Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2022/00613

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “И ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашин болон  WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашинуудыг хариуцагчийн эзэмшлээс бодитоор гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн С10020010901 дугаартай зээлийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцон барьцааны бүртгэлээс барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг даалгах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “И ББСБ” ХК-ийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “И ББСБ” ХК-тай В10020010901 тоот зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг сарын 4,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон F10020010901 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр JTMHV05J504106619 арлын дугаартай, хар өнгөтэй, 7227 УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашин, WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, бор саарал өнгөтэй, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашиныг тус тус “И ББСБ” ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг.

Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг тогтоож өгсөн боловч үүргээ биелүүлээгүй тул Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.1.5-д заасны дагуу автомашинуудыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгөх тухай шаардах хуудсыг хариуцагчид хүргүүлсэн. Хариуцагч нь шаардах хуудас хүлээн авсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Хариуцагч нь Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу автомашиныг эзэмшиж байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 1.5 дахь заалтын дагуу фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн бодит эзэмшилд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

            Иймд F10020010901 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.5 дахь заалт болон Иргэний хуулийн 235.1, 235.4, 106.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашин болон  WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашинуудыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж өгнө үү.” гэв.

 

2.Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Талууд 200,000,000 төгрөгийн зээл авах талаар харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулсан байдаг боловч зээлдүүлэгч 100,000,000 төгрөгийн зээлийг дутуу олгосонд гомдолтой байдаг. Нэхэмжлэгч автомашинуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсныхаа дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийн зээлийг олгохоос үндэслэлгүй татгалзсан гэж үздэг. Улмаар шүүхэд нэхэмжлэл гарган автомашинуудыг бодитоор гаргуулна гэж шаардаж байгаа нь шударга бус, ёс зүйгүй үйлдэл байгаа ба хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэд болсон талаар ямар ч тооцоолол хийгээгүй байгаагаас харахад автомашинуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан давуу байдлаа ашиглан хариуцагчийн өндөр үнэтэй хөрөнгийг хямд зардлаар зээлийн төлбөрт шилжүүлэн авах санаа зорилготой байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч эхлээд зээлийг шаардах ёстой ба зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд автомашинуудыг бодитоор гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах ёстой. Харин зээлийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд шилжүүлэн авсан хөрөнгөө буцаан шилжүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй.

            Хариуцагч зээлийн төлбөрийг төлж барагдуулах боломжтой байтал зээлийг шаардахгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг бодитоор гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

            3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл: “...зээлдүүлэгч 100,000,000 төгрөгийн зээлийг дутуу олгосонд гомдолтой байдаг. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг шаардсан байх ба Зээлийн барьцааны гэрээний үүрэг шаардаагүй нь Зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэгэнт нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэг нь JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашин болон  WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашинуудыг хариуцагчийн эзэмшлээс бодитоор гаргуулснаар хангагдана гэж үзэж байгаа тул зээлийн барьцааны гэрээний барьцаалсан эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн С10020010901 дугаартай Зээлийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцон барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054546 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 дугаар байр, 92 тоот хаягт байршилтай, 55,0 кв.м талбайтай орон сууцыг барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг даалган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл: “...Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй буюу нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь тус шүүхэд гагцхүү Фидуцийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн суудлын автомашинуудыг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор гарган өгөх үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Энэ нь зээлийн гэрээг дуусгавар болгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага биш. Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өмчлөх эрхийг нь шилжүүлсэн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчид уг үүргээ биелүүлэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэл болно.

Гэтэл хариуцагч уг шаардлагыг зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн автомашинуудыг тооцон авч байна гэж буруу ойлгож, тайлбарладаг. Түүний улмаас Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Ү-2204054546 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь Зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад уг гэрээний барьцаа хөрөнгийг чөлөөлөх нэхэмжлэл Иргэний хуулийн 168.1 дэх хэсэгт заасан ипотек өмчлөгчид шилжих урьдчилсан нөхцөлийг хангаагүй гэж үзнэ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Фидуцийн гэрээний дагуу автомашинуудыг бодит эзэмшилд гарган өгөхийг шаардаж, барьцааны гэрээний дагуу шаардлага гаргаагүй тул Зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгож байна гэж үзнэ” гэжээ. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан тул нэхэмжлэлд дурдсан автомашинуудыг нэхэмжлэлд бодитоор гаргуулан авснаар талуудын хооронд байгуулагдсан Фидуцийн гэрээ дуусгавар болно. Фидуцийн гэрээ дуусгавар болсон нь шууд зээлийн гэрээ, барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй болно.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлээр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг зохицуулдаг бөгөөд иргэний эрх зүйн үндсэн зарчим болох хориглоогүй бол зөвшөөрнө, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу өмчлөлд авсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулах талаар гэрээний талууд чөлөөтэй тохиролцох эрхтэй. Уг эрхийг хуулиар хориглоогүй. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан Фидуцийн гэрээний 3.1.8, 3.1.9, 3.2.5 дахь заалтыг гэрээнд тусгасан бөгөөд уг заалтын агуулгаас харахад талууд фидуцийн зүйлийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцсон байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020.01.09-ний өдрийн №В10020010901 Зээлийн гэрээ, 2020.01.09-ний өдрийн №F10020010901 Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, 2020.01.09-ний өдрийн №C10020010901 Зээлийн барьцааны гэрээ, JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Бгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, Б.Бгийн зээлийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, 2021.05.13-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2021.08.19-ний өдрийн Шаардах хуудас, Инвескор ББСБ ХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.11.23-ны өдрийн 1446 дугаартай итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар баримт гаргаж өгсөн.

 

6.Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, 2020.01.08-ны №З/20010801 Зээлийн хорооны тогтоол, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2021.11.23-ны өдрийн А/81 дугаартай Дельтамон ХХК-ийн албан бичиг өгсөн.

 

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.02.03-ны өдрийн 101/ШШ2020/02695 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 101/ШЗ2020/11111 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.17-ны өдрийн 20260251/10 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн захирлын 2021.12.08-ны өдрийн 35 дугаар тушаал, Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 2021.12.16-ны өдрийн 547 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.16-ны өдрийн 11-164/24541 дугаартай мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүр бүрдүүлсэн байна.

 

8.Хариуцагчийн хүсэлтээр хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, “И ББСБ” ХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, Б.Бгийн зээлийн хувийн хэргийн мэдээлэл, 2020.01.09-ний өдрийн №В10020010901 Зээлийн гэрээ, 2020.01.09-ний өдрийн №F10020010901 Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, 2020.01.09-ний өдрийн №C10020010901 Зээлийн барьцааны гэрээ, JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2020.01.08-ны №З/20010801 Зээлийн хорооны тогтоол, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.01.08-ны өдрийн зээлийн хорооны хурлын тэмдэглэл, 2021.08.19-ний шаардах хуудас, 2021.05.13-ны мэдэгдэх хуудас, зээлийн шийдвэрийн баримт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

9.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Авто тээврийн үндэсний төвийн 2021.12.13-ны №270 дугаартай хариу, тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/, 2020.01.21-ний №14/01 дугаартай эвлэрлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.02.03-ны өдрийн 101/ШШ2020/02695 дугаартай захирамжаар бүрдүүлсэн байна.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Шүүх нэхэмжлэгч “И ББСБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

           

Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан “JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашин болон  WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашинуудыг хариуцагчийн эзэмшлээс бодитоор гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д холбогдуулан “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн С10020010901 дугаартай зээлийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцон барьцааны бүртгэлээс барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг даалгах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг тогтоож өгсөн боловч үүргээ биелүүлээгүй тул Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу автомашиныг эзэмшиж байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 1.5 дахь заалтын дагуу фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн бодит эзэмшилд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тайлбарлажээ.

 

 Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: 100,000,000 төгрөгийн зээлийг дутуу олгосон, нэхэмжлэгч автомашинуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсныхаа дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийн зээлийг олгохоос үндэслэлгүй татгалзсан, шударга бус, ёс зүйгүй үйлдэл.

Эхлээд зээлийг шаардах ёстой ба зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд автомашинуудыг бодитоор гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах ёстой.

Хариуцагч зээлийн төлбөрийг төлж барагдуулах боломжтой байтал зээлийг шаардахгүйгээр энэ шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй маргажээ.

 

Хариуцагч тал дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч зөвхөн Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг шаардсан байх ба зээлийн барьцааны гэрээний үүрэг шаардаагүй нь барьцааны гэрээг дуусгавар болгож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэгэнт автомашинуудыг хариуцагчийн эзэмшлээс бодитоор гаргуулснаар хангагдана гэж үзэж байгаа тул зээлийн барьцааны гэрээний барьцаалсан эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: зээлийн гэрээг дуусгавар болгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага биш, автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчид уг үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт нийцээгүй. Учир нь Зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад уг гэрээний барьцаа хөрөнгийг чөлөөлөх нэхэмжлэл Иргэний хуулийн 168.1 дэх хэсэгт заасан ипотек өмчлөгчид шилжих урьдчилсан нөхцөлийг хангаагүй гэж үзнэ.

Фидуцийн гэрээ дуусгавар болсон нь шууд зээлийн гэрээ, барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд, зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч “И ББСБ” ХК, хариуцагч Б.Б нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №В10020010901 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр 200,000,000 төгрөгийг, бизнесийн зэлийн зориулалтаар сарын 4,40 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 100,000,000 төгрөгийг бэлнээр, хамтран зээлдэгчээр Ж.Сансар оролцож, барьцаа хөрөнгө нэмэгдүүлсний дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийг олгохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №F10020010901 дугаартай “Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци)” гэрээгээр JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашин болон  WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашинуудыг “И ББСБ” ХК-ийн өмчлөлд шилжүүлэх, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэг нь өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийг бодитоор үүрэг гүйцэтгэгчээс гаргуулан авахаар харилцан тохиролцжээ.

 

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №C10020010901 дугаартай “Зээлийн барьцааны” гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 байрны 92 тоот хаягт байршилтай 55 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай Ү-2204054546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №В10020010901 тоот “Зээлийн гэрээ”, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №F10020010901 дугаартай “гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №C10020010901 дугаартай “Зээлийн Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци)” барьцааны” гэрээ зэрэг баримтууд бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №В10020010901 тоот “Зээлийн гэрээ”, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №F10020010901 дугаартай “Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци)” гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №C10020010901 дугаартай “Зээлийн барьцааны” гэрээгээр ”И ББСБ” ХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Б.Б нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци)” гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

Зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 99,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “И ББСБ” ХК-иас хариуцагч Б.Бд шилжсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ “И ББСБ” ХК биелүүлсэн учир зээлдэгч Б.Бгаас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч болох хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан болох нь дансны хуулганууд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зохигч талууд маргаагүй.

 

Мөн Б.Бгийн хувьд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 77,043,013.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,068,602.74 төгрөг, нийт 179,111,616.44 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч Б.Б мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авахаар маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ  /фидуци/ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тодорхойлжээ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан байна. 

 

Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.5, 3.1.2-т зааснаар Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг үл маргах журмаар бодитойгоор гаргуулан авахаар шаардах эрхтэй байна.

 

            Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол зээлдүүлэгч фидуцийн зүйл буюу өөрийн өмчлөлд бүртгэгдсэн автомашиныг эзэмшилдээ авч, үүргийг хангуулах боломжтой боловч, тухайн автомашинууд Б.Бгийн эзэмшил, ашиглалтад байгаа талаар зохигч маргаагүй байна.

           

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч, хариуцагч Б.Б гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь үүргээ биелүүлээгүй үндэслэлээр өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний 1.5, 2.2.5, 3.1.2 дахь заалттай нийцжээ.

 

Иймд хариуцагч Б.Бгаас “JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашин болон  WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашинуудыг хариуцагчийн эзэмшлээс бодитоор гаргуулж нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Зээлийн барьцааны гэрээний 4.1.1-д Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн зохих ёсоор биелүүлсэн бол Барьцааны зүйлийг барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг барьцаалагчаас шаардах, 5.2.1-д Барьцаалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд гэрээний 3.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийг барьцааны бүртгэлээс чөлөөлөх үүрэгтэй гэж талууд тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хангуулахаар фидуцийн гэрээний зүйл болох автомашинуудыг бодитойгоор гаргуулан авснаар  фидуцийн гэрээ дуусгавар болж зээлийн гэрээний үүргийг хангасанд тооцох бөгөөд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 байрны 92 тоот хаягт байршилтай 55 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай Ү-2204054546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй ба  барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “И ББСБ” ХК-ийн хувьд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээний дагуу автомашинуудыг бодитойгоор гаргуулах шаардлага гаргасан ба уг шаардлага хангагдсанаар зээлийн барьцааны гэрээ дуусгавар болно.

 

           Үүрэг гүйцэтгүүлэгч “И ББСБ” ХК нь фидуцийн гэрээний зүйл болох JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашин болон  WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашинуудыг бодитоор гаргуулахыг шаардсан нь нэхэмжлэгч барьцааны гэрээний эрхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т “Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй” талаар зохицуулжээ.

 

            Иймд нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д холбогдуулан “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн С10020010901 дугаартай зээлийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцон барьцааны бүртгэлээс барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг даалгах” тухай хариуцагч Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар хариуцагч Б.Бгаас JTMHV05J504106619 арлын дугаартай, 7227УНА улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашин болон  WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, 9889 УНК улсын дугаартай, PORSCHE Macan маркийн автомашинуудыг бодитоор гаргуулж, нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д олгосугай.

 

            2.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т зааснаар хариуцагч Б.Бгийн сөрөг нэхэмжлэл болох “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн С10020010901 дугаартай зээлийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 байрны 92 тоот хаягт байршилтай 55 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай Ү-2204054546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг хариуцагч “И ББСБ” ХК-д даалгасугай.

           

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ”И ББСБ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөг, хариуцагч Б.Бгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 479,000 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 657,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ”И ББСБ” ХК-д олгож, нэхэмжлэгч “И ББСБ” ХК-иас 479,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Бд олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС