Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/0776

 

2022 оны 00 сарын 00 өдөр

 Дугаар 102/ШШ2022/00000

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8,415,000 /найман сая дөрвөн зуун арван таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.... /ШТҮД: .../,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Би ... Эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажилладаг байсан. 2017 онд уг эмнэлэгт хамт ажилладаг эмийн санч Х.... надад би хувь хүмүүст өдрийн зээл гаргадаг. Та надад 5,000,000 төгрөг өгөөч. Сард 1,000,000 төгрөгийг хүүтэй нь өсгөж өгье гэж хэлсэн. Үүний дагуу би өөрийн төрсөн эгч Д....гаар Хаан Банк ХХК-иас сарын 1.6 хувийн хүүтэй зээл гаргуулан Х....ын дансруу шилжүүлсэн. Үүнээс сар гаруй хугацааны дараа Х.... миний эцэг хавдраар өвдөж Энэтхэг улсруу явж эмчлүүлэх гээд 90,000,000 төгрөг цуглуулж байгаа. Надтай адил өдрийн зээл гаргадаг н.... гэж эмэгтэй бий. Би энэ хүнээс өмнө зээл авсан тул ахиж зээл авч болохгүй байна. Та өөрөө зээл авч байгаа мэтээр гэрээ хийгээд өгөөч гээд гэрээний загвар авч ирсэн. Түүний дагуу би н....тай 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд 6,000,000 төгрөгийг тэр дор нь Х....ын шилжүүлээрэй гэсэн данснуудруу хувааж шилжүүлсэн. н.... гэх хүнийг би танихгүй. Х.... тэр зээлийг өөрөө хариуцаж төлнө гэж хэлсэн тул төлж байгаа байх гэж бодтол төлөөгүй байсан. Үүнээс 6 гаруй сарын дараа надад нэхэмжлэл ирсэн. н.... гэх хүн надад холбогдуулж залилангийн шинжтэй хэрэг гэж нэхэмжлэл гарган, шүүхээс 6,343,000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргуулсан. Түүнээс өмнө би шүүхээр явж байгаагүй. Ингээд ээжээрээ тэтгэврийн зээл авхуулж, шүүхийн шийдвэрийн дагуу уг мөнгийг төлсөн. Үүнээс хойш Х....ыг мөнгийг төлөх байх гэж хүлээсэн. Аавтай нь ч утсаар холбогдсон гэвч төлөлгүй аргацааж явсаар байсан. Баянгол дүүргийн Цагдаагийн газар Х....д холбогдуулж залилуулсан гэх гомдол гаргасан боловч Прокурорт очоод Эрүүгийн шинжтэй залилангийн хэрэг мөн боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул шийдвэрлэх боломжгүй. Иргэний шүүхээр хэргээ шийдвэрлүүл гэх хариу өгсөн. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,465,000 төгрөгийн 5,000,000 төгрөг нь эгчээс зээлж Х....д өгсөн мөнгө. Эгч 1.6 хувийн хүүтэй Хаан Банк ХХК-иас зээл гаргуулж авсан тул 1,132,000 төгрөг нь тухайн зээлийн хүү. 6,333,000 төгрөг нь Х....ын өмнөөс гэрээ байгуулж, түүнрүү шилжүүлсэн мөнгө. Энэ зээлийн дагуу миний нэр дээр шүүхийн шийдвэр гарч би ээжээрээ тэтгэврийн зээл авхуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Үүний хүүг нэхэмжлээгүй. Мөн тэмдэгтийн хураамж орсон байгаа. Х.... 2017 оны 11 дүгээр сараас хойш миний дансруу бага багаар мөнгө хийж байсан. Энэ нь нийлээд 4,050,000 төгрөг болсон тул одоо үлдэгдэл 8,415,000 төгрөгийг шаардаж байна.

Х.... нь Д....гаас 5,000,000 төгрөгийг зээлсэн. 6,000,000 төгрөгийг миний өмнөөс зээлээд өг, би зээлийг өөрөө төлнө гэж зээл гаргуулсан ч зээлийг төлөөгүй. Ингээд Д....д зээлийг төл гэх шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч уг зээлийг төлсөн. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргахад залилах гэмт хэрэг мөн байна гэж нотлогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Прокурорын тогтоолд Иргэний журмаар хохирлоо шаардах эрхтэй гэж дурдсан. Ийм учир Х....ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. Анх 12,465,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс 8,415,000 төгрөгийг хариуцагч Х....аас гаргуулж өгнө үү...гэв.

2.Хариуцагч Х.... шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Х.... миний бие Д....гаас 2017 онд 5,000,000 төгрөгийг аван бусдад дамжуулж зээлсэн. Мөн Ж....гаас Д....гаар дамжуулан 6,000,000 төгрөгийг зээлж авхуулсан. Уг авсан мөнгийг 2017 оны 11 дүгээр сараас эхлэн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны хооронд ...гийн ... тоот данс руу нийт 13,990,500 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие ...гаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөрт 6,000,000 төгрөг мөн давхар зээлж авсан. Үүний хүүтэй 7,240,500 төгрөг хасагдаад 6,750,000 төгрөг нь ...гийн зээлээс хасагдах байсан ч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч хасаагүй 20,000 төгрөг л хасан ...гаас гаргуулахаар болсон. Уг асуудлын дараа ...гийн зээлээс төлсөн мөнгийг буцааж авахаар нэхэмжлэл гаргахад оршин суух хаягтаа байхгүй гээд эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Миний ...гаас өөрөөс нь зээлж авсан мөнгийг цааш зээлсэн. ...д Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж гарч, одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дагуу төлбөр надад төлөх ёстой ч нэг ч төгрөг аваагүй байгаа. Би ...гийн ... тоот дансанд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сар хүртэл нийт ... данснаас 3,980,000 төгрөг, ... данснаас 100,000 төгрөг, ... тоот данснаас 850,000 төгрөг, нийт 4,930,000 төгрөг дансаар хийсэн байгаа. Би нийт 4,930,000 төгрөг, мөн ...гийн ... тоот дансанд 6,750,000 төгрөг хийсэн. Иймд би төлбөр хоёр хүнд хийсэн. Дээрх зүйлийг нийт банкны хуулгатай хавсаргав...гэжээ.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Д....гийн Хаан банк дахь ... тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5-8/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэр, мөн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 9-12/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2/185 дугаар тогтоол /хх-13/, Өмгөөлөгч М....ийн гомдолд хариу өгсөн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх-14/, Д...., Х.... нарын бичсэн Зээлийн гэрээ ба баримт үйлдсэн нь гэх гар бичмэл баримт /хх 15-16/, Д...., Х.... нарын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн ...аас авсан мөнгөн дүн нэгтгэл гэх гар бичмэл баримт /хх-17/, Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 02 тоот Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх 18-19/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзлаа нотлохоор ... овогтой ...гийн Хаан банк дахь ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 58-163/-ыг нотлох баримтаар гаргасан.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч Д.... нь хариуцагч Х....д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 12,465,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8,415,000 төгрөг болгож багасгасан байна.

2.Шүүх Д....гийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,203,190 төгрөгийг хангаж, 1,211,810 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...Х....д залилуулсны улмаас бусдад шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээж, 6,333,000 төгрөг төлсөн хохирол болон Х....д залилуулсан 5,000,000 төгрөг, уг мөнгийг эгчээрээ банкнаас зээл авхуулж өгсөн учир Хаан банкинд 36 сарын зээлийн хүүнд төлж хохирсон 1,132,000 төгрөг, нийт 12,465,000 төгрөг шаардсанаас түүний төлсөн 4,050,000 төгрөгийг хасаж, хохирол 8,415,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ ...Д.... болон Ж.... нараас мөнгө зээлж авсан, хэн алинд нь төлбөрийг төлж байсан ба Д....д 4,930,000 төгрөг, Ж....д 6,750,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Ж....д шилжүүлсэн төлбөрийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүх хасаж тооцоогүй байсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 02 тоот прокурорын тогтоол, тус прокурорын газрын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 133 тоот гомдлын хариу, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... дугаар шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1.Д.... нь Х....д 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг өөрийн эгч Д....гаас авч зээлдүүлсэн, мөн иргэн Ж....тай зээлийн гэрээ бичгээр байгуулан 6,000,000 төгрөгийг хүлээн авч, Х....д болон түүний нэрлэн заасан н.... гэх хүнд тус тус зээлийн мөнгийг шилжүүлсэн, Х.... уг зээлийн төлбөрийг Ж....д төлж барагдуулаагүйн улмаас тэрээр Д....гаас зээл төлөхийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хийгдсэнээр 6,333,000 төгрөгийг Д.... Ж....д төлж барагдуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

5.2.Х.... нь Д....гаас сар бүр 100,000 төгрөгийн хүү төлнө гэж итгүүлэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аавынхаа эмчилгээнд зарцуулна гэж 6,000,000 төгрөгийг Д....гаар иргэн Ж....гаас зээлүүлэн авхуулж нийт 11,000,000 төгрөгийг худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарах боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэрэг үйлдсэгдсэнээс хойш 3 жил өнгөрсний улмаас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хохирогч Д....г өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар Х....аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

Хариуцагч Х.... зээлийн гэрээгээр халхавчлан нэхэмжлэгч Д....д хохирол учруулсан болох нь Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор нотлогдсон учир Д.... өөрт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоо Х....аас шаардах эрхтэй.

7.Д.... өөрт учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо Х....д өөрийн өгсөн 5,000,000 төгрөг, уг мөнгийг эгч Д....гаар зээл авхуулсан учир зээлийн хүүгийн төлбөрт төлсөн гэх 1,132,000 төгрөг, Х....ын өмнөөс Ж....гаас зээлж авсан 6,000,000 төгрөгийн төлбөрт шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 6,333,000 төгрөг, нийт 12,465,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Эдгээр шаардлагаас хариуцагчийн төлсөн 4,050,000 төгрөгийг хассанаар нэхэмжлэлээ 8,415,000 төгрөг болгож багасгасан боловч тэрээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ж....д 6,333,000 төгрөг бус зээлийн гэрээний үүрэгт 6,140,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 113,190 төгрөг, нийт 6,253,190 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байх тул энэ хохирлын хүрээнд 78,000 төгрөг илүү шаардсан гэж үзсэн бөгөөд уг зөрүү мөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж тайлбарлах боловч тухайн тайлбараа баримтаар нотлоогүй учир илүү шаардсан 78,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

8.Мөн Д....гийн эгч Д.... Хаан банк ХХК-д зээлийн хүүгийн төлбөрт 1,132,000 төгрөг төлсөнд Х.... гэм буруутай гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг мөн хангах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн илүү шаардсан 1,211,810 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 7,203,190 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Х....аас шаардах эрхтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9.Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.8 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Х....аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 130,201 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

10.Хариуцагч Х.... хэргийг хэлэлцэхээр товлон зарласан 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж хойшлуулан, түүнд хурлын товыг мэдэгдсэн боловч дахин товлогдсон 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Түүнчлэн, иргэдийн төлөөлөгч Б... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болохоо тус шүүхийн цахим хуудсаар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэний дагуу шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х....аас 7,203,190 /долоон сая хоёр зуун гурван мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,211,810 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 130,201 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

 

ШҮҮГЧИД М.МӨНХТӨР

 

Ч.МӨНХЦЭЦЭГ