Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/00035

 

2021 оны 12 сарын 23 өдөр                          Дугаар 102/ШШ2022/00035                          Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ...-р хороо, .... хороолол, ...-р байр, ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ..., З.. овогтой Ш...гийн М...ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ... байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ...., Д.. овогтой С-ийн М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 41 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.                             

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.М,  хариуцагч С.М нар нь 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн гаргасан зээлийн өргөдлийг хүлээж авч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг үндэслэн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай,  сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Уг гэрээгээр хариуцагч нь сар бүр 1 600 000 төгрөгийг төлөх байсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад зээлийг төлөх ёстой байсан. 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зээлдэгч С.М нь 7 000 000 төгрөгийг адил нөхцөлтэйгөөр нэмж зээлж авсан бөгөөд хүүгийн сарын төлбөр 2 160 000 төгрөг болсон. Гэрээ 2020 оны 10 дугаар сарын 17-нд дуусгавар болох байсан боловч талууд тохиролцон  2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан.  Талууд сарын хүүгийн төлбөр 2 160 000 төгрөгийг 2 000 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд гэрээний 15 сарын эхний 4 сард сар бүр хүү 1 600 000 төгрөг, үлдэх 11 сард сар бүр 2 000 000 төгрөг төлөхөөр тохирч, хариуцагч бичгээр хүсэлт гаргаж хүлээн зөвшөөрсөн, зээлдэгч нь 52 400 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч хүүгийн төлбөрт нийт 24 525 000 төгрөг төлж 2 875 000 төгрөгийн хүү төлөөгүй байна. Үндсэн зээл 25 000 000 төгрөг төлөгдөөгүй ба үндсэн зээлийн гэрээний үүрэгт 27 875 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Гэрээний 3.7 дугаар зүйлд зааснаар хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх ба тал хувиар тооцон 13 937 500 нийт 41 812 500 төгрөг болсон. Талууд зээлийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дүгнэн тооцоо нийлсэн акт үйлдэн ба төлбөрийг 500 000 төгрөгөөр багасгаж 41 300 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Иймд С.М-аас 41 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.    

 

Хариуцагч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөрийн хувьд зөвшөөрч байгаа. Төлсөн 24 525 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна. Үлдэгдэл 2 500 000 төгрөгийг төлнө. Зээлийн хүүг хэт өндөр тогтоосон, цар тахлын байдлыг харгалзаж хүүг багасгаж өгнө үү. Тооцоо нийлсэн актыг дарамтын байдалд үйлдсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.М нь С.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 41 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 13 312 500 төгрөгийг гаргуулахаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ш.М нь С.М-тай 2020 оны 02-р сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, гэрээний 3.7 дахь заалтаар зээлдэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохирчээ /хх 7/.

 

Зээлдүүлэгч нь 2020 оны 02-р сарын 17-ны өдөр 7272.73 ам.долларыг 20 000 000 төгрөгт тооцож зээлдэгчид Голомт банкны төлбөрийн баримтаар шилжүүлсэн /хх 11/, зээлдэгч 20 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч 2020 оны 07-р сарын 07-ны өдөр дахин 7 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлүүлсэн гэх ба тухайн өдөр 3 удаагийн шилжүүлгээр 7 000 000 төгрөгийг зээлдэгч С.М-ийн дансанд /хх 20/ шилжүүлжээ.

 

Талуудын хооронд 7000 000 төгрөгийг гэрээний үндсэн нөхцөлөөр  зээлүүлсэн нь нь баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, зээлийн хүү, хугацаа тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээг 2021 оны 04-р сарын 20-ныг хүртэл хугацаагаар сунгаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч хүү авах эрхээ алдсан байна.

Зээлдэгч нь эдгээр зээлээс 24 525 000 төгрөг төлсөн /хх 12-39/ талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч зээлийн хүүг хэт өндөр тогтоосон, цар тахлын нөхцөл байдлын улмаас зээлийн хүүг бууруулахыг хүссэн байх ба зээлийн сарын хүүг 8 хувиар тогтоосон нь хэт өндөр тогтоосон хүү гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд олгож байгаа зээлийн хүү 3.5 хувь, иргэд хоорондын зээлийн хүү 3-3.9 хувь байгаа нь Шүүх.мн сайтад тавигдсан нийтэд илэрхий шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

 

Нөгөө талаас, коронавирус ковид-19 цар тахал тархсан хугацаанд иргэд хооронд зээл олгосон нь зээлийн хүүг хэт өндөр тогтоосон үндэслэлд хамаарахгүй боловч зээлийн эргэн төлөлт, зээлдэгчийн төлбөрийн чадварт нөлөөлсөн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар талууд хооронд тогтоосон сарын 8 хувийн хүү нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул сарын хүүг 4 хувь болгож багасгаж шийдвэрлэлээ.

 

Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2020 оны 10-р сарын 17-нд үндсэн зээл 20 000 000 төгрөг, сарын 4 хувийн хүүг 8 сараар тооцож 6 400 000 төгрөг, 2020 оны 7-р сарын 7-нд зээлсэн 7 000 000 төгрөг нийт 33 400 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс төлсөн 24 525 000 төгрөгийг хасч 8 875 00 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэлээ.

 

Гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар зээлдэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон тул 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 4 437 500 төгрөг нийт 13 312 500 төгрөгийг хариуцагч С.М-аас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:  

 

     1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан С-ийн М-аас 13 312 500 /арван гурван сая гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Ш-ийн М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 987 500 /хорин долоон сая есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 450 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.М-аас 224 512 /хоёр зуун хорин дөрвөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулж Ш.М-т олгосугай.     

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА