Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2022/01370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ө.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020.10.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг  2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө , Б.Сэлэнгэ, Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Ө.Б-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбараа өгсөн. Энэ тайлбараа дэмжиж байгаа. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.29-ний өдрийн 182/ШШ2018/00189 дугаар шийдвэрээр Ө.Б , Ө.Э , Т.Ө , Ж.Б  нараас 250 969 075 төгрөгийг гаргуулан “ДА” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгч миний эрх, ашгийг ноцтойгоор зөрчсөн. 2020.10.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа болох талаар надад албан бичгээр болон шуудангаар мэдэгдээгүй, ямар ч албан бичиг, тогтоол, тоот хүргүүлээгүй атлаа миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан. Үүнд нь гомддог. Анхнаасаа би ... тоотод оршин суух бүртгэлтэй байсан, хаягаа өөрчилсөн зүйл байхгүй. 2020.09.21-ний мэдэгдэх хуудсыг  22-ны өдөр хүргүүлсэн, Оюунаа гэх хүнд өгсөн байдаг. Албадан дуудлага худалдаа болсон талаар миний бие 2020.10.09-нд мэдсэн, тэгээд 2020.10.12-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргахад 2020.10.19-нд хүлээн авахаас татгалзсан. Энэ хугацаанд 2020.10.22-нд ахлах гүйцэтгэгчид гомдол гаргасан, 2020.10.29-нд хариуг өгсөн. Би албадан дуудлага худалдаанд гомдол гаргасан байхад үнэлгээ нь үндэслэлтэй гэсэн ойлгомжгүй хариуг өгсөн. Ингээд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид  гомдлын хариуг авангуутаа 2020.10.30-нд гомдол гаргаж, 2020.11.17-нд хариуг 4/3424 тоотоор өгсөн. Мөн л үнэлгээ тогтоосон нь үндэслэлтэй гэсэн хариу өгдөг.  Ингээд шүүхэд 2020.12.07-нд нэхэмжлэл гаргасан нь одоо хэлэлцэгдэж байна. Дандаа хугацаанд нь л гомдол гаргаж байсан, энэ талаар баримтуудыг хэрэгт өгсөн. Тухайн үед давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн байсан. Нийслэлийн Засаг даргын 2020.11.12-ны  өдөр захирамж гарч  түүнд ажил үйлчилгээ явуулах боломжтой байгууллагуудын жагсаалтыг гаргасан байдаг, түүнд шийдвэр гүйцэтгэх газар байдаггүй.

Шүүхэд шуудангаар 2020.12.08-нд нэхэмжлэлээ хүргүүлсэн. Хариуцагч нь бүх төлбөр төлөгч нарыг дуудаж бүгдэд холбогдуулан үйл ажиллагааг явуулах ёстой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т гомдол гаргаж болно гэж заасан болохоос 14 хоногт гомдол гаргана гэж үүрэг болгож заагаагүй.

Нэхэмжлэгч 2020.10.09-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, шүүхээс хүлээн авахаас татгалзсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болохоос заавал гаргах гэсэн зүйл байхгүй, нэхэмжлэгч сонгож гомдлоо гаргах боломжтой гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хугацаандаа гомдлоо  гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар мэдэгдэх хуудсыг дуудан ирүүүлж өгөх, биечлэн өгөх, баталгаат шуудангаар хүргүүлэх ажиллагаа хийгээгүй хуулиа зөрчсөн. 3 төрлийн гомдол гаргаад байхад нэгийг нь шийдээд бусдыг шийдэхгүй орхигдуулаад байсан.

Дээрх байдлаар миний хууль ёсны эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, анхны албадан дуудлага худалдааг надад мэдэгдээгүй явуулсан гомдолтой байна. Иймд хууль зөрчин, процессын алдаа гарган хийгдсэн 2020.10.02-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д заасныг зөрчин үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд тайлбараа дэлгэрэнгүй гаргасан, уг тайлбараа бүрэн дэмжиж байна.

Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа даруй 4 дэх жилдээ явагдаж байна.

Шүүхийн шийдвэр биелэгдээгүй, төлбөр төлөгч нар нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, барьцааны зүйлийн талаар ээлжилж шүүхэд гомдол, нэхэмжлэл гарган ажиллагааг явуулдаггүй.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.29-ний өдрийн 189 дугаар шийдвэрийн дагуу  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2018.04.18-ны өдөр 18300460/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, ажиллагааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулсан.

Төлбөрөө төлөөгүй, үнийн саналаа ирүүлээгүй тул 2018.09.17-ны өдөр шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-иар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 207 500 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч 2018.10.11-ний өдрийн 4/16994 дугаартай албан бичгээр, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг тус тус мэдэгдэж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Ж.Б. нь шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.20-ний өдрийн 903 дугаар магадлал,  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020.07.02-ны өдрийн тогтоолоор төлбөр төлөгч Ж.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд 2020.09.21-ний өдрийн 4-121/33950 тоот албадан  дуудлага худалдааны мэдэгдлийг тогтоолын хамт төлбөр төлөгч .... нарын амьдардаг ... тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд 2020.09.22-ны өдөр хүлээн авсан нь шуудангийн баримтуудаар нотлогдсон. 

Нэхэмжлэгч нь өмнөх ажиллагаануудад Чингэлтэй дүүргийн хаягаар оролцож байсан, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч энэ хаягаараа л гаргасан,  2020.10.16-ны өдөр Ж.Б-тай биечлэн уулзаж төлбөр төлөгч ... нар нь тус хаягт амьдарч байгаа эсэхийг тодруулахад “уг хаягтаа байгаа” гэсэн тайлбар өгсөн талаар тэмдэглэл байна. 2020.09.21-ний өдрийн 10 цаг 20 минутанд ... дугаарын утсаар холбогдож дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг баталгаат шуудангаар явуулсан талаар мэдэгдсэн, 89086121 дугаараас зурвас илгээхэд Ж.Б. мэдэгдлийг авсан талаар хариу зурвас ирүүлснийг мессежийг хэрэгт өгсөн. Тухайн барьцааны зүйл 2020.10.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй хугацаа хэтрүүлсэн. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1., 65.1.3.-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба дараа нь 2020.10.09-нд анхны албадан дуудлага худалдааг мэдсэн гэж байна, үүнээс тооцож үзэхэд хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Үнэлгээний талаар болон эд хөрөнгө хураасан тогтоолын талаар өмнө нь Ж.Б-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж, шүүхээс  хууль зөрчөөгүй талаар дүгнэсэн. Нэхэмжлэгч Ө.Б.  өөрөө төлбөр төлөгч бөгөөд  хэрэв өөр хаягт байгаа бол энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад  мэдэгдэх үүрэгтэй байсан. Одоо энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаж, дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг шилжүүлэх шатанд түдгэлзсэн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэх боловч манай байгууллага үйл аижллагаагаа зогсоогоогүй, байнга ажиллаж байсан.   

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргаж, манай байгууллагаас тухайн хугацаанд нь гомдлыг шийдвэрлэж байсан гэв.

 

3.Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр Ө.Б-ын нэхэмжлэлийг хэлэлцэж байгаа, бид  нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна.  

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бидний эрх ашгийг ноцтой зөрчин явагдсан.

Анхны албадан дуудлага худалдааг бол утсаар л надад мэдэгдсэн, бидэнд мэдэгдлийг гардуулж өгөөгүй. Шуудангаар ч мэдэгдлийг аваагүй. Ө.Бүрэнжаргал нь анхнаасаа л  2015 оноос хойш ... тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхний хаяг нь ч ийм байдаг, хэрэгт хорооны Засаг даргын тодорхойлолт байна.

Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд би гэр бүлийн гишүүдээ төлөөлөөд бүх ажиллагаанд нь оролцож байсан, шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчиж ажиллагааг явуулсан. Надад ажиллагаагаа мэдэгдсэнийг Ө.Б-д мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй атлаа 2 дахь худалдааг мэдэгдсэн нь хууль бус болсон. Нэхэмжлэл дээр андуурч Чингэлтэй дүүргийн хаягаар бичсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааг бидний зүгээс хэтрүүлсэн зүйл огт байхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хамаарахгүй ойлгомжгүй хариу өгөхөд нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Ө-д “тогтоолоо засаад өгөөч, хуулийг ноцтойгоор зөрчсөн ажиллагаануудаа, 2020.10.02-ны өдрийн албадан дуудлага худалдаа, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай тогтоол, хуулийн 55.1.-ийг зөрчсөн зэрэг алдаатай хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудаа засаад, тогтоолуудаа хүчингүй болгоод өгөөч” гэхэд намайг загнаад шүүхдээ л ханд гэсэн байдлаар үл тоож харьцаж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч  талаас нотлох баримтаар, 2020.10.29-ний өдрийн 4/89 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.11.17-ны өдрийн 04/3424 тоот “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичиг, 2020.10.30-ны өдрийн Ө.Б-аас ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.10.19-ний өдрийн 182/ШЗ2020/10574  дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн 2018.04.18-ны өдрийн 18300460/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай  тогтоол”, шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2018.09.20-ны өдрийн 40/Ш тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  анхны албадан дуудлага худалдааны зар /1хх 6-26/, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2012.12.27-ны өдрийн 1246 тоот ам бүлийн тодорхойлолт /1хх 246/,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.20-ний өдрийн 903 дугаартай магадлал, ”Юнител” ХХК-ийн 2022.01.24-ний өдрийн 04/29 тоот тодорхойлолт /2хх 11-19/ зэргийг,

 

Хариуцагч талаас нотлох баримтаар,  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.29-ний  өдрийн 182/ШШ2018/00189 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2018.03.05-ны өдрийн 182/ШЗ2018/02161 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 233 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2018.03.28-ны өдрийн 18300460 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”, төлбөр төлөгч нарын хөрөнгийн мэдүүлэг /1хх 36-48/,

шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, зарлан дуудах хуудсууд,  2020.05.30-ны өдрийн төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлтүүд /1хх 52, 57-58, 61, 66-68, 69-70, 73-74, 137/,

2018.04.18-ны өдрийн 18300460/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай  тогтоол” /1хх 53-55, 62-63/,

шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч нарт хүргүүлсэн “Үнийн салан ирүүлэх тухай” 2018.09.06-ны өдрийн  4/14727 тоот мэдэгдэл, “Доог-Алт” ХХК-ийн 2018.08.27-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт, 2018.09.16-ны өдрийн 01/8 тоот “Шинжээч томилуулах тухай хүсэлт”,  шийдвэр гүйцэтгэгчийн 2018.09.17-ны өдрийн “Шинжээч томлох тухай тогтоол”, ... нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, .... тоот хаягт байрлах, 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ,   шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2018.09.20-ны өдрийн 40/Ш тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, хавсралт /1хх 76-104/,

 шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарт болон төлбөр авагчид хүргүүлсэн 2018.10.01-ний өдрийн 4/16314, 4/16312 тоот үнэлгээний мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2018.10.09-ний өдрийн 10/10 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, төлбөр төлөгч нарт явуулсан 2018.10.11-ний өдрийн 4/16993 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдэл, албадан дуудлага худалдааны зар, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.07.02-ны өдрийн 001/ХТ2020/000342 дугаартай  тогтоол /1хх 105-116/,

шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч, төлбөр авагч нарт  нарт хүргүүлсэн 2020.09.21-ний өдрийн 4-121/33950, 4-121/33951 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2019.09.15-ны өдрийн 10/07 тоот “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол”, албадан дуудлага худалдааны зар, 2020.10.02-ны өдрийн “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл”, 2020.10.12-ны өдрийн 11/4 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020.10.29-ний өдрийн “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл”,  2020.10.30-ны өдрийн 4-126/38591 тоот мэдэгдэл, 2020.11.11-ний өдрийн 11/5 тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”, 2020.12.17-ны өдрийн 4-126/41893 тоот, 2021.01.13-ны өдрийн 4/444 тоот “Хөрөнгө чөлөөлөх тухай” мэдэгдлүүд /1хх 117-132, 138-148, 151-154/,

шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2020.10.22-нд Ө.Бүрэнжаргалаас хариуцагч байгууллагад гаргасан гомдол, 2020.10.30-нд Ө.Бүрэнжаргалаас  ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол,  /1хх 49-50, 55-56, 59-60, 64-65, 71, 75, 107, 120, 129, 131,135-136, 149-150, 2хх 82-84, 97-99/ зэргийг тус тус гаргажээ. 

 

Тус шүүхийн шүүгчийн 2022.02.22-ны өдрийн 182/ШШ2022/02172 дугаартай захирамжийн дагуу  2020.10.22-ны өдөр нэхэмжлэгч Ө.Б-аас ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, 2020.10.30-ны өдөр Ө.Бүрэнжаргалаас ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, 2020.10.29-ний өдрийн 4/89 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.11.17-ны өдрийн 04/3424 тоот “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичиг зэрэг баримтууд /2 хх 73-79/, 2022.04.20-ны өдрийн 182/ШШ2022/05124 дугаартай захирамжийн дагуу ирүүлсэн “Монгол шуудан” ХК-ийн 2022.04.26-ны өдрийн 09/362 тоот албан бичгээр ирүүлсэн “Хүргэлтийн дэвтрийн хуулбар” зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс, нэхэмжлэгч Ө.Б-ын хариуцагч байгууллагад холбогдуулан гаргасан, 2020.10.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Ө.Б  нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”-оор эд хөрөнгө хураан авах ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хууль зөрчсөн, үүнээс хойш 1 сарын дотор хураасан хөрөнгийн чанар, эрэлт, элэгдлийг тооцон зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлгээ тогтоох ёстой байтал 4 сарын дараа үнэлгээг гаргуулсан, 2020.10.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т заасан үүргээ биелүүлээгүй, анхны албадан дуудлага худалдааг 2020.10.09-ний өдөр мэдсэн, үүнээс хойш хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүйгээр гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн, нэхэмжлэгч нь 2011 оноос хойш байнга Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/1 байр, 61 тоот хаягт нөхөр хүүхдийн хамт амьдарч байсан, уг хаягаа өөрчлөөгүй бөгөөд ажиллагааны талаарх мэдэгдэл хүргүүлээгүй, төлбөр төлөгч Ж.Б-д мэдэгдсэнийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, хуульд заасан эрхийг зөрчигдсөн  гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох барьцааны зүйлийг 2020.10.02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020.09.21-ний өдрийн 4-121/33950 тоот мэдэгдлийг, тогтоолын хамт төлбөр төлөгч ... нарын ажиллагааны явцад бүртгүүлсэн ... тоот хаягаар хуульд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлснийг жижүүр Оюунаа гэх хүнд 2021.09.22-ны өдөр хүлээн авсан тухай шуудангийн баримттай,  төлбөр Ө.Б. нь  дээрх хаягаар өмнөх бүх ажиллагаанд  оролцож байсан,  хэрэв өөр хаягт байгаа бол  мэдэгдэх үүрэгтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т заасны дагуу 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн, 2020.10.09-ний өдөр албадан дуудлага худалдаа болсныг мэдсэн атлаа бас дахин хугацаа хэтрүүлэн нэхэмжлэлээ гаргасан, эд хөрөнгө хураах болон үнэлгээ тогтоосон ажиллагаанд төлбөр төлөгч Ж.Б. гомдол гаргаж уг  ажиллагаануудыг хууль зөрчөөгүйг шүүхээс дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдтэй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

3.Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-аас  нэхэмжлэгч талын тайлбарыг дэмжин оролцож, анхны албадан дуудлага худалдааг утсаар надад мэдэгдсэн, нэхэмжлэгч болон төлбөр төлөгч нарт мэдэгдлийг гардуулж өгөөгүй, Ө.Б. нь 2015 оноос хойш ... тоот хаягт амьдарч байгаа, иргэний үнэмлэх нь ч энэ хаягаар бүртгэлтэй, хаягаа өөрчилсөн зүйл байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд би гэр бүлийн гишүүдээ төлөөлөөд бүх ажилд нь оролцож байсан, шийдвэр гүйцэтгэгч  бидний хуульд заасан эрхийг зөрчиж ажиллагааг явуулдаг, бид хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй, бүх хугацааг тооцож хугацаа алдалгүй гомдол гаргаж байсан, надад мэдэгдсэнийг Ө.Б-д мэдэгдсэн гэж үзэхгүй гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

4.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.29-ний  өдрийн 182/ШШ2018/00189 дугаартай  захирамжаар нэхэмжлэгч “Доог-Алт” ХХК нь  нэхэмжлэлээсээ 92 000 000 төгрөгийг татгалзан, үлдэх 250 000 000 төгрөгийг хариуцагч ... нар төлж барагдуулахаар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны зүйл болох хариуцагч нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байрлах,  95 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар 2018.03.05-ны  өдрийн 182/ШЗ2018/02161 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, шүүхийн 233 дугаартай гүйцэтгэх хуудас үйлдэгдэн,  эдгээрийг  үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018.03.28-ны өдөр 18300460 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол” гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

4.2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарт  шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй тул холбогдох хуульд заасан ажиллагааг хийж, барьцааны зүйл болох төлбөр төлөгч нарын буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн, дээрх 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018.04.18-ны өдөр битүүмжлэн, 2018.05.30-ны өдөр хураасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хэн аль нь хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж хугацаа тогтоон төлбөрийг барагдуулахаар тохиролцсон боловч төлбөр төлөгч нар тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй, барьцааны зүйлийн үнийн талаар талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй тул “Доог-Алт” ХХК-ийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шинжээч томилсноор, шинжээч “Мөнх оргил трейд” ХХК нь  барьцааны зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 207 500 000 төгрөгөөр үнэлж, улмаар талуудад үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдахаар мэдэгдэл хүргүүлжээ.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн 2018.04.18-ны өдрийн 18300460/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 тоот “Эд хөрөнгө хураах тухай  тогтоол”, “Үнийн санал ирүүлэх тухай” 2018.09.06-ны өдрийн 4/14727 тоот мэдэгдэл, “Доог-Алт” ХХК-ийн 2018.09.16-ны өдрийн 01/8 тоот “Шинжээч томилуулах тухай хүсэлт”,  шийдвэр гүйцэтгэгчийн 2018.09.17-ны өдрийн “Шинжээч томлох тухай тогтоол”,  шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2018.09.20-ны өдрийн 40/Ш тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, хавсралт, хариуцагчаас төлбөр төлөгч нарт болон төлбөр авагчид хүргүүлсэн 2018.10.01-ний өдрийн 4/16314, 4/16312 тоот үнэлгээний мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2018.10.09-ний өдрийн 10/10 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, төлбөр төлөгч нарт явуулсан 2018.10.11-ний өдрийн 4/16993 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдэл, албадан дуудлага худалдааны зар зэрэг баримтуудаар нотлогдсон.

4.3.Хариуцагч байгууллагын эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49., 54., 55 дугаар зүйлийн 55.2.2., 55.3., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасантай тус тус  нийцсэн байх бөгөөд төлбөр төлөгч Ж.Б-ын хариуцагч байгууллагад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.20-ны өдрийн 903 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.07.02-ны өдрийн 001/ХТ2020/000342 дугаартай  тогтоолоор дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг дүгнэжээ.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4.-т “...талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар энэ хуулийн 55.7.-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Ө.-ын 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлага үндэслэлгүй бөгөөд хариуцагч байгуллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийнх 55.1.-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.4.Төлбөр төлөгч Ж.Б-аас шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, барьцааны зүйл болох ... нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, .... хаягт байрлах, 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон  үнэлгээ  болох 207 500 000 төгрөгийн 70 хувь буюу 145 250 000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2020.10.02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэгч 10/07 тоот “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” гаргасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020.09.21-ний өдрийн 4-121/33950, 4-121/33951 тоот “Албадан дуудлага худалдааны мэдэгдэл”-ийг тогтоолын хамт баталгаат шуудангаар  хүргүүлж, албадан дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлэн,  2020.10.02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч дээрх орон сууц худалдан борлогдоогүй болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019.09.15-ны өдрийн 10/07 тоот “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол”, албадан дуудлага худалдааны зар, 2020.10.02-ны өдрийн “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл” зэрэг баримтуудаар нотлогдсон.

4.5. Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч ... нарт  ... тоот хаягаар 2020.09.21-ний өдрийн 4-121/33950 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар  мөн өдөр явуулсан нь “Монгол шуудан” ХК-ийн 2022.04.26-ны өдрийн 09/362 тоот албан бичгээр ирүүлсэн “Хүргэлтийн дэвтрийн хуулбар” баримтаар 2020.09.22-ны өдөр хүргэгдсэн, энэ тухай төлбөр төлөгч Ж.Батхандад 88055054 дугаартай утсаар нь холбогдож мэдэгдэн тэмдэглэл үйлдсэн,  2020.10.16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр дээрх хаягт төлбөр төлөгч Т... амьдардаг талаар төлбөр төлөгч Ж.Б. /төрсөн эх/ тайлбарласан, мөн нэхэмжлэгч нь уг хаягаар 2020.10.12-ны өдөр болон  2020.12.11-ний өдөр удаа дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байсан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.29-ний  өдрийн 182/ШШ2018/00189 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид нэхэмжлэгчийн оршин суух хаягийг дээрх хаягаар тодорхойлж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

4.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.-т “Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу болон дээрх үйл баримтуудаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ө.Б. нь ... тоот хаягт бүртгэлтэй, уг хаягт амьдарч байгаа талаараа хариуцагч байгууллагад мэдэгдээгүй, түүнчлэн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч байгууллагаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэхгүй байсан гэж үзэх, анхны албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг мэдээгүй гэж үзэх  хангалттай үндэслэл болохгүй байна.

Хариуцагч байгууллагаас явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1., 64 дүгээр зүйлийн 64.1., 65 дугаар зүйлийн 65.1., 70 дугаар зүйлийн 70.1., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасантай тус тус  нийцсэн байна.

5.Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар 2020.10.02-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааны талаар нэхэмжлэгч нь 2020.10.09-ний өдөр мэдсэн гэх бөгөөд түүнээс хойш 2020.10.12-ны өдөр хариуцагч байгууллагад холбогдуулан 2020.10.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа  тогтоосон 2018.09.20-ны өдрийн 40/Ш тоот үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2020/10574 дугаартай  захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3., 65.1.11.-д заасан үндэслэлээр 2020.10.19-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

6.Үүний дараа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т зааснаар нэхэмжлэгч Ө.Б. нь 2020.10.22-ны өдөр  дээрх шаардлага бүхий гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасныг хянаж 2020.10.29-ний өдрийн 4/89 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-оор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

7.Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дээрх шийдвэрийг үл зөвшөөрч нэхэмжлэгчээс 2020.10.30-ны өдөр мөн 3 шаардлага бүхий гомдлыг хуулийн 44.4.-т заасны дагуу гаргасан байх бөгөөд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.11.17-ны өдрийн 04/3424 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.11.17-ны өдрийн 04/3424 тоот “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгснийг нэхэмжлэгч болон төлбөр төлөгч нар, төлбөр төлөгч Т.Өлзийсайханаар дамжуулан  хүлээн авсан нь 2022.03.25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гуравдагч этгээд Ж.Б-ын тайлбараар нотлогдсон.

8.Нэхэмжлэгч Ө.Б. нь дээрх ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т зааснаар 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд тус шүүхэд 2020.12.11-ний өдөр энэ нэхэмжлэлээ гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.11.17-ны өдрийн 04/3424 тоот “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичгийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацааны дотор буюу 2020.12.01-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй байх бөгөөд тухайн үед Засгийн газрын 2020.11.29-ний өдрийн 194 дүгээр,  2020.12.09-ний өдрийн 209 дүгээр тогтоолуудаар 2020.12.14-нийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байх хэдий ч 2020.11.29-ний өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт”зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ажиллаж байсан байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ө.Б-ын 2020.10.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

9.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.29-ний  өдрийн “Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  182/ШШ2018/00189 дугаартай  захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч Ө.Б-ын  хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох  төлбөр төлөгч нарын өмчлөлийн 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнэлгээг тогтоосон болон анхны албадан дуудлага худалдааг явуулахаар тогтоосон ажилллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг  баримталсан байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

10.Хэрэгт авагдсан, 2020.10.12-ны өдрийн 11/4 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуудах тухай тогтоол, 2020.10.29-ний өдрийн “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл”,  2020.10.30-ны өдрийн 4-126/38591 тоот мэдэгдэл, 2020.11.11-ний өдрийн 11/5 тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”, 2020.12.17-ны өдрийн 4-126/41893 тоот, 2021.01.13-ны өдрийн 4/444 тоот “Хөрөнгө чөлөөлөх тухай” мэдэгдлүүд зэрэг баримтууд нь нэхэмжлэлд хамаарахгүйг дурдав.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус  тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4., 55 дугаар зүйлийн 55.7., 63 дугаар зүйлийн 63.4., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Б-ын гаргасан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2020.10.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018.05.30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 16ы өдрийн 182/ШЗ2021/01731 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.БАЙГАЛМАА