Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00483

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00483

 

 

 

Ш.Шын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/00024 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Шын хариуцагч “Т.А” ХХК-д холбогдуулан гаргасан захиалгаар орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 40,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 13,731,240 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Шын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Эрчим хүчний төв ТӨААТҮГ болон “Т.А” ХХК-тай байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны А байрны 4 давхрын 79.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг метр квадрат талбайг нь 1,183,000 төгрөгөөр тооцож, нийт 83,898,360 төгрөгөөр захиалсан. Уг гэрээний дагуу захиалсан орон сууцны төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг Т.А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 453147755 тоот дансаар болон бэлнээр тус тус шилжүүлсэн. Гэрээний 1.3-т заасны дагуу барилгыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөрт багтаан улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах ёстой байсан боловч одоог хүртэл энэхүү үүргээ гүйцэтгээгүй байна. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг төлсөн ч захиалсан байрыг хүлээлгэн өгөөгүйтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд прокурорын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд “Т.А” ХХК-аас захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ш.Ш нь орон сууцны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул манай компани Голомт банкнаас зээл авч орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулсан. Гэвч Ш.Ш нь орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа алдсаар байсан тул ерөнхий захиалагч Эрчим хүчний хөгжлийн төвийн зөвшөөрлийн дагуу гэрээг цуцалж, түүний захиалсан орон сууцыг худалдан борлуулсан. Иймд Ш.Ш нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөс манай компани түүний өмнөөс орон сууцны санхүүжилтийг шийдэж, арилжааны банкнаас хүүтэй зээл авч орон сууцыг ашиглалтад оруулсан тул гэрээ цуцлах хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хүү тооцож, учирсан хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, буцаан төлөх төлбөрөөс хасаж тооцуулна гэжээ.

 

3. Хариуцагч “Т.А” ХХК-ий сөрөг нэхэмжлэлийн агуулга, түүний үндэслэл: Ш.Шын төлбөл зохих төлбөрийг банкнаас зээл авах байдлаар санхүүжүүлж барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд манай компани Голомт банкнаас зээл авсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс гэрээг албан ёсоор цуцалсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 408 хоногийн хугацаанд түүний төлөх үүрэгтэй байсан төлбөр болох 43,898,360 төгрөгөөс 2.3 хувиар хүү тооцоход нийт 13,731,240 төгрөгийн хүү төлж хохирсон байна. Иймд Ш.Ш нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас “Т.А” ХХК-нд учирсан хохирол 13,731,240 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Ш.Ш нь дээрх байдлаар төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй олон сар, жилээр хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас ерөнхий захиалагч Эрчим хүчний хөгжлийн төвийн зөвшөөрлийн дагуу гэрээ цуцлагдсаныг мэдсээр байж “Т.А” ХХК-д холбогдуулан залилан мэхэлсэн гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж хоёр жил орчмын хугацаанд шалгуулж, компанийн ажил хэргийн нэр хүндэд халдахын зэрэгцээ хэрэг бүртгэлтийн явцад компанийн 2 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, худалдан борлуулах боломжтой нөхцөл байдлыг бий болгож, санхүүгийн хувьд хүнд байдалд оруулж байсан бөгөөд энэ хохирлыг нэмж нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч “Т.А” ХХК нь орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүйгээс гадна өөр этгээдэд уг орон сууцыг худалдан борлуулсан хэрнээ одоо хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй. Бид энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний шүүхээр шийдвэрлүүл гэж хэргийг хаасан. Банкнаас зээл авсан асуудал нь тухайн компани өөрсдөө санхүүжилтгүй болж, улмаар барилгын ажил зогссон байдаг. Энэ нь миний мөнгө төлөөгүйтэй холбоогүй гэжээ.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т.А” ХХК-аас 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Шад олгож, хариуцагч “Т.А” ХХК-ийн нэхэмжлэгч Ш.Шаас хохиролд 13,731,240 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Шаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,960 төгрөгийг, хариуцагч “Т.А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Т.А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 357,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Шад олгож шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6а. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талууд гэрээний үүргээ хэн аль нь зөрчиж гэрээ цуцлагдсан гэсэн байх бөгөөд манай компани гэрээний ямар үүргээ хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй байна.

6б. Барилга хугацаандаа ашиглалтад ороогүйд ерөнхий захиалагч Эрчим хүчний хөгжлийн төв болон төлбөрөө хугацаандаа төлөөгүй Ш.Ш нарын захиалагчдын гэрээний үүргээ зөрчсөн үйлдлээс шалтгаалсан. Ерөнхий захиалагч тал барилга барих зөвшөөрөл болон газар эзэмших эрхийг аваагүй атлаа гэрээг байгуулсан бөгөөд барилга барих зөвшөөрөл 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Тиймээс орон сууцыг 2 сарын дотор ашиглалтад оруулах боломжгүй юм. Үе шатны төлбөрөө хугацаандаа төлсөн тохиолдолд тус төлбөрөөр дараагийн үе шатны барилгын ажлуудаа санхүүжүүлэх нөхцлөөр гэрээ байгуулсан. Ийнхүү захиалагч хугацаандаа төлбөрөө төлөхгүйгээс санхүүжилт саатаж барилгын ажил удааширч, улмаар зогсонги байдалд орсон бөгөөд ерөнхий захиалагч Эрчим хүчний хөгжлийн төв захиалагч албан хаагчдынхаа өмнөөс санхүүжилт шийдэхийн тулд манай компаний нэр дээр зээл гаргуулахаар Голомт банкнаас зээл хүсэж газар барьцаалах хүсэл зоригоо илэрхийлж, улмаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан. Хэрэв Ш.Ш нь хугацаандаа санхүүжилтээ хийх боломжгүй нөхцөл байдлынхаа талаар урьдчилан мэдэгдэж, гэрээг цуцалсан бол манай компани Ш.Шын захиалсан орон сууцыг төлбөрөө хугацаандаа төлөх захиалагчид борлуулж, тэр хэмжээгээр манай компанийн Голомт банкнаас авах зээлийн хэмжээ багасч, хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх байсан. Иймээс байрыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд гэрээ цуцлаагүй үргэлжлүүлсэн үйлдлийнхээ улмаас манай компанид учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй

хэргийг бүхэлд нь хянаж давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч Ш.Ш хариуцагч “Т.А” ХХК-д холбогдуулан учирсан

хохиролд 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 13,731,240 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь

хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

  1. Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдөр захиалгаар орон сууцны

барилгын ажил гүйцэтгэх 09 дугаартай гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Т.А” ХХК нь 83,898,360 төгрөгийн үнэ бүхий 70.92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барих, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөрт багтаан улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч барилгын ажлын гүйцэтгэл 30 хувь хүрч захиалагчийн хяналтын ажлын хэсгээр баталгаажсаны дараа орон сууцны нийт төлбөрийн 25 хувьтай тэнцэх 20,974,590 төгрөгийг, барилгын ажлын гүйцэтгэл 50 хувь хүрч захиалагчийн хяналтын ажлын хэсгээр баталгаажсаны дараа 2 дахь төлбөр буюу 20 хувь болох 16,779,672 төгрөгийг, барилгын ажлын гүйцэтгэл 70 хувь хүрч захиалагчийн хяналтын ажлын хэсгээр баталгаажсаны дараа 3 дахь төлбөр буюу 20 хувь болох 16,779,672 төгрөгийг, барилгын ажлын гүйцэтгэл 90 хувь хүрсэн тохиолдолд 4 дэх төлбөр буюу 20 хувь болох 16,779,672 төгрөгийг, барилгын ажлын гүйцэтгэл 100 хувь буюу ажил дуусгавар болж, улсын комисс ажиллаж дууссаны дараа түлхүүр, байрны гэрчилгээний хамт өгөх нөхцөл бэлэн болоход эцсийн үлдэгдэл төлбөр буюу 15 хувь болох 12,584,754 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн, захиалагч 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11,000,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.

 

  1. Захиалагч үе шатны төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр 2017 оны

11 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан тул захиалагч гэрээгээр шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

  1. Хариуцагч “Т.А” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, захиалагч

үе шатны төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйгээс түүний төлбөл зохих төлбөрийг банкнаас зээл авах байдлаар санхүүжүүлж барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд банкнаас зээл авсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс гэрээг албан ёсоор цуцалсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 408 хоногийн хугацаанд захиалагчийн төлбөл зохих төлбөр болох 43,898,360 төгрөгөөс 2.3 хувиар хүү тооцоход нийт 13,731,240 төгрөгийн хүү төлж хохирсон тул хохирол 13,731,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж маргажээ.

 

  1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн

материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуульд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зохицуулжээ.   

 

  1. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, захиалагч

гэрээний үүргээ зөрчснөөс гүйцэтгэгч гэрээг цуцалсан тул захиалагч учирсан хохирлоо шаардсан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв  тайлбарлаж хэрэглэсэн байна.  

 

  1. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож

шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий болжээ. 

 

  1. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүхийн

шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

   10.а. “Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талууд гэрээний үүргээ хэн аль нь зөрчиж гэрээ цуцлагдсан гэсэн байх бөгөөд манай компани гэрээний ямар үүргээ хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй” гэжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж заасан, гүйцэтгэгч нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн улсын комиссын дүгнэлтээр барилгыг хүлээлгэн өгч хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

10.б.  “Барилга хугацаандаа ашиглалтад ороогүйд ерөнхий захиалагч Эрчим хүчний хөгжлийн төв болон төлбөрөө хугацаандаа төлөөгүй Ш.Ш нарын захиалагчдын гэрээний үүргээ зөрчсөн үйлдлээс шалтгаалсан.” гэжээ.

 

Хариуцагч нь барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай зөвшөөрлийг ерөнхий захиалагч аваагүйгээс хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч ерөнхий захиалагч гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг захиалагч Ш.Шаас шаардах боломжгүй.

 

Мөн захиалагч хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс санхүүжилт саатаж барилгын ажил удааширч, улмаар банкнаас зээл авч хүү төлж хохирсон гэж хариуцагч тайлбарлаж байх ба хэрэгт хариуцагч банкнаас зээл авсан талаархи нотлох баримт авагдсан хэдий ч нэхэмжлэгч үүрэг зөрчсөнөөс хариуцагч банкнаас зээл авсан гэж шууд дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч төлбөр төлөөгүйгээс хариуцагч банкнаас зээл авсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/00024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч “Т.А” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Т.А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ                                      

                ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН