Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/00658

 

2022 оны 03 сарын 15 өдөр                               Дугаар 183/ШШ2022/00658                                    Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Гаалийн газар УТҮГ /РД:00000-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Пет ХХК /РД:00000000/-д холбогдох

 

 Татварын өр 224.268.544,76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Пүрж, Ч.Нар

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Х

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Д.Сон нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Улаанбаатар хот дахь Гаалийн газар УТҮГ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ“...“Петрожамп” ХХК нь Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11- д “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний авто бензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний авто бензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна” гэж зааснаар нийт 261.589.422,62 төгрөгийн татварыг хойшлуулсан. Мөн Гаалийн тухай хуулийн 294.1-д заасны дагуу татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах гэж зааснаар хүүг тооцоолж 42.068.544,76 төгрөг болсон байна. Тогтоосон хугацаанд төлөхгүй байгаа татварын өр 261.589.422,62 төгрөг болон хугацаа хожимдуулсан хоног тутмын хүү 42.068.544,76 төгрөг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар бичиг баримтыг бүрдүүлэх явцад буюу 2021 оны 11-р сарын 01-ны өдрөөс 11-р сарын 23-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр 79.389.422,62 төгрөгийг төлсөн байна. “Петрожамп” ХХК нь 2021 оны 08 сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэл дараах 2 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр дизелийн түлш импортлон гаалийн байгууллагад онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хойшлуулсан боловч хуульд заасан хугацаанд 261.589.422,62 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан юм. 2021 оны 09-р сарын 02-ны өдрийн 02-2131006-21-104605 гаалийн мэдүүлгээр 115.832.360 төгрөгийн онцгой албан татвар, 87.278.110,34 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 2021 оны 09-р сарын 07-ны өдрийн 02-2131006-21-104693 гаалийн мэдүүлгээр 33.350.800 төгрөгийн онцгой албан татвар, 25.128.152,28 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй байна. Иймээс гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулна гэж зааснаар татварын хугацаа хожимдуулсан хоног тутмын хүү 42.068.544,76 төгрөг болон хойшлуулсан татварын өр 182.200.000 төгрөгийг “Петрожамп” ХХК-аар төлүүлэхээр энэхүү нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 20.200.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага 204.068.544,76 төгрөг шаардаж байна гэв.  

 

2. Хариуцагч Петрожамп ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус шүүхэд Улаанбаатар хот дахь гаалийн газраас “Петрожамп” ХХК-д холбогдуулан “...татварын хугацаа хожимдуулсан хүү 42.068.544,76 болон хойшлуулсан татварын өр 182.200.000 төгрөгийг төлүүлэх...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. “Петрожамп” ХХК нь ОХУ-аас Монгол Улсад чанар, стандартын шаардлага хангасан авто бензин, дизелийн түлшийг импортлон оруулан ирж хэрэглэгч, үйлчлүүлэгчид жижиглэнгээр болон бөөний үнээр худалдах үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани Улаанбаатар хот дахь гаалийн газартай байнгын харилцан хамааралтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд дэлхийн дахинд тархаад буй цар тахалтай холбоотой бүх салбарын эдийн засаг уналтад орсон хэдий ч бүхий л боломжоо дайчлан гаалийн төлбөрийн өрийг өөрийн санхүүгийн чадамж, боломжоороо төлж барагдуулсаар ирсэн. Гэтэл Улаанбаатар хот дахь Гаалийн газраас татварын өр төлбөрөө төлөхгүй байна гэсэн үндэслэлээр ОХУ-аас төмөр замаар тээвэрлэгдэн Улаанбаатар өртөө дээр ирсэн манай компанийн АИ-92 авто бензинийг ачсан вагоны буулгалтыг хийлгүүлэхгүйгээр хориг тавьж, удаа дараа олон хоногоор барьцаалсан. Үүнээс шалтгаалан “Петрожамп” ХХК нь захиалагч байгууллагууддаа тохиролцсон хугацаандаа шатахуун нийлүүлэх боломжгүй болж, компанийн худалдан борлуулах үйл ажиллагаанд доголдол үүссэнээр олох ёстой орлого ч тасалдаж, татварын өр төлбөрөө төлөхөд улам хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн. Манай компанийн зүгээс гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримтыг бүрэн бүрдүүлж нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж, гаалийн болон бусад татварыг тухай бүрт нь бүрэн төлсөн бөгөөд Гаалийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 268-274 дүгээр зүйлд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны бүрэн эрхэд компанийн гаалийн татварын өрийг төлөхгүй байгаа тохиолдолд орж ирсэн барааг барьцаалах бүрэн эрх огт байхгүй болно. Өөрөөр хэлбэл УБ хот дахь гаалийн газар нь хууль зөрчиж, компанийн барааг барьцаалж, үйл ажиллагааг нь доголдуулж, ашиг орлого олох, өр төлбөрөө төлөх боломжийг нь өөрсдөө хаан боогдуулж, хугацаа хэтрүүлэх нөхцөлийг өөрсдөө үүсгэсэн атлаа эргээд татварын өрийн хамт хугацаа хожимдуулсан татварын хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дэлхий дахинд цар дахал үүссэнтэй холбогдуулж хил гааль дээр бараа бүтээгдэхүүн гацах, тээвэрлэлтийн зардал өссөн. Хэдий тийм боловч манай компанийн зүгээс гаалийн төлбөрийг үе шаттайгаар төлж барагдуулсаар ирсэн. Үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаас харж болно. Ийм байхад гаалийн албан татвар түүн дээр хүү тооцож нэхэмжилж байгаа нь аж ахуй нэгжид дарамт учруулсан, хууль бус шаардлага гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Гаалийн татварын төлбөрийг манай компани төлсөөр ирсэн, төлж байгаа тул шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэв.

 

3. Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, татварын тооцоолол, татвар ногдуулалт, татвар төлсөн баримт, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалууд, Петрожамп ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэл, татварын өр барагдуулах тоот, Гаалийн ерөнхий газрын чиглэл хүргүүлэх тухай тоот, Петрожамп ХХК-иас Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хүргүүлсэн тоотууд,  Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дотоод зурвас, татварын тооцоолол, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хавсралтуудыг нэхэмжлэгч талаас,

Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, авлагын дэлгэрэнгүй тайлан, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүдийг хариуцагч талаас хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Улаанбаатар хот дахь Гаалийн газар УТҮГ нь Татварын өр 224,268,544.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Петрожамп ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 204.068.544,76 төгрөг болгон багасгасан байна.

 

2. Хариуцагч Петрожамп ХХК татварын өр 162.000.000 төгрөг төлнө үүн дээр маргахгүй. Харин хүү 42.068.544,76 төгрөгийг төлөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

3. Петрожамп ХХК 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 2 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр дизель түлш импортлон Гаалийн албан татвар, онцгой албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. 

 

4. Дизель түлш импортлосон Гаалийн албан татвар болон онцгой албан татварын өр 182.200.000 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 20.200.000 төгрөгийг төлсөн үлдэх 162.000.000 төгрөгийг төлөөгүй, энэ талаар маргахгүй, харин хүү 42.068.544,76 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч 42.068.544,76 төгрөгийн хүү нь Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай 2020.04.09, 2020.12.25-ны өдрийн хуулиудаар чөлөөлөгдөх байтал нэхэмжлэгч чөлөөлөөгүй тул төлөхгүй гэжээ.

 

6. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө,

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө гэж хуульчилсан байна.

 

7. Хариуцагч Петрожамп ХХК 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 2 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр дизель түлш импортлон Гаалийн албан татвар, онцгой албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй байх тул Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай 2020.04.09, 2020.12.25-ны өдрийн хуулиудад хамаарахгүй юм.

 

8. Иргэний хуульд зааснаар талууд тохиролцож хүү тогтооно, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэж зохицуулсан байна.

 

9. Улаанбаатар хот дахь Гаалийн газар Петрожамп ХХК-нд хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулж, 42.068.544,76 төгрөг ногдуулсан нь Иргэний эрх зүйн диспозтив зарчимтай зөрчилдөж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу 42.068.544,76 төгрөгийн 50 хувь буюу 21.034.272 төгрөгийг хасаж, үлдэх 21.034.272 төгрөг, үндсэн төлбөр 162.000.000 төгрөг, нийт 183.034.272,76 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:  

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч Петрожамп ХХК-аас 183.034.272 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хот дахь Гаалийн газар улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.034.272,76 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч Петрожамп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.073.121 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

    

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО