Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2022/0024

 

 

 

 

 

2022           07            26                                          123/ШШ2022/0024

                                           

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: МТӨҮГ /РД:2550466/,

Хариуцагч: Төв аймгийн З сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: МТӨҮГ-ын эзэмшлийн XV-0205218 XV-0205238 XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг З сумын Засаг дарга батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх талбайнуудын байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.Г, хариуцагч З сумын Засаг дарга Л.А /цахим/, түүний өмгөөлөгч  Э.М/цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МТӨҮГ нь “З сумын Засаг даргад холбогдуулан МТӨҮГ-ын эзэмшлийн XV-0205218 XV-0205238 XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг З сумын Засаг дарга Л.А батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх талбайнуудын байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор МТӨҮГ-ын тусгай зөвшөөрлийн нөхөх олговорт зориулж Төв аймгийн З сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг Ашигт малтмалын газрын даргад зөвшөөрч шийдвэрлэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр тушаалаар Төв аймгийн З сумын Галтын талбай нэртэй газарт 1885.17 гектар талбайд XV-020521 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг, тус сумын Урт сайр нэртэй газарт 144.83 гектар талбайд XV-020523 дугаар тусгай зөвшөөрлийг, Хашаат овоот даваат гэх нэртэй газарт 2585.65 гектар талбайд XV-020580 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг МТӨҮГ-т олгосон.

3. МТӨҮГ нь З сумын нутагт байршилтай XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг батлуулахаар З сумын Засаг даргад 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 1/2864 тоот албан бичгээр хүргүүлсэн. Хариуцагч З сумын Засаг дарга Л.А нь нэхэмжлэгчийн  тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөө, түүнийг батлуулах тухай дээр дурьдсан албан бичгийг хүлээн авсан ч тухайн төлөвлөгөөг боловсруулахад зөвшилцөх эсэх, төлөвлөгөөг батлах эсэх талаар ямар нэг мэдэгдэл, албан бичиг, хариу өгөөгүй. Нэхэмжлэгчээс З сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан Төв аймгийн Засаг даргад 2022 оны 01 сарын 03-ны өдөр гомдол гаргасан, гомдлын хариуг түүнд өгөөгүй. Нэхэмжлэгчээс 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч МТӨҮГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.Г нар дараахь үндэслэлээр хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус хэмээн маргаж байна. Үүнд:

 МТӨҮГ өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил болгон батлуулж ирсэн бөгөөд Төв аймгийн З сумын нутаг дэвсгэрт орших ХV-020521, XV-020523, XV-020580 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т заасны дагуу 2022 оны “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг” боловсруулж З сумын Засаг даргаар хянуулан батлуулахаар 2021 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 1/2864 тоот албан бичгээр хандсан боловч ямар нэгэн албан бичгээр одоо болтол хариу ирүүлээгүй байна. Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/02 тоот албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Төв аймгийн Засаг дарга одоо болтол хариу ирүүлээгүй байна. Төлөвлөгөөгөө хүргүүлээд очиж асуухаар Засаг дарга нь байгаль орчин хамгаалах байцаагчдаа өгсөн гэдэг байгаль орчны байцаагчаас нь асуухаар Засаг даргад би танилцуулсан гэдэг. Бид төрийн байгууллага юм чинь ямар нэгэн татгалзаад байгаа зүйл байгаа бол албан бичгээр бичээд өгөөч гэж бид гуйсан, хариу өгөөгүй. З сумын Засаг даргын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдлийг талаар дурдахад өнгөрсөн 2019, 2020, 2021 онуудын хувьд МТӨҮГ-ын эзэмшлийн ХV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөөг Төв аймгийн З сумын Засаг дарга нь хүлээн авч батлаагүй нь хууль зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөө батлахыг даалгах тухай” нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж төлөвлөгөөг батлах хугацааг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоож шийдвэрлэсэн. XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг З сумын Засаг дарга нь хүлээн авч батлаагүй нь хууль зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 123/ШШ2021/0004 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 340 дүгээр магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2021 оны төлөвлөгөөг З сумын Засаг дарга нь хүлээн авч батлаагүй нь хууль зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхийг тогтоолгож, Байгаль орчныг хамгаалах 2021 оны төлөвлөгөө"-г батлахыг даалгах тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2021/0017 дугаар шийдвэрээр З сумын Засаг дарга нь хүлээн авч батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, XV-020521, XV-020523, XV-020680 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2021 оны төлөвлөгөөг хянан батлахыг З сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учир Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 123/Ш/32021/0284 дугаар Албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас гарч, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл өгч, тайлбар авч ажилсаны эцэст буюу 4 сарын дараа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын 2021 оны байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг баталсанЗ сумын Засаг дарга нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-д заасныг хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь МТӨҮГ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж байна. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 359 дүгээр тогтоол, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 309 дүгээр тушаалаар МТӨҮГ-т ХV-020521, ХV-020623, ХV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, тогтоол, шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иймд М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-0205218 XV-0205238 XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг З сумын Засаг дарга Л.А батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх талбайнуудын байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү гэв.

5. Хариуцагч З сумын Засаг дарга Л.А шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: З сум нь хууль бус, хариуцлагагүй уул уурхайн золиос болсноос хэдэн үеэрээ уламжлалт мал аж ахуйгаа аж амьдралаа залгуулсаар ирсэн иргэд малчид малаа бэлчээх бэлчээргүй болж, амьдралын баталгаа нь алдагдсаар байна. Энэ байдлыг таслан зогсоож, сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дахин олгуулахгүй байх зорилгоор аймаг, сумын нутгийн өөрөө удирдах байгууллага эрх мэдлийнхээ хүрээнд холбогдох шийдвэрийг гаргаж, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 3-р тогтоолоор “...З сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд авч, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон газраас бусад нийт 244.676.4 га газар нутгийг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар тус тус шийдвэрлэн, улсын кадастрын бүртгэлд бүртгүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “тусгай хэрэгцээний газар” гэж, Газрын тухай хуулийн 17, 18, 20 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэргэцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг ойлгоно гэж заасан. Гэтэл аймаг болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон газартай давхцуулж Ашигт малтмал, кадастрын хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр XV-020521 дугаартай тусгай зөвшөөрлөөр Галтын тайлбай нэртэй газар 1885.25 га газар, XV-020523 дугаартай тусгай зөвшөөрлөөр Урт сайр нэртэй газар 144.84 га газар, XV-020520 дугаар тусгай зөвшөөрлөөр Цагаан галт болон Цэцэг мандалд 554.61 га, 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлөөр Хашаат овоот даваат нэртэй газар 2585.85 га газруудыг МТӨҮГ-т олгосон нь дээрх хуулийн заалтыг шууд зөрчсөн хууль бус шийдвэр байна. Иймээс уг тусгай зөвшөөрлүүд олгогдсон талбайд нутагладаг, өвөлжөөний газар эзэмшдэг малчдын төлөөлөл болон сумын Засаг даргаас МТӨҮГ-т олгосон хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул МТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТӨҮГ-ын нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна. З сум хууль бус уул уурайн золиос болсноор малын бэлчээрийн талбайгүй болсон. Иргэд малчид Засаг даргад гомдол санал гаргадаг хууль бус олборлолтын талаар байгаль орчны төлөвлөгөө баталж болохгүй бидний эрх ашиг хөндөгдөж байна гэдэг. Энэ байдлыг таслан зогсож сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дахин олгохгүй байх зорилгоор аймаг, сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 3 дугаар тогтоолоор З сумын бүх газар нутгийг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан байдаг. Мөн З сумын Иргэдийн Хурал 2015 оны 07 дугаар сарын 28-ний өдөр дахин тусгай зөвшөөрөл олгохгүй. Үлдсэн 2446764 га газрыг 15 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, Кадастрын улсын бүртгэлд бүртгэсэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар лиценз олгох нь хууль бус юм. Үндсэн хуулийн 60,61,62 дугаар зүйл дээр заасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага орон нутгийн хэрэгцээнд авах эрхтэй энэ эрхэнд хэн ч халдах ёсгүй байдаг. Байгаль орчны төлөвлөгөөг зөвшилцөж байж батлан ёстой гэтэл тусгай ажиллагаа хийгээгүй энэ талаар ямар ч баримт байхгүй. Зөвшилцөнө гэдэг нь Засаг даргийг дуудаад уриад санал тавиад хугацаа өгдөг ийм ажиллагаа тэгтэл ийм ажиллагаа хийгээгүй бэлэн гэрээ авч ирээд гарын үсгээ зуур гэж хэлээд үгүй бол шүүхэд ханддаг. Мкомпанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо аймгийн Засаг даргад мэдэгдэл ирүүлээгүй, сумын Иргэдийн Хурал болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй олгосон. Нэхэмжлэгчийн хүмүүс сумд ирж төлөвлөгөө өгсөн, манайх татгалзсан хариу өгөөгүй. З сумын Засаг дарга болон тус сумын иргэн Н.Батсанаа, Ж.Батхөлөг нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан МТӨҮГ-т тусгай зөвшөөрөл олгосон 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, мөн 2016 оны 5 сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүх иргэдийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болохыг хүсч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч МТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

2. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар,

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор МТӨҮГ-д тусгай зөвшөөрлийн нөхөх олговорт зориулж Төв аймгийн З сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг Ашигт малтмалын газрын даргад зөвшөөрч... шийдвэрлэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 309 дүгээр тушаалаар МТӨҮГ-т З сумын Галтын талбай нэртэй газарт XV-020521 дугаартай, Урт сайр нэртэй газарт XV-020523 дугаартай, Хашаат овоот даваат гэх нэртэй газарт XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 8/2961, 8/2962, 8/2966 тоот албан бичгээр тогтоогдож байна.

2.2. МТӨҮГ нь XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөгөө боловсруулан, уг төлөвлөгөөг батлуулахаар З сумын Засаг даргад 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 1/2864 тоот албан бичгээр хүргүүлсэн.          

2.3.  Хариуцагч З сумын Засаг дарга Л.А нь дээр дурьдсан нэхэмжлэгчийн  тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөө, түүнийг батлуулах тухай албан бичгийг хүлээн авсан ч тухайн төлөвлөгөөг боловсруулахад зөвшилцөх эсэх, төлөвлөгөөг батлах эсэх талаар ямар нэг мэдэгдэл, албан бичиг, хариу өгөөгүй зэрэг нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

2.4. Нэхэмжлэгчээс 2019, 2020, 2021 онуудад XV-020521, XV-020523, XV-020580  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах  төлөвлөгөөг З сумын Засаг дарга батлаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг З сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 123/ШШ2019/0030, 2021 оны 123/ШШ2021/0004,  123/ШШ2021/0017 дугаар шийдвэрээр тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2019, 2020, 2021 оны төлөвлөгөөг тус тус баталсан.

З сумын Засаг дарга болон тус сумын иргэн Н.Батсанаа, Ж.Батхөлөг нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан МТӨҮГ-т ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 309 дүгээр тушаал, 2016 оны 5 сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 01-ний өдрийн 128/ШЗ2022/1885 дугаар захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх түдгэлзүүлсэн зэрэг нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ...байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3-т заасан төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т тус тус заасан “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчим үйлчилнэ гэж тус тус хуульчилжээ.

2.6. Нэхэмжлэгчийн XV-0205218 XV-0205238 XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөө, түүнийг батлуулах тухай хүсэлтүүдэд хариуцагч З сумын Засаг дарга Л.А нь ямар нэг хариу мэдэгдэл өгөөгүй бөгөөд эдгээр төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн МТӨҮГ-ын эзэмшлийн XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянах, батлах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т тус тус заасан “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчсөн, хууль бус эс үйлдэхүй байна гэж дүгнэлээ.

Ийнхүү дээрх үндэслэлээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг хуульд заасан журмаар хянан батлах эрх, үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,3, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, МТӨҮГ-ын эзэмшлийн XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг”-г батлахгүй байгаа З сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, МТӨҮГ-ын эзэмшлийн XV-020521,             XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг хянан батлахыг З сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТӨҮГ-т олгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН