Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01450

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00776 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Х д холбогдох, гэм хорын хохиролд нийт 8,415,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д , түүний өмгөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Д.Д миний бие Х.Х д 2017 оны 10 сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг зээлдүүлсэн. Эгч маань уг мөнгийг Хаан банкнаас 36 сарын хугацаатай зээлж өгсөн, хүү нь 1,132,000 төгрөг болсон. Мөн 2017 оны 11 сарын 08-ны өдөр Х.Х ын гуйлтаар Ж.Г гаас 6,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй зээлж, Ж.Г гийн хэлсний дагуу түүний ээжийнх нь данс руу 5,500,000 төгрөг, дүүгийнх нь данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн, өөрөө нэг ч төгрөг аваагүй. Гэтэл Х.Х нь дээрх мөнгийг төлөөгүйгээр барахгүй Ж.Г намайг шүүхэд өгч миний бие шүүхийн шийдвэрийн дагуу 6,333,000 төгрөгийг Ж.Г д төлсөн. Иймд надад нийт 12,465,000 төгрөгийг гэм хор учирснаас Х.Х 4,050,000 төгрөгийг төлснийг хасч, үлдэх 8,415,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Х.Х миний бие Д.Д гаас 2017 онд 5,000,000 төгрөгийг аван бусдад дамжуулж зээлсэн. Мөн Ж.Г гаас Д.Д гаар дамжуулан 6,000,000 төгрөгийг зээлж авахуулсан. Миний бие 2017 оны 11 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Ж.Г д нийт 13,990,500 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 6,750,000 төгрөг нь Д.Д гийн зээлээс хасагдах байсан ч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хасч тооцоогүй, 20,000 төгрөгийг л хасч тооцон Д.Д гаас гаргуулахаар болсон. Миний бие Д.Д гаас өөрөөс нь зээлж авсан мөнгийг цааш нь өөр хүнд зээлдүүлсэн. Миний бие Д.Д гийн данс руу 2018 оны 04 сараас 2021 оны 02 сар хүртэлх хугацаанд нийт 4,930,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие Ж.Г д 6,750,000 төгрөг, Д.Д д 4,930,000 төгрөг төлсөн учир энэ хоёр хүнд төлөх төлбөргүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Х аас 7,203,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгож, үлдэх 1,211,810 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 130,201 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Тухайн үед миний бие жирэмсний хожуу үеийн хордлоготой байсан тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй.

4.б. Нэхэмжлэгч Д.Д гаас авсан 5,000,000 төгрөг, мөн Д.Д гаар дамжуулан Ж.Г гаас авсан 6,000,000 төгрөгийн тухайд Хаан банкны 0000000000 тоот дансанд нийт 6,750,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь дансны хуулгаар нотлогдоно.

4.в. Ж.Г 2019 оны 05 сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ байхгүй гээд эрэн сурвалжлах захирамж гарсан. Д.Д болон Ж.Г нарыг хамт хуралд оруулах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр 7,203,109 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Хариуцагч 6,750,000 төгрөгийг төлсөн гэж гомдолдоо дурдсан байна. Уг мөнгийг хариуцагч төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Д.Д нь Ж.Г д төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Х.Х д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 8,415,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ ...эгч Д.Д гаар зээл авахуулж 5,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн, хүүгийн төлбөрт 1,132,000 төгрөг төлсөн, мөн Х.Х ын өмнөөс Ж.Г гаас 6,000,000 төгрөгийг зээлдэн авч, шүүхийн шийдвэрийн дагуу 6,333,000 төгрөг болгон төлж хохирсон, хариуцагчаас нийт 4,050,000 төгрөг хүлээн авсан тул хасч тооцсон... гэх агуулгаар тайлбарлажээ.

Дээрх шаардлагыг хариуцагч Х.Х бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Д.Д д нийт 4,930,000 төгрөг, Ж.Г д нийт 6,750,000 төгрөг тус тус төлсөн учир төлбөр тооцоо байхгүй... гэх агуулгаар тайлбарлан маргажээ.

 

3.   Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02671 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 0/000 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 00 дугаар Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл /хх 10-12, 13, 18-19/:

3.а. Прокурорын байгууллагаас Х.Х ыг сар болгон 1,000,000 төгрөгийн хүү өгнө гэж 2017 оны 10 сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, аавынхаа эмчилгээнд зарцуулна гэж 2017 оны 11 сарын 08-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Д.Д гаас залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Х.Х ын бусдыг залилсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Д нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар Х.Х аас шаардах эрхтэй гэж дүгнэсэн үйл баримт;

3.б. Шүүхийн шийдвэрээр Д.Д гаас нийт 6,253,190 төгрөг гаргуулж Ж.Г д олгож шийдвэрлэсэн, Д.Д нь уг шийдвэрийг биелүүлж, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

4.   Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоож, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлжээ.

 

5.   Хариуцагч Х.Х нь ...Д.Д д нийт 4,930,000 төгрөг төлсөн... гэж тайлбарлаж байх боловч түүний нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банк дахь 000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагчаас нийт 3,880,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагчаас нийт 4,050,000 төгрөгийг хүлээн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар буюу хариуцагчид ашигтай тайлбарыг анхан шатны шүүхээс үнэлж, уг дүнг нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь талуудын зарчимд нийцжээ.

Харин хариуцагч Х.Х ын гаргасан ...Ж.Г д нийт 6,750,000 төгрөгийг төлсөн... гэх тайлбар нь уг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Учир нь нэхэмжлэгч Д.Д нь өмнө дурдсанчлан шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Г д 6,253,190 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон, мөн Х.Х болон Ж.Г гийн хоорондох төлбөр тооцооны асуудлыг шууд уг маргааны төлбөр тооцоонд хамааруулан авч үзэх боломжгүй юм.

Хариуцагчаас гэм хорын хохиролд нийт 7,203,190 /5,000,000 + 6,253,190 4,050,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн тооцоолол үндэслэлтэй болжээ.

 

6. Нэхэмжлэгчийн эгч Д.Д гаас бусдад 1,132,000 төгрөгийн хүү төлж хохирсон гэх үйл баримт нь хариуцагчтай шууд хамааралгүй учир түүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

7. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд шүүх хуралдаанийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцэх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 130,180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР