Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00070

 

      “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03217 дугаар шийдвэртэй, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Э-т холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 40 459 912 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр М.Э т 20 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар олгож, Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах 18 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалж, зээлийг түүний төрсөн дүү М.Г ашиглана гэж авсан. Гэрээнд заасан хугацааны дагуу зээл төлөх шаардлагыг удаа дараа зөрчиж, хугацааг хэтрүүлсэн. Зээлийн гэрээг 1 удаа сунгасан бөгөөд 634 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Иймд үндсэн зээл 18 776 000 төгрөг, зээлийн хүү 19 234 140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 539 772 төгрөг, нийт 40 549 912,8 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э  шүүхэд гаргасан тайлбартаа: С ХХК нь үндсэн зээл 18 776 000 төгрөг, зээлийн хүү 19 243 140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 539 722,8 төгрөг нийт 40 549 918,8 төгрөг нэхэмжилснээс үндсэн зээл 18 776 000 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, миний бие 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 340 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 5 580 000 төгрөг үндсэн зээлээс 1 224 000 төгрөг төлж, нийт 12 144 000 төгрөг хасагдсан. 18 776 000 төгрөгийн үндсэн зээлтэй болно. Миний бие дээрх зээлийг төлж чадаагүй шалтгаан нь миний дүү М.Г-тай хамтарч Нийслэлийн хөдөө аж ахуйн газраас зарласан тендерт ялсан боловч хамтрагчийн буруугаас болж бүтэлгүйтэн барьцааны 15 000 000 төгрөг улсын орлого болсон. Нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 10 дугаар сарын 31-нээс хойш хугацааны сунгасан нэмэлт гэрээнд зээлдэгч М.Э миний бие гарын үсэг зураагүй тул энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд өнөөдрийг хүртэл хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “С” ХХК-иас зээл авч, Нийслэлийн хөдөө аж ахуйн газраас зарласан бага оврын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авах тендерт оролцож, тендерт ялаад, тендерийн гүйцэтгэлийн баталгаа гэж 15 794 500 төгрөгийг Хаан банкинд байршуулж, гүйцэтгэгчийн хугацаанд тендерийг хийж чадаагүй. Хамтарсан компанийн буруутай үйл ажиллагааны улмаас тендерийн гүйцэтгэлийн материалд барьцаалсан 15 000 000 төгрөгөө тендерт зориулаад, Хөдөө аж ахуйн газраас байршуулсан мөнгө орж ирээгүй. Түүнээс хойш би зээлийн хүүнд нийт 12 146 000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд эдний талаас байнга байрыг чинь зарна, хурааж авна гэж дарамталдаг байсан. Би эгчийнхээ байрыг барьцаанд тавьж мөнгийг нь хэрэглэсэн. Тэрнээс хойш санхүүгийн байдал хүнд болсон. Эднийх 18 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй зээлээс 40 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний зүгээс үндсэн 18 000 000 төгрөгөө төлөөд, хүү, алдангийг төлөх чадвар байхгүй. 1 гэрээ хийгээд, дараа нь нэмэгдэл гэрээ хийсэн. Дахиад 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацаа сунгасан 3 дах гэрээнд би гарын үсэг зураад, манай эгч гарын үсэг зураагүй. Тэр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж үндсэн зээл 18 776 000 төгрөгийг төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч М.Э-ээс 35 773 912 /Гучин таван сая долоон зуун далан гурван мянга есөн зуун арван хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 776 000,8 /Дөрвөн сая долоон зуун далан зургаан мянга. найм мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч М.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065325 дугаар гэрчилгээтэй, Ү-2205002638 дугаартай, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2В байр 55 тоот 18 м.кв талбайтай орон сууцнаас хангуулж, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430 900 /Дөрвөн зуун гучин мянга есөн зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Э-ээс 407 020 /Дөрвөн зуун долоон мянга хорь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт зээлийн төлбөрийг тооцож үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний хугацааны хүү 4 530 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 20 000 000 төгрөгөөс 40 хоног=1 200 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 14 000 000 төгрөгөөс 634 хоног =13 131 616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 912 296 төгрөг, үндсэн зээл 14 000 000 төгрөг нийт 35 773 912 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь: анх 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 6 сарын хугацаатай, 4,5 хувийн хүүтэй ззэлж, 2015 оны 09 дүгээр сарын 11-нээс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 340 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5 580 000 төгрөг, үндсэн зээлээс 1 224 000 төгрөг, нийт 12 144 000 төгрөг төлсөн, одоо 13 196 000 төгрөгийг төлөх ёстой. Гэтэл “С”-тай зээлийн гэрээг сунгах талаар гэрээ хийгээгүй байхад М.Э-ийн гарын үсгийг дуурайлган бичиж байгуулсан мэтээр илүү мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан бөгөөд намайг өмгөөлөх эрхээр хангаагүй. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гэрээг хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргана гэсэн чинь одоо гаргаагүй гэж, мөн өмгөөлөгч авч, өмгөөлүүлэх эрхээр минь хангаагүй үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн төдийгүй хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлж дүгнэж чадаагүй шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “С” ББСБ ХХК нь хариуцагч М.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 40 549 912,8 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, зээлийн хүүг 30 хоногт 4,5 хувиар тооцохоор зээлийн гэрээний үндсэн нөхцлүүдийг тохиролцсон байх тул нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлтэй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 18 776 000 төгрөгийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү, алданги төлөх боломжгүй гэж маргасан.

Дээрх  гэрээгээр зээлдэгч М.Э нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээж, мөн хуулийн 451.2 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээн дэх нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасантай нийцсэн байх тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээний дагуу М.Э-ийн өмчлөлийн Ү-2205002638 дугаарын улсын бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 2В байрны 55 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна.

Зээлдэгч нь гэрээгээр тохиролцсоноор эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх үүргийг хүлээсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасан  зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх тухай зохицуулалттай нийцүүлэн, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар зээлийн төлбөрийг тооцжээ.

Иймээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлөгдсөн 6 000 000 төгрөгийг үндсэн зээл 20 000 000 төгрөгөөс хасч, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хүрээнд үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүү 13 131 616 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 912 296 төгрөг, нийт 35 773 912 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлөгдсөн 6 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй байна.

Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээнд хариуцагч М.Э гарын үсэг зураагүй, илүү мөнгө нэхэмжилж байна гэх тайлбар, татгалзлаа хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ын сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/14433 дугаар шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэсэн бөгөөд тэрээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй байх тул түүний өмгөөлүүлэх эрхийг нь зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

                                                         ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА