Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00051

 

 

 

 

 

 

 

 

 2022 оны 01 сарын 04 өдөр                         Дугаар 183/ШШ2022/00051                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б 000 тоот оршин суух, С овогт Б.О/РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 000 тоот оршин суух, Б овогт Б.Т /РД:0000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, алданги 39 900 000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэд төлсөн 30 037 500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

Хариуцагч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Т-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргээ зөрчсөний улмаас алданги 39 900 000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.О би 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Х дүүрэг, 0069.75 м.кв талбайтай орон сууц өмчлөх эрхээ Б.Т-д шилжүүлж, 129 037 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Урьдчилгаа төлбөрт 29 037 000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 100 000 000 төгрөгийг Н   ХК-ийн санхүүжилтээр 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан юм. Худалдан авагч Б.Т нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан үүрэг болох 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөр 100 000 000 төгрөг төлөх үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл биелүүлэлгүй худалдагч иргэн намайг хохироож байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.3-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 150 хоногийн алданги өдрийн 0,1 хувь буюу 100 000 төгрөг 150 хоног хугацаа хэтрүүлсэн 15 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу эрхээ шилжүүлж Б.Т-д орон сууцыг хүлээлгэн өгсөн, шинэ орон сууцанд орж амьдарсан, гэрээний дагуу төлөх дийлэнх төлбөр болох 100 000 000 төгрөг төлөгдөөгүй НОСК-иас зээл авч төлнө гэсэн болов ч зээлийн асуудал нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа, НОСК зээл олгох эсэх нь эргэлзээтэй, цаашид төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Худалдан авагч Б.Т нь НОСК-ийн зээл болон өөр эх үүсвэрээс орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх санаачилга гаргахгүй COVID-19-өөр шалтаглан гэрээний үүргээ зөрчиж худалдагч иргэн надад хохирол учруулж байна. Хэрэв би Б.Т-дхудалдалгүй орон сууцаа өөрөө эзэмшсэн, эсвэл бусдад түрээслүүлсэн бол энэ хугацаанд бусдад бэлэн мөнгөөр худалдах, эсвэл түрээслүүлэх зэрэг арга хэмжээ авч ийм их алдагдалд орохгүй байх байсан.

Иймд Б.О би 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний 2.3-т заасан алданги 15 000 000 төгрөгийг худалдан авагч Б.Т-гээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байна. Хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг Б.Т-д 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагад орон сууц худалдах гэрээнээс татгалзаж 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэрээний 2.3-т заасны дагуу хугацаандаа төлөөгүй алданги 10 500 000 төгрөг болж нэмэгдсэн тул 10 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэгч Б.О би алданги 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал 14 400 000 төгрөгөөр ихэсгэн нэхэмжилж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Б.О миний нэр дээр гарсан. Хариуцагч Б.Т нь Х дүүргийн 79 тоотод оршин байрлах 69.75 м.кв орон сууцанд миний зөвшөөрөлгүй орж амьдарсан, гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй намайг хохироож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа Б.Т-гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр ихэсгэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний 2.3-т заасны дагуу алданги 39 900 000 төгрөгийг гаргуулах, Х дүүргийн 79 тоотод оршин байрлах 69.75 м.кв орон сууцыг Б.Т-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б.Т хариу тайлбартаа: Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол улсын их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоол Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоол, “КОВИД-19 цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажилласан төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангах тусгай журам”-ын дагуу Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох батламж олгосон. Миний бие Б.Т нь тус батламжийг гардан авч Нийслэлийн орон сууцны корцораци ХХК-тай Улаанбаатар Х дүүрэг 79 тоот 69,75 м.кв орон сууцанд “Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ”-г байгуулсан. Иргэн Б.О нь Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-тай дээрхи орон сууцыг 2020 оны 10 дугаар сард багтаж улсын комисс хүлээж авна гэж худалдан борлуулахаар 2020/01/48 бүхий “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байсан. Миний бие иргэн Б.О-тэй дээрхи орон сууцыг м.кв-ийг нь 1 850 000 төгрөгөөр Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-иар дамжуулан худалдан авахаар тохиролцож тодорхой хугацаа зааж хугацаандаа 29 037 500 төгрөг, сүүлд нэмж 1 000 000 төгрөгийг Б.О-ийн Хаан банкны 5004 тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 100 000 000 төгрөгийг Нийслэлийн орон сууцны корпораци ХХК болон иргэн Б.О нарын байгуулсан 2020/01/48 дугаар бүхий “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу санхүүжүүлэхээр байсан боловч худалдагч талаас худалдсан тухайн орон сууцанд 2020 оны 10 дугаар сард ашиглалтад оруулах улсын комисс ажилласан боловч одоог хүртэл комиссын акт нь гараагүй үл хөдлөхийн гэрчилгээгүй тул санхүүжилт хийгдэхгүй үл хөдлөхийн гэрчилгээ гарсаны дараа санхүүжилт хийнэ гэсэн хариуг Нийслэлийн орон сууцны корпорциас өгөөд байгаа. Тус орон сууцны комиссын акт яагаад гарахгүй байгаа талаар холбогдох байгууллагаас асуухаар барилга барьсан барилгын компани нь комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс гадна тохижилт хүүхдийн тоглоомын талбайгаа хийгээгүй байгаа дээр нь бас газрын маргаантай гэсэн хариу өгөөд байгаа. Миний бие иргэн Б.О-тэйбайгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 29 037 500 төгрөгийг хугацаандаа төлөх байдлыг баталгаажуулахаар гэрээ хийе гэхээр нь хийсэн. Иймд иргэн Б.О-ийн гаргасан нэхэжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн иргэн Б.О-тэй байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2-т зааснаар миний бие 29 037 500 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Миний бие үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон иргэн Б.О НХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу санхүүжилт хийгдэх байсан 100 000 000 төгрөгт ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул дээрх мөнгөнд алданги төлөх үүрэг хүлээгүй. Миний бие тус орон сууцанд дээрх гэрээнүүд байгуулагдсаны дараа худалдагч тал болон тус орон сууцыг барьсан “Э” ХХК-ийн зөвшөөрлөөр нүүж орсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.Т-гээс нэхэмжлэгч Б.О-т холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэд төлсөн 30 037 500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

Миний бие иргэн Б.О-тэй Улаанбаатар хот, Х  дүүрэг 79 тоот 69.75 м.кв орон сууцыг м.кв-ийг нь 1 850 000 төгрөгөөр нийт 129 037 500 төгрөгөөр Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-иар дамжуулан худалдан авахаар тохиролцсон. Нийслэлийн орон сууцны ХХК болон иргэн Б.О нарын байгуулсан 2020/01/48 дугаар бүхий “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 100 000 000 төгрөгийг санхүүжүүлэхээр байсан боловч худалдагч талаас худалдсан тухайн орон сууцанд 2020 оны 10 дугаар сард орон сууцыг ашиглалтад оруулах улсын комисс ажилласан боловч одоог хүртэл комиссын акт нь гараагүй үл хөдлөхийн гэрчилгээ нь хэзээ гарах нь тодорхойгүй байна. Тус орон сууцны комиссын акт яагаад гарахгүй байгаа талаар холбогдох байгуулллагаас асуухаар барилга барьсан барилгын компани нь комиссоос өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гадна тохижилт хүүхдийн тоглоомийн талбайгаа хийгээгүй байгаа дээр нь бас газрын маргаантай гэсэн хариуг өгөөд байгаа. Миний бие иргэн Б.О-тэй орон сууцны үлдэгдэл төлбөр болох 29 037 500 төгрөгийг төлөхөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 15 000 000  төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 14 037 500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж Б.О-ийн Хаан Банкны 50000014 тоот дансанд дээрх мөнгийг төлж, нэмж 1 000 000 төгрөгийн шилжүүлсэн. НХХК-иас над руу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагч, ажилтад зориулсан өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр дуусаж байгаа чиний сонгосон байрны үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй тул санхүүжилт хийгдэх боломжгүй гэж мэдэгдсэн. Иймд миний бие засгийн газраас олгогдсон түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжаа ашиглах боломжгүй болсон. Иргэн Б.О-тэй байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.3-т тохиролцсон нөхцлөөр 100 000 000 төгрөг төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд ажлын 5 хоногийн дотор бусад хэлбэрээр төлж барагдуулна гэж заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр цалингийн зээл, болон эхнэрийн төрсөн эгчээс мөнгө зээлэн 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 100 000 000 төгрөгөө өгөхөөр худалдагч талтай холбогдоход “авахгүй чи нэмж алданги төл” гэж ямар ч үндэслэлгүйгээр надаас их хэмжээний мөнгө нэхсэн. Миний бие үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон иргэн Б.О Н ХХК хамтран ажиллах гэрээний дагуу санхүүжилт хийгдэх байсан 100 000 000 төгрөгөнд алданги төлөх үүрэг хүлээгээгүй байгаа. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулж гэрээгээр шилжүүлсэн 30 037 500 төгрөгийн Б.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч Б.О хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нь хүчин төгөлдөр бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэрээний талуудын чөлөөт байдлыг хангаж хийсэн гэрээ болно. Уг гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох хууль зүйн үндэслэлгүй болно. Гэрээгээр шилжүүлсэн 30 037 500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь Б.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээний 2.2, 2.3 дахь хэсэгт заасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах ёстой үүргээ биелүүлээгүй. Орон сууцанд орж амьдарсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. 

 

4.Нэхэмжлэгчээс 2020 оны 09 дүгээр сарын өдрийн №2020/01/48 тоот Хамтран ажиллах ерөнхий гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №А-24/20 тоот “Э” ХХК-ийн тодорхойлолт гаргах тухай, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000940378 тоот гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б.Т-гээс Б.О-т явуулсан майл гэсэн баримтуудыг /хэргийн 5-8, 70, 76-р хуудас/, 

хариуцагчаас ХААН банкны депозит дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны хүртлэх дансны хуулга, 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн №ХС1Б-20/06 тоот “Э” ХХК-ийн байр хүлээлцэх тухай албан бичиг гэсэн баримтуудыг /хэргийн 52-55, 74-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 679 тоот албан бичиг /хэргийн 57-р хуудас/ гэсэн баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч Б.Т-д холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагыг хангаж, гэрээ зөрчсний улмаас алданги 39 900 000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Т-гийн нэхэмжлэгч Б.О-т холбогдуулан гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний үнэд төлсөн 30 037 500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Т-г үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээ зөрчиж, гэрээний үлдэгдэл төлбөр болох 100 000 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 39 900 000 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.О-тэй байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд зааснаар орон сууцны үнэд 30 037 500 төгрөгийг шилжүүлсэн, 100 000 000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу төлөхөөр тохирсон байсан боловч орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй тул мөнгө төлөх боломжгүй болсон, алданги төлөх үүрэг хүлээгээгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.О-тэй 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүйн улмаас санхүүжилт хийгдэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 30 037 500 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Т-гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох хууль зүйн үндэслэлгүй тул гэрээгээр шилжүүлсэн 30 037 500 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй, орон сууцанд орж амьдарсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг няцаасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигч талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, гэрээгээр худалдагч тал Б.Онь өөрийн өмчлөлийн Х дүүрэг 69,75 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Б.Т-гийн өмчлөлд шилжүүлэх, Б.Т нь Б.О-т хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 8-р хуудас/

 

Талуудын маргааны зүйл нь орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ биелүүлээгүй гэж маргаж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги шаардаж, гэрээнээс татгалзсан, харин гэрээ байгуулсан талаараа маргаагүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг шилжүүлсэн байхад төлбөрийг нь төлөөгүй тул гэрээнээс татгалзаж байна гэж, хариуцагч нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг төлсөн, үлдэх мөнгийг гэрчилгээ гараагүй, гэрээний төлбөр төлөх нөхцөлд заасан хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүйн улмаас төлөх боломжгүй байсан гэж маргасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

Талууд төлбөр төлөх нөхцлийг харилцан тохиролцож тогтоосон ба “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-ний 2.1-д “худалдагч тал худалдан авагч талд тухайн үл хөдлөх хөрөнгийг нийт 129 037 500 төгрөгөөр худалдахаар тохиролцов”, 2.2-д “Төлбөр төлөх нөхцөл: 2020.9.22-ны дотор 15 000 000 төгрөг, 2020.10.31-ний дотор НОСК-с 2020 оны 09 сарын 10-ны өдөр НОСК ХК, иргэн Б.О нарын хооронд байгуулсан 2020/01/48 тоот Хамтран ажиллах ерөнхий гэрээний дагуу 100 000 000 төгрөг, 14 037 500 төгрөгийг 2020.12.31-ний дотор төлөхөөр талууд тохиролцов” гэж заасан байна.

 Хариуцагч Б.Т-гээс 2020 оны 09 сарын 22-нд 15 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-нд 10 000 000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 27-нд 4 037 500 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банк ХХК болон Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон дансны хуулгаар тогтоогдож байна.

Харин талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-ний 2.2-д төлбөр төлөх нөхцөлд заасан 2020 оны 10 дугаар сарын 31-ний дотор 100 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, 2.3-д заасан тохиролцсон нөхцөлөөр 100 000 000 төгрөг төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд ажлын 5 хоногийн дотор бусад хэлбэрээр төлбөрийг төлж барагдуулна” гэснийг хариуцагч зөрчиж орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байна гэж үзэв.

Хариуцагч нь үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нь хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй, орон сууцны гэрчилгээ гараагүй, орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй байснаас шалтгаалсан гэж маргасан.

Хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын өдрийн №2020/01/48 тоот Хамтран ажиллах ерөнхий гэрээг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК, Б.Онарын хооронд байгуулж, гэрээний 1.1-д “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд албан үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны сан бүрдүүлэх, ашиглалтад орсон бэлэн орон сууцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар зах зээлээс худалдан авах замаар орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан” гэжээ.

Нэхэмжлэгч нь уг гэрээтэй сайн танилцаагүй гэж тайлбарласан боловч Хамтран ажиллах ерөнхий гэрээний 1.4-д “Б.О-ээс Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд төлбөртэй байршуулах орон сууцны мэдээллийг гэрээний хавсралт №1-д тусгана”, Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд төлбөртэй байршуулах орон сууцны мэдээлэлд “...Х дүүрэг 69,75 м.кв байр, нийт үнэ 100 000 000” гэжээ. 

Мөн гэрээний 7.1-д “төрийн албан хаагчийн сонгосон Б.О-ийнорон сууцыг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК нь өмчлөх эрх шилжүүлж, төлбөрийг нь дараа төлөх /хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган бүртгүүлж, санхүүжилт хийгдсэний дараа/ нөхцөлтэйгээр худалдан авах гэрээг Б.О-тэйбайгуулснаар тухайн орон сууцны хувьд энэхүү гэрээ дуусгавар болно” гэж заасан байна.

Тиймээс Нийслэлийн Орон сууны корпораци ХК-ийн Б.О-тэй байгуулсан Хамтран ажиллах ерөнхий гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулснаар дуусгавар болсон байх бөгөөд талууд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд орон сууцны үнийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн хамтран ажиллах ерөнхий гэрээ хэрэгжээгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. 

Хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0009 тоот гэрчилгээнд Б.О-ийг Х дүүрэг 79 тоот хаягт байршилтай 69,75 м.кв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаар бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн, гэрээнээс татгалзах шаардлагыг зөвшөөрч байна гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд заасан орон сууцны үнийг төлбөр төлөх нөхцөлд заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг  урьдчилан сануулж байсан ч хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагч Б.Т-гээс гэрээний зүйл болох Х дүүргийн 79 тоот хаягт байршилтай 69,75 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.О-т, нэхэмжлэгч Б.О-ээс хариуцагчийн орон сууцны үнэд шилжүүлсэн 29 037 500 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Б.Т-д олгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч Б.Т-гээс орон сууцны үнэд 2020 оны 09 сарын 22-нд 15 000 000 төгрөгийг байрны урьдчилгааны төлбөрт гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулгаар, 2020 оны 12 дугаар сарын 15-нд 10 000 000 төгрөгийг байрны мөнгө гэсэн гүйлгээний утгаар, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4 037 500 төгрөгийг байрны үлдэгдэл гэсэн гүйлгээний утгаар, 2021 оны 02 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөгийг Т-ээс Хангарьд сити 1 79 тоот гэсэн гүйлгээний утгаар, нийт 30 037 500 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.2-д төлбөр төлөх нөхцөлд заасан хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 22-ноос 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор 29 037 500 төгрөгийг төлсөн байх бөгөөд 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь орон сууцны төлбөрт шилжүүлээгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас хохиролд тооцож төлсөн гэж тайлбарласан, хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч Б.Оюунчимэгт “...үлдэгдэл мөнгийг бүрэн барагдуулах хүртэл сар болгоны 15-ны өдөр 1 000 000 төгрөгийг Б.О таны дансанд хийж байх саналтай байна. Өмнө нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөгийг таны дансанд шилжүүлсэн байгаа” гэсэн хүсэлтээр нотлогдож байх бөгөөд уг хүсэлтийг хариуцагч нь өөрөө бичсэн талаар маргаагүй тул нэхэмжлэгчээс орон сууцны үнэд 29 037 500 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосон болно.

 

Нэхэмжлэгч нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан үүргээ биелүүлээгүй, орон сууцны үлдэгдэл төлбөр болох 100 000 000 төгрөгийг 2.2-д заасан 2020.10.31-ний дотор төлөөгүй тул 2.3-д заасан “энэхүү гэрээний 2.2-д заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол ИХ-ийн 232.6-д заасны дагуу хоног тутамд 0,1 хувийн алданги тооцох бөгөөд тохиролцсон нөхцөлөөр 100 000 000 төгрөг төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд ажлын 5 хоногийн дотор бусад хэлбэрээр төлбөрийг төлж барагдуулна” гэснийг зөрчсөн тул үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 39 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, санхүүжилт хийгдээгүй, орон сууцыг комисс хүлээн аваагүйгээс болсон тул алдангийг төлөхгүй, гэрээгээр алданги төлөх үүрэг хүлээгээгүй гэж маргасан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс нэхэмжлэгч нь татгалзсан тул алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Учир нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч нь хохирол бус гэрээний үүргийг биелүүлээгүй гэж алданги шаардсан, хэдийгээр талууд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд алданги тооцох талаар харилцан тохиролцсон боловч гэрээнээс татгалзсан бол үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээний үүрэг болох алданги гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.

Мөн нэхэмжлэгч нь Х  дүүргийн 79 тоот хаягт байршилтай 69,75 м.кв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул орон сууцыг хариуцагч Б.Т-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан.

Хариуцагч нь уг орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрлийн дагуу түлхүүрийг нь хүлээн авч, тавилгаа тавьсан байгаа болохоос амьдраагүй, шударга эзэмшигч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан, уг шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, мөн өмчлөгчийн өмчлөх эрх нь зөрчигдсөн байхыг тус тус ойлгоно.

Гэтэл нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч хариуцагчийг уг орон сууцыг эзэмших эрхгүй, хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, талуудын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, гэрээний 2.4-д “уг орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтанд ормогц эзэмшилд нь шилжүүлнэ” гэж харилцан тохиролцжээ.

Хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн №ХС1Б-20-06 тоот “Э” ХХК-ийн “Байр хүлээлцэх тухай” баримтад “...тус хотхоны улсын комисс хүлээн авсны дараа байр хүлээлцэх акт үйлдэж байрны түлхүүрээ хүлээн авна. Түүнээс өмнө Б блокны 79 тоотод тавилга угсралт, суурилуулалт, тохижилтын ажил хийгдэнэ. Хүн амьдрахгүй” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр орон сууцны түлхүүрийг хүлээн авсан гэж хариуцагч тайлбарласан, мөн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээний зүйл болох орон сууцыг биет байдлаар нь буцаан гаргуулах үр дагавар үүсдэг тул нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан гаргуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь хууль зөрчсөн гэрээг давхардуулан хийсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож гэрээний дагуу шилжүүлсэн 30 037 500 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн.

Нэхэмжлэгч нь гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн, талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл болсон, орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа тул гэрээний үнэд шилжүүлсэн 30 037 500 төгрөгийг өгөх үүрэггүй гэж маргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохоор заасан бөгөөд “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдгийг хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д заасан бичгээр хийх хуулийн шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ гэжээ.

Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн болно.

Мөн зохигч талууд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулахад гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, гэрээг давхардуулан байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэрээнээс татгалзах нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт тул хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хариуцагчаас гэрээний үнэд шилжүүлсэн 30 037 500 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр, хуульд нийцсэн гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй болох үнийг төлөх үүрэг үүсэхгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Б.О-ийн гэрээнээс татгалзах шаардлагыг хангаж, гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч Б.Т-гээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчээс хариуцагчийн орон сууцны үнэд шилжүүлсэн 29 037 500 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Б.Т-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 39 900 000 төгрөгийг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Тгийн нэхэмжлэгч Б.О-т холбогдуулан гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний үнэд шилжүүлсэн 30 037 500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 519 188 төгрөгийг /232 950+803 138+182 950+70 200+229 950/, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 803 137 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, хариуцагч Б.Т-гээс гэрээний зүйл болох Х дүүрэг, 69.75 мкв талбай бүхий орон сууцыг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэгч Б.О-с хариуцагчийн орон сууцны үнэд төлсөн 29 037 500 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Б.Т-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 39 900 000 төгрөгийг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар хариуцагч Б.Т-гийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, 30 037 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 519 188 төгрөг, хариуцагч Б.Т-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 308 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 803 137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН