Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00684

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/00134 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Хийн хариуцагч А.Ү, Ү.С, Ү.А нарт холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Д.Хийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би байрны эзэн А.Үтай тохироод байрыг 1,600,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ингээд би 1,000,000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд байрны түлхүүрийг авч хоцорсон. Дараа нь би 300,000 төгрөгийг ХААН банкаар А.Үын нэрээр шилжүүлсэн. А.Ү, түүний охин Ү.С нар утсаар ярьж байгаад байрны үлдсэн мөнгийг авч дууссан. А.Ү байрны гэрчилгээг өгөхгүй болохоор уг байр нь ямар хүний нэр дээр байгааг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүлгэхэд Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалттай Катеж А тоот орон сууцны талаар бүртгэл байхгүй бөгөөд орон сууц хувьчлалын материал нь ирээгүй байна гэсэн хариуг 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 911 тоот албан бичгээр өгсөн. 2012 онд уг байрны талаар улсын бүртгэлийн хэлтсээс лавлахад А.Ү, түүний охин Ү.С нар үгсэн хуйвалдаж надад хэлэлгүй 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр авсан байсан. 2012 онд манай хүүхдүүд авто машины осолд орж удаан хугацааны эмчилгээ хийлгэх болсны улмаас надад санхүүгийн бэрхшээл тулгарч уг байрыг Зүүнбаян, 5 дугаар багийн иргэн У.Шинэчимэгт зарсан. Одоо тэр байранд иргэн У.Шинэчимэг гэр бүлийн хамт амьдарч байгаа. Ийм учраас эрхийн улсын Ү-071300236 дугаар бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 5 дугаар баг, 23-1 тоот хаягт байршилтай, 37 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хийн нэр дээр шилжүүлэхийг А.Ү, Ү.С, Ү.А нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Байрыг нэхэмжлэгч Д.Х ирж үзээд 800,000 төгрөгөөр авахаар болсон. Тэрээр “600,000 төгрөгийг одоо бэлнээр өгье, үлдсэн 200,000 төгрөгийг дараа өгье” гээд түлхүүр аваад үлдсэн. Би Д.Хоос 600,000 төгрөгөөс өөр нэг ч төгрөг нэхээгүй, аваагүй. Мөн би 600,000 төгрөгийг нь буцаан өгч, байраа буцаан авах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагч А.Ү, Ү.С нарын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэний 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн бүх гишүүдийн зөвшөөрлийг бичгээр авч нотариатаар гэрчлүүлэх ёстой байдаг. Үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдахад бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг зөрчсөн, амаар хэлцэл байгуулсан байна. Иймд хариуцагч Д.Хийн хууль бус эзэмшлээс бидний дундын өмчлөлийн Дорноговь аймаг, 5 дугаар баг, Зүүнбаян цэргийн хотхоны 23-1 тоот хаягт байршилтай, 37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

 

  1. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Миний бие хариуцагч А.Үтай худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж маргаан бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, хууль ёсны өмчлөгч юм. Тэгээд ч маргаан бүхий орон сууцыг би У.Шинэчимэг гэж хүнд 2012 онд 8,000,000 төгрөгөөр зарсан. Одоо уг байранд У.Шинэчимэг нь гэр бүлийн хамт амьдардаг. Маргаан бүхий байр нь миний бодит эзэмшилд байхгүй учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын Ү-071300236 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, Тавдугаар баг, 23-1 тоот хаягт байршилтай, 37 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч А.Ү, Ү.С, Ү.А нарт даалгах тухай Д.Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-071300236 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, Тавдугаар баг, 23-1 тоот хаягт байршилтай, 37 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Хийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Ү.С болон А.Ү нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

  1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

       6.а. Хэдийгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь А.Ү, түүний эхнэр Б.Сарангэрэл, тэдний хүүхдүүд болох Ү.С, Ү.А нарт байх боловч 2009 оны 6 дугаар сард А.Ү нь Д.Х надтай 1,600,000 төгрөгөөр тухайн орон сууц худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, орон сууцны үнэд нийт 1,600,000 төгрөгийг А.Үад төлж барагдуулсан. А.Ү болон түүний хүүхдүүд нь 2009 оноос хойш 2021 оныг хүртэлх хугацаанд буюу 12 жилийн хугацаанд нэг ч удаа орон сууцаа худалдахгүй, зөвшөөрөөгүй, орон сууц чөлөөлж өг гэж шаардаж, татгалзлаа илэрхийлж байгаагүй байхад, мөн 12 жилийн хугацаанд маргаан бүхий орон сууцыг би болон миний хүү Х.Мөнхбат, Э.Шинэчимэг нар бодитоор эзэмшилдээ шилжүүлэн авч, эзэмшиж ашиглан ашиглалтын зардлыг төлсөөр ирсэн буюу гэрээ бодит байдалд хэрэгжсэн байхад талуудын хооронд тохиролцоо хийгдээгүй буюу орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай нийцэхгүй, шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтын хурээнд 1,000,000 төгрөг Х.Хаддоржоос А.Үад шилжсэн, уг төлбөр нь орон сууцны үнэ бус дэнчин гэж дүгнэсэн нь талуудын хүсэл зориг, илэрхийллийг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт ач холбогдол бүхий бусад баримтуудад дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Тодруулбал, Д.Х миний бие нь А.Үад 1,000,000 төгрөгийг бэлнээр, А.Үын ХААН банкин дахь 5029619499 тоот дансанд 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “байрны үнэ Хаддоржоос” гэсэн утгатайгаар 400,000 төгрөгийг, 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Х.Мөнхбатын 5365038502 тоот данснаас “Мөнхбат-с” гэсэн утгатайгаар 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. А.Ү нь мөрдөн байцаалтад өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 600,000 төгрөгийг бэлнээр авсан гэж мэдүүлсэн байхад А.Ү нь Х.Хаддоржоос 1,000,000 төгрөгийг авсан нь тогтоогдож байна гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Мөн А.Ү, Х.Хаддорж нар нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж, нэг тал гэрээ байгуулах саналыг илэрхийлж нөгөө тал түүнийг хүлээн авч, орон сууц худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж гэрээний үүрэгт буюу орон сууцны үнэ гэж нэг талаас 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн байхад талуудын хүсэл зориг, илэрхийллийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчин гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

6.б. Хэрэгт нотлох баримтын зөрүүтэй хэд хэдэн баримт авагдсан бөгөөд нотлох баримтын зөрүү арилаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 тоот албан бичгээр маргаан бүхий 23 дугаар катеж нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд орон сууц хувьчлалын хувьчлагдсан материал ирээгүй байна гэх баримт, мөн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 онд гэрчилгээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өмнө нь олгосон 2009 оны гэрчилгээг үндэслэн дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон гэх баримтууд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд эдгээр баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

6.в. Нэхэмжлэгч надаар шүүх хуралдааны явцад нэг ч тайлбар хэлүүлэлгүй, энэ боломжоор хангаагүйн улмаас өнөөдөр хэргийн болсон явдал, үйл баримтыг шүүхэд танилцуулж, ойлгуулж чадалгүй, хуулиар олгосон миний эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж туйлын гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлын хүрээнд хэргийг хянаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Х нь иргэн А.Ү, Ү.С, Ү.А нарт  холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй” гэх үндэслэл заажээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

4.а. Нэхэмжлэгч Д.Х нь А.Ү, Ү.С, Ү.А нарт холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

4.б. Д.Х, А.Ү нарын хооронд 2009 оны 06 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр А.Ү нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, 23-01 тоот 37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, худалдан авагч Д.Х уг орон сууцны төлбөрийг тус тус шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

4.в. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч үнийг нь төлөх үүрэгтэй бөгөөд худалдан авсан орон сууцыг эзэмшилдээ авч, төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн байна.  

Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагатай. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуулиар тогтоосон дээрх хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус юм.

4.г. Хуулийн шаардлага хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүрэг үүсэх боломжгүй. Иймд хариуцагчаас өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэлгүй.

Энэ талаархи анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.  

 

  1. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн талаар:

5.а. Хариуцагч Ү.С, А.Ү нар нь нэхэмжлэгч Д.Хид холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардсан бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Орон сууцыг нэхэмжлэгч эзэмшдэггүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч нар маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000188281 дүгээр гэрчилгээгээр, тухайн орон сууц Ж.Гансүх, У.Шинэчимэг гэх хүмүүсийн эзэмшилд байгаа нь хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээр тус тус тогтоогджээ.

Анхан шатны шүүх тухайн байр нэхэмжлэгчийн бодит эзэмшилд байхгүй талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн байна. Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,

давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/00134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Хийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Хоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН