгээр явж эмчлүүлж байсан. Хариуцагч Д.Х-д миний бие ...бидний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өг, аавын авсан 600,000 төгрөгийг одоогийн ханшаар 6,000,000 төгрөгөөр бодож өгье гэсэн саналыг нийт 5 удаа тавьсан. Гэвч нэхэмжлэгч нь ...чамд хамаагүй, аавтай чинь ярьсан асуудал гээд хүлээж аваагүй. 4 хүний өмчлөлийн орон сууцыг манай аав ганцаараа дур мэдэж зарах боломжгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.Тэгээд ч маргаан бүхий байрыг худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэр бүлийн гишүүдээс буюу бусад хууль ёсны өмчлөгчөөс А.Ү нь зөвшөөрөл авч хийгээгүй учраас талуудын байгуулсан аман гэх гэрээ нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус юм гэжээ.

 

4. Хариуцагч Ү.Ар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ү.Ар нь нэхэмжлэгч Д.Х-ийн гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний эцэг А.Ү нь бидний дундын өмчлөлийн орон сууцыг ганцаараа дур мэдэн бусдад зарсан нь хууль бус. Манай гал голомт болох 3 хүний өмчлөлийн орон сууцыг Д.Х гэдэг хүнд зарагдсан талаар сүүлд сонсож мэдсэн. Орон сууцыг зарах үед би Улаанбаатар хотод амьдарч байсан. Надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, гарын үсэг зууруулаагүй. Дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нэг хүн төлөөлж зарах боломжгүй. Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тохиолдолд гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг бичгээр авч, нотариатаар баталгаажуулан, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулан үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан байна. Иймд нэхэмжлэгч Д.Хийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүйЦаашлаад маргаан бүхий байрыг худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэр бүлийн гишүүдээс буюу бусад хууль ёсны өмчлөгчөөс А.Ү нь зөвшөөрөл авч хийгээгүй учраас талуудын байгуулсан аман гэх гэрээ нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус юм гэжээ.

 

5. Хариуцагч А.Ү, Ү.С нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн бүх гишүүдийн зөвшөөрлийн бичгээр авч, нотариатаар гэрчлүүлэх ёстой байдаг. Үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдахад бичгээр гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагыг зөрчсөн, амаар байгуулсан хэлцэл байгуулсан байна. Иймд хариуцагч Д.Х-ийн хууль бус эзэмшлээс бидний дундын өмчлөлийн Д аймаг, * дугаар баг, 0 тоот хаягт байршилтай, 37 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч Д.Х сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч А.Ү-тай худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж маргаан бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, хууль ёсны өмчлөгч юм. Би А.Ү-д итгээд тухайн үед байрны бичиг баримтыг шалгаагүй, аваагүй нь буруудлаа. Би А.Ү-д итгэж, дараа нь ийм юм болно гэж бодоогүй. А.Ү-ыг байр эзэмшигчийн гэрчилгээг өгөхгүй болохоор уг байр нь ямар хүний нэр дээр байгааг олж мэдэж чадаагүй. Түүний үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахад түүнийг миний итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Гэвч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон учир хэргийг хаасан. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд ч маргаан бүхий орон сууцыг би У.Ш гэж хүнд 2012 онд 8,000,000 төгрөгөөр зарсан, одоо уг байранд У.Ш нь гэр бүлийн хамт амьдардаг. Маргаан бүхий байр нь миний бодит эзэмшилд байхгүй учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин миний гаргасан нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Д.Х-оос иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 911 тоот албан бичиг, Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 136/шз2020/01097 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5/134 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5/138 тоот гомдлын хариу, Х.М-ын Хаан банк дахь дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

 

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дорноговь аймгийн орон сууц хувьчлах товчооноос 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот лавлагааг шүүх бүрдүүлсэн.

 

9. Хариуцагч нараас эрхийн улсын Ү-********* дугаарт бүртгэлтэй, Ш байршилтай, 37м2 талбайтай, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.С-ийн нас барсны гэрчилгээ, Б.С, А.Ү нарын гэрлэлтийн гэрчилгээ, А.Ү-ын Хаан банк дахь дансны хуулгыг гаргаж өгсөн.

 

10. Хариуцагчийн хүсэлтээр Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5/134 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг шүүхээс бүрдүүлсэн.

 

11. Шүүхийн санаачилгаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, 23-1 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай, 3 өрөө орон сууцны хувийн хэрэг, тус хаяг дахь өрхийн бүртгэлийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Үндсэн нэхэмжлэл:

 

Нэхэмжлэгч Д.Х нь эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй, Д аймаг, Сайншанд сум, Тавдугаар баг, 23-1 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч А.Ү, Ү.С, Ү.Ар нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 128/.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...маргаан бүхий орон сууцыг хариуцагч А.Ү-аас 1,600,000 төгрөгөөр худалдаж авсан. Бүх төлбөрийг төлснөөр би хууль ёсны өмчлөгч болсон учир миний нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж тодорхойлжээ.

 

Д.Х-ийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шаардсан агуулгатай байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Үад ...байрны үнэ гэж 1,600,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч А.Ү ...Д.Хоос байрны үнэ гэж 600,000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй гэсэн зөрүүтэй тайлбар гаргасан.

 

Хэрэгт авагдсан хариуцагч А.Ү-ын Хаан банк дахь 5029619499 тоот дансны хуулгаас үзэхэд 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 400,000 төгрөг Байрны үнэ Х-с гэсэн утгатайгаар шилжиж орсон байна. Уг баримтыг Дорноговь аймгийн прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5/134 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч А.Ү-д нийт 1,000,000 төгрөгийг байрны төлбөрт шилжүүлсэн гэж үзэхээр байна /хх65-67, 122/.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Х болон А.Ү нар 2009 онд маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах хэлцлийг амаар байгуулж, хариуцагч А.Ү нь 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс урьдчилж авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу амаар буюу бичгийн хэлбэртэй байгуулна. Харин үл хөдлөх эд хөрөнгийн хувьд мөн зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай.

 

Харин талуудын хооронд үүссэн нөхцөл байдлыг буюу Д.Х-оос орон сууцны үнэд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн шинжийг агуулсан гэж үзэв. Учир нь талууд орон сууцыг худалдах-худалдан авахаар амаар тохирсон ба нэхэмжлэгч нь гэрээ байгуулсны нотолгоо болгож орон сууцны үнэ 1,000,000 төгрөгийг хэлцлийн нөгөө тал болох А.Ү-д урьдчилан шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүсч болох тул дэнчинг хүлээн авсан хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээг зохих ёсоор байгуулж, улсын бүртгэлд өмчлөгчийг бүртгүүлэх үүргийг хүлээх ба энэ үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.4 дэх хэсэгт зааснаар дэнчин авсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг тавьсан этгээдэд буцаан өгөх, энэ тохиолдолд дэнчин тавьсан этгээд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй. Харин дээр дурдсанчлан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шаардсан агуулгатай нэхэмжлэл гаргасан.

 

Нэгэнт талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй, Д аймаг, Сайншанд сум, Тавдугаар баг, 23-1 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч А.Ү, Ү.С, Ү.А-р нарт даалгах тухай шаардлагыг хангах боломжгүй гэж шүүхээс үзлээ.

 

Байгуулагдаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй учир үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг хуульд заасан зохих журмын дагуу хийгээгүй, бусад өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй тул талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүйг дурдав.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Ү.С болон А.Ү нар нэхэмжлэгч Д.Хид холбогдуулж эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй, Д аймаг, Сайншанд сум, Тавдугаар баг, 23-1 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Х-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан /хх39-41/.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.

Хариуцагч нар нь маргааны зүйл болж буй эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй, Д аймаг, С сум, Т баг, 0-0 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус орон сууцны эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Харин маргааны зүйл болж буй дээрх хөрөнгө нь хэргийн оролцогч бус гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа болох нь хэрэгт авагдсан Д аймаг, С сум, Т баг, 0-0 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай, 3 өрөө орон сууцны хувийн хэрэг, тус хаяг дахь өрхийн бүртгэлээр тогтоогдож байхаас гадна тухайн байр нэхэмжлэгчийн бодит эзэмшилд байхгүй талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй.

 

Иймд энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй,  Д аймаг, С сум, Т баг, 0-0 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч А.Ү, Ү.С, Ү.Ар нарт даалгах тухай Д.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй, Д аймаг, С сум, Т баг, 0-0 тоот хаягт байршилтай, 37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Хийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Ү.С болон А.Ү нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ