Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01108

 

 

 

П.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/00418 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.О-ын хариуцагч Э- яам, М-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон Э- даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах, Эрүүл мэдийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Э- яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О-, хариуцагч Э- яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагч Монгол Улсад к- төслийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие хариуцагч байгууллагын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтнээр томилогдон ажилласан. Би анх ажилд орохдоо жирэмсэн байснаа мэдэлгүй бараг 11 сарын эхээр мэдсэн /хордлого шинж тэмдэг байхгүй байсан тул мэдээгүй/. Хүүхэд төрүүлж чөлөө авах юм бол гэрээг цуцална гээд байсан тул аргагүйн эрхэнд би ээлжийн амралтаа авч, охиноо төрүүлсэн. Гэрээгээ цуцлахгүйн тулд төрсний дараа 2 cap болоод ажилдаа орохоор төслийн зохицуулагчтай тохироод явсан. Миний бие 2021 оны 4-6 сард цалин аваагүй, харин улсаас олгодог жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмжээ аваад хүүхдээ асарч байгаад ажилдаа орохоор 2021 оны 06 дугаар сарын 25-нд ирэхэд ажилд аваагүй. Манай төслийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Ж.Баяртогтох миний ажлыг давхар хийж, 30 хувь нэмэгдэл цалин авах хүсэлтээ Сангийн яаманд гаргаснаас үзэхэд орон тоо байгаа мөн миний цалингийн фонд ч байгаа юм. Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажилд орох байсан бөгөөд одоо болтол авахгүй байгаа нь ажлаас халсан үйлдэлтэй агуулга юм. Үүнээс хойш би 07 дугаар сарын 19, 08 дугаар сарын 18-ны өдөр хариу өгөхийг хүсч и-мэйл хаягаар өргөдөл дахин бичсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон Э- даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн хавтаст хэрэгтэй танилцахад намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг анх удаа олж үзлээ. Уг тушаал нь энэ оны 08 сард Э- яамны төрийн нарийн бичгийн дарга гаргасан бөгөөд тушаалыг надад одоог хүртэл дуулгаж танилцуулаагүй байна. Уг тушаал нь хүний эрхийг зөрчсөн илт ялгаварлан гадуурхсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Иймд Э- яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Монгол Улсад к- төслийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Э- яамнаас ковид-19 халдвартай цаг алдалгүй тэмцэх Засгийн газрын бодлогын дагуу Дэлхийн банкны санхүүжилт бүхий олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл нь Э- яамны харьяа төсөл хэрэгжүүлэгч түр нэгж болон байгуулагдсан. Энэхүү түр хугацааны, нэн яаралтай хэрэгжүүлэх төсөл буюу нэгжид нэхэмжлэгч П.О-ыг Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах Хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, заалтыг үндэслэн байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан шиг нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөлд төслийн хугацаанд ажиллах ажилтныг авах, шалгаруулах, ажиллуулахтай холбоотой ажиллагаа нь стандартчилагдаж, журамлагдсан байдаг болно. Мөн нэн яаралтай хэрэгжүүлэх Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн түр төслийн ажилтанд тавигдах гэрээний нөхцөл нь байнгын ажлын байранд, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтанд тавигдах гэрээний нөхцөлөөс тэс ондоо бөгөөд ажлын шаардлага, холбогдох дүрэм журмаараа тийм байхыг шаарддаг. П.О- нь Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журамд заасан хөлсөөр ажиллагчтай байгуулсан гэрээг цуцлах үндэслэлийг бүрдүүлсэн. Нэхэмжлэгч нь жирэмсэн болсоноо 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 2021 оны хөлсөөр ажиллах гэрээний сунгалтыг баталгаажуулсаны дараа хэлсэн. Энэ үед хөл хорио, гэрээр цахимаар ажиллаж байсан болохоор бодит нөхцөл байдлыг мэдээгүй. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 14 хоногийн /2021.04.19-05.01/ чөлөө авахаар хандахдаа Баянзүрх эмнэлэгт сахарын диабит оношоор хэвтэн эмчлүүлнэ гэж, ажилдаа ирэхгүйгээр чөлөө авсан боловч Баянзүрх эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/685 дугаар албан бичгээр П.О- нь тус эмнэлгээр үйлчлүүлээгүй бөгөөд энэ өөр шалтгаанаар чөлөөтэй байсан хугацаанд нэхэмжлэгч нь төрсөн байдаг. Ийнхүү жирэмсэлсэн болон амаржсан асуудлаа төсөл хэрэгжүүлэгчээс санаатай нуусан бөгөөд Сангийн яамны журмын 8.20.12 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдэж, хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдахыг мэдэж байсан бөгөөд аль болох хугацаа авч, ажлаа хийгээгүй ч зээлийн санхүүжилт бүхий төслийн мөнгөнөөс хөлсөө бүрэн авах бодолтой байсныг чөлөөгөө үргэлжлүүлэн жирэмсний асуудлаа зохицуулахаар хандахдаа бидэнд мэдэгдэхэд мэдсэн. Энэ бүхнийг төрөхдөө хүртэл хуурамч баримт бичиг бүрдүүлж, биднийг хуурч байснаас харж болно. Манай төсөл нь Сангийн сайдын тушаалын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын дагуу 12 хүний бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлэх төсөл бөгөөд нэхэмжлэгчийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэн 1 гэх орон тоон дээр авч ажиллуулж байсан. Энэ албан тушаал нь зээлийн санхүүжилтийн төслийн мөнгөөр ковид-19 өвчний үед хувь хүний хамгаалах хэрэгсэл, эм зэрэг эмнэлгийн хэрэгслээр эмнэлгүүдийг яаралтай хангах ажиллагааг явуулдаг ганц орон тоо байсан бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэн нь байхгүй бол төсөл бүрэн зогсох эрсдэлтэй. Мөн нэхэмжлэгчийн өөрийн явуулсан гэх нэхэмжпэлд хавсаргасан и-мэйлд вакцины 2 дах тунгаа хийлгээд 14 хоног гэртээ байгаад 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох юм шиг байна гэснээс харвал 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ч ажлаа хийх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг болтол огт ажиллаагүй бөгөөд өөрийн зүгээс идэвхи санаачлага гаргаагүй болно. Иймд дээрх нөхцөл байдал болон хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн болохыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Эрүүл мэдийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Монгол Улсад ковид-19 вирустэй тэмцэх яаралтай тусламж, Э- тогтолцооны бэлэн байдлыг хангах хүрээнд Монгол Улсаас Олон Улсын Хөгжлийн Ассоциац болон Олон Улсын сэргээн босголт, Хөгжлийн банк нартай Санхүүжилтийн хэлэлцээр болон Зээлийн гэрээг тус тус байгуулсан байдаг. Уг Зээлийн гэрээний дагуу орж ирсэн санхүүжилтийг үндэслэн Сангийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 108 дугаар тушаалын дагуу Монгол Улсад к- төслийг Э- яамны харьяа түр хугацааны нэгжээр байгуулсан. Төслийг санхүүжүүлэх эх үүсвэр болсон санхүүжилтийн хэлэлцээр болон зээлийн гэрээний дагуу орж ирсэн мөнгөн хөрөнгийг зарцуулах зарлагын зориулалт, хэлбэрийг гэрээний талууд анхнаасаа тохиролцсон бөгөөд хөлсөөр ажиллагчийн буруу халагдсаны гэх олговорт шаардаад буй 25 гаруй сая төгрөгийг санхүүжүүлэх боломж, бололцоо, төсөв байхгүй болно. Учир нь төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь ковид-19 өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд хийгдэх төслийн ажилд анхнаасаа төсөвлөгдсөн, зарцуулах зарлагын зориулалт нь тодорхой мөнгөн хөрөнгө болно. Тийм ч учраас Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх ажиллагаанд баримтлах журмыг Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан. журмын дагуу Засгийн газрын түр, нэн яаралтай хэрэгжүүлэх төслүүд дээр ажилтантай Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл заалтыг удирдлага болгон Хөлсөөр ажиллах гэрээг байгуулахаар заасан бөгөөд тус журмын 1 дүгээр хавсралтаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг баталсан байдаг. П.О-тай байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 8 дугаар зүйлийн 8.20.12 дахь заалтад заасан үндэслэлийн дагуу цуцлагдсан бөгөөд П.О- нь анхнаасаа эдгээр гэрээний нөхцөл, журмуудтай танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Э- яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э- яамнаас 27,713,488 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О-д олгож, П.О-ын 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Э- яамд даалгаж, нэхэмжлэлээс М-д холбогдох болон эмнэлгийн тоног, төхөөрөмжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, Э- даатгалын хураамжийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э- яамнаас 266,717 төгрөгийг гаргуулж, П.О-д 70,200 төгрөгийг олгож, улсын төсвийн орлогод 296,517 төгрөгийг оруулахаар шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч Э- яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн 2022 шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хэрэгт авагдсан материалуудаас харахад нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр амаржсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан жирэмсний болон амаржсаны 120 хоногийн тооцоог Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг үндэслэн нийгмийн даатгалын сангаас олгохоор байна. Гэтэл шүүгч дээрх тэтгэмжийг Э- яамнаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гэрээний 5.4-т болон Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Журам батлах тухай 04 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Засгийн газрын зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8.20.12-т жирэмсний амралтаа авсан нь нэг талын санаачлагаар гэрээ цуцлах үндэслэл болохоор зохицуулсан. Шийдвэрийн үндэслэх хэсэг ойлгомжгүй буюу Э- яам гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн гэж үзсэн мөртлөө тэр нь хууль бус мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсэн эмэгтэйн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон. Тухайн үед төсөл хариуцсан захирал болон Э- яамны холбогдох албан тушаалтнуудад ажилдаа орох хүсэлтэй тухайгаа 7, 8 удаа өргөдөл бичиж өгсөн боловч хүсэлтийг харгалзалгүй ажлаас халах тушаал гаргасан. Уг тушаалыг надад мэдэгдээгүй. Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үед ажлаас халагдсан тушаалыг олсон. Ажил олгогчтой байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах боломжгүй, төсөв мөнгөгүй гэх шалтгаанууд хэлсэн. Миний хариуцаж байсан ажлыг хэн ч хариуцаж байгаагүй. Уг төсөл том хэмжээний төсөл учир Э- салбарт 15 жил ажиллан төсөлд ажиллах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан. Ажлаа хийж байхад санаатайгаар зогсоосон. Төрсний дараа онлайнаар ажиллаж байсан. Жирэмсний амралт авсан цагаас эхлэн цалин хөлс аваагүй гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч П.О- нь хариуцагч Э- яам, М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон Э- даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах, Э- яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Зохигчид хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэл болгосон байна. /хх-ийн 108-112/

 

3.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үзлэг хийх ажиллагааг явуулахдаа шүүх хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хоёроос доошгүй хүн оролцуулахаар тогтоосон. Уг ажиллагаанд оролцож байгаа хөндлөнгийн гэрч нь түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэг хүлээж, тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй. Түүнчлэн тухайн гэрч нь үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээхээр зохицуулагдсан байдаг.

3.б.Гэтэл шүүх хөндлөнгийн гэрч нарт энэхүү үүрэг болон эрхийн талаар танилцуулан, тайлбарласан, хариуцлага хүлээх талаар хууль сануулах ажиллагааг хийгээгүй байна. Үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нар оролцсон талаар тусгагдсан байх боловч тэдгээрийн эрх зүйн бүрэн чадамжтай болох нь нотлогдох иргэний үнэмлэх эсхүл биеийн байцаалт бүхий албан ёсны бичиг баримт хэрэгт авагдаагүй байна.

3.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ... хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болсон үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт гэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

4.Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд дээрх хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч Н.Оюунтуяа гарын үсгээ зурж баталгаажуулсан байх боловч тэмдэглэлийн эхний хэсэгт ... шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж гэж бичсэн байгаа нь шүүхийн шийдвэрээс зөрүүтэй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байгааг дурьдах нь зүйтэй. /хх-ийн 204-р тал/

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/00418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Г.ДАВААДОРЖ