Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00709

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03072 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-ХХК, Ю- ХХК-д тус тус холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,632,921,250 төгрөг гаргуулах иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, Х.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баасанжав, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, хариуцагч Н ХХК-ийн өмгөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Монголын алт ХХК нь хариуцагч Нью яармаг хаусинг прожект ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, барилгын материалын бүтээгдэхүүн болох М евроцемент, М евроблок-ыг барилга угсралтын ажлын үйл ажиллагаанд нь зориулж зээлээр худалдах, худалдан авагч нь бүтээгдэхүүний үнийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө үндсэн төлбөр, хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ю- ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг байгуулж, улсын бүртгэлийн +++ дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ++ дугаар гэрчилгээтэй, Х +++, 3 дугаар давхрын зүүн жигүүр, 3001 тоот хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талууд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 339,696,874.4 төгрөгийн евроблок, 607,429,771.98 төгрөгийн евроцемент, нийт 947,126,646.38  төгрөгийн үнэ бүхий барилгын материал зээлээр нийлүүлсэн болохыг тооцоо нийлсэн актуудаар баталгаажуулсан. Бидний зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 28, 4 дүгээр сарын 06, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд албан бичгээр мэдэгдэл, шаардлагыг хүргүүлсэн боловч хариу илгээгээгүй, төлбөрийг төлж барагдуулаагүй тул 1,670,382,261.73 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт нийцүүлэн үндсэн төлбөр 947,126,646.38 төгрөг, хүү 91,539,505.77 төгрөг нийт 1,038,666,152.15 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж үүнээс алданги тооцож, бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хүү 91,539,505.77 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны хүү 74,922,022.34 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны алданги 519,333,076.07 төгрөг, нийт 1,632,921,250.56 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дугаартай зөвлөмжид зааснаар Иргэний хуулийн 222.5, 222.6 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг буюу хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөхөд хамааралтай. Иймд гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн учир бид хүү, алдангийг нэхэмжилж байгаа юм. Тооцооллын хувьд, 2 удаагийн 18,000,000 төгрөгийн асуудал яригдаж байна. Тооцоо нийлсэн акт дээр тээврийн хөлс гэсэн хэсэг байгаа, үүнийг худалдагч төлдөггүй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч тээврийн хөлсийг урьдчилаад М  ХХК-д байршуулдаг бөгөөд бараа материалаа ачаад эндээс тээврийн хөлсийг нь төмөр зам руу шилжүүлдэг. Тээврийн хөлс урьдчилж төлөгдөхгүй бол бараа материал ачигддаггүй учраас 97,000,000 төгрөгийг байршуулсан бөгөөд үүнээс тээврийн хөлс суутгагдаж явсаар байгаад 79,042,500 төгрөгийн тээвэрлэлт хийгдсэн, үлдэх 18,421,900 төгрөг худалдагчийн дансанд үлдчихсэн байсан. Үүнийг тооцоо нийлсэн актаар бид гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу хүүд суутгаад авсан учраас үндсэн төлбөр нь 607 сая гэж гараад байгаа юм. Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,632,921,250.56 төгрөгийг Н ХХК-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан тооцоо нийлсэн актын дагуу үлдэгдэл төлбөр 947,126,646.38 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Зохигчид гэрээ байгуулагдсанаас хойш евроблок нийт 339,696,874 төгрөгийн худалдан авалт хийснийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар, евроцементийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, зээлийн хүү 18,659,027 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны төлсөн. Ингээд 2020 онд нийт хүүгийн төлбөр 61,364,422 төгрөг, үндсэн төлбөр 589,007,872 төгрөгийн цементийн үнийн авлагатай болохыг нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 тоот нэхэмжлэхээр баталгаажуулж ирүүлсэн. Дээрх гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, хугацааг сунгаагүй атал нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 166,461,528.11 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Анх тооцоо нийлсэн актын дагуу төлбөрийн үүрэг үүссэн цагаас эхлэн хариуцагч төлбөрөө гэрээний 2.11-т зааснаар төлж барагдуулахаа албан бичиг болон и-мэйлээр илэрхийлж байсан тул тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар урьдчилсан нөхцөл биелээгүй буюу хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэхээ илэрхийлж байсан гэж үзнэ. Иймд алданги бодох хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэх боломжтой. Мөн нэхэмжлэгчийн зүгээс алдангийг багасгавал хариуцагч талаас үндсэн төлбөр, хүүг ойрын хугацаанд төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл гэрээнд төлбөрийг зөвхөн мөнгөөр биш бусад байдлаар барагдуулах боломжийг харилцан тохиролцож зааж өгсөн атлаа төлбөрийн үүргээ гүйцэтгэх гэхээр хүлээж авахгүй гэх байдлыг үүсгэдэг тул шүүх дараах нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 1,353,223,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 279,697,517 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Ю- ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн +++ дугаарт бүртгэгдсэн, Х+++, 3 дугаар давхрын зүүн жигүүр, 3001 тоот хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,580,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 6,994,269 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 377-1419 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.2-т "Зээлийн хүү жилийн 12 хувь", 2.5-т "Хүү тооцох зарчим нь худалдан авагчийн авсан барилгын материалын дүнд жилийн 12 хувийн хүү тооцох бөгөөд үйлдвэрээс ачуулсан өдрөөс эхлэн хуанлийн хоногоор тооцож төлбөр төлөх үүрэг бүхий хугацаанд ногдох хүүг үндсэн төлбөр дээр нэмж төлнө гэж харилцан тохиролцсонМөн Иргэний хуулийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл шүүх анз тохиролцсон байх тул Иргэний хуулийн 222.5 дахь хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү давхар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй... гэж алдаатай дүгнэлт хийсэн.

Анз буюу алдангийг 226,611,866 төгрөгөөр багасгасан нь хууль зүйн үндэслэлгүйМөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан эрх, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлээгүй. Гэтэл хариуцагч нь алдангийг багасгах талаар хүсэлт гаргаагүй, түүнтэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, цаашлаад талууд алдангийг багасгахтай холбоотой мэтгэлцээгүй. Харин хариуцагчийн зүгээс зөвхөн алдангийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан байхад ийнхүү хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй цаг үеийн ямар нөхцөл байдлаас шалтгаалан ингэж шийдсэн талаар огт үндэслэл бичээгүй, шийдвэртээ ч тодорхой заагаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 279,697,517 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож1,632,921,250 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан хариу тайлбарын агуулга: Талуудад гэрээгээр тохиролцсон үүргийг хүлээх бөгөөд гэрээгээр тохироогүй, зохицуулаагүй буюу гэрээний нөгөө оролцогч шууд мэдэх боломжгүй, нуугдмал шинжтэй, эсвэл зөрүүтэй байдлаар тайлбарласан үүргийг хүлээхгүй. Хэрэв бичгээр байгуулсан гэрээнд тусгаагүй үүргийг гэрээний нэг тал мэдээгүй, мэдэх боломжгүй байсан уг үүргийг хүлээх үндэслэлгүй. Бичгээр байгуулсан гэрээнд байхгүй үүргийг хүлээлгэх нь талуудын хүсэл зоригтой нийцэхгүй тул зөвшөөрөөгүй үүргийг шаардаж байна гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийг шууд утгаар тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар зээлийн гэрээний үүрэг нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжиж байгаа тохиолдолд энэ хүртэл хугацааны өр төлбөрийг төлөх бөгөөд хүүгийн төлбөрийг төлөхгүй. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй хугацаанд үүрэг зөрчөөгүйд тооцогдоод, энэ хугацаанд алданги тооцох үндэслэлийг үгүйсгэнэ. Талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалт нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үүссэн хүүг шаардана, үүнээс хойш үүрэг үүсгэхгүй гэсэн агуулгатай. Талууд хооронд байгуулагдсан гэрээ нь нэхэмжлэгчийн өөрийн аж ахуйн үйл ажиллагаанд байнга ашиглагддаг гэрээний стандарт нөхцөл бөгөөд гэрээ нь нутгийн өвөрмөц үг хэллэггүй, холимог утгагүй байгаа учраас Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.2 дах хэсгээс 298 дугаар зүйлийн 298.5 дах хэсэгт зааснаар тайлбарлагдахгүй. Үгийн шууд утгаар тайлбарлагдах ёстой. Гэрээний стандарт нөхцөлийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчдад хохиролтой агуулгаар гэрээний стандарт нөхцөлийг тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар стандарт нөхцөл нь хохиролтой агуулгатай байсан бол уг стандарт нөхцөл нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул гэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүгч хүүгийн тооцооллын хувьд алдаа гаргасан. ...2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар компани нийт 928,467,619 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон байдаг. Гэвч худалдан авагчийн авсан барилгын материалын дүнд жилийн 12 хувийн хүү тооцох бөгөөд барилгын материалыг үйлдвэрээс ачуулсан өдрөөс эхлэн хуанлийн хоногоор тооцож төлбөр төлөх үүрэг бүхий хугацаанд ногдох хүүг үндсэн төлбөр дээр нэмж төлнө гэж зохицуулсан гэрээний зохицуулалт байхад шүүх худалдан авсан он, сар, өдрийг тооцолгүйгээр нийт төлбөрөөс жилийн 12 хувийн хүү бодсон нь үндэслэлгүй928,467,619 төгрөгийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31- нээс хойш тооцсон байгаа нь илт үндэслэлгүй буюу 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд авсан бараа материалд жилийн хугацаанд ноогдох хүүг гаргуулан тооцсон байдаг. Иймд шүүхийн шиийдвэрээр тогтоосон үндсэн төлбөр болох 928,467,619 төгрөгийн бараа материалыг авсан хугацаанаас хойш тоологдох зээлийн хүүгийн үүргийг хүлээх нь гэрээний тохиролцооны дагуу үндэслэлтэй байх тул хүүгийн зөрүү 4,982,712 төгрөгийн илүү хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх нотлох баримтыг үнэлсэн буруу үнэлсэнЮ- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Ууганбаяраас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн майлд үзлэг хийлгэе гэсэн байдаг. Миний бие тус хэрэгт компанийг төлөөлөн итгэмжлэлээр оролцсон бөгөөд энэ нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хувьцаа эзэмшигчийг төлөөлөн оролцоогүй байхад түүнийг төлөөлсөн мэтээр үнэлж, өөрийнх нь мэйл мөн эсэхийг мэдэхгүй судалж тогтоогоогүй, өөр майлээс хуулбарлан авсан мэйлд үзлэг хийх хүсэлтийг хангаж шийдсэн. Гэвч тухайн мэйл өөрөө Ууганбаяр захирлаас ирсэн мэйл мөн эсэх ямар нэгэн баримтгүйалбан байгууллагад ашигладаггүй майл байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа тухайн бичмэл нотлох баримтыг эзэмшигчийн мэйл хаягаас биш өөр хуулбарлан авсан майлээс татан авч үзлэг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүсэлт шийдвэрлэх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан майлд үзлэг хийх хүсэлтийг шүүгч майл эзэмшигчийг өөрийг нь байлцуулахгүйгээр үзлэг хийх захирамжийг гаргасан. Уг захирамжтай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх эсэхэд эргэлзээ төрсөн тул шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргахад шүүгч хурал эхлэхээс өмнө татгалзал асуусан тул одоо татгалзан гарах боломжгүй гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гэвч хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагчхэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад хурлыг үргэлжлүүлэн орж шийдвэрлэсэн нь энэ хэрэгт ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын хамааралтай гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлдэг. Иймд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хүүгийн тооцооллоос 4,982,712 төгрөгийн илүү хүүг хасч өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч талаас гаргасан хариу тайлбарын агуулга: Тооцоо нийлсэн актад үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын нягтлан бодогч нарын баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан. Уг баримтаар хэзээ, хэдэн тонн цемент нийлүүлсэн, хэдэн төгрөгийн үнэтэй байсан, тээврийн зардал хэдэн төгрөг болсон гэдгийг нягтлан бодогч нар тооцсон байдаг. Шүүгчийн захирамжаар гаргуулах гэсэн баримт нь огт байдаггүй баримт байсан. Манайх төмөр замд цементээ ачуулаад, төмөр зам нь хариуцагч талд хүлээлгэж өгдөг байсан. Гэрээгээр дараа нь тооцоо нийлсэн акт үйлдэж, баталгаажуулахаар тохиролцсон. Хариуцагч тал хариу тайлбартаа манай захирал н.Ууганбаяр танайд төлбөр төлөх тухайгаа цахим шуудангаар илгээсэн гэсэн байдаг. Уг тайлбарыг үндэслээд цахим шууданд үзлэг хийсэн. Тухайн үзлэгээр хариуцагч тал нь тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан актыг төлөхөө илэрхийлсэн гэдэг нь тогтоогдсон. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч Н ХХК, Ю- ХХК нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,670,382,261.73  төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 37,461,011.17 төгрөгөөр багасгасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

          3. Хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар

3а. Нэхэмжлэгч М  ХХК болон хариуцагч Н ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Монголын алт ХХК нь 700,000,000 төгрөгийн үнэ бүхий ОРС-42.5 стандартын 5017 тонн евроцемент, 1,299,969,000 төгрөгийн үнэ бүхий 1-1.5 мм, D500 стандартын 8 754 м евроблокийг жилийн 12 хувийн хүүтэй зээлээр худалдахаар, худалдан авагч Н ХХК нь төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх8-14/

3б. Мөн нэхэмжлэгч М  ХХК болон хариуцагч Ю- ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн +++ дугаартай, Х+++, 3 дугаар давхрын зүүн жигүүр, 3001 тоот хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 378-1419 тоот Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулагдсан байна. /хх16-24/

Талууд зээлээр худалдах, худалдан авах болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний зүйлд нийт 1,428,467,618 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн буюу авсан талаар маргаангүй байх бөгөөд анхан шатны шүүх дээрх гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Түүнчлэн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.

3в. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.5.1-т ...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх төлбөрийн хэмжээ 500,000,000 төгрөг ба худалдан авагчийн авсан барилгын материалын дүнд жилийн 12 хувийн хүү тооцох бөгөөд барилгын материалыг үйлдвэрээс ачуулсан өдрөөс эхлэн хуанлийн хоногоор тооцож төлбөр төлөх өдөр хүртэл бодогдсон хүүг эхлээд суутгаж, үлдэгдэл хэсгийг үндсэн төлбөрт тооцох-оор тохиролцжээ.

Мөн гэрээний 2.5.2 дахь заалтаар ...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх төлбөрийн хэмжээ 1 499 969 000 /+тооцогдсон хүү, алданги/ төгрөг, худалдан авагчийн авсан барилгын материалын дүнд жилийн 12 хувийн хүү тооцох бөгөөд барилгын материалыг үйлдвэрээс ачуулсан өдрөөс эхлэн хуанлийн хоногоор тооцож төлбөр төлөх үүрэг бүхий хугацаанд ногдох хүүг үндсэн төлбөр дээр нэмж төлнө гэж тохиролцжээ. /хх-9/

3г. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч М ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн үйл баримтыг зөв тодорхойлж, уг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс хариуцагчийн 500,000,000 төгрөгийн төлөлт хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг уг мөнгөн дүнгээс тооцож, 13,340,000 төгрөгийг төлөгдсөн 500,000,000 төгрөгөөс суутган үндсэн төлбөрийн үлдэгдлийг 13,340,000 төгрөг гэж зөв тооцсон байна.

Мөн худалдагч тал буюу М ХХК нь гэрээний 2.5.2-т зааснаар 1,499,969,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлэхээс 928,467,619 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн нь тогтоогдсон тул анхан шатны шүүх энэ мөнгөн дүнгээс гэрээнд заасан 12 хувийн хүүг тооцож, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 1,039,883,733 гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч М ХХК-ийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу үндсэн төлбөрт нийт 1,053,223,733 төгрөг шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулах алдангийн хэмжээг 226,611,866 төгрөгөөр буруулж шийдвэрлэхдээ хэргийн болон цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нийтэд илэрхий буюу цар тахлын нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгасан байх бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг 1,353,223,733 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд алдангийн талаар гаргасан нэхэмжлэгчийн, хүүгийн тооцооллын талаар хариуцагчийн давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэлгүй байна.

4. Дээр дурдсанаар барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ тул хариуцагч Н ХХК үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

5. Хариуцагч Н ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 94,674 төгрөг төлсөн бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулах агуулгатай буюу шүүхийн шийдвэрт заагдсан үнийн дүнгээс 4,982,712 төгрөг хасуулах хэмжээгээр тооцогдож төлөгдсөн байх тул давж заалдах шатны шүүх энэ хэмжээнд шүүхийн шийдвэрийг хянасан болохыг дурдах нь зүйтэй.

6. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын гаргасан гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,557,000 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 94,674 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН