Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/00418

 

                                                                                                                                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

2022        03         04                                             181/ШШ2022/00418         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭМЯ,

Хариуцагч: МУК19ХУСАУЗБ,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, МУК19ХУСББХТ төслийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, ЭМЯ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэлхийн банкны Ковид 19 төсөлд 2020.08.05-нд ЭМЯ-ны ТНБД-ын тушаал гарснаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтнээр, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Урьд нь 2 байгууллагад зөвлөхийн орон тоонд ажилладаг байсан бөгөөд төслийн зохицуулагч С.Энхболд төслийн ажил зогсож цалгардаад байгаа тул ирж ажиллаач гээд би ажлаасаа бүр мөсөн гараад ажиллахаар болсон. Анх надад төслийн тухай танилцуулахдаа 3 жил үргэлжлэх төсөл, цалин өндөр хийх ажлаа цагтаа хийгээд дуусвал яваандаа ачаалал багасна, одоо харин амралтын өдөр ч гэсэн ажлаад хоцрогдлыг нөхөх шаардлагатай байна гээд намайг 12 cap хүртэл их шахаж ажиллуулсан. Би орой 21 цаг хүртэл мөн амралтын өдрөөр ч ажиллаж байсан. 12 сарын сүүлээр төслийн хүрээнд худалдан авах эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг боловсруулж дууссан. Гэхдээ зарим нэг хэсэгт бага зэрэг дахин ажиллах шаардлага үлдсэн байсан.

Ингээд миний хийх ажил ерөнхийдөө цэгцрээд би хийсэн ажлаа дахин нягтлах ажил эхэлж байлаа. Тэр үед худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажил нь их байна тусал гээд би 12 сараас 4 cap хүртэл Г.Э-ын ажлыг давхар хийж гүйцэтгэсэн. Г.Эл ажлаа дуусгалгүй ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд явсан. Энэ хугацаанд миний бие төрөх эмнэлгийн болон анагаахын эмнэлгийн тендерүүдийг зарлаад 25 багцад нь гэрээ байгуулах ажлыг ЭМЯ-ны үнэлгээний хороотой хамтарч хийсэн. Мөн бүх зарласан багц болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг СТЕП программд шинэчилж оруулсан. Мөн цахимаар тендер зарладаг болгох зэрэг өөрчлөлтүүдийг хийсэн. Бүх банкны тусламжтай хийсэн худалдан авалтын барааг хил гаалиас татан авч эмнэлгүүдэд хуваарилах ажлыг хийсэн. Үнэхээр цаг наргүй ажилласан.

Миний бие анх ажилд орохдоо жирэмсэн байснаа мэдэлгүй бараг 11 сарын эхээр мэдсэн /хордлого шинж тэмдэг байхгүй байсан тул мэдээгүй/. Ажил жигдрээд явж байтал төслийн зохицуулагч, нягтлан бодогч С, худалдан авалтын мэргэжилтэн Э нар нүд үзүүрлэж намайг ажил нь багассан, энэ хүн юу хийж байна гэж цаг үргэлж цагдаж бараг одоо миний хэрэг байхгүй болсон мэт хандаж эхэлсэн, мөн жирэмсэн учраас ажлаасаа тарах ёстой гэсэн утгатай зүйл хэлсэн. Бидний үеийн залуучууд үр дүнтэй, шударга ажиллаж байж л улс хөгжинө, эрүүл мэндийн салбар хөгжиж хүн ам ч амар тайван байна. Гэтэл ийм хууль бус, жижиг бодлоор хүний эрхийг зөрчиж байсанд үнэхээр гомдмоор байсан. Энэ үед ЭМЯ-ны удирдлагууд солигдож гэрээ сунгах ажил ч удааширсан. Хүүхэд төрүүлж чөлөө авах юм бол гэрээг цуцална гээд байсан тул аргагүйн эрхэнд би ээлжийн амралтаа авч, охиноо төрүүлсэн.

Хэдий жирэмсэн байсан ч төрөн төртлөө ажлаа хийсэн. Нэг ч ажлыг хоцроогоогүй харин ч Г.Э үлдээсэн бүх ажлыг цэгцэлсэн. Гэрээгээ цуцлахгүйн тулд төрсний дараа 2 cap болоод ажилдаа орохоор төслийн зохицуулагчтай тохироод явсан. Миний бие 2021 оны 4,5,6 сард цалин аваагүй харин улсаас олгодог жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмжээ аваад хүүхдээ асарч байгаад ажилдаа орохоор 2021.06.25-нд ирэхэд төслийн зохицуулагчийн бодол өөрчлөгдсөн ажилд авахгүй гээд дараах шалтгаануудыг хэлсэн. Үүнд:

1. Төсөлд гэрээний мэргэжилтэн шинээр авсан. Чамд хийх ажил байхгүй.

2. Төслийн хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэн хэрэггүй болсон. Чиний орон тоо шаардлагагүй болсон. Энэ талаар Дэлхийн банк болон захиалагч тал дээр яригдаж байгаа.

3. Цалингийн фонд байхгүй. 3-р улиралд чиний цалин батлагдаагүй чамд өгөх цалин байхгүй, би чамайг цалинжуулж чадахгүй.

4. Сангийн сайдын 2021 оны 4-р тушаалаар жирэмсний амралт авсан бол шууд гэрээ цуцлах байсан. Би мэдээгүй харин цаашид чиний гэрээг үргэлжлүүлэх боломжгүй байна.

5. Чиний ажлын гол үүрэг чинь техникийн үзүүлэлт боловсруулах байсан. Харин энэ ажил хийгдсэн тул одоогоор чамайг ажилуулах шаардлага байхгүй байна.

6. Нялх хүүхэдтэй хүн яаж ажиллах юм, ажил хийлээч бүтэн цалин аваад ажиллана гэж бодохоор сонин байна гэсэн шалтгаануудыг хэлсэн.

Эдгээр шалтгааныг сонсоод би маш их стрессдэж шөнө ч нойр хүрээгүй, гэхдээ охиноо хараад тайвширсан. Хамгийн гол нь энэ их ажлын хажуугаар эрүүл саруул охин төрүүлээд өсгөж байгаадаа талархсан юм.

Ажилд авахгүй гэсэн шалтгааныг тодруулж Сангийн яамны мэргэжилтнээс асуухад: “...удаан хугацааны амралт авах бол гэрээ цуцална, харин таны тохиолдолд үргэлжлүүлэх боломжтой харагдаж байна. Төслийн зохицуулагч л шийдэх асуудал. Мөн таны орон тоо хасагдаагүй хэвээрээ, цалин хасагдаагүй, бидэнд төслийн ажилчдын цалинг хасах ажил үүргийн хуваарь байхгүй, орон тоо хасах нэмэх ч эрх байдаггүй. Энэ бол цэвэр төсөл хэрэгжүүлэгч нэгжийн мэдлийн асуудал” гэж хэлсэн. Ингээд С.Э даргатай уулзахад хэлсэн бүх зүйлээ үгүйсгэж чи буруу ойлгож надаас цалин авч байгаа биш надад татгалзах зүйл алга. Чиний гэрээг үргэлжлүүлэх гэхээр Сангийн сайдын 4-р журмаар болохгүй болоод байна. Чиний хийх ажил дууссан чамаар юу хийлгэх вэ, тэгээд би яаж цалинжуулахаа ч мэдэхгүй байна, хөдөлмөрийн гэрээгээ зөвлөхийн гэрээ болгож өөрчлөх боломж байна гэсэн..тэгээд тур'байж бай шийднэ гээд одоо хүртэл шийдвэр гаргаагүй байна. Гэрээ өөрчлөх саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэд хэдэн удаа хэлсэн боловч миний саналыг огт хүлээж аваагүй.

7 сард амралтын мөнгө бодогдох ёстой байсан боловч 7.25-ныг хүртэл таг чиг байлаа. Нягтлан С руу ярихад гэрээгээ өөрчлөхийг зөвшөөрвөл одоо шууд шилжүүллээ гэсэн. Хүнийг шийдвэр гаргуулахын тулд ингэж бүдүүлгээр барьцаалан асууж амралтын мөнгө өгдөг ёс хаана байна вэ. Хүн чанар хууль журмыг уландаа гишгэж яаж чадаж байна. Нөгөө цалингийн фонд байхгүй, цалинжуулж чадахгүй гээд байсан худлаа байсан байна.

Мөн манай төслийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Ж.Б миний ажлыг давхар хийж 30 хувь нэмэгдэл цалин авах хүсэлтээ Сангийн яаманд гаргаснаас үзэхэд орон тоо байгаа мөн миний цалингийн фонд ч байгаа юм. Би 2021.06.25-ны өдөр ажилд орох байсан бөгөөд одоо болтол авахгүй байгаа нь ажлаас халсан үйлдэлтэй агуулга юм. Үүнээс хойш би 7 сарын 19, 8 сарын 18-ны өдөр хариу өгөхийг хүсч и-мэйл хаягаар өргөдөл дахин бичсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү

 

Би 2021.12.02-ний өдөр хавтаст хэрэгтэй танилцаж хариуцагч талаас бүрдүүлж өгсөн баримтад миний биеийг ажлаас чөлөөлсөн тушаалыг анх удаа олж үзлээ. Уг тушаал нь энэ оны 8 сард ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гаргасан бөгөөд тушаалыг надад одоог хүртэл дуулгаж танилцуулаагүй байна. Уг тушаал нь хүний эрхийг зөрчсөн илт ялгаварлан гадуурхсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т намайг жирэмснээ нууж Сангийн сайдын 2021 оны 4-р тушаалыг зөрчиж ажилд орсон гэж хэлсэн. Би төсөлд 2020 оны 5 сараас ажиллаж эхэлсэн боловч миний тушаалыг 2020.8.5-нд баталгаажуулжсан. Гэтэл энэ яриад байгаа Сангийн сайдын тушаал нь 2021 оны 1 сард батлагдан гарсан тушаал байна. Энэ ярьсан зүйлд ямарч уялдаа холбоо байхгүй байна. итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т хэлэхдээ намайг жирэмсэн байвал ажилд авахгүй байсан гэж хэлсэн. Ингэж ялгаварлан гадуурхаж болохуу.

Би 2021 оны 4 сарын 22-нд амаржиж хүүхэдтэй болсон бөгөөд энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т хэлсэнчлэн нууц биш зүйл юм. Би улсаас жирэмсний 44 хоногийн тэтгэмжийг авахаар 3 сарын 10-нд төслийн ня-бо П.С, дарга С.Э нараар гарын үсэг зуруулж авч байсан бөгөөд би жирэмснээ нуугаагүй хэлж мэдэгдэх цагтаа л мэдэгдсэн. Манай төсөлд бие биенээ орлон ажиллах боловсон хүчин байхгүй мөн намайг төрсний дараа 60 хоноод ажилдаа эргэж ороорой гэж хэлсэн тул ажлын шаардлагын дагуу 2021 оны 4 сарын 20 хүртэл төслийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Жирэмсний амралтаа биеэрээ эдлээгүй. Харин амаржсаны дараах амралтаа эдлээд ажилдаа орох хүсэлтээ гаргахад ажилд авахгүй өдийг хүрч байна.

Дашрамд дурдахад миний гэрээнд жирэмсэн бол гэрээ цуцлана гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй байна. Мөн би ажилд орох үед жирэмсэн байгаагүй болно. Жирэмсэн байсан ч жирэмсэн хүнийг ажилд авахгүй гэдэг хууль журам байхгүй.

Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч МУК19ХУСББХТ төсөл шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдвартай цаг алдалгүй тэмцэх МУ-ын Засгийн газрын бодлогын дагуу Дэлхийн банкны санхүүжилт бүхий олон улсын хамтын ажиллагааны хүрээнд МУК19ББХУСТТ нь Эрүүл Мэндийн яамны харьяа төсөл хэрэгжүүлэгч түр нэгж болон байгуулагдсан.

Энэхүү түр хугацааны, нэн яаралтай хэрэгжүүлэх төсөл буюу нэгжид нэхэмжлэгч П.О-ыг Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх” журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах “Хөлсөөр ажиллах гэрээ”-г, Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, заалтыг үндэслэн байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан шиг нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөлд “төслийн хугацаанд” ажиллах ажилтныг авах, шалгаруулах, ажиллуулахтай холбоотой ажиллагаа нь стандартчилагдаж, журамлагдсан байдаг болно. Мөн нэн яаралтай хэрэгжүүлэх МУ-ын Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн түр төслийн ажилтанд тавигдах гэрээний нөхцөл нь байнгын ажлын байранд, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтанд тавигдах гэрээний нөхцөлөөс тэс ондоо бөгөөд ажлын шаардлага, холбогдох дүрэм журмаараа тийм байхыг шаарддаг.

П.О нь Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх” журамд заасан хөлсөөр ажиллагчтай байгуулсан гэрээг цуцлах үндэслэлийг бүрдүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харвал ямар үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох гэж буй нь тодорхойгүй, хэрхэн яаж, юуны улмаас эрх ашиг нь бодитоор зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь жирэмсэн болсоноо 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 2021 оны хөлсөөр ажиллах гэрээний сунгалтыг баталгаажуулсаны дараа хэлсэн. Энэ үед хөл хорио, гэрээр цахимаар ажиллаж байсан болохоор бодит нөхцөл байдлыг мэдээгүй. 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 14 хоногийн /2021.04.19-05.01/ чөлөө авахаар хандахдаа Баянзүрх эмнэлэгт “сахарын диабит” оношоор хэвтэн эмчлүүлнэ гэж, ажилдаа ирэхгүйгээр чөлөө авсан боловч Баянзүрх эмнэлгийн 2021 оны 11 дүгээр асын 10-ны өдрийн 02/685 дугаар албан бичгээр П.О нь тус эмнэлгээр үйлүүлээгүй бөгөөд энэ өөр шалтгаанаар чөлөөтэй байсан хугацаанд нэхэмжлэгч нь төрсөн байдаг. Ийнхүү жирэмсэлсэн болон амаржсан асуудлаа төсөл хэрэгжүүлэгчээс санаатай нуусан бөгөөд Сангийн яамны журмын 8.20.12 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдэж, хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдахыг мэдэж байсан бөгөөд аль болох хугацаа авч, ажлаа хийгээгүй ч зээлийн санхүүжилт бүхий төслийн мөнгөнөөс хөлсөө бүрэн авах бодолтой байсныг чөлөөгөө үргэлжлүүлэн жирэмсний асуудлаа зохицуулахаар хандахдаа бидэнд мэдэгдэхэд мэдсэн. Энэ бүхнийг төрөхдөө хүртэл хуурамч баримт бичиг бүрдүүлж, биднийг хуурч байснаас харж болно.

Манай төсөл нь МУ-ын Сангийн сайдын тушаалын “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалын дагуу 12 хүний бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлэх төсөл бөгөөд нэхэмжпэгчийг “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэн-1” гэх орон тоон дээр авч ажиллуулж байсан. Энэ албан тушаал нь зээлийн санхүүжилтын төслийн мөнгөөр Ковид-19 өвчний үед хувь хүний хамгаалах хэрэгсэл, эм зэрэг эмнэлгийн хэрэгслээр эмнэлгүүдийг яаралтай хангах ажиллагааг явуулдаг ганц орон тоо байсан бөгөөд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэн нь байхгүй бол төсөл бүрэн зогсох эрсдэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн өөрийн явуулсан гэх нэхэмжпэлд хавсаргасан и-мэйлд вакцины 2 дах тунгаа хийлгээд 14 хоног гэртээ байгаад 2021 оны 7 дугаар сарын 20-нд ажилдаа орох юм шиг байна” гэснээс харвал 2021.06.25-ны өдөр ч ажлаа хийх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг болтол огт ажлаагүй бөгөөд өөрийн зүгээс идэвхи санаачлага гаргаагүй болно. Иймд дээрх нөхцөл байдал болон хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн болохыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ЭМЯ шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсад КОВИД-19 вирустэй тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах хүрээнд Монгол Улсаас Олон Улсын Хөгжлийн Ассоциац болон Олон Улсын сэргээн босголт, Хөгжлийн банк нартай Санхүүжилтийн хэлэлцээр болон Зээлийн гэрээг тус тус байгуулсан байдаг. Уг Зээлийн гэрээний дагуу орж ирсэн санхүүжилтийг үндэслэн Сангийн сайдын 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 108 дугаар тушаалын дагуу “МУК19ХУСХААТТ”-ийг ЭМЯ харьяа түр хугацааны нэгжээр байгуулсан.

Төслийг санхүүжүүлэх эх үүсвэр болсон Санхүүжилтийн хэлэлцээр болон Зээлийн гэрээний дагуу орж ирсэн мөнгөн хөрөнгийг зарцуулах зарлагын зориулалт, хэлбэрийг гэрээний талууд анхнаасаа тохиролцсон бөгөөд хөлсөөр ажиллагчийн “буруу халагдсаны” гэх олговорт шаардаад буй 25 гаруй сая төгрөгийг санхүүжүүлэх боломж, бололцоо, төсөв байхгүй болно. Учир нь төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь Ковид-19 өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд хийгдэх төслийн ажилд анхнаасаа төсөвлөгдсөн, зарцуулах зарлагын зориулалт нь тодорхой мөнгөн хөрөнгө болно. Тийм ч учраас Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх ажиллагаанд баримтлах журмыг Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан. Журмын дагуу Засгийн газрын тур, нэн яаралтай хэрэгжүүлэх төслүүд дээр ажилтантай Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл заалтыг удирдлага болгон “Хөлсөөр ажиллах гэрээ’-г байгуулахаар заасан бөгөөд тус журмын 1 дүгээр хавсралтаар “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг баталсан байдаг. П.Отай байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ нь Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 8 дугаар зүйлийн 8.20.12 дахь заалтад заасан үндэслэлийн дагуу цуцлагдсан бөгөөд П.О нь анхнаасаа эдгээр гэрээний нөхцөл, журмуудтай танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтануудтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ”, МУК19ХУСББХТ төслийн “Ажлын байрны тодорхойлолт”, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Otgonjargal Puntsag гэх и-мэйл хаягаас Enkhbold Sereenen гэх и-мэйл хаягтай харилцсан цахим шуудан, П.Оын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гаргасан өргөдөл, Сангийн сайдын  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №4 дугаар тушаал, хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэн П.Оын гэрээг дүгнэсэн хүснэгт, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”, Хэвийн хэт авиан шинжилгээ, Эмнэлгийн магадлагаа, 2021 оны 10 дугаар сарын 18-22 “Санамж бичиг” зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн,

хариуцагч талаас 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №23 дугаар “Төрийн мэдээлэл”, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтнийг томилох тухай” тушаал, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Цалин тогтоох тухай” албан бичиг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтний гэрээ цуцлах тухай” тушаал, Баянзүрх эмнэлэг ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/685 дугаар албан бичиг, [email protected] харилцсан и-мэйл, П.Оын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ТХН-ийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэн П.Оын амралтын тооцоо, амралт, төлбөрийн хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, [email protected] и-мэйл хаягаас [email protected] гэх и-мэйл хаягтай харилцсан и-мэйл хаягуудад үзлэг хийж шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч хариуцагч Эрүүл мэндийн яам, МУК19ХУСББХТ төсөл нарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч П.О нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний дагуу шаардсан шаардлагуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй, талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, жирэмсэн  гэдгээ нууж гэрээг байгуулсан нь хожим илэрсэн, жирэмсний амралтаа авсан тул хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон гэж маргаж байна.

 

2. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтний гэрээ цуцлах тухай” тушаалаар Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 8.20.12 дахь заалтыг үндэслэн МУК19ХУСХААТ Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтнээр ажиллаж байсан П.О жирэмсний амралт авсантай холбоотойгоор нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээг цуцалжээ. /хавтас хэргийн 77 хуудас/

 

3. П.О нь Эрүүл мэндийн яамтай 2021.03.09-ний өдөр “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-г 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулж, Хөлсөөр ажиллагч нь энэ гэрээний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, Хөлсөөр ажиллуулагч нь харилцан тохиролцсон хөлсийг төлөх буюу сард 4,480,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 5-12 хуудас/

Уг гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад нийцсэн байна. Мөн тус гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

4. Монгол Улсын Засгийн газар “МУК19ХУСХААТ” төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улс болон Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассоциацийн хооронд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улс болон Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд “Зээлийн хэлэлцээр”-ийг байгуулсан байх бөгөөд Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ны 4 тоот тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 8.1.-т “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан болон бие даасан зөвлөхтэй Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулна” гэж заасны дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь П.Отай 2021.03.09-ний өдөр дээрхи хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна.  /хавтаст хэргийн 45-69, 126 хуудас/

Эдгээрээс үзэхэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь П.Отай 2021.03.09-ний өдөр “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулсан нь дээрхи төсөл болон Сангийн сайдын 2021 оны 4 тоот тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-д нийцсэн байна.

 

Монгол Улсын Засгийн газрын шугамаар гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн эх үүсвэрээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог хөдөлмөрийн хуулийн байнгын ажлын байр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, төслүүдийг гэрээ хэлэлцээр болон батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу тогтоосон хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор өдөр тутмын үйл ажиллагааг хангах үүрэг бүхий нэгж, ажлын байрыг бий болгодог.

“Монгол Улсад COVID-19 х нэгжийн бүтцийг Сангийн сайдын 2020 оны 117 дугаар тушаалаар болон 2021 оны 108 дугаар ушаалаар баталсан байх бөгөөд эмнэлгийн тоног, төхөөрөмжийн мэргэжилтэн 1 байхаар тогтоосон байна. /хавтаст хэргийн 119-201х/

 

5. П.О нь Эрүүл мэндийн яамтай 2021.03.09-ний өдөр “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулсан тул уг гэрээний харилцаанаас үүссэн маргаанд МУК19ХУСББХТ төсөл хамааралгүй байна. Мөн талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул П.Оын МУК19ХУСББХТ төсөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

П.О нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассоциацийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа МУК19ХУСХААТ эмнэлгийн тоног, төхөөрөмжийн мэргэжилтнээр 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилласан /хавтаст хэргийн 75-76 хуудас/ бөгөөд ажлуулагчаас 2020 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг дүгнэж 88%-ийн өгсөн байна. /хавтаст хэргийн 127-130 хуудас/

 

7. Хариуцагч Эрүүл мэндийн яам нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр П.Оыг жирэмсний амралт авсантай холбоотойгоор 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан байх тул гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг шалгая.

 

Нэхэмжлэгч П.О нь 2020 оны 10 сарын 05-ны өдөр 9-10 недельтэй жирэмсэн байсны улмаас Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хяналтад орсон байх бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрж охинтой болсон гэж тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 131-133 хуудас/

 

Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 8.20.-д “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дараах үндэслэлээр цуцална:

8.20.12. өөрийн хүсэлтээр, жирэмсний амралт авсан, ар гэрийн болон эрүүл мэндийн бусад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон” гэжээ.

2021.03.09-ний өдөр “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.4-т “Хөлсөөр ажиллах гэрээг журмын 8.20-т заасан үндэслэлээр цуцалж болно” гэж талууд тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан тул жирэмсний амралтаа авсан тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээг цуцлах талуудын тохиролцоог үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй” гэж зохицуулсан тул ажиллагч жирэмсний амралтаа авч, удаан хугацаагаар ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй болсонтой нь холбогдуулан ажиллуулагч гэрээг цуцлахаар тохиролцсныг буруутгах боломжгүй байна.

 

8. П.О нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажиллаад 2021.04.19-ний өдрөөс 2021.05.01-ний өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаа /хх-133, 171х/-гаар чөлөөтэй байсан, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 8.21.-д “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан нь жилд ажлын 15 (арван таван) өдөр амрах ба амралтыг гэрээт ажлыг гүйцэтгэж эхэлснээс 8 (найм)-н сарын дараанаас эдлэх эрх үүснэ” гэж, 8.22-т “Амралтын олговрыг ажилтны тухайн ажилласан хугацааны дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцно” гэж тус тус заасны дагуу 2021 оны 05 дугаар сард ажлын 15 (арван таван) өдөр амрах эрхээ эдэлж, амралтын олговорыг авсан үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 182-188 хуудас/

 

9. Нэхэмжлэгч П.О нь “гэрээгээ цуцлахгүйн тулд төрсний дараа 2 cap болоод ажилдаа орохоор төслийн зохицуулагчтай тохиролцсон, ...хүүхдээ асарч байгаад ажилдаа орохоор 2021.06.25-нд ирэхэд төслийн зохицуулагчийн бодол өөрчлөгдөж, ажилд авахгүй гээд олон шалтгаануудыг хэлсэн” гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд П.Оын 2021 оны 08 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсад COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслөөс төлсөн байна. /хавтаст хэргийн 97 хуудас/

 

10. П.О нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа орох боломжтой талаараа МУК19ХУСХААТ зохицуулагч С.Э мэдэгдсэн боловч хариуцагч талаас ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй болох нь П.Оын и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, ажиллуулагчтай и-мэйлээр харилцсан байдал зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 108-112, 17-26 хуудас/,

 

11. Хариуцагч Эрүүл мэндийн яам нь П.Оыг жирэмсний амралтаа авснаар удаан хугацаагаар ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэдгийг баримтаар нотлоогүй бөгөөд энэ нь дээрхи баримтуудаар үгүйсгэгдэж байх тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалаар П.Отай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

12. Хариуцагч тал нь “П.О жирэмсэлсэн болон амаржсан асуудлаа төсөл хэрэгжүүлэгчээс санаатай нуусан, худал мэдээлэл өгч хөлсөөр ажиллах гэрээний сунгалтын гэрээг байгуулсан” гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглодог бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдралтай холбоотой болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй гэж зохицуулсан.

Хариуцагч нь МУК19ХУСХААТ эмнэлгийн тоног, төхөөрөмжийн мэргэжилтнээр жирэмсэн эмэгтэй ажиллах болохгүй /урагт сөрөг үр дагавар үзүүлэхийг тогтоосон/ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагчийн дээрхи тайлбар хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал тогтоосон агуулгатай байна.

 

13. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч П.О нь хариуцагчийн хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

14. Хариуцагч Эрүүл мэндийн яам нь П.Оыг 2021 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс ажлын 15 өдрийн амралтаа авч, 2021.05.24-ны өдрийг хүртэл амралттай байхад болон ажил үүргээ гүйцэтгэх боломжтой болохоо мэдэгдсээр байхад нь хөлсөөр ажиллах гэрээг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс цуцлах тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж заасны дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

 

15. 2021.03.09-ний өдөр “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т. “Гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байна” гэж заасан.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-т “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасны дагуу дээрхи гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох буюу гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх нөхцлөөр хангуулах агуулга бүхий шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

16. Нэхэмжлэгч П.О нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа орох боломжтой талаараа МУК19ХУСХААТ зохицуулагч С.Энхболдод мэдэгдсэн боловч ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй байна.

 

Учир нь: 2021.03.09-ний өдөр “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.3.-т “ажилтны сарын ажлын хөлс 4,480,000 төгрөг байх бөгөөд үүнд хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” гэж заасан байх бөгөөд П.Оын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар тус тус суутгаж хөлсийг олгосон, МУК19ХУСХААТ-с П.Оын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болох нь П.Од хөлс олгосон баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. автаст хэргийн 183, 97 хуудас/

П.Оын 1 сарын ажлын хөлс 4,480,000 төгрөг тул 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаа буюу 6 сар 4 хоногийн хөлсийг тооцоход 27,713,488 төгрөг /4,480,000 х 6 сар = 26,880,000 төгрөг, 4,480,000 : 21,5 хоног = 208,372 төгрөг х 4 хоног = 833,488 төгрөг, 26,880,000 + 833,488 = 27,713,488 төгрөг/ болж байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг суутгаж тооцохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн яамнаас 27,713,488 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Од олгож, 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын дуустал П.Оын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс МУК19ХУСХААТд холбогдох болон эмнэлгийн тоног, төхөөрөмжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн тул улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн хангагдсан 27,713,488 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 296,517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн яамнаас 27,713,488 /хорин долоон сая долоон зуун арван гурван мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Од олгож, П.Оын 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Эрүүл мэндийн яамд даалгаж,

нэхэмжлэлээс МУК19ХУСХААТ-д холбогдох болон эмнэлгийн тоног, төхөөрөмжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 266,717 төгрөгийг гаргуулж, П.Од 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг олгож, Улсын төсвийн орлогод 296,517 /хоёр зуун ерэн зургаан мянга таван зуун арван долоо/ төгрөгийг оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА