Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00425

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00035 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.М-ийн хариуцагч С.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 41,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 41,300,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч Ш.М-, хариуцагч С.М- нар нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн гаргасан зээлийн өргөдлийг хүлээн авч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг үндэслэн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Уг гэрээгээр хариуцагч нь сар бүр 1,600,000 төгрөгийг төлөх байсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад зээлийг төлөх ёстой байсан. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч С.М- нь 7,000,000 төгрөгийг адил нөхцөлтэйгөөр нэмж зээлж авсан бөгөөд хүүгийн сарын төлбөр 2,160,000 төгрөг болсон. Гэрээ 2020 оны 10 дугаар сарын 17-нд дуусгавар болох байсан боловч талууд тохиролцон 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. Талууд сарын хүүгийн төлбөр 2,160,000 төгрөгийг 2,000,000 төгрөг байхаар тохирсон бөгөөд эхний 4 сард сар бүр хүү 1,600,000 төгрөг, үлдэх 11 сард сар бүр 2,000,000 төгрөг төлөхөөр тохирч, хариуцагч бичгээр хүсэлт гаргаж хүлээн зөвшөөрсөн, зээлдэгч нь 52,400,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч хүүгийн төлбөрт нийт 24,525,000 төгрөг төлж 2,875,000 төгрөгийн хүү төлөөгүй байна. Үндсэн зээл 25,000,000 төгрөг төлөгдөөгүй ба үндсэн зээлийн гэрээний үүрэгт 27,875,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Гэрээний 3.7-д зааснаар хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх ба тал хувиар тооцон 13,937,500 төгрөг, нийт 41,812,500 төгрөг болсон. Талууд зээлийн гэрээг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дүгнэн тооцоо нийлсэн акт үйлдсэн ба төлбөрийг 500,000 төгрөгөөр багасгаж 41,300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Иймд С.М-гаас 41,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөрийн хувьд зөвшөөрч байгаа. Үүнээс төлсөн 24,525,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлнө. Зээлийн хүүг хэт өндөр тогтоосон, цар тахлын байдлыг харгалзаж хүүг багасгаж өгнө үү. Тооцоо нийлсэн актыг дарамтын байдалд үйлдсэн гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.М-гаас 13,312,500 төгрөг гаргуулж Ш.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,987,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-гаас 224,512 төгрөг гаргуулж Ш.М-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэсэн атлаа 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлсэн 7,000,000 төгрөгт алданги тооцсон нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хооронд 7,000,000 төгрөгийг гэрээний үндсэн нөхцөлөөр зээлүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, зээлийн хүү, хугацаа тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй. Гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч хүү авах эрхээ алдсан байна гэж зөв дүгнэсэн атлаа алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт ... анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцэхгүй байна. Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 4 хувь болгон бууруулан тооцвол үндсэн зээл 20,000,000 төгрөгийг 6,400,000 төгрөгийн хүүгийн хамт нийт 26,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тооцоо гарч байгаа бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 24,525,000 төгрөгийг хасаж тооцвол 1,875,000 төгрөгийн үүргийг хариуцагч гүйцэтгээгүй байна. Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангид 937,500 төгрөг буюу нийт 2,812,500 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 07-нд зээлсэн 7,000,000 төгрөгийн хамт нийт 9,812,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тооцоо гарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хангагдсан үнийн дүнгээс 3,500,000 төгрөгийг хасаж бусад хэсгийг хэвээр үлдээх буюу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон. Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний дагуу 41,300,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүүг багасгаж талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан талууд гэрээний хүүг харилцан тохиролцох гэсэн заалтад нийцэхгүйгээр хүүг багасгасан. Мөн хугацаа сунгасан талууд гарын үсэг зураад бичгээр байгуулсан тохиролцоог үгүйсгэсэн байгаа нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүх тооцоо нийлсэн актыг төлбөр барагдуулах энэ гэрээг ямар нэгэн байдлаар дүгнэхгүйгээр зээлийн гэрээтэй холбож энэ асуудлыг шийдсэн. Энэ шийдлийн үнийн дүнгээс дахин багасгаж өгнө үү гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Үндэслэлгүй гарсан шүүхийн шийдвэрт нэмж үнийн дүнг багасгах гэж гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд түүний гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч С.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 41,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ш.М- нь 20,000,000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч С.М- нь зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөхөөр тохиролцож, хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 7-р тал/. Мөн талууд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч С.М-д дахин 7,000,000 төгрөгийг зээлдүүлжээ. /хх-ийн 20-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж зөв дүгнэсэн байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

 

Нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч С.М-д 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан, талууд тооцоо нийлж, зээлийн нийт үүргийг баталгаажуулсан гэх үндэслэлээр 41,300,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан бол хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ш.М-ээс нийт 27,000,000 төгрөг зээлж, 24,500,000 төгрөгийг буцаан төлсөн, зээлийн хүү хэт өндөр тогтоогдсон тул цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-3, 54-55, 101-р тал/

 

Зохигчид 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хугацаа, хүү болон алдангийг тохиролцсон байх боловч 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн зээлийн гэрээний хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан гэх бичгийн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Ш.М- нь бичгээр байгуулсан зээлийн гэрээний хүрээнд хүү, алданги шаардах эрхтэй.

 

Талууд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүг нэг сарын 8 хувиар тохиролцсон, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон хариуцагч С.М-гийн хүсэлтийг харгалзан, хүүг 4 хувиар тооцсоныг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6,400,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөг болно. Үүнээс хариуцагч С.М- нь зээлийн гэрээний үүрэгт нийт 24,525,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул 26,400,000 төгрөгөөс хариуцагч С.М-гийн төлсөн 24,525,000 төгрөгийг хасвал 1,875,000 төгрөг болно. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцүүлэн алданги тооцвол 937,500 төгрөг болж байна. Харин анхан шатны шүүх бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний үүрэг болох 7,000,000 төгрөгөөс алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцээгүй байна.

 

Хариуцагч С.М-гийн зээлийн гэрээний нийт үүргийг тооцвол 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн үлдэгдэл 1,875,000 төгрөг, алданги 937,500 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн үүрэг 7,000,000 төгрөг, нийт 9,812,500 төгрөг болж байна. Иймд хариуцагч С.М-гаас 9,812,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М-т олгож, нэхэмжлэлээс 31,487,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1, гэж нэмж, ... 13 312 500 /арван гурван сая гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг ... гэснийг 9,812,500 төгрөг гэж, ... 27 987 500 /хорин долоон сая есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг ... гэснийг 31,487,500 төгрөгт холбогдох хэсгийг гэж,

2 дах заалтын ... 224 512 /хоёр зуун хорин дөрөв таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулж Ш.М-т олгосугай. гэснийг 171,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-т олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.М-гаас төлсөн 70,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Г.ДАВААДОРЖ