Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00598

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00051 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Т-нд холбогдох

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, алданги 39,900,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 30,037,500 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагч Б.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.О- нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б.Т-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй Хангарьд сити 1 хотхон Б блок 2 дугаар орц 4 давхарт байрлах 69.75 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхээ 129,037,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Б.Т- нь урьдчилгаа төлбөрт 29,037,000 төгрөгийг төлсөн боловч гэрээний 2.2-т заасан 100,000,000 төгрөгийг НОСК ХК-ийн санхүүжилтээр 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй. Б.О-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Б.Т-гийн эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгсөн. Талууд дээрх гэрээний 2.3-т гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох бөгөөд тохиролцсон нөхцлөөр 100,000,000 төгрөг төлөх боломжгүй болсон тохиолдолд ажлын 5 хоногийн дотор бусад хэлбэрээр төлбөрийг төлж барагдуулах нөхцөлийг харилцсан тохиролцсон. Гэтэл хариуцагч нь НОСК ХК-аас зээл авах эсхүл өөр эх үүсвэрээс орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх санаачилга гаргахгүй, Ковид-19 цар тахлаар шалтаглаад байгаа тул 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд өөрийн орон сууцыг өөр этгээдэд худалдах эсхүл түрээслэх боломжийг хариуцагч хязгаарласан.

Иймд талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул энэ өдрөөс хойш алданги 39,900,000 төгрөгийг хариуцагч Б.Т-гээс гаргуулна. Мөн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын ам 17100, Хангарьд сити 1461 дүгээр байрны 79 тоотод байрлах 69.75 м.кв орон сууцыг Б.Т-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Т-гийн тайлбарын агуулга: Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоол, Ковид-19 цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажилласан төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангах тусгай журам-ын дагуу Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох батламж олгосон. Үүний дагуу Б.Т-д олгосон батламжийг үндэслэн НОСК ХК-тай Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ байгуулсан. Б.О- нь НОСК ХК-тай дээрх орон сууцыг 2020 оны 10 дугаар сард багтаж улсын комисс хүлээж авна гэж худалдан борлуулахаар 2020/01/48 бүхий Хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Ингээд тус орон сууцыг 1 м.кв нь 1,850,000 төгрөгөөр НОСК ХК-аар дамжуулан худалдан авахаар тохиролцож, хугацаандаа 29,037,500 төгрөг, мөн 1,000,000 төгрөгийг Б.О-ийн ХААН банк ХХК дах 5********4 тоот дансанд шилжүүлсэн.

2020 оны 10 дугаар сард нэхэмжлэгчийн худалдсан орон сууцыг ашиглалтад оруулах улсын комисс ажилласан боловч одоог хүртэл Улсын комиссын акт нь гараагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадаагүйн улмаас НОСК ХК-ийн санхүүжилт хийгдээгүй байна. Б.О-тэй Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулах болсон үндэслэл нь 29,037,500 төгрөгийг хугацаандаа төлөхийг баталгаажуулах байсан юм. Б.Т- нь үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ болон Б.О- НОСК ХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу санхүүжилт хийгдэх байсан 100,000,000 төгрөгт ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул алданги төлөх үүрэггүй. Тус орон сууцанд дээрх гэрээнүүд байгуулагдсаны дараа худалдагч тал болон тус орон сууцыг барьсан Эрин инвестиент ХХК-ийн зөвшөөрлөөр нүүж орсон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Б.Т-гийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.О-ээс худалдан авсан орон сууцыг ашиглалтад оруулах Улсын комиссын акт гараагүй, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй үндэслэлээр НОСК ХК-аас санхүүжилт хийгдэх боломжгүй гэсэн. Ингээд Б.Т- нь Засгийн газраас олгогдсон түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжаа ашиглах боломжгүй болсон тул гэрээний 2.3-т заасны дагуу 100,000,000 төгрөгөө өгөх гэхэд авахгүй чи нэмж алданги төл гэж үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхсэн.

3а.2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах,

3б.Дээрх хэлцлийн дагуу шилжүүлсэн нийт 30,037,500 төгрөгийг Б.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Б.О-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний талуудын чөлөөт байдлыг хангаж хийсэн хэлцэл болно. Уг гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох хууль зүйн үндэслэлгүй. Гэрээгээр шилжүүлсэн 30,037,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Т- нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээний 2.2, 2.3-т заасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах ёстой үүргээ биелүүлээгүй. Орон сууцанд амьдарсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, хариуцагч Б.Т-гээс гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Хангарьд сити 1 хотхон, Б блок, 2 дугаар орц, 4 давхарт байрлах 69.75 м.кв талбай бүхий орон сууцыг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэгч Б.О-ээс хариуцагчийн орон сууцны үнэд төлсөн 29,037,500 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Б.Т-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 39,900,000 төгрөгийг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч Б.Т-гийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 30,037,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,519,188 төгрөг, хариуцагч Б.Т-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 308,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 803,137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдах гомдлын агуулга: Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад итгэмжлэгдсэн төлөөлөгч маань гэрээнээс татгалзах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон ба нэхэмжлэгчийн өмнөөс гарын үсэг зурсан. Ямар нэхэмжлэл гаргаж байгааг мэдээгүй. Гэрээг цуцалж орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Гэтэл шүүх орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож урьдчилгаанд өгсөн 29,037,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан Б.О-ээс 29,037,500 төгрөгийг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч Б.О-т илт хохиролтой, миний эрхийг зөрчсөн. Иймд Б.О-ийн орон сууцаа буцаан авах, гэрээний дагуу алданги авах эрхийг сэргээн шийдвэрлэх, мөн нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 29,037,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч Б.Т-гийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.О-, н.Номиндарь болон хөндлөнгийн 3 хүнийг байршуулж маргаан бүхий орон сууцыг үл хөдлөх хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэж өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

2.Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Б.Т-д холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.Т-гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, алдангид 39,900,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх-1,2, 37, 66/

3.Хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан шилжүүлэхийг зөвшөөрч, алданги төлөх үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр 39,900,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна. Улмаар талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 30,037,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-49,50/

4.Хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, талуудын тайлбар, ХААН банк болон Худалдаа хөгжлийн банк дах дансны хуулга, байр хүлээлцсэн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн худалдагч Б.О- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй Хангарьд сити 1 хотхон Б блок 2 дугаар орцны 4 давхарт байрлах 69.75 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Б.Т-гийн эзэмшилд шилжүүлсэн, Б.Т- орон сууцны үнэ болох 129,037,500 төгрөгөөс 29,037,500 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заасантай нийцсэн байна. /хх-8, 52-55/

5.Энэ гэрээний үлдэгдэл үүрэг болох 100,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор НОСК ХК, Б.О- нарын хооронд байгуулагдсан 2020/01/48 дугаартай Хамтран ажиллах ерөнхий гэрээ-ний дагуу НОСК ХК-аас санхүүжүүлэх байсан боловч хэрэгжих боломжгүй болжээ. /хх-15-16, 77-78/

Хариуцагч Б.Т- худалдах-худалдан авах гэрээний 2.3-т заасны дагуу тохиролцсон нөхцөлөөр 100,000,000 төгрөг төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд ажлын 5 хоногийн дотор бусад хэлбэрээр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Тэрээр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх үлдэгдэл үүргийг төлөх санал тавьсныг нэхэмжлэгч хүлээж авахаас татгалзсан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйд хариуцлага тооцон алданги төлөхийг шаардсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогджээ. /хх-78, 80/ Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээний 7.1 дэх заалтыг буруу тайлбарласан боловч нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан үндэслэлд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсгийг зөв хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд түүнээс гарах үр дагаврыг зохицуулж өгчээ. Нэхэмжлэгч Б.О- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан учир дээрх хуулийн 205.1 дэх хэсгийн зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь гэрээний гүйцэтгэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг үүссэн байна. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж, хариуцагч Б.Т-гээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй Хангарьд сити 1 хотхон Б блок 2 дугаар орцны 4 давхарт байрлах 69.75 м.кв талбайтай орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгч Б.О-ээс 29,037,500 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

6.Дээрх тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй болно. Учир нь анз бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг хэлбэр нь бөгөөд анз буюу алданги тооцох үндэслэл нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль буюу гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөр байдаг. Анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 39,900,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасантай нийцсэн. Иймд нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг хангуулах тухай давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

7.Хариуцагч Б.Т- нь орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч эзэмшиж байсан тул түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзнэ. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг хэрэглэж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

8.Хариуцагч Б.Т-, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, түүний үр дагаврыг арилгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэрт зохигч талууд давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт үүргийн зөрчилтэй холбоотой аль нэг тал гэрээнээс татгалзах эрхийн талаарх зохицуулалт учир шийдвэрийн тогтоох хэсэгт уг заалтыг баримталсан нь оновчгүй байгааг залруулах нь зүйтэй.

10.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг, хоёр дах заалтыг хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00051 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-гээс Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Хангарьд сити 1 хотхон, Б блок, 2 дугаар орц, 4 давхарт байрлах 69.75 м.кв талбай бүхий орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т, нэхэмжлэгчээс 29,037,500 төгрөг гаргуулан хариуцагч Б.Т-д тус тус буцаан олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс алдангид 39,900,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 30,037,500 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Б.Т-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД