Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00046

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02051 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Б, Г.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27 445 923 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Б-гийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.Б нь Г.Б-ын хамт “Х” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1580004381 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 28 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 20,5 хувийн хүүтэй, хашаа байшин авах зориулалтаар авсан. Уг гэрээнд зээлдэгчийн нөхөр Г.Б хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 42 дугаар гудамж 596б тоотод оршин байрлах 74 м.кв талбайтай, Ү-2202018913 дугаар гэрчилгээтэй хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 42 дугаар гудамж 596б тоотод оршин байрлах 404 м.кв талбайтай, Г-2202011580 дугаар гэрчилгээтэй өмчлөлийн газрыг барьцаалсан. Зээлдэгч Т.Б зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтанд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Дээрх хугацаанд хариуцагч нар 16 121 199 төгрөг төлсөн. Т.Б, Г.Б нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ аваагүй. Гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан боловч банкнаас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээг цуцалж, үндсэн төлбөр 25 267 971 төгрөг, зээлийн хүү 2 156 974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 468 төгрөг, нийт 27 429 413 төгрөг, нотариатын төлбөр 16 500 төгрөг буюу нийт 27 445 913 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б, Г.Б нар шүүхэд болон Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б миний бие 2014 оны 07 дугаар сард хашаа байшин 40 000 000 төгрөгөөр худалдан авахдаа 30 хувийн урьдчилгаа өгч, үлдсэн 28 000 000 төгрөгийг банкнаас зээлж авсан. 2015 оны 05 дугаар сарын 06-нд төлөлт хийхдээ зээлийн үлдэгдэл асуухад 25 005 000 төгрөг байна гэж хэлсэн. Зээлийн төлөлтөө цаг тухайд нь хийдэг байсан. Бидний тооцоогоор нийт 16 221 000 төгрөгийг банкинд төлсөн байгаа.

Бид хашаа байшиндаа 9 дүгээр сард засвар хийгээд, тухайн үед мөнгө хүрэхгүй банк бус санхүүгийн байгууллагаас мөн зээл авсан. 2016 оны 03 сарын 20-нд би дэнжийн 1000 салбарын Хас банкны захиралтай нь уулзаад бид хоёр хашаа байшингаа зарна, тэр хүртэл хүү бодохгүйгээр зогсоож байгаач гэсэн хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Тэгээд зээлийнхээ үлдэгдлийг нь асуухад 25 267 971 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Түрүү асууснаас хойш 2 754 100 төгрөгийн төлөлтийг хийсээр байхад зээлийн үнийн дүн хасагдахгүй байгаа асуухад бид нар хүүгээ авч байна гэж хэлсэн. Хамгийн сүүлийн төлөлтийг 2017 оны 01 дүгээр сард хийсэн. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр банкнаас зээл төлүүлэх талаар мэдэгдэх хуудсыг аваад эргээд салбарын захирал дээр нь очиж учир байдлаа хэлж, зээлийн хүүг зогсоож өгөөч гэж гуйсан. Тэгэхэд тийм юм байхгүй, гэрээнийхээ дагуу төлөөд яв, эсхүл хашаа байшингаа хураалга гэсэн. Бид аргаа барж хашаа байшингаа зарах гэж бүхий л арга хэмжээг авсан. Одоо эцэс сүүлд нь бага насны хоёр хүүхэд нөхрийн хамт гудамжинд гарах болоод байгаадаа маш их гомдолтой байна. Би 3 жилийн дотор зээлд 16 121 200 төгрөг төлсөн, хашаа байшиндаа нийт 7 379 500 төгрөгийн засвар хийсэн. Гэрээ цуцлахыг зөвшөөрч байгаа, харин 16 121 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцно уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-ийг баримтлан Т.Б, Г.Б нараас 27 393 918,16  (хорин долоон сая гурван зуун ерэн гурван мянга есөн зуун арван найман төгрөг арван зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 51 994,84 (тавин нэгэн мянга есөн зуун ерэн дөрвөн төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Т.Б, Г.Б нар зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох Т.Б-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 10-р хороо, 42-р гудамж 596б тоотод оршин байрлах 74 м.кв талбайтай, Ү-2202018913 дугаар гэрчилгээтэй хувийн сууц, Чингэлтэй дүүрэг, 10-р хороо, 42-р гудамж 596б тоотод оршин байрлах 404 м.кв талбайтай, Г-2202011580 дугаар гэрчилгээтэй өмчлөлийн газрыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 294 920 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 295 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар үнэлсэн төдийгүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Би зээлийн гэрээний хугацаанд 16 221 000 төгрөг шилжүүлсэн. Харин 2016 оны 01 дүгээр сард миний ажил, хөдөлмөрийн байдалд доголдол гарч зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон тул 2016 оны 02 дугаар сард Х-д зээлий гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, хүүгээ зогсоож өгөхийг гуйсан. Гэвч банкнаас миний хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул би2016 оны 02 дугаар сараас эхлэн байнга үндсэн зээлээ төлнө гэж хэлээд байхад 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл нийт 7 214 175,55 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн ба 9 006 824,45 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлсэн байдаг.

Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд “үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ... хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүнд ээлжинд гүйцэтгэнэ... шаардлагууд нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд ижил нөхцөлтэй бол биелэх боломж багатай үүргийг тэргүүнд ээлжинд гүйцэтгэнэ“ гэж заасантай нийцэж байна. би дээрх байдлаар төлөлт хийсний дагуу үндсэн зээлээс 20 785 824 төгрөгийн үлдэгдэл болсон юм. Гэтэл шүүх миний дээрх тайлбарыг харгалзан үзээгүй төдийгүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан хариуцагч надад ашигтай байх хуулийн заалтыг хэрэглээгүйгээс зөвхөн банкны графикийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь учир дутагдалтай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Т.Б, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 445 913 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

“Х” ХХК болон Т.Б, Г.Б нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 28 000 000 төгрөгийг, жилийн 20.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдүүлэх талаар тохиролцож, зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 16 221 200 төгрөг төлсөн талаар  маргаагүй. /хх-4-11 дүгээр тал/

Дээрх зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн бөгөөд уг гэрээ нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн, хүчин  төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамжны 490 тоотод байрлах, 74 м.кв талбайтай амины хувийн сууц, мөн хаягт байрлах 404 м.кв талбайтай газрыг барьцаалсан байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

Хариуцагч тал гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт нийт 16 221 200  төгрөг төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 01 дүгээр сараас нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд биелүүлээгүй нь тогтоогдож байх тул шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, үндсэн зээл 25 199 838,32 төгрөг, зээлийн хүү 2 194 489,59 төгрөг, нийт 27 393 918,16 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Талууын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Зээлийн гэрээнд зээлдэгч тал Т.Б, Г.Б нар гарын үсэг зурснаар зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн ба тэдгээр нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч тул зээлдүүлэгч нь гэрээний үүргийг хэн алинаас шаардах эрхээ өөрөө тодорхойлох хүрээнд хоёуланд нь холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт нийцсэн байна. 

Хариуцагч нараас нэхэмжлэгчийн гаргасан тооцоог няцаасан тайлбар, холбогдох нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар хариуцагч Т.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй, ийм үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.НАРАНЦЭЦЭГ

                                                    ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                             Д.БАЙГАЛМАА