Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 03217

 

 

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/03217

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Э-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 40,459,912 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С Ф ББСБ ХХК  нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн М.Э-т20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон. Зээлийг түүний төрсөн дүү М.Ганбаатар ашиглана гэсэн зориулалтаар авсан. Гэрээнд заасан хугацааны дагуу зээлийг цаг хугацаанд төлнө гэсэн шаардлагыг удаа дараа зөрчиж, зээлийн хугацааг хэтрүүлсэн. 1 удаа зээлийн сунгалтын гэрээ хийж дахин сунгасан. Сунгалтыг зээлийн материалд өгсөн. Нэхэмжлэлийн хариу тайлбар дээр хариуцагч зээлийн нэмэлт гэрээ байгуулаагүй гэсэн байдлаар бичсэн байсан. Манай зүгээс нийт 40,549,912,8 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт хугацаа хэтэрсэн хоног нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэл 634 хоног. Барьцаа хөрөнгөөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах 18 м.кв 1 өрөө байрыг барьцаалсан. 1 хүний өмчлөлтэй байр. Манай зүгээс хугацаа хэтрүүлсэн үндсэн зээлийн үлдэгдэл 18,776,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 19,234,140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 2,539,772 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцтэгэлийг хангуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сити финанс ББСБ нь үндсэн зээл 18,776,000 төгрөг зээлийн хүү 19,243,140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,539,722.8 төгрөг нийт 40,549,918.8 төгрөг нэхэмжилснээс үндсэн зээл болох 18,776,000 төгрөгийг зөвшөөрч үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал миний бие 2015.09.11-аас 2016.03.31 хүртэл 5,340,000 төгрөг, 2016.10.03-ны өдөр хүртэлх 5,580,000 төгрөг үндсэн зээлээс 1,224,000 төгрөг төлж нийт 12,144,000 төгрөг хасагдсан. 18,776,000 төгрөгийн үндсэн зээлтэй болно. Миний бие дээрх зээлийг төлж чадаагүй шалтгаан нь миний дүү М.Ганбаатартай хамтарч Нийслэлийн ХАА газраас зарласан тендерт ялсан боловч хамтрагчийн буруугаас болж бүтэлгүйтэн барьцааны 15,000,000 төгрөг улсын орлого болсон. Нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 10 сарын 31-ээс хойш хугацааны сунгасан нэмэлт гэрээнд зээлдэгч М.Эминий бие гарын үсэг зураагүй тул эхэ хүү гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд өнөөдрийг хүртэл хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С Ф ББСБ ХХК-иас зээл авч, Нийслэлийн хөдөө аж ахуйн газраас зарласан бага оврын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авах тендерт оролцож, тендерт ялаад, тендерийн гүйцэтгэлийн баталгаа гэж 15,794,500 төгрөгийг Хаан банкинд байрлуулж, гүйцэтгэгчийн хугацаанд тендерийг хийж чадаагүй. Хамтарсан компанийн буруутай үйл ажиллагааны улмаас тендерийн гүйцэтгэлийн материалд барьцаалсан 15,000,000 төгрөгөө тендерт зориулаад, Хөдөө аж ахуйн газраас байршуулсан мөнгө орж ирээгүй. Түүнээс хойш би зээлийн хүүг чадах ядахаараа төлж нийт 12,146,000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд эднийхээс маш их дарамт ирсэн. Байнга байрыг чинь зарна, хурааж авна гэж дарамталдаг байсан. Дээрээс нь би эгчийнхээ байрыг тавьж мөнгийг нь хэрэглэсэн тул маш хүнд дарамттай явж ирсэн. Зээлийн хүү төлөөгүй учир нь эдийн засгийн дарамтад, өөрийн бизнесээс мөнгө төлөх оролдлого хийж явсаар 12,000,000 төгрөг төлсөн. Тэрнээс хойш санхүүгийн байдал хүнд болж ирсэн. Би эднийхтэй эвлэрүүлэн зуучлах замаар эднийхтэй тохиръё, зохих журмын дагуу мөнгөө төлье гэж байхад эднийх 18,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй зээлээс 40,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнгө биш байр хурааж авах л зорилготой. Би хууль мэдэхгүй учир ийм их хүүтэй мөнгө авсан. Хүүг 2, 3 дахин өсч, мөнгө хүүлнэ гэж бодоогүй. Миний зүгээс үндсэн 18,000,000 төгрөгөө төлөөд, нэмэгдэл хүү, алданги зэргийг төлөх чадвар байхгүй. Надаас бас авлагууд байгаа. Авлагаа авбал эднийхийг хохиролгүй болгож өгнө. Түүнээс биш нэг нугалсан хүүг төлөх боломж байхгүй. 1 гэрээ хийгээд, дараа нь нэмэгдэл гэрээ хийсэн. Дахиад 3 дахь гэрээн дээр би гарын үсэг зураад, манай эгч гарын үсэг зураагүй. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацаа сунгасан 3 дахь гэрээ байгаа. Би тэр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж үндсэн зээл болох 18.776.000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэжээ.

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч С Ф ББСБ ХХК  нь хариуцагч М.Э-тхолбогдуулан зээл 18,776,000 төгрөг, зээлийн хүү 19,234,140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,539,772.8 төгрөг нийт 40,549,912 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн зээл 19,234,140 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэнийг нь төлөх боломжгүй, үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. 

 Нэхэмжлэгч С Ф ББСБ ХХКнь хариуцагч М.Эрдэнэчимэгтэй 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ/15/09/60 дугаартай зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, зээлийн үндсэн болон хугацаа хэтэрсэн хугацааны хүү 30 хоногт 4,5 хувь, нэмэгдүүлсэн хүү 0.9 хувь байхаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байна. Мөн өдөр талууд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2В байр 55 тоот 18 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065325 дугаар гэрчилгээтэй, Ү-2205002638 дугаартай орон сууцыг барьцаалсан зээлийн барьцааны БГ/15/09/60 дугаар гэрээг бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 6-9 дүгээр тал/

 Талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 153, 154, 156 дугаар зүйлийн агуулгад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна гэж үзэв.

  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Талууд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор зээлдэгч зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй учир зээлдэгчид зээл, зээлийн гэрээний болон хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ. /хх-ийн 10 дугаар тал/

 Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 6,000,000 төлбөрийг нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд дараа нь үндсэн зээлээс хасаж тооцсон дүнгээр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дараалал буюу үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүр өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг буюу үндсэн зээл, эцэс нь хүүг төлүүлнэ гэх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

 Дээрх хуулийн зохицуулалтын дагуу зээлийн төлбөрийг тооцож үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний хугацааны хүү 4,530,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 20,000,000 төгрөгөөс 40 хоног = 1,200,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 14,000,000 төгрөгөөс 634 хоног =13,131,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,912,296 төгрөг, үндсэн зээл 14,000,000 төгрөг нийт 35,773,912 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд талуудын байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065325 дугаар гэрчилгээтэй, Ү-2205002638 дугаартай, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2В байр 55 тоот 18 м.кв талбайтай орон сууцнаас хангуулах үндэслэлтэй байна.

 Иймд хариуцагч М.Э-ээс 35,773,912 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С Ф ББСБ ХХК-д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,776,000.8 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч М.Э-ээс 35,773,912 /Гучин таван сая долоон зуун далан гурван мянга есөн зуун арван хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С Ф ББСБ ХХК-д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,776,000.8 /Дөрвөн сая долоон зуун далан зургаан мянга. найм мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч М.Энь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065325 дугаар гэрчилгээтэй, Ү-2205002638 дугаартай, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2В байр 55 тоот 18 м.кв талбайтай орон сууцнаас хангуулсугай.

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430,900 /Дөрвөн зуун гучин мянга есөн зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Э-ээс 407,020 /Дөрвөн зуун долоон мянга хорь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч "С Ф ББСБ ХХК-д-д олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР