Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2022/01120

 

 

 

 

 

 

  2022             06             13                                      210/МА2022/01120

 

 

Т.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16ы өдрийн 182/ШШ2022/00720 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Т ын хариуцагч Т ТӨХХК -д холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, Т ТӨХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Гүйцэтгэх захирлын тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан, ажлаас халсан шалтгаанаа байгууллага жолоочгүй болж байгаа, мөн гэрээт ажилтнуудыг халж цалингийн хэмнэлт хийнэ гэж тайлбарласан. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас халах мэдэгдэл өгч, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халсанд туйлын гомдолтой байна. Т.Т тай байгуулсан Т ТӨХХК  нь урьд өмнө байнга хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байсан ба 2020 оны 12 сарын 31-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсаныг гэрээ цуцлах тушаалыг гардаж аваад мэдсэн. Т ТӨХХК -ийн жолооч нь байнгын ажлын байрны тодорхойлолтыг тус газрын дарга баталсан. Ажлын байранд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар, бусад хөдөлмөрийн гэрээтэй ажилтнуудтай адил нөхцөл, цагийн хуваарийн дагуу ажилласан. Түүнчлэн, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ. Иймд Т.Т тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна. Ажлын байрны тодорхойлолтын Г хэсгийн 2-т заасан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхтэй холбоотой дээрх шаардлагыг гаргасан болно. Мөн ковидын шуурхай штабт 2 сар хүнд нөхцөлд ажиллаж, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ковидоор өвчилсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Т.Т  нь “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-д 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар тушаалаар ажилд түр томилогдсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 683 дугаар тогтоолоор Т ТӨХХК -ийн 16 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг 6 чиглэл болгож өөрчилж шинэчилсэн бүтэц, орон тоогоор Тамгын газрын харьяа жолоочийн 2 орон тоог 1 болгон цөөрүүлсэн. Компанийн шинэ бүтцэд заасан ажил, албан тушаал цомхотгогдсонтой холбогдуулан жолооч Т.Т ыг Иргэний хуулийн 364 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээний 5.2.2-т заасан үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Орон тоо хасагдсан тул ажиллуулах боломжгүй болсон учир хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан. 2013 онд Засгийн газрын 253 тоот тушаал батлагдсанаар ОССК ХХК нь нэршлийн хувьд Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон өөрчлөгдөж, тус шийдвэртэй холбогдуулан 2014 оны 03 дугаар сарын Б/13 тоот тушаалаар жолооч албан тушаалыг үндсэн буюу байнгын ажлын байрны орон тооноос хасч, гэрээний дагуу ажиллуулахаар тушаасан. 2016 онд Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн захирлын Б/22 тоот тушаалаар байнгын 4 ажилтны орон тоотой болж нэмэгдсэн тул Т.Т ыг үндсэн ажилтнаар томилсон. Гэвч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 53 тоот, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 127 тоот тушаалаар дахин жолооч албан тушаалыг үндсэн 1 ажилтны орон тоотой байхаар хасаж, цөөрүүлсэн. Үүнээс шалтгаалан Т.Т ыг захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/163 тоот тушаалаар үндсэн ажилтнаас чөлөөлж, гэрээт ажилтнаар ажиллуулсан. Үүний дараа 2021 онд Т ТӨХХК -ийн ТУЗ-ийн 14 дүгээр тогтоолоор жлооч албан тушаалыг үндсэн буюу байнгын ажлын байрнаас хассан. Т.Т ыг Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр үндсэн ажлын байрнаас чөлөөлсөн. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, гэрээнүүдийн хавсралтаар ямар ажил, үүрэг гүйцэтгэх талаар мэдээлэл нь түүний гүйцэтгэх ажил, үүргийг тодорхойлсон үндсэн баримт бичиг байсан. Харин уг гэрээний 4.1-д заасны дагуу ажил, үүргийн чиглэл өгч, ажилладаг байсан. Ажлын хөлсийг гэрээний 2.2-т зааснаар олгосон.  Түүнчлэн, Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1 болон гэрээний 3.4, 4.1-д тус тус заасны дагуу Т.Т ыг ажил, үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангасан. Иймд хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. Гэрээг хууль болон гэрээний тохиролцооны дагуу цуцалсан. Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь дуусгавар болсон бөгөөд ажиллуулагчийн зүгээс гэрээг цаашид сунгах боломжгүй гэж үзсэн тул түүнд гэрээ дуусгавар болохоос 7 хоногийн өмнө мэдэгдэж, хууль болон гэрээнд харшилсан зүйлгүйгээр гэрээг дуусгавар болгосон. Иймд жолоочийн орон тоо Т ТӨХХК -ийн бүтцээс хасагдсанаар иргэн Т.Т тай хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т ТӨХХК -д холбогдох хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, Т ТӨХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийх тухай нэхэмжлэгч Т.Т ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Т  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-д 11 жилийн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэсэнд дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлт, нотлох баримтыг шинжлэн судлах шүүгчийн ажиллагаа илт зөрүүтэй, эсрэг тэсрэг байгаа нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн. Хуулийн дээрх заалтыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргээ биелүүлээгүй нь 2011 оноос 2021 оныг хүртэл Т.Т  нь байнга хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байсан болохыг, түүнчлэн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж байхдаа Т.Т ыг ажлын байрны тодорхойлолт бүхий ажил үүрэг гүйцэтгэж байсанд шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүх ажлаас халагдах үеийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд дүгнэлт хийхийн оронд 2010 оноос хойшхи эрх зүйн ач холбогдолгүй, үр дагаваргүй олон удаагийн бүтцийн өөрчлөлтийг дурдаж, түүнд ач холбогдол өгөх замаар хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан үндэслэлийг үндэслэлтэй мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан, шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болоход нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхээс Т.Т ыг хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан гэж дүгнэсэн. “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ийн 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128 тоот тушаалаар иргэн Т.Т ыг жолоочийн албан тушаалд түр томилсон. Тухайн иргэнийг ажилд томилсон хугацаанаас хойш “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-д хэд хэдэн удаа эрх бүхий этгээдийн шийдвэрээр бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч Т.Т ын ажил, албан тушаал үндсэн буюу байнгын ажлын байрнаас хасагдаж, түүнтэй байгуулсан гэрээ хууль ёсны дагуу цуцлагдсан. 2021 оны “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай 14 дүгээр тогтоол батлагдсанаар жолооч албан тушаалыг компанийн үндсэн буюу байнгын ажлын байрнаас хассан. Дээрх үйл баримтыг шүүхийн дүгнэлттэй харьцуулж үзвэл Т.Т  2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл “Төрийн орон сууцны корпораци” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсныг шүүхийн дүгнэлтэнд тодорхой байна. Нэхэмжлэгч шүүхийн дүгнэлтийг ямар байдлаар илтэд зөрүүтэйг тодорхойлж чадаагүй, үндэслэлээ бүрэн тодорхойлоогүй, шүүхийн дүгнэлтийг буруу ойлгосон. 2021 онд бүтэц орон тооны хязгаар дахин батлагдахаас өмнө жолооч үндсэн ажилтны орон тоонд байсан тул уг тодорхойлолтыг баталсан. Т.Т ын хувьд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар мэдээллийг хавсаргасан, мөн түүний ажил үүргийн үндсэн баримт бичиг байсан. Уг гэрээний 4.1-д ажилтныг тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай, заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгч, ажилд үүргээ гүйцэтгэх хэвийн нөхцөл, боломжоор хангах үүрэгтэй. Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт, ажлын байрны байнгын тодорхойлолтыг хөлсөөр ажиллагчид танилцуулж болохгүй гэх заалт байхгүй тул ажил үүргийн ерөнхий зааварчилгааны хувьд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан. Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтоос үүссэн үүрэг хариуцлага хүлээгээгүй тул тухайн баримт бичгийг танилцуулсан нь хууль зүйн үр дагаваргүй гэдгийг баталсан. Иймд Т.Т тай хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль эрх зүйн хувьд боломжгүй болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Т.Т  нь хариуцагч Т ТӨХХК -д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, Т ТӨХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Т.Т  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан болохоос хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, ажлаас чөлөөлөгдөх тушаал гардаж авахдаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулсныг мэдсэн” гэж, хариуцагч байгууллага татгалзлаа “...жолоочийн орон тоо цомхотголд орсон, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан учраас цаашид ажиллуулах боломжгүй” гэж тус тус тайлбарлажээ.

4.а Нэхэмжлэгч Т.Т  нь Т ТӨХХК -ийн 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар тушаалаар жолоочийн ажил албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/163 дугаар тушаалаар орон тооны дээд хязгаарыг цөөрүүлсэн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх77-79, 80/

4.б Улмаар Т.Т  нь тус байгууллагатай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, дээрх ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажилласан ба уг гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгасан байх боловч гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгон цуцалж ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон. /хх34, 62-66/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

5. Нэхэмжлэгч Т.Т  нь хариуцагч байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг цөөрүүлсэнтэй холбоотойгоор жолоочийн орон тоог хассан, эрх бүхий этгээдийн гаргасан тушаал, түүний үндэслэлийн талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээ эсхүл хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой эсэх нь маргааны зүйл болжээ.

6.а Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар тогтоолоор жолоочийн 2 орон тоо батлагдаж /хх91-94/, улмаар Т ТӨХХК -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаар тушаалын хавсралтаар жолоочийн орон тоо 2 байсныг 1 болгон цөөрүүлсэн байна. /хх71-73/

6.б Дээрх байдлаар компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, зарим орон тоог хассаны дотор нэхэмжлэгч Т.Т ын ажиллаж байсан захиргаа удирдлагын газрын жолооч гэх орон тоо багтсан болох нь Т ТӨХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаар тогтоол, Т ТӨХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/59 дугаар тушаал, зохион байгуулалтын бүтэц, ажлын байрны нэр, орон тооны жагсаалт, хасагдаж, цөөрсөн ажлын байрны жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх67-68/ Иймд ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Хариуцагч Т ТӨХХК  нь зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, зарим орон тоог хассантай холбоотойгоор нэхэмжлэгч Т.Т тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдлийг түүнд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлж, гэрээний 5.2.2-т зааснаар ажиллагчид мэдэгдэл өгснөөс хойш 7 хоног өнгөрснөөр ажиллуулагчийн санаачилгаар гэрээ цуцалж ажлаас чөлөөлсөн нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.НЯМБАЗАР

                      ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

                                                                                Д.ЦОГТСАЙХАН