Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00308

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01699 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2318 дугаар магадлалтай

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.Б, Т.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27 445 913 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч М.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Б- нь “Х” ХХК-тай 2014.07.28-ны өдөр 1580004381 дугаартай зээлийн гэрээ байгуулж 28 000 000 төгрөгийг хашаа байшин авах зориулалтаар авсан. Уг гэрээнд зээлдэгчийн нөхөр Г.Б- нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй оролцсон. Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, 42-596б тоотод оршин байрлах 74 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 404 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан. Зээлдэгч Т.Б- нь гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2017.01.11-нээс хойш огт төлбөр хийгээгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Энэ үндэслэлээр 2017.06.06-ны өдөр банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, үндсэн төлбөр 25 267 971 төгрөг, зээлийн хүү 2 156 974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 468 төгрөг, нийт 27 429 415 төгрөг, нотариатын зардал 16 500 төгрөг буюу нийт 27 445 914 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа, хүү төлсөн асуудлыг буцаана гэж байгаа ч өөрсдөө тооцооллыг гаргаагүй, бодолтыг хийгээгүй, хэдэн төгрөгийг илүү төлсөн гэдэг баримтыг манайд гаргаж өгөөгүй. Банкны зээлийн хүү нь тооцоолсон тооцооны дагуу гарч байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 01 сараас хойш зээлийн хүүг тооцохдоо жилийн 18 хувиар буюу сарын 1,5 хувиар тооцож нэхэмжилж байгаа. Хариуцагч Т.Б- нь анх зээл авсан тус банкны Хүчит шонхор салбарын захиралтай уулзахдаа зээлийн хугацааг сунгах санал тавьсан байсан. Ингэж хугацаа сунгахад Монгол банкны журмаар зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт ороход зээлийн хуримтлагдсан хүүг заавал төлөх ёстой. Гэтэл ямар ч хүү төлөхгүй гээд байна, тэгээд хүүгүй зээл авсан болоод байна уу. Хариуцагч нар нь ямар нэгэн аргаар төлөлт хийх боломжгүй юм байна гэснийг үндэслээд гэрээг цуцалж нэхэмжлэл гаргасан. Зээлийг төлөөгүй хугацаа хэтэрсэн нь зөрчил гэж үзнэ. Тухайн дүнгээр зээлээ төлбөл нэг удаадаа тохиролцох боломжтой. Хариуцагч нар мөнгөн дүн дээр маргаантай, хүүг төлөхгүй гээд байгаа. Тэгэхээр гэрээгээ үргэлжлүүлнэ гэвэл мэдээж хүүг төлөх болно, үүнийг зөвшөөрөхгүй учраас өөр байдлаар хөнгөлөлт үзүүлэх боломжгүй юм. Өмнө төлсөн бүх мөнгийг одоо байгаа үлдэгдэл зээлээс хасуулна гэж байгаа нь огт үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 7 сарын 28-нд 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийг авсан. Бид 40 000 000 төгрөгийн хашаа байшин худалдаж авахдаа 12 000 000 төгрөгийн урьдчилгааг өгч, 28 000 000 төгрөгийг нь банкнаас зээлж өгсөн юм. Бидний тооцоогоор нийт 16 221 000 төгрөгийг банкинд төлсөн байгаа. Захиралтай нь уулзаад бид хоёр 3 сард хашаа байшинг зарна, тэр хүртэл хүү бодохгүйгээр зогсоож байгаач гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд үлдэгдлийг нь асуухад 26 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд яагаад зээл төлөөд байхад хасагдахгүй байгаа юм бэ гэхэд бид нар хүүгээ авч байна гэж хэлсэн. 2017 оны 4 сарын 14-нд мэдэгдэх хуудас ирүүлсэн бөгөөд 1 754 000 төгрөгийг төлөх, үүнээс 389 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаад хүүнд 1 363 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1 550 000 төгрөг гэж орсон. Мэдэгдэх хуудсыг аваад захирал дээр нь очиж учир байдлаа хэлж, хүүгээ зогсоож өгөөч гэж гуйсан. Тэгэхэд тийм юм байхгүй, гэрээнийхээ дагуу төлөөд яв, эсхүл хураалга гэдэг зүйлийг хэлсэн. 27 440 000 төгрөг гэж нэхэмжилсэн байгаа, бид нар хашаа байшингаа зараад ч энэ мөнгийг өгч чадахгүй. 2 хүүхэдтэйгээ гудамжинд гаралтай нь биш. Бид 2 машинаа зараад зээлэндээ өгсөн. Бид зээлэнд өгсөн 16 221 000 төгрөгөө нэхэмжилсэн мөнгөнөөс хасуулаад үлдсэнийг нь төлөөд гэрээгээ үргэлжлүүлэхгүй цуцалж, гэрээнээс татгалзана. Бид хоёр ажилгүй, нөхөр маань өдөр таксинд явж амьдралаа болгодог. Банк ашгийн байгууллага ч гэсэн зээлнээс ердөө 571 000 төгрөг л хасагдсан байна. Бидэнд илүү төлөлт ч хийж байсан удаа байгаа. Ядаж хүүнд 50 хувь, үндсэн зээлд 50 хувиар тооцоод авч болно шүү дээ. Гэрээг үргэлжлүүлнэ гэхээр дахиад л хүү тооцогдох учир гэрээ цуцлахыг бид зөвшөөрч байна, харин 16 221 000 төгрөгийг хасуулаад үлдсэнийг нь төлнө. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01699 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Т.Б-, Г.Б- нараас 26 741 252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 704 661 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 65 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрч, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан 1580004381-01 тоот баталгаат ипотекийн гэрээний барьцааны зүйл болох Т.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202011580 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамж, 490 тоотод байрлалтай, 18641313571409 нэгж талбарын дугаартай, 404 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах өмчлөх эрхийн Ү-2202018913 дугаарт бүртгэлтэй, 74 м.кв талбайтай, хувийн сууц зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 291 656 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2318 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01699 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 26 741 252 төгрөг гэснийг 24 997 333 төгрөг гэж, ... 704 661 төгрөг ... гэснийг 2 448 580 төгрөг гэж, 3 дахь заалтын ... 291 656 төгрөг ... гэснийг 282 936 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 820 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч Г.Б, Т.Б нараас 24,997,333 төгрөг гаргуулан “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,448,580 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нь нотлох баримт, болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзэн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 1580004381 дугаартай Зээлийн гэрээний 2.2 дахь заалтад зээлийн хүүг суурь хүү, хувьсах хүү гэж 2 өөр хэлбэрээр тодорхойлсон байна. Иймд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон хамгийн бага хүү болох 16.5 хувиар тооцож хүү гаргуулах нь зээлдэгчид ашигтай тул 34 сар 10 хоногийн хүүг 16.5 хувиар тооцож нийт 24,997,333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг зээлийн гэрээний 2.2-д ...Зээлийн жилийн хүү нь банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 4 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2014 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх жилийн хүүгийн хувь хэмжээ 20.5 хувь байна гэж зээлийн хүүг тодорхой заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 болон 40 дүгээр зүйлийн 401.-д заасныг үндэслэн Зээлийн гэрээний 2.2-д зээлийн хүүг жилийн 20.5 хувийн хувьсах хүүтэй байх, 2.3-д банкны суурь хүү өөрчлөгдөж зээлийн хүү өөрчлөгдсөн тохиолдолд талууд гэрээний хавсралтаар тэмдэглэхээр болж, талууд Зээлийн хүү болон өөрчлөгдөх нөхцөлөө чөлөөтэй илэрхийлж харилцан тохиролцсон болно. Давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 200.1-д заасан стандарт нөхцөл гэрээ гэж үзэн 201.1 дэх заалтыг баримтлан 16.5 хувийн хүүг сонгосон нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхээс зээлийн хүүг хувьсах гэж тодорхойлсон үндэслэл шалтгаан, тийнхүү хувьсах хүүгийн хөтөч үзүүлэлтийг гэрээнд тусгасан заалтыг “хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл” гэж үзсэн үндэслэлээ тодорхойлоогүй юм. Харин ч талууд зээлийн хэмжээ, хугацаа, хүүг нэгбүрчлэн харилцан тохиролцож тогтоосон. Нөгөө талаар зээлийн гэрээний хувьсах хүүг тодорхойлсон заалт нь гэрээний талууд буюу зээлдэгч, зээлдүүлэгч нарт “үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй” байгаагүй бөгөөд шүүхийн хувьд ойлгомжгүй байсан мэтээр ойлгогдож байна. Гэрээний 2.2 дахь заалт нь үг хэллэгийн хувьд утга санаа ойлгомжгүй, тодорхой бус, олон утга санаа давхцсан гэсэн байдал тогтоогдохгүй. Үнэхээр гэрээний 2.2 дахь заалтын утга нь ойлгомжгүй гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 41 болон 198 дугаар зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, гэрээний бусад нөхцөлд дүн шинжилгээ хийх замаар гэрээг тайлбарлах ёстой. Гэрээнд дурдсан 16.5 хувийн суурь хүү гэдэг нь бусдаас татсан эх үүсвэр, түүнтэй холбоотой зардлыг тооцож банкны тогтоож байгаа зээлийн хүүгийн суурь хувь хэмжээ бөгөөд өөрийн олох ашиг, зардал, эрсдэлээ тооцсон 4 хувийн хүүг нэмж, жилийн 20.5 хувиар тооцохоор гэрээнд зааж өгсөн болно. Банк санхүүгийн байгууллагын хувьд зээлийн хүүг хувьсах болон тогтмол гэсэн хэлбэрээр тогтоох эрхийг Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл болон Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар олгогдсон байдаг билээ. Гэтэл ийнхүү хуульчлагдсан харилцааг шүүхээс дээр дурдсан үндэслэлээр хасч байгааг зөвтгөх боломжгүй байна. Арилжааны банк нь хувьсах хүүтэй зээлийн бүтээгдэхүүн гаргаж, түүнийхээ хувьсах хөтөч үзүүлэлтийг гэрээнд тусгасныг ойлгомжгүй гэж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч нь 1580004381 дугаартай зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргасан ба хариуцагч энэ талаар маргаагүй цуцлахыг зөвшөөрч байгаа болно. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн дагуу гэрээг цуцлах хууль зүйн үр дагаврыг бий болгож байна гэж үзсэн болно. Иймд гэрээг цуцлахаас өмнөх талуудын гэрээний дагуу үүссэн харилцаа буюу төлсөн зээл, хүүгийн төлөлтүүд хэвээр үлдэнэ гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зүйл заалтуудыг буруу тайлбарлаж, Иргэний хуулийн 200, 201 дүгээр зүйлийг хэрэглэснээр нэхэмжлэгчийн Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу зээлийн гэрээнд заасан зээлийн хүү тооцож авах эрхийг ноцтой зөрчиж байх тул магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 182/ШШ2017/01699 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, 2318 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцээгүй, 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “Х” нь Г.Б, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 429 413 төгрөг, хохиролд 16 500 төгрөг нийт 27 445 913 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийн хэмжээ хэт их байна гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №1580004381 дугаартай Зээлийн гэрээ, №1580004381-01 Баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулагдсан, гэрээний талаар зохигчид маргаагүй байна.

Зээлийн гэрээгээр банк нь 28 000 000 төгрөгийг хашаа, байшин худалдаж авах зориулалтаар, 120 сарын хугацаатай, жилийн буюу 356 хоногийн хүү нь банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 4 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ 16.5.% байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20.5% хувьтайгаар зээлдэгчид зээлийг шилжүүлэх, зээлдэгч нь гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээж, зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд өөрийн өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахаар баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулжээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй байна.

Талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар “...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцааж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1.-д “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”.

Зээлдэгч буюу хариуцагч нь 28 000 000 төгрөгийг зээлээд 3 жилийн хугацаанд 16 121 200 төгрөгийг цаг хугацаанд нь төлсөн байтал дахин 27 сая төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг ямар хэмжээгээр тооцсон, тэдгээр нь ямар цаг хугацааг хамаарч байгаа нь тодорхойгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 2.2.-т “...зээлийн хүүг хувьсах хүүгээр тооцно, ...хувьсах хүү нь банкны суурь хүүнд үндэслэгдэнэ...” гэж, 2.3.-т “банк нь жил бүрийн 6, 12 дугаар саруудад зээлийн хувьсах хүүг Банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, суурь хүүд өөрчлөлт орсон тохиолдолд дараагийн хуанлийн хагас жилд мөрдөх зээлийн хүүг тогтоож, дараа сарын 01-ний өдрөөс мөрдөнө.” гэж тохиролцжээ.

Талууд гэрээ хийсэн 2014 онд банкны суурь хүү 16.5% байсан тул зээлийн хувьсах хүүг жилийн 20.5%-иар тохирсон байна. Харин 2015, 2016 оны 6, 12 дугаар саруудад банкны суурь хүү болон зээлийн хувьсах хүү өөрчлөгдсөн эсэх, энэ тухай хэрэгт баримтгүй байхад нэхэмжлэгчийн  “зээлийн хүүг жилийн 18 хувиар буюу сарын 1.5%-иар тооцож нэхэмжилж байна” гэх тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч нь авсан зээлийг төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэл тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01699 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2318 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 853 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД