Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00835

 

 

 

 

У- УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00658 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У- УТҮГ-ын хариуцагч П- ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр 224,268,544.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П, Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: П- ХХК нь Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11-д Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортолж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний авто бензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортолж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний авто бензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна гэж зааснаар нийт 261,589,422.62 төгрөгийн татварыг хойшлуулсан. Мөн Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д заасны дагуу татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах гэж зааснаар хүүг тооцоолж 42,068,544.76 төгрөг болсон байна. Тогтоосон хугацаанд төлөхгүй байгаа татварын өр 261,589,422.62 төгрөг болон хугацаа хожимдуулсан хоног тутмын хүү 42,068,544.76 төгрөг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар бичиг баримтыг бүрдүүлэх явцад буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 79,389,422.62 төгрөгийг төлсөн байна. П- ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл дараах 2 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр дизелийн түлш импортлон гаалийн байгууллагад онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хойшлуулсан боловч хуульд заасан хугацаанд татварыг төлж барагдуулаагүй. Иймд төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулж татварын хугацаа хожимдуулсан хоног тутмын хүү 42,068,544.76 төгрөг болон хойшлуулсан татварын өр 182,200,000 төгрөгийг П- ХХК-аар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 20,200,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг багасгаж нийт 204,068,544.76 төгрөг шаардаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: П- ХХК нь ОХУ-аас Монгол Улсад чанар, стандартын шаардлага хангасан авто бензин, дизелийн түлшийг импортлон оруулан ирж хэрэглэгч, үйлчлүүлэгчид жижиглэнгээр болон бөөний үнээр худалдах үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани У-тай байнгын харилцан хамааралтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд дэлхийн дахинд тархаад буй цар тахалтай холбоотой бүх салбарын эдийн засаг уналтад орсон хэдий ч бүхий л боломжоо дайчлан гаалийн төлбөрийн өрийг өөрийн санхүүгийн чадамж, боломжоороо төлж барагдуулсаар ирсэн. Гэтэл Улаанбаатар хот дахь гаалийн газраас татварын өр төлбөрөө төлөхгүй байна гэсэн үндэслэлээр ОХУ-аас төмөр замаар тээвэрлэгдэн Улаанбаатар өртөөн дээр ирсэн манай компанийн АИ-92 авто бензинийг ачсан вагоны буулгалтыг хийлгүүлэхгүйгээр хориг тавьж, удаа дараа олон хоногоор барьцаалсан. Үүнээс шалтгаалан П- ХХК нь захиалагч байгууллагууддаа тохиролцсон хугацаандаа шатахуун нийлүүлэх боломжгүй болж, компанийн худалдан борлуулах үйл ажиллагаанд доголдол үүссэнээр олох ёстой орлого ч тасалдаж, татварын өр төлбөрөө төлөхөд улам хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн. Манай компанийн зүгээс гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримтыг бүрэн бүрдүүлж нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж, гаалийн болон бусад татварыг тухай бүрт нь бүрэн төлсөн бөгөөд Гаалийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 268-274 дүгээр зүйлд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны бүрэн эрхэд компанийн гаалийн татварын өрийг төлөхгүй байгаа тохиолдолд орж ирсэн барааг барьцаалах бүрэн эрх огт байхгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хууль зөрчиж, компанийн барааг барьцаалж, үйл ажиллагааг нь доголдуулж, ашиг орлого олох, өр төлбөрөө төлөх боломжийг нь өөрсдөө хаан боогдуулж, хугацаа хэтрүүлэх нөхцөлийг өөрсдөө үүсгэсэн атлаа эргээд татварын өрийн хамт хугацаа хожимдуулсан татварын хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дэлхий дахинд цар дахал үүссэнтэй холбогдуулж хил гааль дээр бараа бүтээгдэхүүн гацах, тээвэрлэлтийн зардал өссөн. Хэдий тийм боловч манай компанийн зүгээс гаалийн төлбөрийг үе шаттайгаар төлж барагдуулсаар ирсэн. Үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаас харж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гаалийн татварын төлбөрийг манай компани төлсөөр ирсэн, төлж байгаа тул шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч П- ХХК-аас 183,034,272 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У- улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,034,272.76 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч П- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,073,121 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын хүү гэсэн ойлголт нь Иргэний хуулийн анз гэсэн ойлголтод үл хамаарна гэж заасанчлан П- ХХК-ийн хугацаа хожимдуулсан татварын үнийн дүнгээс тооцсон хүү болох 42,068,544.76 төгрөг нь Иргэний хуулийн анз гэсэн ойлголтод хамаарахгүй, тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэлийн дүнг багасгасан зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд татварын өр болох 162,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн үнийн дүн дээр П- ХХК-аас хугацаа хожимдуулсан татварын үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн хүү тооцсон ногдуулсан хүүг нэхэмжилсэн нийт дүнгээр буюу 42,068,544.76 тэгрөгийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

5.а.Шүүх татварын хугацаа хожимдуулсан хүү 42,068,544.76 төгрөг болон хойшлуулсан татварын өр 182,200,000 төгрөгийг төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Улаанбаатар хот дахь гаалийн газраас П- ХХК-д хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн хүү ногдуулж, 42,068,544.76 төгрөг ногдуулсан нь Иргэний эрх зүйн диспозитив зарчимтай зөрчилдөж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу 42,068,544.76 төгрөгийн 50 хувь буюу 21,034,272 төгрөгийг хасаж, үлдэх 21,034,272 төгрөг, үндсэн төлбөр 162,000,000 төгрөг, нийт 183,034,272.76 төгрөг гаргуулан шийдвэрлэв ... гэжээ. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлд анз гээд 232.1 дэх хэсэгт ... хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгуй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ ... гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт ... хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ ... гэж заасан байна. Гэтэл энэхүү хэрэгт анзыг төлөх талаар ямар ч гэрээ хийгдээгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 42,068,544.76 төгрөгийн анз нь хэзээнээс хэдийг хүртэл нь тооцоолж нэхэмжилж баггаа нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан. Түүнийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсэгт ... Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй ... гэжээ. Гэтэл Улаанбаатар хот дахь гаалийн газраас П- ХХК-ийн хооронд гэрээ хийгдээгүй тул Улаанбаатар хот дахь гаалийн газраас анз нэхэмжилж түүнийг хангасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дэх хэсэгт ... Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно ... гэж заасныг шүүх баримталж шийдвэрлэсэн нь зөв ч шүүхэд дээрх хуулийн заалт, Иргэний хуулийн зохих заалтуудыг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь манай компаниас 21,034,272 төгрөг нэмж гаргуулах үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

5.б.Улаанбаатар хот дахь гаалийн газраас татварын өр төлбөрөө төлөхгүй байна гэсэн үндэслэлээр ОХУ-аас төмөр замаар тээвэрлэгдэн Улаанбаатар өртөөн дээр ирсэн манай компанийн АИ-92 автобинзеныг ачсан вагоны буулгалтыг хийлгүүлэхгүйгээр хориг тавьж, удаа дараа олон хоногоор барьцаалсан. Үүнээс шалтгаалан П- ХХК нь захиалагч байгууллагууддаа тохиролцсон хугацаандаа шатахуун нийлүүлэх боломжгүй болж, компанийн худалдан борлуулах үйл ажиллагаанд доголдол үүссэнээр олох ёстой орлого ч тасалдаж, татварын өр төлбөрөө төлөхөд улам хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн. Манай компанийн зүгээс гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримтыг бүрэн бүрдүүлж нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж, гаалийн болон бусад татварыг тухай бүрт нь бүрэн төлсөн бөгөөд Гаалийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 268-274 дүгээр зүйлд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны бүрэн эрхэд компанийн гаалийн татварын өрийг төлөхгүй байгаа тохиолдолд орж ирсэн барааг барьцаалах бүрэн эрх огт байхгүй болно.

5.в.Дэлхий дахинд цар тахал үүссэнтэй холбогдуулж хил гааль дээр бараа бүтээгдэхүүн гацах, тээвэрлэлтийн зардал өссөн. Хэдий тийм боловч манай компанийн зүгээс гаалийн төлбөрийг үе шаттайгаар төлж барагдуулсаар ирсэн. Үүнийг нэхэмжлэлээс харж болно. Дэлхий дахинд цар дахал үүссэнтэй холбогдуулж УИХ-аас удаа дараа хууль баталж хойшлуулах, зохицуулалтыг оруулж өгсөн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт ... Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно, 53.1.1-т ... Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан гамшиг болон үер, газар хөдлөлт, гал түймэрт өртсөн, 53.1.2-т ... энэ хуулийн 6.1.41.а, 6.1.41.б-д заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татвар төлөгч хувь хүний хувьд өмнөх жилийн татвар ногдох орлогоос илүү хэмжээтэй эмчилгээний зардал гаргасан, 53.1.3-т ... татвар төлөгч эрхэлж байгаа үйл ажиллагаагаа зогсоосон, 53.1.4-т ... татвар төлөгчийн үйл ажиллагаанд 3 жил дараалан их хэмжээний алдагдал хүлээж, төлбөрийн чадвар муудсан ... гэсэн заалтад манай компанийн нөхцөл байдал шууд хамаарч байхад татварын өрийг суутган авахдаа татвар төлөх хугацааны хөнгөлөлт олгодоггүй. Дээрээс нь анз ногдуулж шаардлага гаргадаг хууль бус байна. Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дах хэсэгт ... Татвар төлөгч энэ хуулийн 53.1-д заасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн харьяалах татварын алба хугацааг дахин сунгаж болно. Сунгах хугацаа нь анхны хөнгөлөлтийг оруулан нийт 2 жилээс илүүгүй байна ... гэж заасан байна. Өөрөөр хэлбэл татварын хөнгөлөлтийг 2 жилийн хугацаанд олгохоор байна. Энэ нь 2021 оны 8 сард үүссэн өр бол 2023 оны 08 дугаар сар хүртэл хойшлогдох боломжтой байхад түүнийг үл хэрэгсэж шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 21,034,272 төгрөгийг манай компаниас гаргуулж шийдвэрлэж байгаа нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 21,034,272 төгрөгийн анзыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Манай компанийн зүгээс гаалийн албан татварын өр дээр маргаагүй, татварын өр төлбөрт тогтоосон хүүг үндэслэлгүй гэж үзэж маргаж байгаа. У- УТҮГ нь хугацаа хожимдуулах нөхцөл байдлыг үүсгэсэн. Цар тахалтай холбоотойгоор бүх салбарууд уналтанд орж, хил гааль асуудалтай байснаас үүдэж манай байгууллагын хувьд өмнөх жилүүд шиг ашиг орлого олж, татварын төлбөрөө бүрэн төлөх боломжгүй байдал үүссэн. Зөрчлийн арга хэмжээгээр манай байгууллагад 4 удаа торгууль ногдуулсан байдаг. Тэгэхээр давхар хариуцлагын асуудал явагдаж байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Давхар хариуцлага ногдуулсан асуудал байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Онцгой албан татварын тухай хуулийн дагуу дизель түлшний импортын нийт бүтээгдэхүүнд татварыг 30 хоногоор хойшлуулдаг. Тухай бүрд нь төлөхгүй байнга зөрчил гаргаж байсан учир Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 4 удаа шийтгэл ногдуулсан. Цар тахлын хувьд 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчилж байсан. Тус хугацаа өнгөрснөөс хойш хүү тооцсон. Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлд зааснаар газар хорооны дарга нарт бараа бүтээгдэхүүн битүүмжлэх, данс хаах арга хэмжээ авах бүрэн эрх байдаг. Үүний дагуу У- УТҮГ-ын даргын шийдвэрээр татварын өр төлбөрийг барагдуулах хөшүүрэг болгож тодорхой хугацаанд саатуулсан. Захиргааны хэргийн шүүхээр шийтгэл ногдуулж байгаа нь хариуцлагын арга хэмжээ, мөн үүргээ биелүүлээгүй учир Гаалийн тухай хуулийн хуульд заасны дагуу хоног тутмын 0.3 хувийн хүүг нэхэмжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч У- УТҮГ нь хариуцагч П- ХХК-д холбогдуулан татварын өр нийт 224,268,544.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг багасган 204,068,544.76 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсэг буюу хүү 42,068,544.76 төгрөгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Хариуцагч П- ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн хилээр 2 удаа нийт 261,589,422.62 төгрөгийн татварт ногдох бараа нэвтрүүлсэн болох нь талуудын тайлбар, татварын тооцоолол, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, нэхэмжлэгч байгууллагын албан бичиг зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5, 12, 19-22-р тал/

3.а.Дээрх 261,589,422.62 төгрөгийн татвараас хариуцагч П- ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 79,389,422.62 төгрөгийг төлжээ. /хх-ийн 6-р тал/.

3.б.Нэхэмжлэгч У- УТҮГ нь хариуцагч П- ХХК-ийг татварын үлдэгдэл төлбөр 182,200,000 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр хүү 42,068,544.76 төгрөгийн хамт нийт 224,268,544.76 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,200,000 төгрөг төлж, татварын үлдэгдэл 162,000,000 төгрөг болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэн, гаалийн болон бусад татварыг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч У- УТҮГ нь татварын өр 162,000,000 төгрөгийг хариуцагч П- ХХК-аас шаардах эрхтэй, мөн хариуцагч нь дээрх төлбөрийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /хх-ийн 63-р тал/

4.а.Харин зохигчид хүү 42,068,544.76 төгрөг гаргуулах шаардлагын талаар маргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагыг 50 хувиар багасгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Иргэний хуульд зааснаар анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд энэ нь мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлсний хариу үүрэг болох хүү гэсэн ойлголтод хамаарахгүй, мөн хуулиар тогтоосон хүүд хамаарахгүй. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын хүү гэсэн ойлголт нь Иргэний хуулийн анз гэсэн ойлголтод үл хамаарна гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан хүү гэх ойлголтыг анзын талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт хамааруулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.б.Нэхэмжлэгч У- УТҮГ нь дээрх хуульд зааснаар төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү тооцон нэхэмжлэх эрхтэй бөгөөд хэргийн 5 дугаар талд авагдсан хугацаа хэтэрсэн татварт ногдуулсан хүүгийн тооцоолол буруу гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт зааснаар хүү төлөх үүрэг хариуцагч П- ХХК-д үүссэн байх тул анзын гэрээг бичгээр байгуулаагүй, татварын хөнгөлөлт үзүүлээгүй, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Иймд хариуцагч П- ХХК-аас нийт 204,068,544.76 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У- УТҮГ-т олгуулахаар шийдвэрлэх нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.

Түүнчлэн, анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсныг өөрчилсөн болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч П- ХХК-аас нийт 204,068,544.76 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У- УТҮГ-т олгосугай. гэж,

2 дах заалтын ... 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, ... гэснийг 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж гэж, ... 1.073.121 ... гэснийг 1,178,293 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,122 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА Г.ДАВААДОРЖ