Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/03072

 

2021 оны 12 сарын 20 өдөр

 

Дугаар 183/ШШ2021/03072

        Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, М А ХХК-ийн төв байр-44 байрлах,  М А ХХК /рд:2095025/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг хороолол, Ө гудамж, XX тоотод байрлах, Н Я Х П ХХК /рд:2809036/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И гудамж, С, М б, Х дугаар давхарт байрлах, Ю П К ХХК /рд:5517427/-д тус тус холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 632 921 250 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, Х.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М А ХХК нь хариуцагч Н Я Х П ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр М А ХХК нь Н Я Х П ХХК-д барилгын материалын бүтээгдэхүүн болох МАК Евроцемент, МАК Евроблокыг барилга угсралтын ажлын үйл ажиллагаанд нь зориулж зээлээр худалдах, худалдан авагч нь худалдагчид зээлээр худалдан авсан барилгын материалын бүтээгдэхүүний үнийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө үндсэн төлбөр, хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ю П К ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-220ХХХ0000 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000726109 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Их Монгол Улс гудамж, 22 дугаар байр, 3 дугаар давхрын зүүн жигүүр, ААА тоот хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талууд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоо нийлсэн актуудаар 339 696 874,4 төгрөгийн Евроблок, 607 429 771,98 төгрөгийн Евроцемент, нийт 947 126 646.38  төгрөгийн үнэ бүхий барилгын материал зээлээр нийлүүлсэн болохыг баталгаажуулсан. Дээрх гэрээний 2.5-д “Худалдан авагчийн авсан барилгын материалын дүнд жилийн 12 хувийн хүү тооцох бөгөөд барилгын материалыг үйлдвэрээс ачуулсан өдрөөс эхлэн тооцно”, 5.1-д “Худалдан авагч нь гэрээний 2.3, 2.5-д заасан үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцож худалдалдагчид төлөх хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан. Хариуцагч нь үндсэн төлбөр болон хүүг харилцан тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч зээлээр авсан бүтээгдэхүүний үнэ, тохирсон хүүгээ төлөхгүй байгаа болно. Бидний зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 28, 4 дүгээр сарын 06, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд албан бичгээр мэдэгдэл, шаардлагыг хүргүүлсэн боловч хариу илгээгээгүй, төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхэд хариуцагчаас үндсэн төлбөр 947 126 646,38 төгрөг, хүү 166 461 528,11 төгрөг, алданги 556 794 087.24 төгрөг, нийт 1 670 382 261,73 төгрөг гаргуулахаар анх шаардсан боловч алдангийг бүтээгдэхүүний үнэ 947 126 646,38 төгрөг, хүү 166 461 528,11 төгрөг нийт 1 113 588 174,49 төгрөгөөс тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасантай нийцэхгүй байсан учир бүтээгдэхүүний үнэ 947 126 646,38 төгрөг, хүү 91 539 505,77 төгрөг нийт 1 038 666 152,15 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж үүнээс алданги тооцож, бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хүү 91 539 505,77 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны хүү 74 922 022,34 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны алданги 519 333 076,07 төгрөг, нийт 1 632 921 250,56 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хариуцагч гэрээний хугацаа дууссан атал мөнгөн төлбөрийн үүрэгт хүү тооцож байгаа асуудлаар маргаж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Бид бараа материал зээлээр нийлүүлэх гэрээгээр хүү тохирсон учир хүү төлөх үүрэг үүнээс үүсэлтэй. Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дугаартай зөвлөмжид зааснаар Иргэний хуулийн 222.5, 222.6 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг буюу хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөхөд хамааралтай. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх бол энэ хүүгээс анз тооцогдохгүй, энэ заалтын дагуу бид хүүгээс анз тооцсон байсныг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Мөн хариуцагч төлбөрийг өөр хэлбэрээр төлөх талаар санал санал болгосон тул хүү, алданги төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж маргасан. Гэрээний 2.11 дэх хэсэгт Худалдан авагч гэрээний төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөс бусад хэлбэрээр төлөх тохиолдолд худалдагчаас олгосон нийт хэсгийг 5 хувьтай тэнцэх шимтгэлийг гэрээний төлбөрийн хамт худалдагчид төлөх үүрэг хүлээнэ гэж, 2.4.2.11-д ямар нөхцөлд гэдэг тодорхой журмыг заасан. Энд худалдан авагч дараах шийдвэрийг худалдагчийн бичгээр олгосон зөвшөөрлөөр гаргана гээд гэрээний төлбөрийг энэхүү гэрээнд зааснаас өөр хэлбэрээр төлөх гэж байгаа. Иймд гэрээний дагуу энэ асуудал худалдагчийн зөвшөөрөлтэйгөөр хэрэгжинэ, хариуцагч Яармагт баригдаж байгаа пентхаус хэлбэрийн тансаг зэрэглэлийн байрыг санал болгосныг худалдагч талаас зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн учир бид хүү, алдангийг нэхэмжилж байгаа юм. Тооцооллын хувьд, 2 удаагийн 18 000 000 төгрөгийн асуудал яригдаж байна. Тооцоо нийлсэн акт дээр тээврийн хөлс гэсэн хэсэг байгаа, үүнийг худалдагч төлдөггүй. Өөрөөр хэлбэл худалдан авагч тээврийн хөлсийг урьдчилаад М А ХХК-д байршуулдаг бөгөөд бараа материалаа ачаад эндээс тээврийн хөлсийг нь төмөр зам руу шилжүүлдэг. Тээврийн хөлс урьдчилж төлөгдөхгүй бол бараа материал ачигддаггүй учраас 97 000 000 төгрөгийг байршуулсан юм байна билээ. Үүнээс тээврийн хөлс суутгагдаж явсаар байгаад 79 042 500 төгрөгийн тээвэрлэлт хийгдсэн, үлдэх 18 421 900 төгрөг худалдагчийн дансанд үлдчихсэн байсан. Үүнийг тооцоо нийлсэн актаар бид гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу энэ төлбөрийг эхлээд хүүгээс суутгасан. Ингээд хүүд суутгаад авсан учраас үндсэн төлбөр нь 607 сая гэж гараад байгаа юм. Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 632 921 250,56 төгрөгийг Н Я Х П ХХК-иас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н Я Х П ХХК, Ю П К ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...М А ХХК болон Н Я Х П ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 377-1419 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, М А ХХК, Ю корпорейшн ХХК нарын хооронд мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ тус тус байгуулагдсан. Нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан тооцоо нийлсэн актын дагуу үлдэгдэл төлбөр 947 126 646,38 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Зохигчид гэрээ байгуулагдсанаас хойш евроблок нийт 339 696 874 төгрөгийн худалдан авалт хийснийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар, евроцементийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, зээлийн хүү 18 659 027 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны төлсөн. Ингээд 2020 онд нийт хүүгийн төлбөр 61 364 422 төгрөг, үндсэн төлбөр 589 007 872 төгрөгийн цементийн үнийн авлагатай болохыг нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 тоот нэхэмжлэхээр баталгаажуулж ирүүлсэн. Дээрх гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, хугацааг сунгаагүй атал нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 166 461 528,11 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээний 2.11-т  “Худалдан авагч тал зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан нөхцөлөөс бусад нөхцөлөөр төлөх тохиолдолд худалдан авагчаас олгосон нийт зээлийн дүнгийн 5 хувьтай тэнцэх шимтгэлийг гэрээний төлбөрийн хамт төлнө" гэж заасны дагуу манай компанийн зүгээс 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 01/291 дугаартай албан бичгээр төлбөр төлөх хүсэлтээ гаргаж байсан нь зээлийн төлбөрийг үндэслэлгүйгээр хоцроогоогүй төлөхөө илэрхийлж байсныг харуулдаг. Мөн хариуцагч нарын зүгээс төлбөр төлөхөө илэрхийлж байсныг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02/359 дугаартай Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт илгээсэн албан бичигтээ гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нь төлбөрийг “2021 оны 9 дүгээр сараас эхлэн график гарган төлөх эсхүл бартераар төлөх гэсэн хариуг и-мэйлээр ирүүлсэн" гэж дурдсан байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз" гэнэ гэж заасан. Анх тооцоо нийлсэн актын дагуу төлбөрийн үүрэг үүссэн цагаас эхлэн хариуцагч төлбөрөө гэрээний 2.11-т зааснаар төлж барагдуулахаа албан бичиг болон и-мэйлээр илэрхийлж байсан тул тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан зүйл заалтын урьдчилсан нөхцөл биелээгүй буюу хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэхээ илэрхийлж байсан гэж үзнэ. Иймд алданги бодох хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэх боломжтой. Мөн нэхэмжлэгчийн зүгээс алдангийг багасгавал хариуцагч талаас үндсэн төлбөр, хүүг ойрын хугацаанд төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нь гэрээнд төлбөрийг зөвхөн мөнгөөр биш бусад байдлаар барагдуулах боломжийг харилцан тохиролцож зааж өгсөн атлаа төлбөрийн үүргээ гүйцэтгэх гэхээр хүлээж авахгүй гэх байдлыг үүсгэдэг тул шүүх дараах нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М А ХХК нь Н Я Х П ХХК, Ю П К ХХК нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 670 382 261,73  төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 37 461 011,17 төгрөгөөр багасгасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

           

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...М А ХХК нь хариуцагч Н Я Х П ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, М А ХХК нь Н Я Х П ХХК-д барилгын материалын бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авагч үнийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлөхөөр тохиролцсон. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 339 696 874,4 төгрөгийн Евроблок, 607 429 771,98 төгрөгийн Евроцемент, нийт 947 126 646.38  төгрөгийн үнэ бүхий барилгын материал нийлүүлсэн болохыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Хариуцагч нь үндсэн төлбөр болон хүүг харилцан тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тул бүтээгдэхүүний үнэ 947 126 646,38 төгрөг, хүү 91 539 505,77 төгрөг нийт 1 038 666 152,15 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж үүнээс алданги тооцож, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хүү 91 539 505,77 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны хүү 74 922 022,34 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны алданги 519 333 076,07 төгрөг, нийт 1 632 921 250,56 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээний үүрэг хугацаа дууссан боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү нэхэмжилсэн нь гэрээгээр хүү тохирсонтой хамааралтай. Мөн гэрээгээр гэрээний төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөс бусад хэлбэрээр төлөх тохиолдолд худалдагчийн зөвшөөрлийг шаардаж байгаа, өөр хэлбэрээр төлөх саналыг худалдагы зөвшөөрөөгүй тул уг саналыг гаргасан нь хүү, алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тооцооллын хувьд, хариуцагч тээврийн хөлсний урьдчилгаанд 97 000 000 төгрөг байршуулсан, үүнээс 79 042 500 төгрөгийн тээвэрлэлт хийгдсэн, үлдэх 18 421 900 төгрөг төгрөгийг тооцоо нийлсэн актаар гэрээний 2.5-д заасны дагуу хүүгээс суутгасан. Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 632 921 250,56 төгрөгийг Н Я Х П ХХК-иас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан. 

 

          Хэргийн баримтаас үзвэл, М А ХХК болон Н Я Х П ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр М А ХХК нь 700 000 000 төгрөгийн үнэ бүхий ОРС-42.5 стандартын 5017 тонн евроцемент, 1 299 969 000 төгрөгийн үнэ бүхий 1-1.5 мм, D500 стандартын 8 754 м евроблокийг жилийн 12 хувийн хүүтэйгээр, зээлээр худалдахаар, Н Я Х П ХХК нь төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Зохигчид ийнхүү худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой хугацаанд, хүүтэй, хэсэгчлэн төлөхөөр тохиролцсоноор гэрээний зүйлийн үнэ шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулах бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйлээс нийт 1 428 467 618 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн авсан талаар маргаагүй.

 

Харин хариуцагч Н Я Х П ХХК тооцооллын талаар “...нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан тооцоо нийлсэн актын дагуу үлдэгдэл төлбөр 947 126 646,38 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Зохигчид гэрээ байгуулагдсанаас хойш нийт 339 696 874 төгрөгийн евро блок худалдан авсныг талууд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар, евро цементийг хувьд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар зээлийн хүү 18 659 027 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлөлт хийж барагдуулсан. Ингээд 2020 онд хүүгийн төлбөр 61 364 422 төгрөг, үндсэн төлбөр 589 007 872 төгрөгийн авлагатай болохыг нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 86 дугаартай нэхэмжлэхээр баталгаажуулан ирүүлсэн. Н Я Х П ХХК-ийн авсан бараа материалын үндсэн төлбөр 928 704 746 төгрөг байна. Мөн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 166 461 528,11 төгрөгийн хүү бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй” гэж маргасан.  

 

Талууд дээрх гэрээний 2.5. 1 дэх заалтаар “...төлбөр төлөх хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, төлбөрийн хэмжээ 500 000 төгрөг, хүү тооцох зарчим ...жилийн 12 хувийн хүү тооцох бөгөөд барилгын материалыг үйлдвэрээс ачуулсан өдрөөс эхлэн хуанлийн хоногоор тооцож төлбөр төлөх өдөр хүртэл бодогдсон хүүг эхлээд суутгаж, үлдэгдэл хэсгийг үндсэн төлбөрт тооцох”-оор тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан борлуулалтын тайлан болон талуудын тайлбараар нэхэмжлэгч тал 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн нь тогтоогдох тул мөн өдрөөс хариуцагчийн 500 000 000 төгрөгийн төлөлт хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны 500 000 000 төгрөгт ногдох хүүг тооцоход 13 340 000 төгрөг байна. Үүнийг хариуцагчийн төлсөн 500 000 000 төгрөгөөс суутгаж тооцоход үндсэн зээлээс 486 660 000 төгрөгийг төлж барагдуулсан, 13 340 000 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

Мөн талууд гэрээний 2.5. 2 дахь заалтаар “...төлбөр төлөх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, төлбөрийн хэмжээ 1 499 969 000 /+тооцогдсон хүү, алданги/ төгрөг, хүү тооцох зарчим ...жилийн 12 хувийн хүү тооцох бөгөөд барилгын материалыг үйлдвэрээс ачуулсан өдрөөс эхлэн хуанлийн хоногоор тооцож төлбөр төлөх үүрэг бүхий хугацаанд ногдох хүүг үндсэн төлбөр дээр нэмж төлнө” гэж тохиролцсон.

 

Дээрх заалтаар талууд төлбөр төлөх үүрэг бүхий хугацаанд хүүг тооцохоор тохиролцсон бөгөөд худалдагч тал 1 499 969 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэхээс 928 467 619 төгрөгийн бараа нийлүүлсэн талаар талууд маргаагүй тул дээрх төлбөр дээр жилийн 12 хувийн хүүг нэмж тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 1 039 883 733 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны хүүд 74 922 022,34 төгрөг нэхэмжилж байгаа үндэслэлээ “...Бид бараа материал зээлээр нийлүүлэх гэрээгээр хүү тохирсон учир, мөнгөн төлбөрийн үүргээ хэтрүүлсэн хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү тооцсон” гэж тайлбарласан.

 

Зохигчид зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтаар хариуцагчийг хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр мөнгөн төлбөр төлөхөөр анз тохиролцсон байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хэтрүүлсэн хугацааны хүүг давхар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч гэрээнд заасан нөхцөлөөс бусад хэлбэрээр төлбөр төлөхөөр худалдан авагчид санал хүргүүлж байсан нь хариуцагчийг анз төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 2.5. 1-д заасан төлбөрийн үлдэгдэл 13 340 000 төгрөг, 2.5. 2-т заасан төлбөрийн үлдэгдэл 1 039 883 733 төгрөг, нийт 1 053 223 733 төгрөгөөс 526 611 866 төгрөгийн алданги шаардах эрхтэй боловч шүүх тухайн хэргийн болон цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг 226 611 866 төгрөгөөр бууруулах боломжтой гэж дүгнэсэн.  

 

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н Я Х П ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 1 053 223 733 төгрөг, алданги 300 000 000 төгрөг, 1 353 223 733 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 279 697 517 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч М А ХХК нь хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг Ю П К ХХК-д холбогдуулан гаргасан.

 

          М А ХХК болон Ю П К ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мөн өдөр байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон, улсын бүртгэлийн Ү-220ХХХ0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Их Монгол Улс гудамж, ХАВТАСТ ХЭРГИЙН дугаар байр, А дугаар давхрын зүүн жигүүр, ААА тоот хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 378-1419 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ” байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заажээ.

 

Хариуцагч дээрх барьцааны гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй, уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч Н Я Х П ХХК үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох Ю П К ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220ХХХ0000 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Их Монгол Улс гудамж, 22 дугаар байр, 3 дугаар давхрын зүүн жигүүр, ААА тоот хаягт байршилтай, 326.33е м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 580 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 6 994 269 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Шүүгч, шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас асуухад талуудын хэн аль нь татгалзахгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Улмаар шүүх нэхэмжлэгчийн гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийг татгалзах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх шүүгчийг татгалзах гаргах тухай хүсэлт гаргах үе шат өнгөрсөн, мөн хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн явдал нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй тул энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусган, хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдав. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н Я Х П ХХК-иас 1 353 223 733 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 279 697 517 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н Я Х П ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Ю П К ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220ХХХ0000 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Их Монгол Улс гудамж, 22 дугаар байр, 3 дугаар давхрын зүүн жигүүр, ААА тоот хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 580 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 6 994 269 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНГӨНТУУЛ