Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2022/01143

 

 

 

 

 

 

2022 06 15 210/МА2022/01143

 

 

П.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22ы өдрийн 102/ШШ2022/01516 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Т ын хариуцагч С.Д д холбогдуулан гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашиг орлогоос 110,000,000 төгрөгийг Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарт гаргуулах, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот 60,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот дахь 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхбат, Д.Ганбат, хариуцагч С.Д , хариуцагчийн өмгөөлөгч Т.М, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Талийгаачтай 2008-2018 он хүртэл хамтран амьдарч, 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин Т.Мядагмаа, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Т.Бат-Оюун нар төрсөн. С.Хандсүрэн нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нас барж хүүхдүүд хамт амьдарч байна. Эх нь амьд байхдаа хүүхдүүддээ үлдээсэн эд хөрөнгийг хуурамч баримт үйлдэн С.Д нь өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байх тул хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагчийн хувьд нэхэмжлэл гаргасан. С.Д нь бэлэглэлийн гэрээгээр бүх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Энэ байдлаас болж хүүхдүүд хуулийн дагуу эхээсээ өвлөгдөх хөрөнгийг өвлөж авч чадахгүй хохирч байна. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгийн тодорхойлолтоор цаашид эмчилгээ хийх боломжгүй гэсэн байхад нас барахаас 7 хоногийн өмнө яарч бэлэглэлийн гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно гэж үзэж байна. Хүү Т.Бат-Оюун нь дауны синдром оноштой, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. С.Д нь бэлэглэгчийн өргөдөл, хүсэлтийг нуун дарагдуулж, охины нэрийг хасуулж, ганц өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашиг орлогоос 110,000,000 төгрөгийг Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарт гаргуулах, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот 60,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын 110,000,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж байна. Мөн Т.Бат-Оюун, Т.Мядагмаа нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч мөн бөгөөд Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3 дахь хэсэгт зааснаар гэрээслэл, Улсын бүртгэлийн газарт талийгаачийн гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг агуулгыг харвал бүх эд хөрөнгөө эгчдээ гэрээсэлж үлдээж болохгүй буюу насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй этгээдэд заавал эд хөрөнгө үлдэх ёстой. Мөн Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй бөгөөд П.Т ын охин Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарт байх бүх эд хөрөнгийг бэлэглэсэн тул энэ нь агуулгын хувьд хүчин төгөлдөр бусд тооцох хэлцэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: П.Т нь Т.Мядагмаагийн эцэг мөн боловч талийгаачийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь миний дүүг амьд байхад П.Т харагдаж байгаагүй. Миний дүү өөрийн эд хөрөнгийг хэний ч нөлөөнд автахгүйгээр сайн дурын үндсэн дээр бэлэглэлийн гэрээнүүдийг хийж, төрсөн эгч надад үлдээсэн. Ц.Чулуунцэцэгээс 89,000,000 төгрөгийг зээлсэн байсан. Дүүгийнхээ өр зээлийг өөр дээр аваад өнөөдрийг хүртэл зээлүүдийг төлж уг хөдлөх хөрөнгүүдийг зээлээс нь чөлөөлсөн. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ц.Эрдэнэдалайд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 122-1208 тоот 60,27 м.кв орон сууцыг худалдсан. Талийгаач дүү эрх зүйч мэргэжилтэй хүн байсан. П.Т нөхөр нь биш, хүүхдүүдийг авчихаар хөрөнгөтэй болно гэх ойлголттойгоор өнөөдрийг хүртэл явж байгаа. Дээрх үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу бэлэглэлийн гэрээний үндсэн дээр авсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй. Мөн нэхэмжилж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуурамч бичиг баримт үйлдэж авсан гэсэн үндэслэлгүй. Хүүхдүүдийг нь овоглоод өөр дээрээ авчихвал хөрөнгүүдийг авна гэж ойлгож нэхэмжлэл гаргадаг. Үл хөдлөх хөрөнгүүдийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, албадан чөлөөлүүлэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Хосбаярын тайлбар, татгалзлын агуулга: Миний нагац эгч С.Хандсүрэн нь амьд сэрүүн байхдаа намайг дуудаж өөрийнхөө амаар Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Голден парк хотхон Энхтайваны өргөн чөлөө гудамж, 301 дүгээр байрны 50 тоот 44 м.кв 2 өрөө орон сууцыг шилжүүлнэ гэсэн. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон. Өнөөдрийг хүртэл өөрийн үл хөдлөх хөрөнгөн дээр амьдарч байна. Миний үл хөдлөх хөрөнгийг П.Т нь хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. П.Т ыг танихгүй. П.Т нь эгч С.Хандсүрэнгээс ямар нэгэн итгэмжлэл байхгүй, миний эмээ н.Бямбажавын үл хөдлөх хөрөнгүүдийг минийх гэдэг нь хуулийн үндэслэлгүй болно. Талийгаач маань нас барахын өмнө өр зээлтэй байсан учраас хүүхдийг үл хөдлөх хөрөнгийн нэр дээр оруулаагүй, харин эгч С.Д өрийг нь төлж барагдуулж байгаа болно гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Д д холбогдуулан 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн С.Хандсүрэнгээс С.Д , Т.Мядагмаа нарт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205019875 дугаартай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2205056206 дугаартай, 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот улсын бүртгэлийн Ү-2205061557 дугаартай, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205019875 дугаартай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот улсын бүртгэлийн Ү-2205056206 дугаартай, 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот улсын бүртгэлийн Ү-2205061557 дугаартай, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,129,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 421,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 1 дэх заалтын хүрээнд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/01516 тоот захирамжаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс шийдвэр гэсэн эрхийн акт гараагүй гэж үзэж байна. Тус захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 26 дугаар зүйлийн 26.1, 116 дугаар зүйлийн 116.1, 116.2, 116.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, хууль бус захирамж гаргаснаар хэргийг шийдвэрлэсэн эрхийн акт гаргаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Хариуцагч С. Дашмаа нь Өвөрхангай аймгийн Хужирт сувилалд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал эмчлүүлж байгаа тухай нотлох баримтуудыг хүсэлтийн хамт гаргасан боловч шүүх хурлыг зохигчдын эрх тэгш байдлыг хангаагүй бөгөөд хариуцагч С.Д нь өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцохыг илэрхийлсээр байхад зохигчдын хүндэтгэн үзэх шалтгааныг сайтар нягтлан шалгалгүйгээр нэг талд үйлчилж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж хариуцагчийг мэтгэлцүүлээгүй. Мөн талийгаач дүү Г.Хосбаярт Баянгол дүүргийн 4 хороо,Голден парк хотхоны 301 байрны 50 тоот улсын бүртгэлийн Ү-2205061557 дугаартай, 2 өрөө орон сууцыг өгөөрэй гэсэн даалгаврыг биелүүлж шилжүүлсэн. П. Түмэнжаргал хууль ёсны гэр бүлтэй өөрт нь огт хамааралгүй хөрөнгийн тухай нэхэмжилсэн. Миний дүүгээс өгсөн өвлөх гэрээ байхгүй. Би дүүгээ нас барсан цагаас хойш П. Түмэнжаргалыг ямар их худалч хуурмаг этгээд болохыг нь мэдэж, түүний худал хуурмаг зүйлд нь чирэгдэж маш их хохирч байна. П.Т нь хөрөнгө авах зорилгоор дүүг минь сэтгэцийн өвчинтэй болгон хувиргаж, байгаад маш их гомдолтой байна. Би хоёр дүүгээ олж авахын тулд өнөөдрийг хүртэл маргасан. Бэлэглэлийн гэрээ нь нэг талын хүсэл сонирхлоор хийгддэг бөгөөд өөрсдийнхөө үл хөдлөх хөрөнгийг дүүгээсээ хүлээн авч С.Д миний бие нь дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болсон нь хууль зөрчөөгүй. Харин бэлэглэгч С.Хандсүрэн нь өөрийн асрамжинд байсан охин Т.Мядагмаа,Т.Бат-Оюун нарын амьжиргаанд нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэснээр тэдний эрхийг зөрчсөн бөгөөд хуулиар хориглосон хэлцэл хийсэн учир бэлэглэлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэх нэхэмжпэгчийн өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хэмээн Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжпэгч П.Т нь өөрөө миний хүүхдүүд гэж хүүхдүүдийг асрамжиндаа авч, улмаар бидний хөрөнгийг хүүхдүүдийн нэр, эрх ашгийн дор авч амьдрах гээд байгааг ойлгохгүй байна. Шүүх талийгаач нь бэлэглэлийн гэрээнүүдийг байгуулах үедээ сэтгэцийн хувьд тогтвортой өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож байсан гэж үзэхээргүй байх тул энэ үндэслэлээр бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлйин 280.1.1, 56 дугаар зүйлийн 56.1,56.1.6-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн. Нөгөө талаар бэлэглэгч С.Хандсүрэн нь хууль зөрчиж буюу Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.3, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Бэлэглэгч С.Хандсүрэн нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан нь Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Гэтэл П.Т нь хүүхдүүдийн асрамжийн тухай ойлголтыг гарган ирж амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй хэмээн үзэж бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангааагүй. Миний төрсөн дүүгийн амьд байхдаа хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, дүү Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг өмчлөгчөөр тогтоож, миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Мөн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/01516 тоот захирамжаар хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116 дугаар зүйлийн 116.1, 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэргийг захирамжаар шийдвэрлэсэн байгааг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн бүтцийг заасан. Өөрөөр хэлбэл, удирдах, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгийг үндэслэж шүүхийн шийдвэр гарсан. Шүүх хуралдааныг дуу дүрсний бичлэгээр баталгаажуулсан. Мөн шүүхээс захирамж гарсан нь хэргийг анхан шатны шүүх рүү буцаах үндэслэл болохгүй. Удаа дараагийн шүүх хуралдаан хариуцагч талаас шалтгаалж хойшилсон. Анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хариуцагч сувилалд хэвтэж байгаа гэх хүсэлт ирүүлсэн. Тухайн хүсэлтээр ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Сувилалд хэвтэж байгаа талаар цаасан дээр буулгасан хуулбар баримт байсан. Хүндээр өвдсөн баримт биш. Өөрөөр хэлбэл, сайн дурын хүмүүс эмчилгээ сувилгаа хийлгэхээр очдог байгууллага юм. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар хүсэлт ирүүлсэн боловч Өвөрхангай аймагт шүүх хуралдаантай байсан гэх нотлох баримт ирүүлээгүй. Хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Д д холбогдуулан

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашиг орлогоос 110,000,000 төгрөгийг Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарт гаргуулах,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот дахь 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот дахь 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашгаас 110,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр С.Д үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр С.Д нь үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг Т.Хосбаяртай байгуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 301 дүгээр байрны 50 тоотод байршилтай 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Т.Хосбаярт шилжүүлсэн гэх байдал харагдаж байна. /1хх15, 17, 19, 101,102, 188-192, 2хх16-22, 58-68/

Хариуцагч С.Д шүүхэд ...талийгаач дүү нь ... өртэй байсан. Хамгийн сүүлд Ц.Чулуунцэцэгээс 89,000,000 төгрөгийг зээлсэн байсан, зээл нь над руу шилжиж ирсэн, өнөөдрийг хүртэл төлж чадаагүй байгаа. Мөн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ц.Эрдэнэдалайд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоотод байршилтай 60,27 м.кв талбайтай орон сууцыг худалдсан. ...Миний бие зээлүүдийг төлж уг үл хөдлөх хөрөнгүүдийг зээлээс нь чөлөөлж байсан. /1хх42, 43, 73, 74/ гэсэн тайлбар гаргаж, хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр С.Хандсүрэн, Ц.Чулуунцэцэг нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн өр шилжүүлэх гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Чулуунцэцэг, С.Д нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг тус тус шүүхэд ирүүлсэн, /2хх13-16, 3хх7-8, 26-29/

нэхэмжлэгч П.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт ...би Голден парк хотхоны байрыг анх авахад 40,000,000 төгрөг төлж, талийгаач 15,000,000 төгрөг нэмж 2012 онд 55,000,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх тайлбар /3хх146/ гаргасан байна.

5. Шүүх нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж, зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсаны улмаас хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн байсан боловч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.Д , хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ нотлох баримтын хамт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг тэдний эзгүйд явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байна.

6. Шүүх зохигчдын дээрх тайлбарт тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Мядагмаа, Т.Бат-Оюун нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор үр дагаврыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хариуцагч С.Д гийн бэлэглэгч С.Хандсүрэнгээс өрийг шилжүүлэн авсан гэх асуудал, хариуцагч С.Д нь уг өрийг төлж барагдуулах зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Эрдэнэдалайтай худалдах худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоотод байршилтай 60,27 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан эсэх, уг орон сууц болон гуравдагч этгээд Г.Хосбаярын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоотод байршилтай 44 м.кв талбайтай орон сууц нь одоо бодитойгоор хэний эзэмшил, ашиглалтад байгаа зэрэг нөхцөл байдлыг зохигчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцүүлсэний эцэст тогтоох шаардлагатай байжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22ы өдрийн 102/ШШ2022/01516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,129,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар мага длалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН