Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/00720

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ТОСК” ТӨХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Т.Т-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Т,

Нэхэмжлэгчийн Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.Н-Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гүйцэтгэх захирлын тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан, ажлаас халсан шалтгаанаа байгууллага жолоочгүй болж байгаа, мөн гэрээт ажилтнуудыг халж цалингийн хэмнэлт хийнэ гэж тайлбарласан.

2021.09.27-ны өдөр ажлаас халах мэдэгдэл өгч, 2021.10.05-ны өдөр ажлаас халсанд туйлын гомдолтой байна.

Т.Ттай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болгохыг тогтоолгож, Б.Түмэнбаяртай жолоочийн ажлын байр дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

“ТОСК” ТӨХХК нь урьд өмнө байнга хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байсан ба 2020 оны 12 сарын 31-нд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж миний бие ойлголттой байтал энэ Хөдөлмөрийн гэрээ бус Хөлсөөр ажиллах гэрээ байсныг гэрээ цуцлах тушаалыг гардаж авахдаа олж мэдлээ.

“ТОСК” ТӨХХК-ийн жолооч нь байнгын ажлын байраар тогтохгүй “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Х, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Б 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Ажлын байрны тодорхойлолт”-ыг баталсан.

Миний би тогтоосон ажлын байранд, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар, бусад Хөдөлмөрийн гэрээтэй ажилтнуудтай яг адил нөхцөл, цагийн хуваарь, горимоор ажиллаж байсан.

Түүнчлэн, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухай ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ.

Иймд Т.Ттай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1. хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Хөдөлмөрийн хуулиар хүлээсэн үүргээ ажил олгогч биелүүлж, Т.Ттай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

“ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Х, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Б 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Жолоочийн ажлын байрны тодорхойлолт”-ын Г хэсгийн 2-т “хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль ... хариуцлага хүлээнэ” гэж заасан байтлаа Компанийн тухай хуулийг үндэслэж гэрээ цуцалж буй нь үндэслэлгүй юм.

...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухай ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхтэй холбоотой дээрх шаардлагыг гаргасан болно.

Мөн миний би ажиллаж байх хугацаандаа Ковидын шуурхай штабт 2 сар гаруй маш хүнд нөхцөлд ажиллаж, хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр коронавирусын халдвар авч, өвдсөн.

Иймд болсон нөхцөл байдал, миний ТОСК-д ажиллаж хөдөлмөрлөсөн хугацаа, ажлаас хууль бусаар халагдсан шалтгаан нөхцөлийг тодруулж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж өгнө үү.” гэв.

 

2.Хариуцагч “ТОСК” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “

Нэхэмжлэгч Т.Т нь анх “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-д 2010 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 128 дугаар тушаалаар ажилд түр томилогдон орсон үеэс хойш 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл түр ажлын байранд ажиллаж байсан. “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь татан буугдаж “ТОСК” ТӨХХК болон өөрчлөн байгуулагдаж үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн ажиллаж байна.

Мөн Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 683 дугаар тогтоолоор “ТОСК” ТӨХХК-ийн дүрэмд өөрчлөлт орж 16 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг 6 чиглэл болгож өөрчилснөөр манай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс компанийн санхүүгийн үйл ажиллагаа хүндрэлтэй байгааг харгалзан бүтэц орон тоог багасгах шаардлагатай байна гэсэн чиглэлийн дагуу шинэчилсэн бүтэц, орон тоогоор Тамгын газрын харьяа жолоочийн 2 орон тоог 1 болгон цөөрүүлсэн.

Компанийн шинэ бүтцэд заасан ажил, албан тушаал цомхотгогдсонтой холбогдуулан жолооч Т.Тт Иргэний хуулийн 364 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заасан үндэслэлээр Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Манай байгууллага шинэчилсэн бүтэц, орон тооны хүрээнд хасагдсан орон тоон дээр ажиллуулах боломжгүй болсон учир “Хөдөлмөрийн тухай хууль”-д заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээг цуцлахаас өөрөөр эрх зүйн хувьд шийдэх боломжгүй юм.

Т.Ттай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болгохыг тогтоолгож, Т.Т жолоочийн ажлын байр дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд,

ТОСК ТӨХХК нь 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр №128 тоот дугаар тушаалаар иргэн Т.Тыг “Жолооч” албан тушаалд түр томилсон. Тухайн иргэнийг ажилд томилогдсон хугацаанаас хойш ТОСК нь хэд хэдэн удаа эрх бүхий этгээдийн шийдвэрээр бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор 2021 онд Т.Тын ажил, албан тушаал үндсэн буюу байнгын ажлын байрнаас хасагдаж, түүнтэй байгуулсан гэрээ хууль ёсны дуусгавар болсон байдаг.

2013 онд Засгийн газрын 253 тоот тушаал батлагдсанаар ОССК ХХК нь нэршлийн хувьд ТОСК ХХК болон өөрчлөгдөж, ТОСК-ийн Ерөнхий Захирал нь тус шийдвэртэй холбогдуулан 2014 оны 03 дугаар сарын Б/13 тоот тушаалаар “Жолооч” албан тушаалыг үндсэн буюу байнгын ажлын байрны орон тооноос хасч, гэрээний дагуу ажиллуулахаар тушаасан.

2016 онд ТОСК-ийн Ерөнхий захирал Б/22 тоот тушаалыг баталж, дахин ажлын байрны дээд хязгаарыг тогтоосон ба үүний дагуу “Жолооч” албан тушаал нь үндсэн буюу байнгын 4 ажилтны орон тоотой болж нэмэгдсэн тул Т.Тыг үндсэн ажилтнаар томилсон. Гэвч “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-аас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 53 тоот, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 127 тоот тушаалаар байгууллагын орон тооны дээд хязгаарыг дахин өөрчлөн баталж, “Жолооч” албан тушаалыг үндсэн 1 ажилтны орон тоотой байхаар хасаж, цөөрүүлсэн. Үүнээс шалтгаалан Т.Тыг Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/163 тоот тушаалаар үндсэн ажилтнаас чөлөөлж, гэрээт ажилтны хувьд хамтран ажилласан байдаг.

Үүний дараа 2021 онд ТОСК-ийн ТУЗ-ийн “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” 14 тогтоол батлагдан гарснаар “Жолооч” албан тушаалыг компанийн үндсэн буюу байнгын ажлын байрнаас бүрмөсөн хассан байна.

Дээрхээс үзвэл “Жолооч” албан тушаалын орон тоо нь 2021 оныг хүртэл бүтэц хийгдсэн тохиолдол бүрт цөөрч байсан бөгөөд энэ нь тодорхой хязгаартай тул бид баталсан орон тоонд багтаан холбогдох ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн байгуулж, Т.Тыг Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 40.1.11-д заасан үндэслэлээр үндсэн ажлын байрнаас чөлөөлсөн. Гэсэн хэдий ч бид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу уг иргэнтэй харилцан тохиролцож, цаг тухайд нь Хөлсөөр ажиллах гэрээг байгуулан, тогтмол ажил, үүрэг болон цалин, хөлсөөр хангаж байсан.              2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай шинэчлэн байгуулсан.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээг дахин сунгаж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан байна.

Бидний хувьд өөрсдийн орон тооны дээд хязгаарт багтаан ажилтнуудыг томилох бөгөөд энэ нь эрх бүхий этгээдийн хууль ёсны шийдвэр тул Т.Тыг байнгын ажлын байранд томилох зорилгоор үндсэн ажлын байрны бүтцийг өөрчилж, орон тоог нэмэх боломжгүй юм. Энэ ч учраас түүнтэй Хөлсөөр ажиллах гэрээг түүний агуулга, нөхцөлийг харилцан тохиролцон байгуулж, өдийг хүртэл хамтран ажилласан байна.

Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 48 дугаар зүйлийн 48.3.22-д заасны дагуу бид ажлын байрны тодорхойлолтыг баталж, үндсэн ажилтнуудад мөрдүүлэх үүрэгтэй бөгөөд 2021 онд бүтэц, орон тооны хязгаар дахин батлагдахаас өмнө “Жолооч” нь үндсэн ажлын байрны орон тоонд байсан тул уг тодорхойлолтыг баталсан. Т.Тын хувьд түүнтэй 2020 оны оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнүүдийн хавсралтаар ямар ажил, үүрэг гүйцэтгэх талаар мэдээллийг хавсарган оруулсан ба энэ нь түүний гүйцэтгэх ажил, үүргийг тодорхойлсон үндсэн баримт бичиг байсан. Харин уг гэрээнүүдийн 4.1-д “Ажиллагчийг тухайн ажил, үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгч, ажил үүргээ гүйцэтгэх хэвийн нөхцөл боломжоор хангах үүрэгтэй” гэж заасны дагуу ажил, үүргийн ерөнхий зааварчилгааны хувьд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан бөгөөд энэ нь түүний байнгын мөрдөх ажил, үүргийн тодорхойлолт биш юм.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/ 40.1.1 “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/ 48.3.2 “ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах” Т.Т нь үндсэн ажилтнуудтай харьцуулахад илүү чөлөөтэй нөхцөлд ажиллаж, ирсэн болон явсан цагийг тухай бүр бүртгүүлдэггүй байсан бөгөөд ажиллуулагчийн зүгээс ч талуудын хооронд байгуулсан гэрээ болон ажил, үүргийн нөхцөл байдал, онцлогтой нь уялдуулан ажлын цагийг тогтмол бүртгүүлэхийг шаарддаггүй байсан. Харин түүнтэй байгуулсан Хөлсөөр ажиллуулах гэрээний 4.1- д “Ажиллагчийг тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгч, ажил үүргээ гүйцэтгэх хэвийн нөхцөл боломжоор хангах үүрэгтэй” гэж заасны дагуу ажил, үүргийн чиглэл өгч, тус иргэн нь тухайн чиглэл, үүргийн дагуу ажилладаг байсан.

Ажлын хөлсний хувьд бид гэрээний 2.2-д “...Хөлсийг сард 2 хувааж олгоно” гэж заасны дагуу сард 2 удаа буюу сар бүрийн 10, 25-ны өдөр олгодог байсан бөгөөд тухайн иргэн нь ч үүнийг хүлээн зөвшөөрч, энэ тухай нэг ч удаа санал, гомдол гаргаж байгаагүй юм.

Түүнчлэн бидний зүгээс Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1-д “Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-д “Ажил үүргээ хэвийн гүйцэтгэхтэй холбогдуулан байгууллагаас олгосон эд хэрэгсэл, ажлын хувцас хэрэглэлийг зүй зохистой ашиглах...” гэж, 4.1-д “...ажил үүргээ гүйцэтгэх хэвийн нөхцөл боломжоор хангах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Т.Тыг ажил, үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай авто машин, техник хэрэгслээр хангаж байсан.

Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" гэж үзэх үндэсгүй байна.

Мөн ТОСК ТӨХХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/59 тушаал гарснаар “Жолооч” албан тушаал нь хууль ёсны дагуу орон тооноос хасагдсан тул бид тухайн иргэнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй буюу үндэслэлгүй юм.

“ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлагын тухайд,

ТОСК ТӨХХК-ийн баталсан “Жолооч” албан тушаалын ажлын байрны тодорхойлолт нь Т.Тын зайлшгүй даган мөрдөх баримт бичиг биш бөгөөд дээр дурдсаны дагуу түүнтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний хавсралт нь түүний ажил, үүргийн тодорхойлолт юм. Мөн Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 тоот тушаалд үндэслэл болгосон Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг нь тус иргэнийг ажлаас халах шалтгаан болон хариуцлагын асуудалтай огт хамааралгүй бөгөөд ТОСК ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор тухайн тушаалыг гаргах эрх бүхий этгээд гэдгийг тодотгож буй хуулийн заалт юм.

“Т.Тын ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хуульд заасны дагуу хийлгэхийг тус тус хариуцагчид даалгах” шаардлагын тухайд,

Дээр дурдсаны дагуу иргэн Т.Ттай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, мөн ТОСК ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/59 тушаал гарч “Жолооч” албан тушаал нь хууль ёсны дагуу компанийн бүтэц, орон тооноос хасагдсан тул бид тухайн иргэнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн хувьд боломжгүй болно.

Бидний хувьд “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-аас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 53 тоот, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 127 тоот тушаалаар байгууллагын орон тооны дээд хязгаарыг өөрчлөн баталж, ажилтны тоог цөөрүүлснээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хууль ёсны дагуу цуцалсан.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасны дагуу дуусгавар болсон бөгөөд ажиллуулагчийн зүгээс гэрээг цаашид сунгах боломжгүй гэж үзсэн тул түүнд гэрээ дуусгавар болохоос 7 хоногийн өмнө энэ тухай мэдэгдэж, хууль болон гэрээнд харшилсан зүйлгүйгээр гэрээг дуусгавар болгосон болно.

Мөн дээр дурдсаны дагуу ТОСК ТӨХХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/59 тушаалаар “Жолооч” албан тушаал үндсэн ажлын байрнаас хасагдсан тул хариуцагч нь хууль зүйн хувьд түүнтэй компанийн бүтцэд байхгүй ажлын байрны орон тоонд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн ажилтнаар томилох боломжгүй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”

Иймд “Жолооч” ажлын байрны орон тоо ТОСК ТӨХХК-ийн бүтцээс хасагдсанаар иргэн Т.Ттай хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байх тул “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаартай тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.“ гэв.

 

   3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2021.10.05-ны өдрийн Б/76 дугаар тушаал, Т.Тын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, ажилтны хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн товьёг, Төрийн орон сууцны корпорац ТӨХХК-ийн маргаан таслах зөвлөлд гаргасан өргөдөл, 2021.10.04-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-д гаргасан өргөдөл, 2021.10.19-ний өдрийн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт гаргасан өргөдөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ баримт гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2021.12.21-ний 1/952 дугаартай итгэмжлэл, 2021.01.24-ний 1/43 дугаартай итгэмжлэл, 2021.01.17-ны өдрийн хариу тайлбар, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирлын 2010.07.09-ний өдрийн 128 дугаартай ажилд түр томилох тухай тушаал, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2021.10.05-ны өдрийн Б/76 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ цуцлах тухай тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.12.17-ны өдрийн 683 дугаар тогтоол, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021.10.01-ний өдрийн “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай 14 дүгээр тогтоол, 2021.09.27-ны өдрийн мэдэгдэл, Монгол Улсын Засгийн газрын 2013.07.06-ны өдрийн Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай тогтоол, 2022.02.21-ний өдрийн хариу тайлбар, 2020.01.22-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ, гэрээний хавсралт, 2020.12.31-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ, гэрээний хавсралт, 2016.11.22-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний сунгалт, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2021.10.29-ний өдрийн А/59 дүгээр ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019.11.01-ний өдрийн 05 дугаар  тогтоол, хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2019.12.27-ны өдрийн А/97 дугаартай “Ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2019.12.27-ны өдрийн Б/65 дугаартай ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016.03.02-ны өдрийн Б/22 дугаартай ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016.11.21-ний өдрийн Б/163 дугаартай Т.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016.11.08-ны 127 дугаартай Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн тухай тогтоол, түүний хавсралтууд, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016.11.16-ны өдрийн Б/151 дугаартай Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,  Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016.11.11-ны өдрийн Б/145 дугаартай ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016.03.19-ний өдрийн Б/13 дугаартай Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016.09.29-ний өдрийн 53 дугаартай “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаар, захиргааны албан тушаалын жагсаалт батлах тухай”, түүний хавсралтууд, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016.11.01-ний өдрийн Б/136 дугаартай Ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016.11.01-ний өдрийн Б/137 дугаартай Ажилд томилох тухай тухай тушаал, түүний хавсралт, 2022.03.01-ний 1/166 дугаартай итгэмжлэл гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.12.17-ны 683 дугаартай Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай тушаал, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2021.06.29-ний өдрийн А/40 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 2016.10.07-ны өдрийн Ажлаас халах мэдэгдэл, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016.03.17-ны өдрийн А/29 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2021.03.24-ний өдрийн А/22 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралт, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2021.02.10-ны өдрийн А/11 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл гэх баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Т.Т нь “ТОСК” ТӨХХК-д холбогдуулан “Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Т.Т-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  ажлаас халсан шалтгаанаа жолоочгүй болж байгаа, гэрээт ажилтнуудыг халж, цалингийн хэмнэлт хийнэ гэсэн.

Урьд өмнө хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байсан, хөлсөөр ажиллах гэрээ байсныг гэрээ цуцлах тушаалыг гардаж авахдаа мэдсэн, жолооч нь байнгын ажлын байраар тогтохгүй, ажлын байрны тодорхойлолтыг баталсан.

Тогтоосон ажлын байранд, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар, бусад Хөдөлмөрийн гэрээтэй ажилтнуудтай яг адил нөхцөл, цагийн хуваарь, горимоор ажиллаж байсан.

Хөлсөөр ажиллах гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл,

“Жолоочийн ажлын байрны тодорхойлолтод “хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль ... хариуцлага хүлээнэ” гэж заасан байтлаа Компанийн тухай хуулийг үндэслэж гэрээ цуцалж буй нь үндэслэлгүй юм гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: 2021 онд Т.Тын ажил, албан тушаал үндсэн буюу байнгын ажлын байрнаас хасагдаж, түүнтэй байгуулсан гэрээ хууль ёсны дуусгавар болсон байдаг.

“Жолооч” албан тушаалыг үндсэн 1 ажилтны орон тоотой байхаар хасаж, цөөрүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан байна.

Орон тооны дээд хязгаарт багтаан ажилтнуудыг томилох бөгөөд Т.Тыг байнгын ажлын байранд томилох зорилгоор үндсэн ажлын байрны бүтцийг өөрчилж, орон тоог нэмэх боломжгүй.

2021 онд бүтэц, орон тооны хязгаар батлагдахаас өмнө “Жолооч” нь үндсэн ажлын байрны орон тоонд байсан тул тодорхойлолтыг баталсан.

Хөлсөөр ажиллах гэрээний хавсралтаар ямар ажил, үүрэг гүйцэтгэх талаар хавсарган оруулсан.

Харин уг гэрээний 4.1-д заасны дагуу ажил, үүргийн ерөнхий зааварчилгааны хувьд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан бөгөөд энэ нь түүний байнгын мөрдөх ажил, үүргийн тодорхойлолт биш юм.

Т.Т нь үндсэн ажилтнуудтай харьцуулахад илүү чөлөөтэй нөхцөлд ажиллаж, ирсэн болон явсан цагийг тухай бүр бүртгүүлдэггүй байсан бөгөөд ажиллуулагчийн зүгээс ч талуудын хооронд байгуулсан гэрээ болон ажил, үүргийн нөхцөл байдал, онцлогтой нь уялдуулан ажлын цагийг тогтмол бүртгүүлэхийг шаарддаггүй байсан. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл гэж үзэх үндэсгүй байна.

“Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-аас байгууллагын орон тооны дээд хязгаарыг өөрчлөн баталж, ажилтны тоог цөөрүүлснээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хууль ёсны дагуу цуцалсан.

Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д заасны дагуу дуусгавар болсон бөгөөд ажиллуулагчийн зүгээс гэрээг цаашид сунгах боломжгүй гэж үзсэн тул түүнд гэрээ дуусгавар болохоос 7 хоногийн өмнө энэ тухай мэдэгдэж, хууль болон гэрээнд харшилсан зүйлгүйгээр гэрээг дуусгавар болгосон болно. Иймд “Жолооч” ажлын байрны орон тоо “ТОСК” ТӨХХК-ийн бүтцээс хасагдсанаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч Т.Тыг 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Захиргаа, удирдлагын газрын жолоочоор түр томилон, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс жолоочоор жинхлэн ажиллуулж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс Жолоочийн орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөлсөөр ажиллах гэрээг байгуулан жолоочоор ажиллуулж байсан байх бөгөөд Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс дуусгавар болгон цуцалсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

           

            Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалт, Монгол Улсын хуулийн 364 дүгээр зүйлийг тус тус үндэслэл болгожээ.

 

Хариуцагч тал тушаалын үндэслэлээ  “...Захиргаа удирдлагын газрын жолооч Т-ын Т-тай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-г 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс дуусгавар болгон цуцалсугай...” гэж нэхэмжлэгч Т.Ттай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан байна.

 

Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар жолоочийн 4 орон тоо батлагдсан ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар тогтоолоор жолоочийн 2 орон тоо батлагдаж, 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 127 дугаартай тогтоолоор Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаар, захиргааны албан тушаалын жагсаалтыг батлахдаа жолоочийн 1 орон тоо, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаартай “Ажил албан, тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар жолоочийн 1 орон тоо баталжээ. 

 

Төрийн орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/59 дугаартай “Ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар жолоочийн орон тоо хасагдсан байна. 

 

Нэхэмжлэгч Т.Т болон “ТОСК” ТӨХХК-ийн хооронд 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар тушаалаар жолоочийн ажилд түр ажиллуулахаар томилж, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Т.Тыг жолоочийн ажилд томилж, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэж, 2016 оны 11 сарын 21-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар Т.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг жолоочийн орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр тасалбар болгон дуусгавар болгожээ.

 

Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор бүтэц, орон тооны дээд хязгаарыг цөөрүүлсэнтэй холбоотойгоор жолоочийн орон тоог цөөрүүлсэн нь Т.Ттай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон байх бөгөөд нэхэмжлэгч дээрх тушаалын талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Т хариуцагч “ТОСК” ТӨХХК нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр ажиллуулагчаас буюу Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-иас тодорхойлсон /жолооч/ хавсралт 1-д заасан ажил, үүргийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллагч буюу Т.Т нь мэргэжил, ур чадварын өндөр түвшинд, тогтоосон цаг хугацаанд, биечлэн хийж гүйцэтгэх, ажиллуулагч нь гэрээгээр тохиролцсон 847,000 төгрөгийг сард хувааж төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээний хавсралтаар жолооч нь захиргаа, аж ахуйн хэрэгцээнд автомашинаар саадгүй үйлчлэх, хариуцсан автомашины бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хэвийн, тасралтгүй үйлчилгээг үзүүлж ажиллах, аж ахуйн албаны болон байгууллагын өдөр тутмын үйлч ажиллагаанд туслалцаа үзүүлэх байдлаар оролцохоор заажээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн зүйлийн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд бий болсон харилцаа нь тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх, харин ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээснээс үзэхэд уг гэрээний зүйл нь ажил үйлчилгээ үзүүлэх буюу жолоочийн үйлчилгээ байх бөгөөд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүйн дээр энэхүү харилцааг Хөдөлмөрийн хуулиар хянан шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

            Нэхэмжлэгч байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлах ба хариуцагч ТОСК ТӨХХК-ийн хувьд нэхэмжлэгч Т.Ттай жолоочийн орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч уг орон тоо хасагдсаны улмаас түүнтэй Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна. 

 

            Өөрөөр хэлбэл, өмнө нь жолоочийн орон тоо нь байнгын орон тоо байсан бөгөөд уг орон тоонд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч дээрх нөхцөл байдлын улмаас буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр уг орон тоо цөөрүүлсэн болон хасагдсан үндэслэлээр Т.Ттай хариуцагчийн хувьд хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож үргэлжлүүлэн жолоочийн ажилд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан болох нь баримтуудаар тогтоогдож байна.

 

            Харин зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь 1 талаас тохирсон ажил үйлчилгээг үзүүлж байгаа, нөгөө талаас хөлс олгож байгаа шинжээрээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хувьд хөлсөөр ажиллах гэрээг 2016 оноос хойш жил бүр байгуулан ажиллаж байсан, мөн ээлжийн амралт олгогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”,

 

Зохигчдын хооронд байгуулагдсан “Хөлсөөр ажиллах гэрээний”-ний агуулга, мөн гэрээний зүйл зэргийг харгалзан дээрх гэрээ нь Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус болохыг заасан ба хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “ТОСК” ТӨХХК-ийн Т.Ттай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хууль зөрчөөгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч “ТОСК” ТӨХХК нь дээрх хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлээр 359.1 дэх заалтыг зөрчөөгүй байхаас гадна орон тоо хасагдсан жолоочийн орон тоонд Т.Ттай хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй болсон байна.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д зааснаар тохирсон хугацаа дууссанаар хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон хэдий ч ажиллагч болон ажиллуулагч хэн аль нь гэрээг үргэлжлүүлсэн байх тул гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох үндэслэлтэй байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т зааснаар ажиллуулагч ажил, үүргийг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж ажиллагчид мэдэгдэл өгснөөс хойш 7 хоног өргөснөөр нэг талын санаачилгаар гэрээг цуцлахаар заасан ба хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг Т.Тт мэдэгдсэн ба энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй.

 

 Нэгэнт зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “ТОСК” ТӨХХК-д холбогдох “Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б.Түмэнбаяртай Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийх” тухай нэхэмжлэгч Т.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ТОСК” ТӨХХК-д холбогдох “Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Т.Т-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийх” тухай нэхэмжлэгч Т.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС