Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/02877

 

2021 оны 12 сарын 08 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02877                                 Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-13, Л байр, X  давхарт байрлах, Ж** э* м*** т** ХХК /рд:XXXXX/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, XXX оффис, X давхарт байрлах, М***** к ХХК /рд:XXXXXX/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав, XX тоотод байрлах Б***** ХХК-д тус тус холбогдох,

 

2013/07 дугаар гэрчилгээтэй ашиглах эрх бүхий газар дээр М***** к ХХК-ийн газар ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Б***** ХХК, гуравдагч этгээд Л.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж** э* м*** т** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж** э* м*** т** ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Байгал орчин, ногоон хөгжлийн яамнаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Зайсангийн аманд байрлах 0.7 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан. Улмаар 2017 онд тус газартаа хөрөнгө оруулалт татан, аялал жуулчлалын зориулалттай үйлчилгээний төв барихаар төлөвлөж, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Гео**** ХХК-иар кадастрын зураг хийлгэхээр газар дээр нь хэмжилт хийлгэхэд М***** к ХХК манай компанийн ашиглах эрхтэй солбицол бүхий талбайд дур мэдэн дулаан дамжуулан төвийн барилгыг барьж, газар ашиглагчийн эрх болоод газрын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчсөний улмаас төлөвлөлт хийх боломжгүй, орц гарц хаагдан ашиглах аргагүй болсныг мэдсэн. Ингээд шүүхэд хандан М***** к ХХК-д холбогдуулан барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн гаргасан “...танай компанийг дулаанд холбож өгөөд дээр нь 500 000 000 төгрөг өгье” гэх хүсэлтийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Гэтэл О.О******* гэх хүн тухайн дулаан дамжуулах төвийг барихад газраараа хөрөнгө оруулсан учир эзэмших буюу ашиглах эрхтэй болохоо тогтоолгохоор шүүхэд хандсаны дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор “М***** к” ХХК-ийн бусдад дулаан өгсөн гэрээнүүдийг цуцлаад О.О*******гийн зөвшөөрлөөр бусдад дулаан өгөхийг даалгахаар шийдвэрлэсний улмаас бидний тохиролцоо биелэгдэх боломжгүй болж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр хүчингүй болсон. Б***** ХХК нь дээрх М***** к ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан барилга дээр 3 давхар барилга давхарлаж бариад, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг улсын байгууллагын тодорхой албан тушаалтанд хээл хахууль өгч, тухайн газар ашиглах гэрчилгээнд нэмэлтээр солбицол нэмэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдэн гаргуулж авсан, үүнийг шалгаж нотолсон 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 397 тоот Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын тогтоол гарсан. Иймд хариуцагч хууль бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байгаа тул газрыг албадан чөлөөлүүлж өнгө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2008 онд тухайн барилга баригдаж байхад Ж** э* м*** т** ХХК мэдэж байсан, бариулсан, зөвшөөрсөн гээд байгаа гэтэл манайх зөвшөөрсөн ямар баримт байхгүй. Тухайн дулааны шугам, ЦТП-ыг анх улсын төсвөөр барьсан, улсад хүлээлгэж өгөх гэж байгаа гэж байсан бол сүүлд М***** к ХХК, О.О******* нарын хувийн өмч болж таарсан. М***** к ХХК-д манай талаас албан бичиг өгч байсан, тэр нь дараа нь нотлох баримтаар Гео**** компанийн хэмжилтээр гарч ирсэн. ЦТП одоо ажиллахгүй байгаа, дулаан дамжуулах төв гэдэг объект буюу доторх тоног төхөөрөмж нь дотроо байхгүй болсон, одоо зөвхөн газар доогуур шугам явж байгаа. Бид газар доор байгаа шугамыг зайлуулж өгөөч ээ гэж хүсээгүй. Харин анх дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг байршуулах гэж барьсан барилга нь М***** к ХХК-ийн мэдэл, өмчлөлд, 1 давхарт нь хоосон барилга болчхоод, 2, 3 давхарт нь Б***** ХХК үйл ажиллагаа явуулаад өнөөдрийг хүрлээ. Б***** ХХК-ийн энэ барилга хэрхэн баригдсаныг мэдэж байгаа, О.О*******тэй ашиг сонирхол нэгтэй, төрөл садны хүмүүс тул тус компанийг шударга эзэмшигч гэж үзэхгүй. О.О******* М***** к ХХК-ийг хуурч, Ж** э* м*** т** ХХК-ийн газрыг өөрийнхөө газар гэж ойлгуулж, энэ барилгыг бариулсан гэдэгтэй одоо хэн нь ч маргахгүй байх. Харин энэ барилгыг буулгасантай холбоотойгоор Б***** ХХК-д хохирол учирвал энэхүү хохирлыг М***** к ХХК хариуцах ёстой. Хуулийн дагуу, эрхийн доголдолгүй эд хөрөнгө О.О*******д худалдах ёстой байтал эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан нь тодорхой учраас дараа дараагийн хохирол барагдуулах ажил нь энэ хэрэгтэй хамааралгүй6 Хамгийн гол нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг яаж сэргээх вэ гэдэг л асуудал байгаа юм. Хариуцагч Б***** ХХК-ийн хувьд энэ дулаан дамжуулах төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж байгаа, тэгэхээр дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгая гэдэг шаардлага гаргасан, энэ барилга анхнаасаа тийм л нэртэй яваад байгаа. Түүнээс биш дулаан дамжуулах төвийн 1-р давхрыг буулгаж өгнө үү гэдэг нэхэмжлэл гараагүй, барилгыг бүхлээр нь гэж шаардлага гаргасан учир тэр барилга дотор байгаа Б***** ХХК өнөөдөр хариуцагчаар оролцож байгаа юм” гэв.

 

Хариуцагч М***** к ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М***** к” ХХК нь 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэн О.О*******тэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Зайсан орчимд баригдаж байгаа орон сууцуудыг дулаанаар хангах, түүнд зориулсан тоног төхөөрөмж болон ЦТП барилга барихаар тохиролцсон. Тус гэрээгээр “М***** к” ХХК нь барилга болон тоног төхөөрөмжийг бүрэн хариуцах үүргийг, О.О******* нь техник болон газрын асуудлыг бүрэн шийдэх үүргийг хүлээсэн. О.О******* нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2007 оны 678 тоот газар эзэмших гэрчилгээг үзүүлэн тухайн газарт барилга барьж болно гэх зөвшөөрлийг өгсний дагуу “М***** к” ХХК нь “Ану сервис” ХХК-тай 2008, 2009 онуудад ажил гүйцэтгэх гэрээ байгуулан одоогийн тоног төхөөрөмж байрлах барилгыг барьж ашиглалтад оруулсан. Хэрэгт авагдсан баримтуудаар манай тоног төхөөрөмж “Ж** э* м*** т**” ХХК-ийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан болох нь тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэв.

 

Хариуцагч Б***** ХХК, гуравдагч этгээд Л.Аззаяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЦТП-ын барилга бол ерөнхийдөө нийтийн, Зайсангийн хэд хэдэн барилга буюу Жинхэнэ уянга ХХК-ийн барьсан Гэрэлт хотхоны 8, 9 орон сууц, мөн нэмээд 4, 5 барилгыг дулаанаар хангаж байгаа тул нэхэмжлэгчийн шаардсанаар ЦТП-ын барилгыг буулгах боломжгүй. 2008 онд буюу 13 жилийн өмнө ЦТП баригдаж эхэлж байсан бөгөөд үүнийг мэдсэн гэдэг нь захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдоно. Мөн нэхэмжлэгч энэ барилгыг буулгах тухай нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байгаад цахилгаан болон дулааны хангамж авахаар тохиролцсон, үүнийгээ авсан одоо ч аваад явж байгаа. Б***** ХХК энэ дулааны шугам, ЦТП-ыг ашигладаггүй, харин энэ ЦТП-ын дээр баригдсан байгаа 2, 3 давхрыг өмчилдөг. М***** к ХХК ЦТП-ын барилгыг барьчхаад дээр нь өргөтгөл бариад 96 сая төгрөгөөр ч билүү О.О*******д худалдсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан, дараа нь Б***** ХХК руу шилжсэн. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага нь тухайн тийм тоот өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий хөрөнгийг буулгах гэж байхгүй. Яагаад гэвэл энэ шударга өмчлөгч нар. М***** к ХХК яагаад энэ барилгыг буулгахаас татгалзах зүйлгүй гээд байгаа вэ, энэ нь М***** к ХХК-аас худалдаад авчихсан хөрөнгө, дараа нь Б***** ХХК өмчлөгч болсон, тэгэхээр логик ойлголтоор бодохдоо ЦТП-ын барилгыг буулгачихвал дээр нь байгаа тэр 4 давхар байр нураагаад буулгачхаж болно гэж төсөөлж нэхэмжлэл гаргаад байгаа юм шиг байна. Улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг бөгөөд улсын бүртгэгч энэ бүртгэл хууль ёсны, үндэслэл бүхий бүртгэл, үүнд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй гэх тайлбар гаргадаг. Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэрэг шийдэгдээгүй байхад нэхэмжлэгч тал өөрөө шүүх хуралдааныг явуулъя гэсэн зорилгоор ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Эрхийн доголдлын талаар нэхэмжлэгч тал тайлбар хийж мэтгэлцэх шаардлага байхгүй. Тэгэхээр ЦТП-ын барилга баригдсан, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байсан, тэр бүү хэл дулааны шугамаас өөрсдөө татаад авчихсан. Нэхэмжлэлийн шаардлага нь ганц ЦТП-ын барилгыг буулгах, гэтэл дотор нь дулааны шугам, тоног төхөөрөмж байгаа. Мөн нэхэмжлэгч хуурамч бичиг баримт үйлдсэн, авлига өгсөн гэж хэллээ. Үүнийг би бүр хариуцлагатайгаар хэлье, энэ улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа н.Г*****, О.О*******, Б***** ХХК, Л.Аззаяа гэсэн хүмүүс авлига өгсөн нэг ч асуудал байхгүй, энэ талаар шүүхийн тогтоол, шийдвэр байхгүй. Бусдын нэр хүндийг бусдын өмнө гутааж, гүтгэж болохгүй. Харин нэхэмжлэгч тал Дулааны шугам импекс компанитай нийлж О.О*******гийн эсрэг хуйвалдааныг явуулсан. Тэр нь юу гэвэл, Захиргааны хэргийн шүүх дээр улсын бүртгэлийн албанд холбогдох хэрэг. Та нар өөрсдөө О.О******* нарт зөвшөөрөөд тухайн газар дээрээ барилга бариулчихсан, тодорхой хэмжээний болзол нөхцөл тавигдчихсан байж улсын бүртгэлийн гэрчилгээ, тэр тусмаа Б***** ХХК-ийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаад байгаа. Энэ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохын тулд нөгөө эвлэрсэн захирамжаа шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүчингүй болгосон. Ерөөсөө зорилго нь энэ. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал хэвээрээ одоо ч цахилгаан дулаанаа авсаар байгаа. Үүний цаана нэхэмжлэгч нь асар их хөрөнгө мөнгөний сонирхолтой байгаа. Буулга гэсэн тохиолдолд 2 талаас 500 саяас илүү төгрөг авна гэж төсөөлдөг юм уу, яадаг юм. Би нэхэмжлэгч тал болон М***** к ХХК нарт хандаад хэлэхэд энэ мөнгө төгрөгийн чинь ард талд дулаанаар хангагдаж байгаа хэдэн мянган оршин суугчид, хэдэн мянган барилгын эрх ашиг зөрчигдөж байгаа гэдгийг ойлгож байгаа юу, үгүй юу. Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэтэл 2008 онд барилга баригдсаныг мэдсээр байж 9 жилийн дараа нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд шүүх хэргийг үнэн зөв, бодитой талаас нь харж, шударгаар шийдэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж** э* м*** т** ХХК нь хариуцагч М***** к ХХК, Б***** ХХК-д тус тус холбогдуулан Ж** э* м*** т** ХХК-ийн газар ашиглах эрхийн 2013/07 гэрчилгээгээр хууль ёсны дагуу эзэмшиж байгаа улсын тусгай хамгаалалттай газарт хариуцагч М***** к ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М***** к ХХК зөвшөөрсөн, хариуцагч Б***** ХХК эс зөвшөөрч маргажээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Ж** э* м*** т** ХХК-ийн 2013/07 дугаар гэрчилгээтэй, ашиглах эрх бүхий газарт М***** к ХХК дур мэдэн дулааны дамжуулах төвийг барьсан, Б***** ХХК нь дээрх М***** к ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан барилга дээр 3 давхар барилга давхарлаж бариад, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулж авсан тул тус дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлнэ” гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ж** э* м*** т** ХХК-д олгосон 2013/07 дугаартай газар ашиглах гэрчилгээ, түүний хавсралт, 2019/347 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06б/835 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар Ж** э* м*** т** ХХК нь Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй,

47 53 05.41      106 54 48.05 

47 53 13.40      106 54 53.10

47 53 13.15      106 54 54.50

47 53 07.62      106 54 50.76

47 536 05.08 106 54 49.41 газар зүйн солбицолтой, 0.7 га талбайтай газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ашиглах эрхтэй, тус талбай нь бусад газар ашиглагч нарын талбайтай давхцалгүй болох нь тогтоогдож байна. /хх11, 18, 93, /

 

Мөн хэрэгт авагдсан Гео**** ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, кадастрын зургаар М***** к ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан дулаан дамжуулах төвийн барилга Ж** э* м*** т** ХХК-ийн ашиглалтад буй, дээрх солбицол бүхий газарт байрласан болох нь тогтоогдох бөгөөд талуудын хэн аль нь уг асуудлаар маргаагүй. /хх9, 10/    

 

Харин хариуцагч Б***** ХХК “...тус ЦТП-ын барилга төрийн оролцоотой, төрийн үйл ажиллагааны хүрээнд баригдсан нийтийн буюу Жинхэнэ уянга ХХК-ийн барьсан Гэрэлт хотхоны орон сууцны 8, 9 орон сууц болон бусад 4, 5 барилгыг дулаанаар хангаж байгаа тул барилгыг буулгах боломжгүй. М***** к ХХК тус ЦТП-ыг барихдаа “Ж** э* м*** т**” ХХК-д мэдэгдсэн болох нь тус компанийн захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан. Гэтэл 2008 онд барилга баригдсаныг мэдсээр байж 2017 оны буюу 9 жилийн дараа нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. “Ж** э* м*** т**” ХХК өмнө нь барилгыг буулгуулахаар нэхэмжлэл гаргаад, цахилгаан, дулааны хангамж авахаар М***** к ХХК-тай эвлэрсэн, цахилгаан, дулаанаа одоо ч аваад явж байна. Б***** ХХК тус ЦТП-ыг ашигладаггүй, харин дээр нь баригдсан 2, 3 давхрыг өмчилдөг, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, уг 2, 3 давхарт байрлах барилгыг буулгаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Б***** ХХК-д хамааралгүй” гэж маргасан.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ж** э* м*** т** ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хариуцагч М***** к ХХК-д холбогдуулан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...хохирол 500 000 000 төгрөг гаргуулж, тухайн барилгад холбогдсон инженерийн шугам сүлжээнээс холболт хийх зөвшөөрөл олгох” гэж өөрчлөн, уг шаардлагын хүрээнд талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02504 дүгээр захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

 Дээрх эвлэрлийн гэрээ, О.О******* нарын хариуцагч М***** к ХХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д тус тус холбогдуулан гаргасан “...М***** к ХХК болон О.О******* нарын 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүй холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг даалгах, О.О******* нь дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 274 дүгээр шийдвэр гарч, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Улсын дээд шүүхийн 1445 дугаар тогтоолоор өмчлөгч О.О******* болон М***** к ХХК-ийн зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулахыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д үүрэг болгож шийдвэрлэсний улмаас биелэгдэх боломжгүй болжээ.

 

Үүний улмаас, нэхэмжлэгч Ж** э* м*** т** ХХК эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШТ2020/00233 дугаар тогтоолоор зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн 2504 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор тус хэрэг ердийн журмаар хянан шийдвэрлэгдэж, тус шүүх 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2402 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж** э* м*** т** ХХК-ийн хариуцагч М***** к ХХК-д холбогдуулан гаргасан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

Улмаар О.О******* нь “...уг барилгыг 2009 онд О.О******* худалдан авч өмчлөгч болсон ба 2014 онд О.О*******гээс Л.Аззаяагийн өмчлөлд, Л.Аззаяагаас 2015 онд Б***** ХХК худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл өмчлөгчид мэдэгдэлгүйгээр барилгыг албадан буулгах шийдвэр гаргаснаар тус компанийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн” гэх агуулга бүхий хүсэлтийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас тус шүүхэд гаргаж, тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэх явцад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11576 дугаар шүүгчийн захирамжаар Л.Аззаяаг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14463 дугаар шүүгчийн захирамжаар Б***** ХХК-ийг хариуцагчаар тус тус оролцуулжээ.    

 

Хэргийн баримтаар, 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн М***** к ХХК, О.О******* нар төлбөр тооцоо хийсэн протокол үйлдэж “...иргэн О.О*******гийн нэр дээр олгогдсон газар дээр М***** к ХХК-ийн хөрөнгөөр барьсан ЦТП-ийн барилгын 1 дүгээр давхар болон ЦТП-ийн барилга нь М***** к ХХК-ийн өмчлөлд байж, 2 дугаар давхрын хэсгийг иргэн О.О*******д 96 000 000 төгрөгөөр худалдахаар” харилцан тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б***** ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 12 тоот хаягт байршилтай 795,6 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн Ү-2206024181 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. /хх190, 192/  

 

Нэхэмжлэгч Ж** э* м*** т** ХХК тус бүртгэлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 825 дугаар шийдвэрээр “...Ү-2206024181 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь О.О******* буюу Б***** ХХК-ийн ашиглах эрхтэй газар биш бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь хүчин төгөлдөр бус актыг үндэслэн бүртгэгдсэн” гэж дүгнэн бүртгэлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар магадлалаар дээрх бүртгэлийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаар тогтоолоор дээрх 180 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож шийдвэрлэжээ.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар О.О*******гийн зөвшөөрөлгүй холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцалж, О.О*******г дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэйг болохыг тогтоосон Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1445 дугаар тогтоол 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон, дулаан дамжуулах төв болон түүнд суурилагдсан тоног төхөөрөмжийг М***** к ХХК 50 хувь, О.О******* 50 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон Улсын дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 674 дүгээр тогтоолыг мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болж, ердийн журмаар шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгч О.О******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 8427 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан болох нь тус тус тогтоогдсон, зохигчид уг асуудлаар маргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд О.О*******гийн өмч болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж** э* м*** т** ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлд “...Уг ашиглах эрхтэй газрын нутаг дэвсгэрт М***** к ХХК нь өөрийн хөрөнгөөр дулааны болон цахилгаан шугам дамжуулах төвийн барилга, байгууламж барих тухай манай компанид мэдэгдсэн байсан” гэж дурдсан байх боловч нэхэмжлэгч 2017 оноос уг асуудлаар маргаан үүсгэж, шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгчийг өөрийн ашиглах газарт дулаан дамжуулах төвийн барилгыг барих зөвшөөрлийг М***** к ХХК-д олгосон гэж дүгнэх боломжгүй байхаас гадна уг маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарах тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч байхаар хуульчилсан бөгөөд хариуцагч Б***** ХХК-ийг тус дулаан дамжуулах төвийн барилгын 2, 3 дугаар давхрыг өмчилдөг талаар талууд маргаагүй, мөн хариуцагчийг хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан талаар нэхэмжлэгч нотлоогүй боловч тус үл хөдлөх эд хөрөнгө Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаардаг, газрыг  хуулийн ёсоор ашиглагч нь Ж** э* м*** т** ХХК байх тул хариуцагч Б***** ХХК-ийг шударга эзэмшигч гэж дүгнэх боломжгүй байна.

 

Мөн хариуцагч Б***** ХХК тус ЦТП-ийг төрийн үйл ажиллагааны хүрээнд баригдсан гэж тайлбараа нотлоогүй, тус ЦТП орон сууцны хотхонуудыг дулаан, цахилгаанаар хангаж буй нь газрын хууль ёсны ашиглагчийн эрхийг хязгаарлах үндэслэлгүй болохгүй юм.

 

Иймд хариуцагч М***** к ХХК-ийн барьсан дулааны дамжуулах төвийн барилга, түүний дээд давхарт баригдсан Б***** ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар хариуцагч нарын ашиглах эрхтэй газар биш болох нь тогтоогдох тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ж** э* м*** т** ХХК-ийн газар ашиглах эрхийн 2013/07 гэрчилгээ, гэрээний дагуу ашиглаж буй нь Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй, 0.7 га талбайд М***** к ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, уг газрыг М***** к ХХК, Б***** ХХК-ийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөхөөр шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 728 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.    

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Ж** э* м*** т** ХХК-ийн 2013/07 дугаартай газар ашиглах гэрчилгээ, гэрээний дагуу ашиглаж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын Дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам гэх нэртэй газрын 0.7 га талбайд М***** к ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, уг газрыг М***** к ХХК, Б***** ХХК-ийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 728 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ