Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0555/З |
Дугаар | 128/ШШ2019/0148 |
Огноо | 2019-03-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2019/0148
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХХК
Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам
Хариуцагч: Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ
Нэхэмжлэлийн шаардлага: Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Барилгын хөгжлийн төвд даалгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд хууль бусаар магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга хот, байгуулалтын яаманд даалгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.Ж, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.Ж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 08 дугаар 03-ны өдрийн .... дүгээр тогтоолоор Барилгын хөгжлийн төв ТӨААТГ-т эрх олгосон Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Ингэснээр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй болсон.
Гэтэл тус төв нь дээрх шийдвэрийг үл хэрэгсэн шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд барилга байгууламжийн олон зуун зураг төсөлд ямар ч зөвшөөрөлгүйгээр магадлал хийж, дүгнэлт гаргаж, хууль бус ашиг олсоор байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын яаманд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хүргүүлэн тухай бүр нь шаардаж байсан боловч яамны зүгээс дээрх хууль бус ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг авахгүй өнөөдрийг хүрлээ. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн ... дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар Барилга хот байгуулалтын яамнд салбарын мэргэжилтнүүд олон удаа амаар болон бичгээр хүсэлт тавьж энэ хууль бус ажиллагааг зогсоохыг 2016 оны 08 дугаар сараас хойш тэсвэртэй хүлээсэн байдаг.
Барилга хот байгуулалтын сайд Б, Ц, М, Б нарт удаа дараа хүсэлт тавьсан. Яамны төрийн нарийн бичгийн дарга С.М болон хуулийн хэлтсийн ажилтнуудад энэ талаар шаардлага тавьж байсан боловч арга хэмжээ аваагүй, байгууллага иргэдээс төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэхгүй өнөөг хүрсэн болно.
Энэ асуудалд Барилга хот байгуулалтын яамнаас хандаж байгаа хандлага нь шүүхийн шийдвэрийг үл марган хэрэгжүүлэх үүргээ умартан магадлал зохион байгуулах ажиллагааг магадлал хийх ажил мэтээр шүүхийг төөрөгдүүлсэн тайлбар хийж төрийн чиг үүрэг шилжүүлсэн Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор халхавчлан, Барилгын хөгжлийн төвийн магадлал хийж, хууль бус орлого олж ашиг сонирхлын болон гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлийг хаацайлсан, хууль бус ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг цаашид авахгүй нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн мэдэгдлийн агуулгаас тодорхой боллоо.
Энэ байдал нь Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх, шүүхийн шийдвэр төгс биелэгддэг байх үндсэн зарчим зөрчигдөж байна. Магадлалыг зохион байгуулах үүрэгтэй этгээд өөрөө магадлал хийж байгаа нь, улмаар түүнээсээ татгалзахгүй улайран зууралдаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гаргаж байгааг Барилга хот байгуулалтын яам цаг алдахгүй зогсоох үүрэгтэй гэж үзэж байна. Энэ байдал нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, бүх шатны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх, шүүхийн шийдвэр төгс биелэгддэг байх үндсэн зарчим зөрчигдөж байна. Харин ч магадлалыг зохион байгуулах чиг үүрэг шилжүүлсэн огт хамааралгүй Засгийн газрын51 дүгээр тогтоолыг магадлал хийх эрх авсан мэтээр гуйвуулан тайлбарлаж, хууль бус үйлдлээ халхавчлах болов. Зохион байгуулах үүрэгтэй этгээд өөрөө магадлал хийж байгаа нь,улмаар түүнээсээ татгалзахгүй улайран зууралдаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа явдал гэж үздэг.
Улмаар магадлал хийх эрхгүй болсон Барилгын хөгжлийн төв нь манай компанийн талаар үндэслэлгүй сөрөг, мэдээлэл, мэдэглийг өөрийн сайтаар дамжуулан аймаг хотуудад хүргүүлж.манай компанийн эрх ашгийг хохироосон.
Түүгээр ч зогсохгүй магадлал хийх эрх олгосон шийдвэрийг нь хүчингүй болгосон тус төв нь Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш Зураг төслийн магадлалын хэлтэс шинээр байгуулан олон зуун барилгын магадлалыг хууль бусаар хийж, үлэмж их хөлс төлбөр хурааж, ашиг олсоор байна. Барилгын хөгжлийн төвийн хууль бус ажиллагаанаас үүдэн аймаг хотуудын барилга обьектуудын ажил зогсож, барилгачид компаниудын ажил зогсож, маргаан дагуулж байгаа юм.
Иймд:.
1. Барилгын хөгжлийн төв ТӨААҮГ барилгын зураг төслийн магадлал хийж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох
2. Тус төв зөвшөөрөлгүй магадлал хийж, хууль бусаар ашиг олж байгааг таслан зогсоохыг шүүхээс даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.
3. Барилга хот байгуулалтын яамнд Барилгын хөгжлийн төвийн магадлал хийж байгаа хууль бус үйлдэлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд ил тод мэдээлэхийг шүүхээс даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Барилга, байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т холбогдох Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ барилгын зураг төслийн магадлал хийж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, тус төв зөвшөөрөлгүй магадлал хийж, хууль бусаар ашиг олж байгааг таслан зогсоохыг шүүхээс даалгасан шийдвэр гаргах, Барилга хот байгуулалтын яамнд Барилгын хөгжлийн төвийн магадлал хийж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд ил тод мэдээлэхийг шүүхээсдаалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Засгийн газрын 2012 оны Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 47 дугаар тогтоол, 2014 оны Төрийн зарим чиг үүргийг мэргэжпийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай 251 дүгээр тогтоол болон 2018 оны Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 51 дүгээр тогтоолын дагуу барилга байгууламжийн зураг, төсөлд магадлал хийх ажпыг зохион байгуулах чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т шилжүүлсэн.
Бидний зүгээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу Засгийн газрын 51 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа тул тус яамтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Зураг төсөл төсөвт магадлал хийх ажлын эрх олгох тухай 37 дугаар тушаалыг Улсын Дээд шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.
Энэхүү тушаалыг шүүх хүчингүй болгохдоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0418 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор Э ХХК-ийг магадлал хийх эрхгүй болохыг мөн тогтоосон.
Барилгын хөгжлийн төвд Барилга, хот байгуулалтын сайд эрх хэмжээнийхээ хүрээнд олгосон магадлалын ажлыг зохион байгуулах тушаалыг шүүхээс нэгэнт хүчингүй болгосон хэдий ч тухайн үед эрх олгосон Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай 251 дүгээр тогтоолд Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн тул энэхүү тогтоолын дагуу магадлалын ажлыг зохион байгуулж ажилласан.
Хоёр. Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын 10 чиг үүргийг Барилгын хөгжлийн төв-өөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү чиг үүргүүдийн нэг болох 34.1.4 дүгээр зүйлд заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тус төв хэрэгжүүлэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Гурав. 2008 оны Барилгын тухай хууль, 2016 оны Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад аль алинд нь магадлал хийх ажлыг зохион байгуулах, магадлал хийх гэсэн 2 өөр ойлголт болохыг заасан байдаг.
2008 оны Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг энэхүү байгууллага гүйцэтгэхээр заасан байдаг.
2016 оны Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуульчилсан бөгөөд үүнд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүрэг заагдсан байдаг.
Магадлал хийх ажлыг зохион байгуулах гэдэг нь магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тэдгээртэй гэрээ байгуулан ажиллуулах, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг хүлээн авч, магадлал хийх эрхтэй экспертүүдэд хуваарилан, холбогдох хэсгийн магадлалын дүгнэлтийг гаргуулан авч нэгтгэх үйл ажиллагааг багтаасан ойлголт юм.
Магадлал хийх гэдэг нь Барилгын тухай хуульд заасан сонгон шалгаруулалтанд орж, холбогдох хэсгийн зурагт магадлал хийх эрх авсан иргэн /эксперт/, хуулийн этгээдийн мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагаа юм.
2016 онд шинэчлэн батлагдсан Барилгын тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг, 4.1.16 барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтцийн бат бэхийн шийдэл, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг ойлгоно гэж тус тус тодорхойлсон.
Иймд тус төв нь магадлал хийгч этгээд биш бөгөөд харин барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж магадлал хийх ажлыг зохион байгуулж буй төрийн байгууллага бөгөөд магадлал хийх ажлыг зохион байгуулахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохицуулах журам, Засгийн газрын 2018 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийг тус тус баримтлан ажиллаж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Э ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Нэхэмжлэлийн тодруулга хүргүүлэх тухай № 03/2019 тоот албан бичгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар:
Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох,
барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Барилгын хөгжлийн төвд даалгуулах,
барилга байгууламжийн зураг төсөлд хууль бусаар магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга хот, байгуулалтын яаманд даалгуулах гэж тус тус тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно. гэж заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай дугаар 51 тоот тогтоолоор барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болох барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах зэрэг чиг үүргийг Барилгын хөгжлийн төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн байна.
Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 34.1.4-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах;, 34.1.10-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох;, 34.2-т Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дугаар 51 тоот тогтоолоор яамны чиг үүрэг болох барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах зэрэг чиг үүргийг Барилгын хөгжлийн төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн байх ба уг Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 264 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаал / уг тушаалаар магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг Барилгын хөгжлийн төв-д олгосон/-ыг хүчингүй болгож ... шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн дээрх дугаар 264 тоот тогтоолоор захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлээр Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.
Дээрх Монгол Улсын Дээд шүүхийн дугаар 264 тоот тогтоолд дурдсан захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа гаргасан алдааг залруулж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай дугаар 51 тоот тогтоолоор барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах зэрэг чиг үүргийг Барилгын хөгжлийн төвөөр гүйцэтгүүлэхийг тус салбарын сайдад зөвшөөрсөн байх ба уг Засгийн газрын дугаар 51 тоот тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 264 дугаар тогтоолоор Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгосон тул Барилгын хөгжлийн төв нь магадлал хийх эрхгүй, магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхгүй болсон гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий чзахиргааны акт гаргах эрх хэмжээгүй байгууллага захиргааны акт гаргасан алдааг залруулж, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны дугаар 51 тоот тогтоолыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн энэ тайлбар үндэслэлгүй.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дугаар 51 тоот тогтоолоор Барилгын хөгжлийн төвд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг олгосон байх ба уг Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн Барилгын хөгжлийн төв нь өөрөө магадлал хийх ёсгүй, харин уг ажлыг зохион байгуулах л үүрэгтэй, Барилгын хөгжлийн төв нь магадлал хийх ажлыг зохион байгуулах нэрийдлээр буюу магадлал хийх ажлыг зохион байгуулах нэрийн дор, үүгээр халхавчлан Барилгын хөгжлийн төв өөрөө магадлал хийж хууль бусаар ашиг олж байгаа нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 47 дугаар тогтоолоор Сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилга, захиалагчийн алба улсын үйлдвэрийн газрыг Барилгын хөгжлийн төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ.гэж заасан байна.
Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын дүрмийн 8.1.2-т зааснаас үзэхэд тус үйлдвэрийн газрын орлогын эх үүсвэр нь ажил үйлчилгээнээс олсон бүх орлого зэрэг орлогоос бүрдэхээр заасан байна.
Дээрхээс үзэхэд Барилгын хөгжлийн төв нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байх тул тус үйлдвэрийн газрын өөрийн үзүүлсэн үйлчилгээний хөлсөнд төлбөр авч байгаа буюу орлого олж байгаа үйлдлийг буруутгах боломжгүй байна.
Иймд Барилгын хөгжлийн төв нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлсний хөлсөнд буюу үйлчилгээ үзүүлсний хөлсөнд иргэн, хуулийн этгээдээс зохих төлбөр авч байгааг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Монгол Улсны Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 97 тоот тогтоолын хавсралтаар батлагдсанБарилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 5.6-д -Энэхүү дүрмийн 5.3-т заасан байгууллага нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг захиалагчийн хүсэлтэд үндэслэн дараах журмаар зохион байгуулна,5.6.1-д эх загвар зургийн иж бүрдлийг хянан хүлээн авах, 5.6.2-т магадлал хийх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг хөрөнгө оруулагч, захиалагчид танилцуулах, 5.6.3-д зураг төсөлд магадлал хийлгэх захиалагчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан зураг төсөлд магадлал хийх гэрээ байгуулах, 5.6.4-д магадлалын ажлын дараалал, ачаалалд тохируулан захиалагчийн хүсэлтийг харгалзан магадлал хийх экспертийг цахим програмаар сонгож, томилох, 5.6.5-д экспертийн ирүүлсэн дүгнэлтийг дараах байдлаар захиалагчид ажлын 3 өдөрт багтаан хүргүүлэх, 5.6.5.а-д экспертийн эрх бүхий хуулийн этгээдээс ирүүлсэн магадлалын дүгнэлтийг бүртгэж, дугаар олгох, 5.6.5.б-д экспертийн эрх бүхий иргэнээс ирүүлсэн холбогдох хэсгийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн бүртгэж, дугаар олгох, 5.7-д Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг гүйцэтгэх эксперт холбогдох зураг төслийг хүлээн авснаас хойш Барилгын тухай хуулийн 25.1-д заасан хугацаанд магадлал хийж, дүгнэлт гарган энэхүү дүрмийн 5.3-т заасан байгууллагад хүргүүлнэ, 5.8-д Энэхүү дүрмийн 5.3-т заасан байгууллага магадлалын дүгнэлттэй холбоотой маргаантай асуудлыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулна гэж тус тус заасан байна.
Мөн дээрх Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 5.14-д Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын ажлыг дараах хүснэгтэд заасны дагуу баталгаажуулна, уг заалтын хүснэгтээр үзүүлсэн хэсэгт ...Магадлалын дүгнэлтийг бүртгэж, дугаар олгох, Зохион байгуулагч байгууллага магадлалын дүгнэлт, иж бүрэн ажлын зургийн нүүр хуудсанд магадлал хийгдсэн тухай тэмдэг дарна зэргээр зохицуулсан байна.
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн дээрх заалтуудын дагуу Барилгын хөгжлийн төв нь магадлал хийх ажлыг зохион байгуулж, ийнхүү зохион байгуулсныхаа хөлсөнд зохих төлбөр авч байх тул Барилгын хөгжлийн төвийн энэхүү үйлдлийг хууль зөрчсөн гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна.
Иймд Монгол Улсны Засгийн газрын 2018 оны дугаар 97 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийн 5 дугаар бүлэгт заасан заалтуудын дагуу магадлалын ажлыг зохион байгуулж байгаа тул Барилга, хот байгуулалтын яам болон Барилгын хөгжлийн төв нь хууль зөрчөөгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Барилгын хөгжлийн төв нь магадлал хийх ажлыг зохион байгуулахнэрийдлээр өөрөө магадлал хийж байгаа нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид магадлалын дүгнэлт гаргасан эксперт өөрөө уг магадлалын дүгнэлтийн улмаас үүсэх хариуцлагыг хүлээдэг учир Барилгын хөгжлийн төв магадлалын дүгнэлт гаргадаггүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг, 4.1.16-дбарилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг,39.4-д Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ, 39.5-д Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаархи дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан байна.
Барилгын тухай хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд зураг төслийн магадлалын дүгнэлт гаргасан эксперт өөрөө магадлалын дүгнэлт гаргасны улмаас үүсэх хариуцлагыг хүлээх агуулгаар зохицуулсан байх тул Барилгын хөгжлийн төв өөрөө магадлалын дүгнэлт гаргаж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Э ХХК-ийн Э ХХК-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоож, эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрөх, Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 6/713 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/533 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0418 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг Барилгын тухай хуулийн /2008 оны/ 6 дугаар зүйлийн 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1 гэж, Тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 гэж тус өөрчилж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн байна.
Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 264 тоот тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг Барилгын тухай хуулийн /2008 оны/ 6 дугаар зүйлийн 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1 гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6/713 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/533 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгож, барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоолгох, эрх зүйн харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт ... зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан этгээдийг барилга байгууламжийн зураг төслийн магадлал хийх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй, ... барилгын зураг төсөлд магадлал хийх эрх авсан, тус эрхийн бүртгэл нь хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна ... Барилгын тухай хуулийн ... 6 дугаар зүйлийн 6.2.8-д зааснаар сонгон шалгаруулалтад орж ... магадлал хийх эрх аваагүй болох нь нотлогдож байх тул ... маргаан бүхий актуудын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөн зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй ... гэж тус тус дүгнэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0418 дугаар магадлалын хянавал хэсэгт ... Барилгын тухай хуулийн 3.1.8-д заасан мэргэжлийн дүгнэлт гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй байна ... мэргэжлийн дүгнэлт гаргах буюу магадлал хийх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй ... магадлал хийх эрх, бүртгэл нь хүчингүй төгөлдөр байгаа болохыг буюу эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг шүүхээс гаргах боломжгүй гэж тус тус дүгнэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 264 тоот тогтоолын хянавал хэсэгт ... Нэхэмжлэгчийн тухайд тухайн сонгон шалгаруулалтад ороогүй байх тул түүнийг магадлал хийх эрхтэй гэж үзэхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ гэж тус тус дүгнэсэн байна.
Дээр дурдсан анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр Э ХХК-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэрүүдийн Э ХХК-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрхтэй эсэх үйл баримтыг дүгнэсэн хэсэг нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Нэгэнт Э ХХК-ийг барилгын зураг төсөлд магадлал хийх эрхтэй этгээд гэж үзэхгүй гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдэд үндэслэн нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.16, 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Барилгын хөгжлийн төвд даалгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд хууль бусаар магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга хот, байгуулалтын яаманд даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б