Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2022/0635

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       “М” ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын өмгөөлөгч Э.М-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ,

Хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-0205218, XV-0205238, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг Төв аймгийн Заамар сумын Засаг дарга батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх талбайнуудын байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг батлахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 24 дүгээр,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 123/2022/0011/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,3, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг хянан батлахыг Заамар сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Э.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1 “Төв аймгийн Засаг даргад Төв аймгийн Заамар суманд олгосон хариуцлагагүй уул уурхайн хөлд олон жил өртсөн, газар нутаг нь сүйдсэн, Заамар суманд хууль бусаар тусгай зөвшөөрөл олгогдсоны улмаас гол мөргөн ширгэж, байгаль орчин сүйдэж, байгалийн унаган төрх алдагддаг, нутгийн малчин иргэдийн малын бэлчээрийн талбайгүй болсон зэрэг гомдол иргэдээс удаа дараа ирж байна.

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015.3.27-ний өдрийн 03 дугаар “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах” тухай 03 дугаар тогтоолын 1-р хэсэгт “...Заамар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд авч, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэж, Мөн Төв аймгийн Заамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2015.07.28-ний өдөр “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын 1 дэх заалтаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон газраас бусад нийт 244.676.4 га газар нутгийн 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, улсын кадастрын бүртгэлд хамрагдсан байна.

Гэтэл Төв аймгийн болон Заамар сумын ИТХ-ын шийдвэрээр урьд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж Ашигт малтмал, кадастрын хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 2-ний өдөр XV-020521 дугаартай тусгай зөвшөөрлөөр Галтын талбай нэртэй газар 1885.25 га газар, XV-020523 дугаартай тусгай зөвшөөрлөөр Урт сайр нэртэй газар 144.84 га газар, XV-020520 тоот тусгай зөвшөөрлөөр Цагаан галт болон Цэцэг мандалд 554.61 га, 2016 оны 6 дугаар сарын 20-ний өдөр XV-020580 тоот тусгай зөвшөөрлөөр Хашаат овоот даваат нэртэй газар 2585.85 га нийт 5171.37 га газрыг “М” ТӨҮГ-т олгосон байна. Ийнхүү “М” ТӨҮГ-т аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан лиценз олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.2 тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх; хуулийн заалтыг шууд зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна.

Дээрх шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, гомдол гаргасан малчин иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж сумын уугуул иргэд, Малчин иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах /нөхцөл алдагдсан/ эрхийг зөрчсөн, малчин иргэдийн амжиргааны гол эх үүсвэр болсон мал, түүний отор, хадлан, малын бэлчээрийн талбайг хомсдолд оруулсан шийдвэр болсон гэж үзэн лиценз олгосон газарт амьдарч буй малчин иргэдээс болон Төв аймгийн Заамар сумын Засаг даргын зүгээс “М” ТӨҮГ-т 2016 оны 5 дугаар сарын 2-ний өдөр олгосон XV-020521, XV-020523, XV-020520, 2016 оны 6 дугаар сарын 20-ний өдөр олгосон XV-020580 тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдөр явагдаж, маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байна. Дээрх тусгай зөвшөөрлүүдийн талаар маргаантай байх тул иргэдийн эрхийг хүндэтгэж дээрх тусгай зөвшөөрлүүдийн талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх маргааныг шийдвэрлэсэн нь хууль бус байна.

2.2 Аймгийн болон сумын тусгай хэрэгцээнд авагдсан газарт лиценз олгосон ажиллагаа нь бүхэлдээ хууль бус, сум, иргэдийн хуулиар хүлээсэн эрх, үүрэгт халдсан хууль бус үйл ажиллагаа болохыг Засаг даргын хувьд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд иргэдийг төлөөлж байгаа төрийн албан хаагчийн хувьд иргэдийнхээ эрхэд хүндэтгэлтэй хандаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд анхнаасаа “М” ТӨҮГ-д дээрх тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь хууль бус эсэхийг шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлүүлж байж “М” ТӨҮГ-ийн тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг байтлан эсэхийг шийдвэрлэх шаардлагтай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн дээрх 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн  өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “М” ТӨҮГ нь “... ХҮ-020521, ХҮ-020523, ХҮ-020580 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбайн байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг батлахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, батлахыг Төв аймгийн Заамар сумын Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

3. Хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нь тус төлөвлөгөөг батлаагүй шалтгааныг “тухайн талбайг Төв аймгийн болон Заамар сумын тусгай хэрэгцээ, хамгаалалтад авсан байхад давхцуулж хууль бусаар тусгай зөвшөөрөл олгогдсон, тухайн газар нутаг нь олон жил уул уурхайн хөлд өртөж сүйдсэн, байгалийн унаган төрх алдагдах, малчин иргэд бэлчээргүй болсон байхад орон нутгаас санал аваагүй” гэж тайлбарлажээ.

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж, 59.1.18-д “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэж тус тус заасан бүрэн эрхий хүрээнд сумын Засаг дарга нь энэ талаар маргах эрхтэй гэж үзнэ.

5. Өөрөөр хэлбэл Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ бусад хууль тогтоомжийг биелүүлэх, хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй нь зөрчилдсөн гэж үзжээ.

6. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн тухайн тайлбартай холбоотой холбогдох баримтуудыг бүрэн цуглуулалгүй, “... Засгийн газрын тогтоолоор уг тусгай зөвшөөрлүүдийг олгохыг зөвшөөрсөн. ... Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 30, 2021 оны 0004, 0017 дугаар шийдвэрүүдээр 2019, 2020, 2021 оны төлөвлөгөөг батлахыг даалгасны дагуу төлөвлөгөөг баталсан” гэж дурдаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

7. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг үндэслэн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл шинээр олгохыг зөвшөөрсөн байх боловч Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийг зөв хэрэгжүүлж, түүнд нийцүүлэн тусгай зөвшөөрлийг олгох үүрэгтэй.

8. Ашигт малтмалын тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 19 дүгээр зүйлийн 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.” гэж заасан нь ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцаанд орон нутгийн Хурал, Засаг даргад нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ эдлэх боломж олгосон заалт юм.

Ийм учраас хариуцагчийн тайлбартай холбоотой Төв аймгийн Засаг дарга, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохих журмаар саналыг авсан эсэх талаар баримт нь хэрэгт ач холбогдолтой боловч авагдаагүй байна.

9. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:” гэж заасны дагуу нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос өмнө орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэх дээрх аймаг, сумын тогтоолыг кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул “... орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхацсан учраас төлөвлөгөөг батлах боломжгүй” гэх үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй.

10. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан 2019-2021 оны төлөвлөгөөг батлахыг даалгасан гэх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй байхаас гадна уг хэрэгт бүрэн авагдаагүй байх тул дээрх нөхцөл байдлуудын талаар тухайн үед маргасан эсэх, дээр дурдсан Сумын Засаг даргын бусад хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд зөрчилдөж байгаа талаарх тайлбар, үйл баримтыг шалган тогтоож дүгнэсэн эсэх нь тодорхойгүй байна.

11.Иймд хэргийн нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай дээрх баримтууд болон бусад ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 123/ШШ2022/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ