Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/01236

 

2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ..

Нэхэмжлэлийн шаардлага: Д...гийн хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, 2020 оны 9 дүгээр сараас хойш ... талбайг түрээслэн олж болох байсан орлого 16,431,136 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн 250,000 төгрөг, зөвшөөрөлгүй хана нураасныг битүүлэхэд гарах зардал 828,836 төгрөг, нийт 17,509,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...,

Хариуцагч Д...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бархассүрэн,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ...ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Манай компани Баянгол дүүргийн.... дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /.Энхтайваны өргөн чөлөө гудамж хаягт байрлах .... дугаар байрны 1 давхрын ... дугаартай үйлчилгээний зориулалттай 81 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Хариуцагч Д... нь ... тоотын залгаа орших ... тоотыг өмнө нь манай компанид удирдах албан тушаал хашиж байсан иргэн М....аас цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхээр худалдан авсан ба ийнхүү 2 иргэний хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах хэлцэл хийгдсэний дараа Д... нь худалдан авсан талбайдаа хэмжилт хийлгэхэд 9,69 м.кв дутуу байсан учир зөрүү төлбөрийг төл гэж шаардахад М.... нь ...ХХК-ийн өмчлөлийн ... тоот талбайг ... тоот талбайн зөрүүг оролцуулан худалдан авах санал болгоход Д... хүлээн зөвшөөрсөн байдаг. ...ХХК-ийн удирдлагын зүгээс дээрх хэлцлийг хүлээн зөвшөөрөөгүй, гэрээ байгуулаагүй байхад Д... нь дур мэдэн ... тоот талбайн хийцэд өөрчлөлт оруулан, өөрийн цэцэрлэгтэй нэгтгэж ...ХХК-ийн өмчид хууль бусаар халдсан үйлдэл гаргасан. Д...г талбайг суллахыг бид утсаар болон бичгээр удаа дараа шаардаж байсан боловч манай компанийн эрх ашгийг хохироож, талбайг суллаж өгөлгүй 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл суллаагүй. Тус талбайн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд 1 сарын түрээс 1м.кв түрээсийн дундаж үнэ 17,276 төгрөг буюу сард 1,399,356 төгрөг болох юм. Энэ нь Д... ... талбайг суллаж өгөлгүй 11 сар 23 хоногийн хугацаа өнгөрч, манай компани тус талбайг түрээслэн олж болох байсан нийт 16,431,136 төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа учир энэ мөнгийг хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн 250,000 төгрөгийн хамт шаардаж байна. Мөн Д... нь манай өмчлөлийн ... талбайг хууль бусаар эзэмших хугацаандаа өөрийн өмчлөлийн ... байрны залгаа ханыг нурааж хаалга гаргасан. Тус хаалгыг авч ханыг битүүлэхэд шаардлагатай материал, ажлын зардлын төсвийг мэргэжлийн төсөвчнөөр хийлгүүлэхэд 828,836 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж, нийт 17,509,972 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, өөрийн өмчлөлийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д...гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа.

Хариуцагч талаас 14.946.000 төгрөгийг ... байрны урьдчилгаанд өгсөн гэж ярьж байна. Энэ нь өмнө н....аас худалдаж авсан ... тоот болох 162.07 мкв үл хөдлөх хөрөнгөнд зөрүү гарсан 9.69мкв зөрүүгээс үүссэн мөнгө. Өөрөөр хэлбэл н.... Д... нарийн хооронд урьд өмнө хийгдсэн гэрээний зүйлийн доголдолтой холбоотой шаардах эрх буюу манай нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Энэ төлбөрөө Д... нь н....аас иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой. Манай компанитай хамааралгүй гэж үзэж байна. Аман хэлэлцээр хийсэн би хууль ёсны өмчлөгч мөн гэж хариуцагч хэлж байна. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь гэрээ байгуулаад нотариатаар гэрчлүүлээд улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн эрх шилждэг. ...гэв.

2.Хариуцагч Д... нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компанийн барьсан ...ы ... тоот байрыг ... захирлын эхнэр, ...ХХК-ийн гүйцэтгэх захирал ...аас худалдан авсан ба тухайн байрны талбай нь гэрчилгээн дээр бичсэн хэмжээнээс 9,69 м.кв-аар дутуу болох нь ... ХХК-ийн албан ёсны хэмжилтээр батлагдсан. Иймд ...аас байрны зөрүү талбайд төлсөн 14,947,000 төгрөгийг би буцаан авах хүсэлтээ хэлэхэд тухайн үед ...ХХК-ийн гүйцэтгэх захирал М.... нь талбайн зөрүү мөнгийг буцааж өгөх боломжгүй тул дараагийн байрнаас 9,69 м.кв талбайг надад зарсанд тооцуулан, залгаа байрлалтай ... тоот байрыг авахыг хүсэж, тухайн байрны урьдчилгаанд 14,947,000 төгрөгөө тооцож, үлдсэн мөнгөө 2 жилийн хугацаанд хуваан хүүгүйгээр төлөхийг санал болгосон. Би зээлтэй бөгөөд нэмж авсан байранд засвар хийх мөнгөгүй тул боломжгүй байгаагаа хэлсэн. Мөн тухайн маргаан бүий байр өөрийн гэсэн тогны монтаж, дулааны шугам сүлжээ гэх юу ч байхгүй, шал нь цөмөрч, доод давхрын гаражийн машинууд харагддаг ийм аймар зүйлийг би авч чадахгүй, засвар нь дийлдэхгүй гэхэд ... би танд байрны засварын мөнгө өгье, та өөрөө засаад авчих гэхэд нь зөвшөөрч, миний Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1,470,000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ мөнгөний зарцуулалтыг инженер ...эд өгсөн. Тус байранд склад маягаар хураалттай байсан барилгын элдэв материал, хог зэргийг ...ХХК-ийн ажилчид цэвэрлэн, инженер ... хана даацын аль хана дүүргэлтийн болохыг хэлж, хоёр байрыг нийлүүлэх ханаа хаана цоолохыг зөвлөсний дагуу цоолж, орц гарцыг зохицуулахын тулд өөрийн хуучин байраа эвдэж засвар хийсэн. ... захирлын өгсөн мөнгө засварт хаанаа ч хүрэхгүй байсан тул өөрийн боломж, ах дүү найз нөхдийн дэмжлэгээр цэцэрлэг ажиллах стандартад нийцтэл тохижуулж, тавилга хогшил, хивс, хүүхдийн хөнжил гудас тоглоомуудыг хангалттай хэмжээгээр шинээр худалдан авч, сантехникийн цахилгаан холбооны шугам сэргээн засаж иж бүрэн камержуулсан. Засварын ажлыг хийж байх явцдаа би худалдах, худалдан авах бичгийн гэрээгээ хийхийг дахин дахин шаардахад ... захирал намайг ... инженертэй уулзаж гэрээгээ хийгээрэй гэсний дагуу би ... инженертэй хэд хэдэн удаа утусаар ярьсан ба тэрээр хөдөө томилолтоор ажиллаж байна, очмогцоо таны гэрээг хийж өгнө гэснийх нь дагуу хүлээсээр өдийг хүрсэн. ...ХХК-иас гэрээ хийхээр ирсэн болон утсаар ярьсан нэг ч хүн байхгүй. Хэдэн төгрөг, ямар данс руу шилжүүлэх талаар гэрээ байхгүй тул би мөнгө шилжүүлэх боломжгүй. Гэтэл гэнэт нэхэмжлэгч компанийн захирлын хүү ... 2021 оны 2 дугаар сард уулзаж, манай ээж танд хямд зарсан байна. Аав бид хоёр тэр үед ээжид зөвшөөрөөгүй байхад тантай тохирсон байна. Иймд бид байрны үнээ нэмэн гэрээ хийх, эсвэл байраа буцаан авна гэсэн. Би гэрээг үнэ нэмэлгүй ... захиралтай тохирсон хэвээр хийхийг хүссэн боловч ... зөвшөөрөөгүй. Биднийг засвар хийж дуусах 10 сарын үеэр Монгол улсад цар тахлын онцгой байдал зарлагдан улс даяараа бүх үйл ажиллагаа хаагдсан тул гэрээ хийснээс хойш 2 жил гээд ярилцаж тохиролцсон зүйл байгаа. Тухайн үед улс даяар бүх банкууд төлөлтөө зогсоож, байгууллагуудыг түрээсээс чөлөөлж, эх оронч санаачлагууд өрнөж бард иргэддээ дэмжлэг үзүүлж, хүнд үед байсан болохоор цэцэрлэгээ өргөжүүлсэн ч хүүхдийн тоо нэмүүлж чадаагүй бөгөөд 2 сард өргөжүүлэх хүсэлтээ холбогдох байгууллагад өгөхөөр бэлдэж байх үед маргаан үүссэн тул бид хүүхдийн тоо нэмүүлэх зөвшөөрлөө аваагүй хойшлуулсан. Мөн бид энэ ... байранд ажиллаагүй бөгөөд авсан ... байранд ч хөл хорионоос болж ажиллаагүй тул бидэнд төлөлт хийх орлого ороогүй байсан. Энэ тухай нэхэмжлэгчээс ирсэн мэдэгдэлд 2021 оны 3 дугаар сарын 21-ний хариу бичигт маш дэлгэрэнгүй бичсэн ба тус компани манайд учруулсан хохирлоо эртхэн төлөөд энэ байраа авч худалдан борлуулах, түрээслэх бүрэн боломжтой байсан.

Би аман хэлэлцээр хийгээд бичгэн хэлбэрээр гэрээ байгуулахыг хүлээж байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43.1 д заасны дагуу би аман хэлэлцээр хийгээд байраа худалдан авсан. Үлдсэн мөнгөө би 2 жилийн хугацаанд хувааж төлөхөөр гэрээгээ хүлээж байхад гэнэт үнээ нэмсэн. Урьдчилгаа төлөөд засвар хийгээд, эдний ажилчидтай хамтраад тохижуулсан байрандаа байгаа. ...,-оос ... байрны дулаан цахилгааныг салгаад ав гэхээр эдний зарснаа батлаад нэг тоолууртай болгоод холбочихсон. Тооцоо бүх зүйл нь хамт бодогддог. Би урьдчилгаагаа өгсөн, аман хэлэлцээр хийсэн, эдний компанийн хүмүүс надтай хамтарч ажилласан. Мессеж бусад баримтаар нотлогдож байдаг. Цаашид үлдсэн мөнгөө хэзээ яаж төлөх, гэрээгээ байгуулах хэрэгтэй байгаа.... ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй. Байрны үнэ өссөнтэй холбоотой нэхэмжлэл гаргасан...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор ... ХХК-ийн Үнийн мэдээлэл гаргах өгөх тухай 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 21/21 тоот албан бичиг /хх-7/, ...ХХК-иас ... ХХК-д 250,000 төгрөг төлсөн төлбөрийн баримт /хх-8/, ...ХХК-иас Д...д Шаардлага хүргүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/294 тоот албан бичиг /хх-9/, мөн адил агуулга бүхий 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2021/240 тоот албан бичиг /хх-10/, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/237 тоот албан бичиг /хх-11/, Д...гаас 2021 оны 7 дугаар сарын 29, 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус тус ...ХХК-д Шаардлага, мэдэгдэлд хариу өгөх тухай бичиг /хх-12-15/, иргэн Д....гийн гаргасан Төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэх хүснэгт бүхий баримт /хх-32-36/, ...ХХК-ийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-5, 43-45/, ...ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө гудамж.... байр, 1 давхрын ... тоот хаягт байршилтай .. м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-46/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан бол хариуцагч шүүхэд гаргасан.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа нотлохоор: Д...гийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь дансны хуулга /хх-72/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-73-74/, ... ХХК-ийн хийсэн үйлчилгээний талбайн хэмжилт-ийн тайлан /хх-75-78/, ... ХХК-ийн ...цэцэрлэгт гаргасан 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/021 тоот албан тоотын хариу /хх-101/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

5.Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/04419 дүгээр захирамжаар хариуцагч Д...гийн гар утасны цахим захидалд шүүхийн журмаар үзлэг хийж, фото зургаар бэхжүүлсэн /хх-104, 107-132/, мөн захирамжаар иргэн М....ыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн гэрч нь Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан /хх-143/ тул гэрчээр асуугаагүй болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэгч ...ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ ...Д... нь ...ХХК-ийн өмчлөлийн маргаан бүхий ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс худалдаж авахаар тохиролцож, өмчлөгчийн зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа, үүнээс шалтгаалан ...ХХК-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө ашиглан орлого олох боломжгүй болж хохирч байгаа учир өмчлөх эрх зөрчигдсөн 11 сар 23 хоногт бусдад түрээслүүлэн олох байсан орлого 16,431,136 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 250,000 төгрөг, мөн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хана нураасан тул түүнийг засварлахад гарах зардал 828,836 төгрөг, нийт 17,509,972 төгрөгийг Д...гаас гаргуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д...гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Маргаан бүхий ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагын захирал ...ын эхнэр ...тай аман хэлбэрээр хэлцэл хийж, худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт ...аас өмнө худалдаж авсан ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ын зөрүү буюу дутуу 9,69 м.кв-ын үнэ 14,947,000 төгрөгт тооцохоор болж, нэхэмжлэгч байгууллагын ажилтнуудын зөвлөсний дагуу хана цоолж хаалга гарган эзэмшиж, ашиглаж байгаа учир үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч мөн. Тиймээс нэхэмжлэгч бусдад түрээслүүлэх шаардлагагүй, хаалгыг буцааж битүүлэх шаардлагагүй, эдгээрийг хийхэд гарах зардал болон олох байсан орлого, үнэлгээ хийлгэсний хөлс зэргийг Д... хариуцахгүй, ... тоот талбайг шударгаар өмчилж эзэмшиж байгаа учир хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, ...ХХК-ийн дүрэм болон гэрчилгээ, ...ХХК-иас Д...д шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн албан бичгүүд, Д...гаас тэдгээрт өгсөн хариу, шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн хариуцагч Д...гийн цахим захидал, ... ХХК-ийн үйлчилгээний тайлбайн хэмжилт хийсэн тайлан зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч ...ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М....ыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс тус компанийн захирлаар Д.... бүртгэгдсэн байна.

4.2.Хариуцагч Д... нь 2020 оны 7 дугаар сард иргэн М....аас түүний өмчлөлийн Баянгол дүүргийн...дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө гудамж .. байр, .. давхрын ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан бөгөөд уг хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

4.3.Харин нь Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө гудамж .. байр, ..давхрын ... тоот хаягт байршилтай .. м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч ...ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь тус компанид 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон .. дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь Баянгол дүүргийн .дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө гудамж ..байр, 1 давхрын ... тоот хаягт байршилтай ..м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д... өмчлөх, эзэмших эрхтэй эсэх, ...ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д... бодитоор худалдаж авсан эсэх, нэхэмжлэгч нь олох байсан орлого, нураасан гэх хаалгыг битүүлэх зардлыг шаардах эрхтэй эсэх, ... гэх иргэн ...ХХК-ийг төлөөлөн тус компанийн өмчлчөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан бол, маргаан бүхий ... тоот талбайн хажуугийн ... тоот талбай иргэн М....ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байсан ба хариуцагч Д... нь уг үл хөдлөх эд хөрөнгийг М....аас худалдаж авснаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, мөн маргаан бүхий ... тоот үл хөдлөх эд хөрөнгө нь ...ХХК-ийн өмчөллд бүртгэлтэй, Д...д уг үл хөдлөх эд хөрөнгийг зарсан гэх М.... нь ...ХХК-ийн захирал ...ын эхнэр, хариуцагч нь М....аас худалдаж авсан ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн талбай тохирсноос 9,69 м.кв-ын зөрүү гарсан, мөн ... тоот үл хөдлөх эд хөрөнгө нь одоо Д...гийн эзэмшилд байгаа, ... болон ... тоотын хоорондын ханыг нурааж, жижиг хаалга гаргасан зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6.Хариуцагч Д... нь ...ХХК-ийн захирлын эхнэр М....тай худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр хийсэн, улмаар төлбөрийн урьдчилгааг тохиролцсон зэргээр тайлбарлах боловч маргаан бүхий ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ...ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй тохиролцсон гэж үзэхээр байна.

7.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Гэтэл хариуцагч Д... нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж тус тус заасныг зөрчиж, маргаан бүхий ... тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийг төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу ...ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.

8.Иймд нэхэмжлэгч ...ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Д...гийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт тооцсон гэх 14,947,000 төгрөг нь иргэн М.... болон Д... нарын хооронд Баянгол дүүргийн...дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө гудамж ....байр, 1 давхрын ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой учир ...ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

9.Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох маргаан бүхий ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрөө эзэмшиж байсан бол бусдад түрээслүүлэн олох байсан орлого 16,431,136 төгрөг, тухайн түрээсийн зардал тооцож гаргасан буюу үнэлгээ хийлгэсний ажлын хөлс 250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал: нэхэмжлэгч ...ХХК нь бусдад үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаггүй, мөн үнэлгээ тогтоосон ... ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр түрээсийн зардлыг тооцож гаргасан байх боловч уг үнэлгээ нь маргаан бүхий ... тоот үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй ...оос өөр байрлал бүхий үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үнэлгээг заасан буюу нэхэмжлэгчийн бодитоор олох байсан орлого гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Нэхэмжлэлийн сүүлийн шаардлага нь Д... өөрийн өмчлөлийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгөөс ...ХХК-ийн өмчлөлийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн ханыг нурааж, хаалга гаргасныг битүүлэхэд гарах зардалд 828,836 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Хариуцагч нь тухайн ханыг нураасан үйл баримтын талаар маргахгүй боловч нэхэмжлэгч талын ажилтнуудын зааж зөвлөсний дагуу ханыг нураасан гэж тайлбарлан маргасан.

Зохигчдын гаргасан тайлбараар хана нураасан болох нь тогтоогдсон хэдий ч тийнхүү хана нураасныг засварлахад гарах зардал 828,836 төгрөгийн үнэлгээг төсөвчин гэх иргэн н.... гаргасан байгааг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй, уг зардлыг бодит зардал гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч ...ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, уг нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 336,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө гудамж ... байр, 1 давхрын ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д...гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Д...гаас 17,509,972 төгрөг гаргуулах тухай ...ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 336,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА