Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00602

 

 

 

 

 

        2022         04          01                                           210/МА2022/00602

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02877 дугаар шийдвэртэй,

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК, “Б” ХХК-д тус тус холбогдох,

Зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан барилгыг албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч “Б” ХХК болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Ж” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Зайсангийн аманд байрлах 0.7 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан. Улмаар 2017 онд тус газартаа хөрөнгө оруулалт татан, аялал жуулчлалын зориулалттай үйлчилгээний төв барихаар төлөвлөж, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Геомастер” ХХК-иар кадастрын зураг хийлгэхээр газар дээр нь хэмжилт хийлгэхэд “М” ХХК манай компанийн ашиглах эрхтэй солбицол бүхий талбайд дур мэдэн дулаан дамжуулах төвийн барилгыг барьж, газар ашиглагчийн эрх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөний улмаас төлөвлөлт хийх боломжгүй, орц гарц хаагдан ашиглах аргагүй болсныг мэдсэн.

Улмаар “М” ХХК-д холбогдуулан барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Хариуцагчаас “...танай компанийг дулаанд холбож өгөөд дээр нь 500,000,000 төгрөг өгье” гэх хүсэлт тавьсныг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн.

Гэтэл О.О- тухайн дулаан дамжуулах төвийг барихад газраараа хөрөнгө оруулсан учир эзэмших буюу ашиглах эрхтэй болохоо тогтоолгохоор шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор “М” ХХК-ийн бусдад дулаан өгсөн гэрээнүүдийг цуцлаад О.О-гийн зөвшөөрлөөр бусдад дулаан өгөхийг даалгахаар шийдвэрлэсний улмаас бидний тохиролцоо биелэгдэх боломжгүй болж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр хүчингүй болсон.

 “Б” ХХК нь дээрх “М” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан барилга дээр 3 давхар барилга давхарлаж бариад, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг улсын байгууллагын тодорхой албан тушаалтанд хээл хахууль өгч, тухайн газар ашиглах гэрчилгээнд нэмэлтээр солбицол нэмэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдэн гаргуулж авсан, үүнийг шалгаж нотолсон 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 397 тоот Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын тогтоол гарсан.

Иймд хариуцагч хууль бус үл эд хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байгаа тул газрыг албадан чөлөөлүүлж өнгө үү.

 

2. Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: “М” ХХК нь 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн О.О-тэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Зайсан орчимд баригдаж байгаа орон сууцуудыг дулаанаар хангах, түүнд зориулсан тоног төхөөрөмж болон дулаан дамжуулах төвийн барилга барихаар тохиролцсон. Тус гэрээгээр “М” ХХК нь барилга болон тоног төхөөрөмжийг бүрэн хариуцах үүргийг, О.О- нь техник болон газрын асуудлыг бүрэн шийдэх үүргийг тус тус хүлээсэн. О.О- нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2007 оны 678 тоот газар эзэмших гэрчилгээг үзүүлэн тухайн газарт барилга барьж болно гэх зөвшөөрлийг өгсний дагуу “М” ХХК нь “Ану сервис” ХХК-тай 2008, 2009 онуудад ажил гүйцэтгэх гэрээ байгуулан одоогийн тоног төхөөрөмж байрлах барилгыг барьж ашиглалтад оруулсан. Манай тоног төхөөрөмж “Ж” ХХК-ийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан болох нь тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

 

3. Хариуцагч “Б” ХХК, гуравдагч этгээд Л.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Дулаан дамжуулан төвийн барилга нийтийн буюу Зайсангийн хэд хэдэн барилга болох “Жинхэнэ уянга” ХХК-ийн барьсан “Гэрэлт” хотхоны 4, 5, 8, 9 орон сууцыг дулаанаар хангаж байгаа тул нэхэмжлэгчийн шаардсанаар дулаан дамжуулах төвийн барилгыг буулгах боломжгүй. 2008 онд буюу 13 жилийн өмнө дулаан дамжуулах төв баригдаж эхэлж байсан бөгөөд үүнийг мэдсэн гэдэг нь захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдоно. Мөн нэхэмжлэгч энэ барилгыг буулгах тухай нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байгаад цахилгаан болон дулааны хангамж авахаар тохиролцсон, үүнийгээ авсан, одоо ч аваад явж байгаа. “Б” ХХК энэ дулааны шугам, ЦТП-ыг ашигладаггүй, харин энэ дулаан дамжуулах төв дээр баригдсан байгаа 2, 3 давхрыг өмчилдөг. “М” ХХК ЦТП-ын барилга дээр нь өргөтгөл бариад 96,0 сая орчим төгрөгөөр О.О-д худалдсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан, дараа нь “Б” ХХК руу шилжсэн. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага нь тухайн тийм тоот өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий хөрөнгийг буулгах гэж байхгүй.

Улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг бөгөөд улсын бүртгэгч энэ бүртгэл хууль ёсны, үндэслэл бүхий бүртгэл, үүнд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй гэх тайлбар гаргадаг. Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэрэг шийдэгдээгүй байхад нэхэмжлэгч тал өөрөө шүүх хуралдааныг явуулъя гэсэн зорилгоор ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Эрхийн доголдлын талаар нэхэмжлэгч тал тайлбар хийж мэтгэлцэх шаардлага байхгүй. Тэгэхээр дулаан дамжуулах төв барилга баригдсан, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байсан, тэр бүү хэл дулааны шугамаас өөрсдөө татаад авчихсан.

Нэхэмжлэлийн шаардлага нь ганц дулаан дамжуулах төвийн барилгыг буулгах, гэтэл дотор нь дулааны шугам, тоног төхөөрөмж байгаа. Мөн нэхэмжлэгч хуурамч бичиг баримт үйлдсэн, авлига өгсөн гэж хэллээ. Үүнийг би бүр хариуцлагатайгаар хэлье, энэ улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа н.Г, О.О-, “Б” ХХК, Л.А- гэсэн хүмүүс авлига өгсөн нэг ч асуудал байхгүй, энэ талаар шүүхийн тогтоол, шийдвэр байхгүй. Харин нэхэмжлэгч тал Дулааны шугам импекс компанитай нийлж О.О-гийн эсрэг хуйвалдааныг явуулсан. Нэхэмжлэгч нь О.О- нарт зөвшөөрөөд тухайн газар дээрээ барилга бариулсан, тодорхой хэмжээний болзол нөхцөл тавигдсан байж улсын бүртгэлийн гэрчилгээ, тэр тусмаа “Б” ХХК-ийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаад байгаа. Өнөөдөр нөхцөл байдал хэвээрээ одоо ч цахилгаан дулаанаа авсаар байгаа.

Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэтэл 2008 онд барилга баригдсаныг мэдсээр байж 9 жилийн дараа нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд шүүх хэргийг үнэн зөв, бодитой талаас нь харж, шударгаар шийдэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн 2013/07 дугаартай газар ашиглах гэрчилгээ, гэрээний дагуу ашиглаж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын Дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам гэх нэртэй газрын 0.7 га талбайд “М” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, уг газрыг “М” ХХК, “Б” ХХК-ийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 728 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

“Ж” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Зайсангийн аманд байрлах 0.7 га талбай бүхий тусгай хамаалалттай газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг “Монголын нэг өдөр музей болон төв байгуулах” зорилгоор 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулан ашиглах болсон байна.

Гэтэл уг газарт 2008 оны 09 сарын 04 өрийн 01 тоот гэрээгээр дулаан дамжуулах төвийн барилгыг барьж 2009 онд дууссан. Дулаан дамжуулах төвийн барилгыг барьж буй 2008-2009 онд нэхэмжлэгч “Ж” ХХК нь гомдлын шаардлага огт гаргаагүй, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэмжилт хийлгэхдээ мэдсэн гэж буй нь үндэслэлгүй байна. Бүтэн 8 жилийн хугацаанд уг газарт дулааны төвийн барилга баригдаж улмаар 3 давхар болж бүтээн байгуулалт явагдсан байхад таслан зогсоохгүйгээр их хэмжээний хөрөнгө оруулснаас хойш 8 жилийн дараа хэмжилт хийхдээ мэдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “Шаардах эрх нь нэхэмжпзгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэснийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй байна.

Дулааны төвийн барилга 2008 онд баригдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрх үүсэхээс өмнө уг төвийн барилга баригдсан байсан. Хэрэгт 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн газар ашиглах гэрчилгээнээс өөрөөр баримт байхгүй.

Нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа “М” ХХК болон О.О- нарын газар ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх гэж өөрчилсөн. Энэ нэхэмжлэлтэй хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр О.О-г хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа О.О-гийн хүсэлтээр Л.А-г гуравдагч этгээдээр татсан захирамж гаргасан нь хууль бус болсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэлд дурдсан дулаан дамжуулах төвийн барилга нь “М” ХХК болон О.О- нарын хамтран өмчлөлийн хөрөнгө. Харин түүний дээр байгаа 3 давхар барилга “Б” ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний барилгыг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ү-2206024181 дугаар бүхий гэрчилгээг өмчилдөг. Гэтэл дулаан дамжуулах төвийн өмчлөгч биш “Б” ХХК-д холбогдуулан дулааны төвийн барилгыг буулгах шийдвэр гаргасан нь ойлгомжгүй.

Шүүх дулааны төвийн барилга буулгах болон газар чөлөөлүүлэх нэхэмжлэл шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн шаардлага гаргаж буй газар нь өмчлөгдөөгүй төрийн тусгай хамгаалалтанд байдаг газар нутаг. Мөн хариуцагч нарын өмчлөлийн хөрөнгө нь нэхэмжлэгчийн ямар ч өмчлөлийн зүйлээ хэрэгжүүлэхэд саад болоогүй, саад болж байгаа талаар гомдол гаргаагүй 8 жил болсон нь шаардлага гаргах хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэгдэнэ. Заавал газар өмчлөх гэрчилгээтэй байж нэхэмжлэл гаргах ёстой гэж гомдолдоо дурдах нь буруу. “Б” ХХК-ийн 2, 3 давхрын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, бүртгэлийг Захиргааны хэргийн шүүх газар эзэмших эрхгүй атлаа өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль бус гэж дүгнэн хүчингүй болгон шийдвэрлэсэн. “Б” ХХК нь 2, 3 давхрыг өмчилж байгаа боловч газар эзэмших, ашиглах эрхгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Хариуцагч нар тус газарт барилга барихдаа газар ашиглаж буй эзэмшигчээс албан ёсны зөвшөөрөл авсан эсэх талаар шалгах ёстой. Гэтэл О.О- нь өөрийн газар гэж хэлээд бусдын газарт барилга бариулсан асуудал байгаа юм. Үүнийг хариуцагч нар үгүйсгэдэггүй. 2008 онд барилга баригдсан учир буулгах ёсгүй гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар газар ашиглаж байгаа этгээд өмчлөгчтэй адил эрхтэй. Иймд өмчлөгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах эрх байхгүй.

Мөн Л.А-г гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу биш.

2009 оны хамтран ажиллах гэрээ гэж хариуцагч талаас дурдаж байна. О.О- болон “М” ХХК нь гэрээний дагуу барилга барьсан гэж байна. О.О-гийн хөрөнгө оруулсан гэх газар нь “Ж” ХХК-ийн газар байсан. Гэрчилгээн дээр нь байгаа солбицол дээр барилгыг бариагүй. Дулаан дамжуулах үйл ажиллагаа эрхэлдэг Зайсан скай ХХК тодруулга өгсөн. Үүнд тус газарт ямар нэгэн этгээдийн тоног төхөөрөмж байхгүй, газар доор байрлаж байгаа дулаан дамжуулах хоолой нь ашиглагдахаа больсон, дулааны өртэй болсон, нэмэлтээр зайсан толгойн зүүн талд хүчин чадлыг нь өргөтгөж дулааны төв нь шинэчлэгдээд үйл ажиллагаагаа явуулж гэсэн байдаг.

2009 онд тус барилгыг барьсан, анх барих үед зөвшөөрөл өгөөгүй, энэ талаар баримтгүй. 2009 онд улсын дулааны шугам гэж барьсан боловч энэ нь эцэстээ О.О- болон “М” ХХК-ийн хамтарсан хөрөнгө болсон. “М” ХХК-д удаа дараа манай байгууллагаас тайлбар хүссэн мэдэгдэл явуулж байсан. Бусдын газар дээр хуурамч бичиг баримтаар барилга барьсан атлаа “Ж” ХХК-ийн эрх зөрчигдөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “М” ХХК, “Б” ХХК-д тус тус холбогдуулан “Ж” ХХК-ийн газар ашиглах эрхийн 2013/07 гэрчилгээгээр хууль ёсны дагуу эзэмшиж байгаа улсын тусгай хамгаалалттай газарт хариуцагч “М” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрсөн, хариуцагч “Б” ХХК эс зөвшөөрч маргажээ. 

 

2.а. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Ж” ХХК-д газар ашиглах 2013/07 тоот гэрчилгээ олгосны дагуу Хан-Уул дүүргийн Богдхан уулын тусгай хамгаалалтай газрын Зайсангийн аманд 0.7 га талбай бүхий газрыг ашиглахаар болжээ. /1хх 96-97/

 

2.б. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчид газар ашиглах гэрчилгээ олгохоос өмнө уг газар дээр 2008 онд дулаан дамжуулах төв баригдаж эхэлсэн үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна Улсын дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 674 дүгээр тогтоолоор тогтоогдож байна.  

 

3. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ашиглах эрх хэзээ үүссэн талаар тодруулахад 2004 онд авсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хариуцагч хэрхэн зөрчсөн гэх нөхцөл байдал тодорхой бус байна. Тодруулбал, хариуцагчийн барилгыг буулгуулах тухай шаардлага нь газар ашиглагчийн эрхийн зөрчлийг арилгах арга хэрэгсэл гэж үзэх бол уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдсэн эсэхийг тодруулах шаардлагатай.

 

3.а. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг нь өмчлөгч эсхүл хууль ёсны эзэмшигч нь газрын эзэмшилтэй холбоогүй, бусад ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахаар эсхүл саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхийн үндэслэлд хамаарна.  

 

Гэтэл анхан шатны шүүх ашиглах эрхийн үндсэн дээр газар эзэмшигчийн газрыг хариуцагч хууль бусаар эзэмшиж, ашигласан гэх агуулгаар дүгнэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт буюу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ мөн зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хууль буруу хэрэглэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхой бус, түүний газар ашиглах эрхийг хариуцагч хэрхэн зөрчиж байгаа, үүнтэй холбоотойгоор хариуцагчийн барилгыг буулгаснаар ямар эрх сэргээгдэх нь тодорхой бус байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                   ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА

.