Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/шш2022/01516

 

2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/0000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ....

Нэхэмжлэлийн шаардлага:

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, .... хаягт байрлах ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т...., Т.... нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С....гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашиг орлогоос 110,000,000 төгрөгийг Т...., Т.... нарт гаргуулах,

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн ....  м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т...., Т.... нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С....гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол ... тоот дахь 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т...., Т.... нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С....гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: П.....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С...., Д....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Т...., Т.... нарын хууль ёсны төлөөлөгч П..... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

Миний бие П..... нь талийгаач С....тэй 2008-2018 он хүртэл хамтран амьдарч, 2 хүүхдийн аав, ээж болсон. С.... нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Охин Т.... 2014 оны 6 дугаар сарын 22-нд төрсөн 6 настай, хүү Т.... 2016 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн 4 настай. Хүү Т.... 2016 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн 4 настай хүүхдүүд минь ээжээсээ өнчин хоцорч одоо аавтайгаа хамт амьдарч байна. Ээж нь амьд сэрүүн байхдаа хүүхдүүддээ үлдээсэн эд хөрөнгийг бүгдийг хуурамч бичиг баримт үйлдэн эгч С.... нь хүүхдүүдийг бага насны юу ч ойлгохгүй мэдэхгүйгээр далимдуулан ээжээс нь өвлөж авах ёстой хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байх тул төрсөн аавынх нь хувьд хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагчийнх нь хувьд С....гаас нэхэмжилж байна. Талийгаач ходоодны хорт хавдар элгэнд үсэрхийлсэн үе эцсийн шатандаа орж, биеийн байдал маш муу, бараг юу ч мэдэхгүй ямар үйлдэл хийхээ ч мэдэхгүй байх үед С.... нь бүх хөрөнгийг нотариатч авч очиж өөрийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлэглэлийн гэрээгээр бүх хөрөнгийг өөрийн нэр дээр өмчлөлд шилжүүлж авсан байна. Хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан Хан-Уул дүүргийн... орон сууцыг авч авч хүүхдүүдтэй орох гэж нэхэмжлэл гаргасан боловч мөн бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд авсан байсныг мэдэж авсан. Энэ байдлаас үүдээд хүүхдүүд хуулийн дагуу ээжээсээ өвлөгдөх хөрөнгийг ч өвлөж авч чадахгүйд хүрч бага насны хүүхдүүд хохирч байна.

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгийн тодорхойлолтод талийгаач С....г хорт хавдрын элгэнд үсэрхийлсэн, цаашид эмчилгээ хийх боломжгүй гэсэн байхад 2018 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд ухаан санаа нь тогтворгүй болсон, өөрийн үйлдлээ хянах чадваргүй байсан гэж эмчийн бичиг хийсэн байсны маргааш, нас барахаас 7 хоногийн өмнө бэлэглэлийн гэрээнүүдийг яаран хийсэн байгаа ба талийгаач ямар үйлдэл хийж байгаагаа мэдэх сөхөөгүй хүнд нөхцөлтэй байхад нь бэлэглэлийн гэрээ хийсэн ба олон удаа хүчтэй мансууруулах төрлийн тариа, өвчин намдаах эм тариа хийж, тариагаар тогтоож байсан үед, эрх зүйн чадамжгүй үед нь бэлэглэлийн гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно гэж үзэж байна. Үүний улмаас миний хүү Т.... нь дауны синдром оноштой, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг хүү ээжээсээ үлдээсэн хөрөнгийг өвлөх эрхгүй болж хохирч байна. С.... нь бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн газарт хуурамч бичиг баримт бүрдүүлэн охин Т....г ээж нь бэлэглэлийн гэрээгээр өмчлөгчөөр нэмж оруулсан бөгөөд бэлэглэгчийн өргөдөл, хүсэлтийг нуун дарагдуулж, охины нэрийг хасуулж, зөвхөн С.... нь 1 иргэний өмчөөр бүртгүүлж, дангаараа ганц өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Иймд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн ....  талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т...., Т.... нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С....гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашиг орлогоос 110,000,000 төгрөгийг Т...., Т.... нарт гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн ...  м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т...., Т.... нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С....гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн .... м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т...., Т.... нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С....гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын 110,000,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж байна. Учир нь ...ийг шүүгчийн захирамжаар битүүмжилж, үзлэг хийлгэсэн. Хариуцагчийн өмгөөлөгч Т.... мэдэхгүй л дээ. Тухайн объект 1 давхартай бөгөөд 2 хаалгаар ордог. Үйл ажиллагаа явуулдаг олон компаниуд бий. Тухайн өдөр надруу дайрч авирласан. Тэр компанийн үйл ажиллагааг ариутгал хийж байна гээд гаргасан байсан. Ийм учир тухайн объектоор н...., С.... нар амьдралаа залгуулж байгаа нь үнэн болно. Тийм учир 110,000,000 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч хариу тайлбартаа П.....ыг эцэг нь биш, хамт амьдарч байгаагүй гэжээ. Асран хамгаалахтай мөн маргаж байгаа. Өв хөрөнгө авахын тулд л ийм үйлдэл гаргаж байна. Энэ бүгд бодит байдалд нийцэхгүй. 2 хүүхдийг төлөөлөх эрхтэй болох нь тогтоогдож байгаа. Үүнийг няцаасан баримт хэрэгт авагдаагүй. Манай талаас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа ба бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулгыг мөн гаргаж байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн хүчинтэй гэрээг ямар тохиолдолд хүчингүйд тооцохыг зохицуулсан. Иймээс бэлэглэлийн хүчинтэй гэрээг хүчингүй болгох гэхээс илүү шүүх хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хэмжээг агуулж байна гэх талаас дүгнэж өгөөсэй хүсэж байна. Т...., Т.... нар нь Д.... өмгөөлөгчийн хэлснээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч мөн бөгөөд Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3 дахь хэсэгт зааснаар гэрээслэл, Улсын бүртгэлийн газарт талийгаачийн гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг агуулгыг харвал бүх эд хөрөнгөө эгчдээ гэрээсэлж үлдээж болохгүй буюу насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй этгээдэд заавал эд хөрөнгө үлдэх ёстой. Мөн Иргэний хуулийн 277 дугаар зүйлд зааснаар талийгаачийн эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлах зохицуулалт бий. 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй бөгөөд П.....ын охин Т...., Т.... нарт байх бүх эд хөрөнгийг бэлэглэсэн тул энэ нь агуулгын хувьд хүчин төгөлдөр бусд тооцох хэлцлийг харуулж байна. Амьжиргааны наад захын хэрэгцээ буюу байрыг бүгдийг нь бэлэглэсэн байгаа нь уг зохицуулалтыг зөрчиж байх тул шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Т....гийн хувьд тухайн хэлцлийг хийхэд ямар нэг хүсэл зоригоо илэрхийлэх боломжгүй, чадамжгүй. Түүний өмнөөс талийгаач Н.... илэрхийлсэн. Т.... оролцсоноор уг хэлцлийг шүүх хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх талаар дүгнээсэй гэж хүсэж байна. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөр байгаа тул үүнд тус тусад нь дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч С.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П..... нь ...гийн эцэг хэдий боловч талийгаач ээж С....гийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Учир нь миний дүүг амьд байхад нь П..... огт үзэгдэж харагдаагүй бөгөөд нас барснаас хойш хүүхдүүдэд хайртай эцэг болон хувирсан юм. Миний дүү өөрийн эд хөрөнгийг өөрийн хүсэлтээр, хэний ч нөлөөнд автахгүйгээр сайн дурын үндсэн дээр бэлэглэлийн гэрээнүүдийг хийж, төрсөн эгч надад үлдээсэн юм. Дүүгийн маань өвчний хажуугаар шаналгаж байсан нэг зүйл бол зээл байсан. Хамгийн сүүлд Ц....ээс 89,000,000 төгрөгийг зээлсэн байсан. Дүүгийнхээ өр зээлийг би өөр дээр аваад өнөөдрийг хүртэл өр зээлийг нь төлж байгаа. Миний бие зээлүүдийг төлж уг хөдлөх хөрөнгүүдийг зээлээс нь чөлөөлж байсан. 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ц....д Баянгол дүүргийн... байрыг худалдсан. Талийгаач дүү маань өөрөө эрх зүйч мэргэжилтэй, ямар гэрээгээр юугаа шилжүүлэхийг өөрөө мэднэ. Харин П..... гэгч нь миний дүүтэй эхнэр, нөхрийн харьцаагүй, оршуулгын ажилд нь нэг ч төгрөг төлөөгүй, хүүхдүүдийг авчихаар хөрөнгөтэй болно гээд ойлголттойгоор өнөөдрийг хүртэл явж байгаа бололтой юм. Хаа явсан газраа хөрөнгүүдийг авсан, аль миний хөрөнгө гэх мэтээр намайг гудамжинд маш их дарамталж байгаа болно. Миний хувьд өөрийн үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу бэлэглэлийн гэрээний үндсэн дээр авсан байгаа тул эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлөх болон хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна. П..... нь нэхэмжлэх эрхгүй этгээд бөгөөд бидний амьдралд хөндлөнгөөс оролцоод байгаа асуудлыг таслан зогсоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжилж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуурамч бичиг баримт үйлдэж авсан мэтээр бичсэн байна. С....г нас барсан цагаас хойш энэ этгээд хүүхдүүдийн эцэг байна гэж орж ирээд, хөрөнгө яриад шүүхүүдээс намайг салгахаа больсон. Насанд хүрээгүй хоёр хүүхдүүдийн өмнөөс итгэмжлэлгүйгээр маргаад байгааг огт ойлгохгүй байна. Харин ч уг этгээдийн ямар хөрөнгийг бид авсан болохыг нотлох хэрэгтэй байна. П..... гэгчид би өөрийн хөрөнгийг хэзээ ч өгөхгүй гэдгийг ахин дахин тайлбарлаж байна. Бид албан ёсны хүргэн гэж энэ хүнийг мэдэхгүй. Дүүг нас барснаас хойш хөрөнгөтэй хүүхэн байна, хүүхдүүдийг нь овоглоод өөр дээрээ авчихвал хөрөнгүүдийг авна гэж ойлгосон бололтой. Дүү маань амьд сэрүүн, өөрийн ухаантай байхдаа хөрөнгүүдийг надад бэлэглэсэн нь хэн ч ямар ч хууль зөрчөөгүй болно. Харин П..... нь миний хөрөнгүүдийг судалж авах, намайг мөрдөж мөшгих, насанд хүрээгүй ...гийн өмнөөс өөрт хамааралгүй нэхэмжлэл гаргаж, дахин хоёр дахь хүүхдийг оруулах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. П..... нотариатын танхим, цагдаагийн байгууллага, улсын бүртгэлийн газар зэрэгт миний дүүгийн нөхөр гэж өөрийгөө худал мэдүүлээд яваад байгаа юм. Би эн хүнийг хэзээ ч танихгүй, намайг ... овогтой ... гэдэг хүүхдийн эцэг мөн гээд хэлээд өгөөч гэж гуйсаар байгаад надаар худал мэдүүлэг өгүүлж, дүүг нас барснаас хойш л сайн дураараа хүүхдийн эцэг байна гээд байгаа. Далд санаа нь бидний ээжээс минь улбаатай хөрөнгийг авах гэсэн санаа зорилго илтэд байгаа болно. Хүүхдүүдийг авах гээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шинжээчид томилуулахад П..... нь хөрөнгөтэй тайван амьдарч байна гээд байдаг юм. Гэтэл энэ бүхэн худал хуурмаг зүйл гэдгийг сайтар ойлгох боллоо. Үл хөдлөх хөрөнгийн эзэн С.... намайг үл хөдлөх хөрөнгөөс албадан гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд надад бэлэглэлийн гэрээгээр хөрөнгүүдийг шилжүүлсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. П.....аас хоёр дүүгээ авах чин хүсэлт байна. Хариуцагч миний үл хөдлөх хөрөнгүүдийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, албадан чөлөөлүүлэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г....аас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Миний нагац эгч С.... нь амьд сэрүүн байхдаа намайг дуудаж өөрийнхөө амаар Баянгол дүүрэг .... м.кв 2 өрөө орон сууцыг шилжүүлэх тухайгаа мэдэгдэж байсан юм. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон юм. Өнөөдрийг хүртэл өөрийн үл хөдлөх хөрөнгөн дээр амьдарч байна. Миний үл хөдлөх хөрөнгө нь П..... гэгч нь хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. П..... гэгчийг бид нар огт танихгүй. Сүүлд сонсоход өөрийн гэсэн амьдралтай, албан ёсны эхнэртэй, Б.... гэдэг гэсэн, гурван хүүхэдтэй атлаа миний талийгаач эгч С....гийн өнчин хоёр хүүхдүүдийг С.... эгчээс минь булаагаад авсан гэдгийг мэдэх болсон. П..... нь эгч С....гээс ямар нэгэн итгэмжлэл байхгүй, миний эмээ ...ын үл хөдлөх хөрөнгүүдийг минийх гэдэг нь хуулийн үндэслэлгүй болно. Мөн дүү ...г Эрдэнэт хотод бөөсдсөн байхад нь С.... нь олж авсан тухай сонсож байсан болно. П.....аас бид нар ямар ч хөрөнгө аваагүй, миний үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Талийгаач маань нас барахын өмнө өр зээлтэй байсан учраас хүүхдийг үл хөдлөх хөрөнгийн нэр дээр оруулаагүй, харин эгч С.... өрийг нь төлж барагдуулж байгаа болно...гэжээ.

4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардах эрхээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцсэн дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

Нэгдүгээр хавтаст хэргийн 12 дугаар талд талийгаач С....гийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Нэгдүгээр хавтаст хэргийн 13, 14 дүгээр талд охин Т...., хүү Т.... нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Нэгдүгээр хавтаст хэргийн 11-16 дугаар талд маргаан бүхий 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд, гэрээнд хавсаргасан Т....гийн төрсний гэрчилгээ, С...., С.... нарын иргэний үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүүлсэн хуулбар;

Нэгдүгээр хавтаст хэргийн 20-22 дугаар талд Хавдар судлалын үндэсний төвийн хуулбар үнэн тэмдэгтэй С....гийн өвчний түүхийн хуулбар;

Нэгдүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Т.....д Хариу өгөх тухай 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 366 дугаар албан бичиг;

Нэгдүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар талд ... охины ээж ...-ээс Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд гаргасан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Нэгдүгээр хавтаст хэргийн 59, 60 дугаар талд Нотариатч Ц.... үйлдэж, өмгөөлөгч Ө...., эгч С...., үйлчлүүлэгч С.... нар байлцсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн нотариатчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Нэгдүгээр хавтаст хэргийн 65 дугаар талд С....гийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар уламжлан Дүүргийн засаг даргад гаргасан өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Нэгдүгээр хавтаст хэргийн 123 дугаар талд П....., Б.... нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа;

Нэгдүгээр хавтаст хэргийн 124, 125 дугаар талд С....гийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолтын хуулбар (Шүүхийн тамгын газрын тэмдэг дарагдсан);

Нэгдүгээр хавтаст хэргийн 158-161 дүгээр талд Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/1172 тоот Өргөдлийн хариу, ... овогтой ...гийн өвчний түүх, эмчлүүлэгчийн дэвтрийн хуулбар (Хавдар судлалын үндэсний төвийн архивын Хуулбар үнэн тэмдэгтэй);

Нэгдүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар талд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01844 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Нэгдүгээр хавтаст хэргийн 164 дүгээр талд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Б....ийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт эхээр;

Хоёрдугаар хавтаст хэргийн 213, 216 дугаар талуудад Т....гийн сургуулийн тодорхойлолт, Т....гийн эрүүл мэндийн талаарх Баянгол дүүргийн ... Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт;

Хоёрдугаар хавтаст хэргийн 214 дүгээр талд Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн тодорхойлолт;

Хоёрдугаар хавтаст хэргийн 215, 216 дугаар талуудад Т....ы цэцэрлэгийн тодорхойлолт, эрүүл мэндийн талаарх Сонгинохайрхан дүүргийн ... Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт;

Хоёрдугаар хавтаст хэргийн 221 дүгээр талд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/05793 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Хоёрдугаар хавтаст хэргийн 222, 223 дугаар талуудад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4257 дугаар Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2788 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд;

Хоёрдугаар хавтаст хэргийн 224-227 дугаар талд Фото зургууд;

5.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцсэн дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

Нэгдүгээр хавтаст хэргийн 138 дугаар талд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ...  тоот, П.....д холбогдуулан, эцэг тогтоолгох тухай С....гийн гаргасан нэхэмжлэлд Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 4 дүгээр талд 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн С....гийн гар бичмэл бүхий Гэрээслэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 7, 8 дугаар талуудад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Ц...., С...., С.... нарын хооронд хийгдсэн Өр шилжүүлэх гэрээ, зээл төлөлтийн хүснэгтийн эх хувь;

Гуравдугаар хавтаст хэргийн 9, 10 дугаар талуудад ... ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Үйлчилгээний захиалгын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 11-13 дугаар талд С....гийн... ХХК-тай байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 14-21 дүгээр талд С....гийн Голомт банк ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн тооцоо зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 22-25 дугаар талд С....гээс... ХХК-д орон сууцны төлбөр төлсөн төлбөрийн баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр талд С....гийн Ц....тэй 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 34-35 дугаар талд С....гийн гомдолд хариу өгөх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/9445 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1658 тоот албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 36 дугаар талд С....гийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 37-39 дүгээр талд фото зургууд;

Гуравдугаар хавтаст хэргийн 40 дүгээр талд Баянгол дүүргийн...  м.кв талбайтай, ... дугаарт бүртгэгдсэн, ... тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 41 дүгээр талд Баянгол дүүргийн .. м.кв талбайтай, ...дугаарт бүртгэгдсэн, ... тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 42-45 дугаар талд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00706 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 46-50 дугаар талд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 51-52 дугаар талд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ...  дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Гуравдугаар хавтаст хэргийн 53-61 дугаар талд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1279 дугаар, мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2069 дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

6.Нэхэмжлэгч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

6.1.Шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2021/10524 дүгээр захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л...., Ц.... нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, тэднийг гэрчээр асууж, тэмдэглэлийг нотлох баримтаар бэхжүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 112, 144-156/

6.2.Шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2021/11561 дүгээр захирамж гарган, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн дэлгэрэнгүй лавлагаа болон өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой гаргаж өгсөн баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 172-245, 2 дугаар хавтаст хэргийн 1-73/

6.3.Шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2022/02377 дугаар захирамжаар маргаан бүхий Баянгол дүүргийн ...  м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө дэх ...-д үзлэг хийхээр шийдвэрлэж, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийх ажиллагаа явуулан фото зургаар бэхжүүлсэн. /3 дугаар хавтаст хэргийн 88-89, 98-107/

7.Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

7.1.Шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2021/09889 дугаар захирамж гарган, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий Баянгол дүүргийн ... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай 44 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, нотлох баримтуудыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1638 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 106-107, 2 дугаар хавтаст хэргийн 74-208/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч П..... нь С....гаас Баянгол дүүргийн ....  м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашгаас 110,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Шүүх дараах үндэслэлээр Т...., Т.... нарын хууль ёсны төлөөлөгч П.....ын нэхэмжлэлээс Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Т...., Т.... нарыг тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, хариуцагч С....гийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч шаардах эрхээ С.... нь талийгаач С....тэй үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийг байгуулахдаа бэлэглэгчийг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон үед, эмнэлгийн байгууллагын дүгнэлтгүйгээр гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Мөн бэлэглэлийн гэрээнүүдээр бэлэглэгч нь С.... болон өөрийн охин Т.... нарт үл хөдлөх эд хөрөнгүүдийг бэлэглэсэн байхад С.... зөвхөн өөрийгөө өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа нь бэлэглэгчийг гомдооосон ноцтой үйлдэл болох тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар эдгээр гэрээнүүдийг хүчингүйд тооцож үл хөдлөх эд хөрөнгүүдийг бэлэглэгчийн хууль ёсны өвлөгчдийг өмчлөгчөөр тогтоохоор шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй боловч Т...., Т.... нарт үлдэх, амьжиргааны наад захын хэрэгцээ болсон байрыг бүгдийг бэлэглэсэн байгаа нь хууль зөрчсөн, Т.... тухайн хэлцлийг хийхэд ямар нэг хүсэл зоригоо илэрхийлэх боломжгүй, чадамжгүй байсан. Түүний өмнөөс талийгаач С.... хэлцэл хийсэн учир хүчин төгөлдөр бус болно. Иймд гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсны өвлөгч Т...., Т.... нарыг өмчлөгчөөр тогтоож, С....гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардана гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч П..... нь талийгаач С....гийн өмнөөс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхгүй, гэрээний нэг тал болох бэлэглэгчийг төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй учир нэхэмжлэх эрхгүй этгээд болно. Бэлэглэлийн гэрээнүүд хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд талийгаач олон хүнд өртэй байсан, уг үл хөдлөх хөрөнгүүдийг зээлээс нь чөлөөлж, төлөөгүй зээлийг одоо ч өмнөөс нь төлж байгаа. П..... насанд хүрээгүй хүүхдүүдийн өмнөөс итгэмжлэлгүйгээр маргаж байгаа нь ойлгомжгүй. Хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн, хууль ёсны өмчлөгч намайг үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй. Надад бэлэглэлийн гэрээгээр хөрөнгүүдийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэж маргасан байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх тухай гурван гэрээ, С....гийн нас барсны гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар ирүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэрэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрч Л...., Ц.... нарын тайлбар, Т...., Т.... нарын төрсний гэрчилгээ, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд, талийгаач С....гийн өвчний түүх, С....гийн Баянгол дүүргийн хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, нотариатчийн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Засаг даргад С....гаас гаргасан өргөдөл, П.....ын гэрлэлтийн гэрчилгээ, Т...., Т.... нарын сургууль, цэцэрлэгийн болон тэдний эрүүл мэндийн талаарх Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, С....гийн... ХХК-тай байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, С....гийн Голомт банк ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, Орон сууцны төлбөр төлсөн баримтууд, С....гийн Ц....тэй байгуулсан зээлийн гэрээ, болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Талийгаач С.... болон П..... нар нь Т...., Т.... нарын төрсөн эцэг, эх мөн бөгөөд С.... нь Хавдар судлалын үндэсний төвийн клиник эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ходоодны хорт хавдар, элгэнд үсэрхийлсэн, хөнгөвчлөх хими эмчилгээний дараах байдал, 4-р үе шат, Т4N1M1, хэвлийн усжилт, цус багадалт оношоор 20 хоног хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гараад 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ нас барсан байна.

4.2.С.... нас барахаас өмнө 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн төрсөн эгч, хариуцагч С.... болон өөрийн төрсөн охин Т.... нарт:

- Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ...дугаартай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

- Баянгол дүүргийн ..... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

- Баянгол дүүргийн ... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг тус бүр нь 100,000,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгүүдийг бэлэглэж, бэлэглэх болсон үндэслэлээ худдаа тусгай нөхцөл, болзол байхгүйгээр бэлэглэх хэмээн тодорхойлж, Нэмэлт нөхцлөөр: охин Т....г бэлэглэлийн гэрээгээр өмчлөгчөөр нэмж байгаа бөгөөд бэлэглэгчийн өргөдөл, хүсэлтийг гэрээнд хавсаргаж батлав гэж тусган, бэлэглэгч С...., бэлэг хүлээн авагч С.... нар гарын үсэг зурж, гэрээг Хавдар судлалын үндэсний төвийн клиник эмнэлэгт хийж, уг үйлдлийг нотариатаар гэрчлүүлэн, нотариатч энэ үйл баримтын талаар тэмдэглэл үйлдсэн байна.

4.3.Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүд байгуулагдсаны маргааш буюу 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч С.... нь гэрээнүүдийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр тэрээр бэлэглэлийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Улмаар 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр С.... нь Баянгол дүүргийн.... тоот, 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, 100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Г....т №1898 тоот Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр С.... нь өөрийн нагац дүү Г....т уг орон сууцыг үнэ төлбөргүйгээр бэлэглэв гэх үндэслэлээр бэлэглэж, одоо уг үл хөдлөх эд хөрөнгийг Г.... өмчилдөг, бусад хоёр үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч С.... өмчилж байна.

4.4.П....., С.... нар нь гэрлэлтээ Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин ....ын ... төрж, эцгээрээ овоглосон буюу Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эцэг эхийг захиргааны журмаар тогтоожээ.

Харин хүү Т.... нь эх С....гээр овоглосон, С....гийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар уламжлан дүүргийн засаг даргад гаргасан өргөдлийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс Хүүхдийн төв сувиллын асрамжид байж байгаад, П.....ын гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01844 дугаар шийдвэрээр П.....ыг хүү ...ы эцэг мөн болохыг тогтоож, хүүг түүний асрамжид байлгахаар шийдвэрлэжээ.

4.5.Т...., Т.... нар одоо эцэг П.....ын асрамжид сургууль, цэцэрлэгт хүмүүжиж байгаа болох нь сургууль, цэцэрлэгийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудаар тогтоогдсон.

5.Талуудын маргааны зүйл нь П..... маргаан бүхий Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах болон уг гэрээний бэлэглэгч тал болох талийгаач С....г төлөөлөх эрхтэй эсэх, бэлэглэлийн гэрээнүүд хүчин төгөлдөр, эсхүл хүчин төгөлдөр бус эсэх, хариуцагч нь бэлэглэгчийг гомдоох ноцтой үйлдэл гаргасан эсэх, гэрээг байгуулахад талийгаач С.... сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож байсан эсэх, Т...., Т.... нар гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоогдох эрхтэй эсэх, тэдгээр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.... хууль бусаар эзэмшиж байгаа эсэх талаар өөр өөрийн үндэслэл гаргаж маргасан.

Харин талууд маргаан бүхий Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийг талийгаач С....г эмнэлэгт Хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байхад нотариатч байлцуулан, гэрээг бичгээр байгуулсан, П..... нь Т....гийн төрсөн эцэг мөн, талийгаач ходоодны хорт хавдрын улмаас нас барсан, бэлэглэлийн гэрээнүүдэд Т....гийн нэрийг оруулж, Т....ы нэр ороогүй, талийгаач С.... нас барахаас өмнө хүүхдүүд эхийн асрамжид байсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй болно.

6.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт тус тус зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх бөгөөд хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ.

Маргаан бүхий бэлэглэлийн гэрээнүүдийг байгуулсан өдөр бэлэглэгч С....гээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гэрээний дагуу шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг ......ын ... болон 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин ....ын ... нартаа бэлэглэж байгаа тул охин Т....гийн нэрийг Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр оруулахаар хүсэлтийг гаргаж байна гэжээ. Уг өргөдөлд зурагдсан С....гийн гарын үсгийн үнэн зөвийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нотариатч гарын үсгийг гэрчилсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 58/

Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийн дагуу гэрээний зүйлүүд болох ..., ..., ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр С.... ганцаар бүртгэгджээ.

7.Нэхэмжлэгч хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба эхний үндэслэл нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэж тодорхойлон, хариуцагч С....г бэлэглэлийн гэрээний дагуу бэлэглэгчийн охин Т....г үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүйн улмаас бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж тайлбарласан.

Хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гол нөхцлийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тодорхойлсон бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх мөн зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн гомдоосон гэдэг нь агуулгын хувьд тухайн бэлэглэгчийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийснийг ойлгох тул хариуцагч С.... нь бэлэглэлийн гэрээний дагуу гэрээний зүйлүүдийг Т....тай хамтран өмчлөхөөр бус харин өөрөө өмчлөгчөөр бүртгүүлснээр талийгаач С....г хэрхэн гомдоосон гэж үзэж буй нь тодорхойгүй, бэлэглэгчийг, эсхүл бэлэглэгчийн хууль ёсны өвлөгчийг гомдоосон гэж үзэж буй эсэх нь ойлгомжгүй байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

8.Нэхэмжлэлийн шаардлагын дараагийн үндэслэл нь хариуцагч С.... талийгаач С....г Хавдар судлалын үндэсний төвийн клиник эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт ходоодны хорт хавдар элгэнд үсэрхийлсэн, 4 дүгээр үе шат, хөнгөвчлөх хими эмчилгээ хийлгэж байхдаа буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон үед нь бэлэглэлийн гэрээ хийсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56.1, 56.1.6 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилжээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хавдар судлалын үндэсний төвийн Клиникийн эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/1172 дугаар тодорхойлолт, талийгаач С....гийн өвчний түүх, маргаан бүхий гэрээнүүдийг гэрчилсэн нотариатч Ц....ын гэрчээр өгсөн ...С....гийн биеийн байдал хүнд хэвтэст байсан. Гэхдээ ухаан санаа эрүүл байсан. Би хуульч хүн гээд миний гэрээг нэг бүрчлэн уншаад гэрээний заалтыг нэг бүрчлэн асууж нягталж байсан. ...Хуулийн заалтыг асуугаад энэ юу гэж байгаа юм, тэр юу гэж байгаа юм гээд асуугаад гэрээгээ уншиж байсан. Гарын үсгээ бүгдийг нь өөрөө зурж байсан. Утасныхаа дугаарыг мөн өөрийн гараар бичсэн гэх мэдүүлэг, эмчлэгч эмч Л....ийн гэрчээр өгсөн ...Энэ хүн өндөр боловсролтой, сайхан яриатай, товч бөгөөд тодорхой, маш цэгцтэй, ухаантай, боловсрол сайтай хүүхэн. Бүр ухаан саруул, зүгээр өөртөө үйлчилж чадахгүй хөөрхий амьтан. Тэр нь 50 хувь л алдагдчихсан. Тэргэнцэртэй, зүгээр ярина, өөрийгөө хооллоно. ...Манай эмнэлэгт нас барахын өмнөх, 50 хоноо гэдэг чинь бүр тавиланг нь үнэлчихсэн байдаг. Дээд тал нь 3 сар амьдарна гэж үнэлдэг үнэлгээтэй хүмүүс хэвтдэг. Надад хандаад, өөрөө ухаан санаа саруул, би гэрээслэлээ бичих гэж байна, тийм учраас тодорхойлолт хийж өгөөч гэж байгаа юм... гэх мэдүүлэг зэргийг нэгтгэн дүгнэвэл талийгаач С.... нь бэлэглэлийн гэрээнүүдийг байгуулах үедээ сэтгэцийн хувьд тогтвортой, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож байсан гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.

9.Харин бэлэглэгч С.... нь өөрийн асрамжид байсан охин Т...., хүү Х.... нарын амьжиргаанд нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэснээр тэдний эрхийг зөрчсөн бөгөөд хуулиар хориглосон хэлцэл хийсэн учир бэлэглэлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бусд тооцогдоно гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй буюу хуулийн энэ зохицуулалтаар бэлэглэгч өөрийн гэр бүлийн гишүүдийн амьжиргааны зайлшгүй шаардлагыг хангахад шаардлагатай хөрөнгийг бусдад бэлэглэж болохгүй ба асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээд хөрөнгөө бусдад бэлэглэснээр түүний асрамжид байгаа этгээдүүд хүнд байдалд орох нөхцөл хамаарна.

С.... нас барахын өмнө охин Т...., хүү Х.... нарын хууль ёсны асран хамгаалагч байсан бөгөөд түүнийг нас барснаар хүүхдүүд хууль ёсны өв хүлээн авагч болно. Гэтэл маргаан бүхий Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийн дагуу талийгаач С.... өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг охин Т...., эгч С.... нарт шилжүүлэхээр гэрээ хийсэн боловч энэ гэрээний дагуу С.... дангаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, талийгаач С.... нь уг гэрээнүүдийг хийснээр хүү Х....ыг хүнд байдалд оруулахаар нөхцөл бүрдүүлж, улмаар хүүхдүүд ээжээсээ өвлөгдвөл зохих хөрөнгөө алдсан гэж үзэхээр байна.

10.Түүнчлэн, маргаан бүхий бэлэглэлийн гэрээнүүдэд бэлэглэгч С.... нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг С....гаас гадна охин Т....д бэлэглэхээр гэрээнд тусгаж, бэлэг хүлээн авагчаар Т.... байхаар заасан боловч гэрээнд охин Т.... гарын үсэг зураагүй. Учир нь Т.... 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, гэрээ хийгдэх үед 3 настай байжээ.

11.Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3 дахь хэсэгт зааснаар 7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байх тул түүний нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх, асран хамгаалагч нь хэлцэл хийнэ. Бэлэглэгч С.... өөрийн асрамжид байх, иргэний эрх зүйн чадамжгүй, охин Т....д үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэхдээ тухайн хэлцэлд хуульд заасны дагуу бэлэг хүлээн авагчийг төлөөлөн түүний өмнөөс хууль ёсны төлөөлөгчийн хувиар төлөөлж оролцсон нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна.

12.Иймд бэлэглэгч С.... нь хууль зөрчиж буюу Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж Үл хөдлөх бэлэглэх гэрээнүүдийг хийсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн С....гээс Т...., С.... нарт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ...дугаартай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн ... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн .... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

13.Нэхэмжлэгч П..... нь охин Т...., хүү Т.... нарын төрсөн эцэг мөн болох нь Захиргааны болон Шүүхийн журмаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу талийгаач С....гийн хууль ёсны өвлөгч Т...., Т.... нарыг төлөөлөн шаардах эрхтэй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

14.Шүүх дээрх үндэслэлээр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх тухай маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцсон учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаах үүрэгтэй. Бэлэглэлийн гэрээ нэг талын хүсэл зоригийг илэрхийлдэг тул хуульд заасны дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бэлэглэгч С....гийн хууль ёсны өвлөгчдөд шилжүүлж, Т...., Т.... нарыг Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ...дугаартай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн .... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн .... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

15.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч тал дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч С....гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан ба хариуцагч С.... нь маргаан бүхий Баянгол дүүргийн ....  тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ...дугаартай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн ... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.

Мөн маргаан бүхий Баянгол дүүргийн ... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр С.... нь өөрийн нагац дүү, энэ хэргийн гуравдагч этгээд Г....т №1898 тоот Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу С....гийн хууль бус эзэмшлээс эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

16.Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,129,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 421,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч П..... нь хариуцагч С....д холбогдуулан 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн С....гээс С...., Т.... нарт Баянгол дүүргийн ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн ... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн ... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Т...., Т.... нарыг Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ...дугаартай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн ... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн .... тоот дахь, улсын бүртгэлийн ... дугаартай, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч С....гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,129,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 421,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 1 дэх заалтын хүрээнд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА