Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/00024

 

021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/00024

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *дугаар хороо, ** хороолол, бага тойруу гудамж, **байр, ** тоот хаягт оршин суух Ш.Ш /РД:КЮ***********/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дугаар хороо, ** дугаар байрны ***тоот хаягт байрлах **** ХХК /РД:*****/-д холбогдох

 

Захиалгаар орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулах,

 

Гэрээнээс учирсан хохиролд 13 731 240 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Д

хариуцагчийн төлөөлөгч С.О

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Шын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрчим хүчний төв ТӨААТҮГ болон **** ХХК-тай хамтран 2014 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны А байрны 4 давхрын 79.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг метр квадрат талбайг нь 1 183 000 төгрөгөөр тооцож, нийт 83 898 360 төгрөгөөр захиалсан. Уг гэрээний дагуу захиалсан орон сууцны төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 40 000 000 төгрөгийг **** ХХК-ийн 453147755 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд болон бэлнээр тус тус шилжүүлсэн. Гэтэл тус барилга нь дээрх гэрээний 1.3-т заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын. 01-ны өдөрт багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулах ёстой байсан. Тус хугацаанаас хойш ашиглалтанд оронгуут хүлээлгэж өгнө гэж 2019 оныг хүртэл хүлээлгэсэн боловч одоог хүртэл энэхүү үүргээ гүйцэтгээгүй байна. Тус гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн ч захиалсан байрыг хүлээлгэн өгөөгүй байгаатай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд тус эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурор газрын 2019 оны 8 сарын
29-н
ий өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Иймд **** ХХК-иас захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнний үүрэгт 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч **** ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ш.Ш нь орон сууцны төлбөрөө хугацаандаа төлөөгүй боловч манай компани Голомт банкнаас зээл авч, орон сууцыг 2017.10.30-ны өдөр 100 хувь ашиглальад оруулсан. Гэвч Ш.Ш нь орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа алдсаар байсан тул ерөнхий захиалагч Эрчим хүчний хөгжлийн төвийн зөвшөөрлийн дагуу гэрээг цуцалж, түүний захиалсан орон сууцыг худалдан борлуулсан. Иймд Ш.Ш нь гэрээ цуцлах хүртэлх хугацааны үүргээ ноцтой зөрчсөнөөс манай компани түүний өмнөөс орон сууцны санхүүжилтийг шийдэж, арилжааны банкнаас хүүтэй зээл авч, орон сууцыг ашиглалтанд оруулсан тул гэрээ цуцлах хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хүү тооцож, учирсан хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, буцаан төлөх төлбөрөөс хасаж тооцуулна гэв.

Хариуцагч *****ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд гэрээний Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 52 дугаар байр орон сууцны А орцны 4 давхарт 70,92 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 1 м.кв үнийг 1 183 000 төгрөгөөр тооцож, нийт 83 898 360 төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-3.6 дахь хэсэгт заасан үе шатны дагуу хэсэгчилсэн төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу захиалагч Ш.Ш нь гэрээний дагуу 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан барилгын ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрсэний дараа ажлын санхүүжилт 20 974 590 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 10 974 590 төгрөгийг мөн оны 10 дугаар сарын 01-ны өдөр төлж 4 сарын хугацаа хэтрүүлсэн. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан БАГ-ийн 50 хувийн төлбөр 16 779 672 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг төлж, 105 хоногийн хугацаа хэтрүүлж, 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 4 000 000 төгрөг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 779 672 төгрөг тус тус төлсөн. Харин гэрээний 3.4 дэх хэсэгт заасан 70 хувийн гүйцэтгэлийн төлбөр болох 16 779 672 төгрөгийг тус барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрснийг ерөнхий захиалагч Эрчим хүчний төв хүлээн зөвшөөрч нийт захиалагч нарт дээрх төлбөрийг төлөхийг мэдэгдсэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлээс хойш 7 хоногийн дотор төлөх байсан. Дээрх төлбөрөөс өмнө төлсөн илүү төлөлт 2 220 328 төгрөгийг хасаж үлдэгдэл 14 533 934 төгрөгөөс дахин төлөлт хийгээгүй. Ингээд барилгын гүйцэтгэл зохиогчийн хяналтын дүгнэлтээр 2017 оны 03 дугаар сарын 7-ны өдөр 90 хувьд, улсын комиссын актаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100 хувьд хүрч ашиглалтад орсон боловч захиалагч Ш.Ш нь гэрээний 3.4, 3.5, 3.6 дахь хэсэгт заасан төлбөрүүдийг хийгээгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн гэрээ дүгнэсэн хурлаар цуцлах шийдвэр гарч, борлуулалтыг *****ХХК хариуцах болсон. Хэдийгээр Ш.Ш нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-3.6 дахь хэсгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэхгүй, улмаар барилгыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд захиалгын төлбөрөө хийхгүй 2 жил орчмын хугацаа хэтрүүлсэн ч гүйцэтгэгч талын хувьд гэрээг цуцлахгүйгээр хүлээцтэй хандаж, түүний төлбөл зохих төлбөрийг Голомт банкнаас зээл авах хэлбэрээр түүний захиалсан орон сууцны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж байна. Хэрэв Ш.Ш гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар даруй мэдэгдэж, гэрээг цуцлах талаар даруй мэдэгдсэн бол **** ХХК нь түүний захиалсан орон сууцыг үе шатны төлбөрөө хугацаандаа төлөх боломжтой өөр захиалагчид шилжүүлж, түүний үлдэгдэл төлбөр болох 43 898 360 төгрөгийн хэмжээгээр **** ХХК-ийн Голомт банкнаас авсан зээлийн хэмжээ багасгаж, хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдсөн байсан. Ийнхүү Ш.Шын төлбөл зохих төлбөрийг банкнаас зээл авах байдлаар санхүүжүүлж барилгыг ашиглалтад оруулсан тул манай компани Голомт банкнаас зээл авсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан гэрээг албан ёсоор цуцлах хүртэлх буюу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 408 хоногийн хугацаанд түүний төлөх үүрэгтэй байсан төлбөрийн үнийн дүн буюу 43 898 360 төгрөгөөс гадна 2,3 хувиар хүү тооцоход нийт 13 731 240 төгрөгийн хүү төлж хохирсон байна. Иймд Ш.Ш нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас **** ХХК-нд учирсан хохиролд тооцож 13 731 240 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Ш.Ш нь дээрх байдлаар төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй олон сар, жилээр хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас Ерөнхий захиалагч эрчим хүчний хөгжлийн төвийн зөвшөөрлийн дагуу гэрээ цуцлагдсаныг мэдсээр байж **** ХХК-д холбогдуулан залилан мэхэлсэн гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж 2 жил орчмын хугацаанд шалгуулж, компанийн ажил хэргийн нэр хүндэд халдахын зэрэгцээ, тус хэрэг бүртгэлийн хэргийн явцад тус компанийн 2 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, худалдан борлуулах боломжтой нөхцөл байдлыг бий болгож, санхүүгийн хувьд хүнд байдалд оруулж байсан байсан байх бөгөөд тус хохирлыг нэмж нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэв.

Нэхэмжлэгч Ш.Ш болон түүний төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч *****ХХК нь орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүйгээс гадна, өөр этгээдэд уг орон сууцыг худалдан борлуулсан хэрнээ, одоо хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй. Бид энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний шүүхээр энэ асуудлаа шийдвэрлүүл гэж хэргийг хаасан. Банкнаас зээл авсан асуудал нь тухайн компани нь өөрсдөө санхүүжилтгүй болж улмаар барилгын ажил зогссон байдаг. Энэ нь миний мөнгө төлөөгүйтэй холбоогүй гэв.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс 2014.08.09-ний өдрийн 09 дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.08.29-ний өдрийн 1030 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, 40 000 000 төгрөгийн орлогын ордер, дотоод шилжүүлгийн, мемориалын, кассын орлогын баримтуудыг,

хариуцагчаас 2014.06.10-ны өдрийн ЭХХТ-057А/2014 барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2015.11.19-ний өдрийн №ЭХХТ-62/2015 барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2017.03.07-ны Барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналт хийсэн тухай дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017.10.30-ны өдрийн 2017/309 тоот дүгнэлт, **** ХХК-ийн 2017.09.18-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх болон гэрээ цуцлах тухай албан тоотууд, Эрчим хүчний хөгжлийн төвийн захиалгаар баригдсан ажиллагсдын орон сууцны гэрээ дүгнэх ажлын хэсгийн 2017.11.28-ны өдрийн хурлын тэмдэглэл, зээлийн гэрээ, дансны хуулгууд, барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ш хариуцагч **** ХХК-д холбогдуулан захиалгаар орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг, хариуцагч нь эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 13 731 240 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал ...хариуцагч *****ХХК нь гэрээний 1.3-т заасны дагуу орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 01-ны өдөрт багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулах ёстой байсан боловч тус хугацаанд оруулаагүй бөгөөд ашиглалтанд оронгуут орон сууцыг хүлээлгэж өгнө гэж 2019 оныг хүртэл хүлээлгэсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, өөр хүнд худалдсан байсан. гэж тайлбар гаргаж, хариуцагч тал ...орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа алдсаар байсан тул ерөнхий захиалагч Эрчим хүчний хөгжлийн төвийн зөвшөөрлийн дагуу гэрээг цуцалж, түүний захиалсан орон сууцыг худалдан борлуулсан. Иймд Ш.Ш нь гэрээ цуцлах хүртэлх хугацааны үүргээ ноцтой зөрчсөн. гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ ...Ш.Шын төлбөл зохих төлбөрийг банкнаас зээл авах байдлаар санхүүжүүлж барилгыг ашиглалтад оруулсан тул манай компани Голомт банкнаас зээл авсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан гэрээг албан ёсоор цуцлах хүртэлх буюу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 408 хоногийн хугацаанд түүний төлөх үүрэгтэй байсан төлбөрийн үнийн дүн буюу 43 898 360 төгрөгөөс гадна 2,3 хувиар хүү тооцоход нийт 13 731 240 төгрөгийн хүү төлж хохирсон байна. гэж тайлбар гаргасныг, нэхэмжлэгч Ш.Ш ...хариуцагч *****ХХК нь орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүйгээс гадна, өөр этгээдэд уг орон сууцыг худалдан борлуулсан хэрнээ, одоо хохирсон гэж нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. гэж тус тус маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, улмаар Шинэ-Улаанбаатар төслийг хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний ажиллагсдыг орон сууцаар хангах хөтөлбөр-ийг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор *****ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 06 сарын 10-ны өдөр №ЭХХТ-057А/2014 гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах захиалагчийн эзэмшлийн газарт Албан хаагчдын орон сууцны зориулалтаар 12 давхар, нийт 9110,94 м.кв талбай бүхий 88 айлын орон сууцны барилгыг 2015 оны 10 сарын 31-ний дотор улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ./хх-ийн

Дээрх гэрээг үндэслэж, *****ХХК нь захиалагч байгууллагын ажилтан Ш.Штай 2014 оны 08 сарын 09-ний өдөр 09 дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 52 дугаар байр орон сууцны А орцны 4 давхарт 70,92 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 1 м.кв үнийг 1 183 000 төгрөгөөр тооцож, нийт 83 898 360 төгрөгийг захиалагч Ш.Ш нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-3.6 дахь хэсэгт заасан үе шатны дагуу хэсэгчилсэн төлөх, гүйцэтгэгч *****ХХК нь орон сууцыг 2015 оны 06 сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8-14/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ш.Ш нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 40 000 000 төгрөгийг **** ХХК-ийн 453147755 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд болон бэлнээр тус тус шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гүйлгээ хийсэн баримтуудаар тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаангүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ нэртэй боловч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба гүйцэтгэгч *****ХХК нь захиалагч Ш.Шыг гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр захиалсан орон сууцыг өөр этгээдэд шилжүүлж, гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх асуудлаар талуудын хооронд маргаан үүсч, улмаар нэхэмжлэгч Ш.Ш нь эрүүгийн журмаар гомдол гаргасныг 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 1030 дугаар Прокурорын тогтоолоор ...бусдад залилуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

Эдгээрээс дүгнэхэд талууд гэрээ байгуулагдсан болон гэрээ цуцлагдсан асуудлаар маргаагүй байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй. гэснээр гэрээний үүрэгт төлбөрт төлсөн 40 000 000 төгрөгийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Штай байгуулсан гэрээг цуцалсан үндэслэлээ төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж, сөрөг нэхэмжлэлээ Ш.Шын төлөөгүй мөнгийг банкнаас зээл авах байдлаар санхүүжүүлж барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд төлөх үүрэгтэй байсан төлбөрийн үнийн дүн буюу 43 898 360 төгрөгөөс, 2,3 хувиар хүү тооцож, хохирол гаргуулна. гэснийг хангах үндэслэлгүй байна.

Тодруулбал, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь зөрчиж, улмаар гэрээ цуцлагдсан, түүнчлэн нэхэмжлэгч Ш.Шын захиалсан орон сууцыг бусдад худалдсан зэрэг үйл баримтаас хариуцагч *****ХХК нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчиж, хохирол учруулсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасанд үндэслэлд хамаарахгүй.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч *****ХХК-аас гэрээний үүрэгт шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Шад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****ХХК-иас 40 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Шад олгож, хариуцагч *****ХХК-ийн нэхэмжлэгч Ш.Шаас хохиролд 13 731 240 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Шаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 960 төгрөгийг, хариуцагч *****ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230 000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *****ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 357 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Шад олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ