Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/02840

 

2021 оны 12 сарын 06 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02840                                 Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 23 дугаар байрны 2 тоотод оршин суух, 19XX64 онд төрсөн, XX настай, эрэгтэй, С овогт Э-ийн Э********** /рд:ХВXXXXXXXXXXX/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Бэлла виста, XXX дугаар байрны XXX тоотод оршин суух, 19XX онд төрсөн, XX настай, эмэгтэй, Бэрэн овогт Л-ийн Б******* /рд:РЭ83030863/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 141 885 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц/, Д.С, хариуцагч Л.Б*******, түүний өмгөөлөгч М.А, гэрч Н.Га, Б.Тө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э********** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч Л.Б*******тай барьцаат зээлийн гэрээ хийж, 20 000 000 төгрөгийг сард 5.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хороолол, 507 дугаар байрны 36 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд хүүгээ төлж байсан боловч үндсэн зээл төлөгдөөгүй тул түүний хүсэлтээр зээлийн хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 23 сараар сунгасан. Зээлийн хүүг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл өгч байгаад түүнээс хойш төлөөгүй байгаа тул 19 сарын төлөгдөөгүй хүү 22 004 000 төгрөг, үндсэн зээл 20 000 000 төгрөг нийлээд гүйцэтгээгүй үүрэг 42 040 000 төгрөгөөс алдангийг тооцоход 21 020 000 төгрөг, нийт 63 060 000 төгрөг болсон. Мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Э.Э********** нь Л.Б*******тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 1 сарын 5,8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Барьцаанд нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хороолол, 508 дугаар байрны ЧЧ тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл төлөгдөөгүй тул түүний хүсэлтээр зээлийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгаж, гэрээг бичгээр байгуулсан. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн хүүгээ төлж байгаад түүнээс хойш төлөөгүй байгаа тул төлөгдөөгүй 20 сарын хүү 29 000 000 төгрөг, үндсэн зээл 25 000 000 төгрөг, нийлээд гүйцэтгээгүй үүрэг 54 000 000 төгрөгөөс алданги тооцоход 27 000 000 төгрөг, нийт 81 000 000 төгрөг болж байна. Зээлийн гэрээг сунгах болсон асуудлын хувьд хариуцагч Л.Б******* эхний зээлийн гэрээний хугацаа дуусахад Э.Э********** дээр ирээд “...хоёулаа зээлийн гэрээгээ нэг мөр ахиухан сунгая Яагаад гэвэл би нөхөртэйгөө наймаа хийж байгаа, ...наймаа маань бага зэрэг бүтэл муутай байна, тиймээс ахиухан хугацаагаар сунгаж өгөөч ээ” гэж хүссэн тул Э.Э********** зөвшөөрч зээлийн гэрээнүүдийн хугацааг сунгасан. Гэтэл хариуцагч Л.Б******* нь “...би ийм зүйл бичээгүй, би хоосон цаас өгөхөөр нь л гарын үсэг зурчихсан” гэж худал мэдээлэл өгсөн учраас Криминалистикийн үндэсний төвийг шинжээчээр томилуулахад эхний шинжээчийн дүгнэлтээр Л.Б*******гийн гарын үсэг биш гэж дүгнэсэн, дараа нь 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарын үсэг нь мөн гэсэн дүгнэлт гарсан. Хариуцагч Л.Б******* нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3 480 000 төгрөгийг төлсөн. 1 сарын хүүгийн төлбөр 1 160 000 төгрөг бөгөөд 3 сарын хүүгийн төлбөр 3 480 000 төгрөг болж байгаа юм. Үүгээр Л.Б******* нь зээлийн гэрээний сунгалтаа төлж байсан гэдэг нь харагдана. Мөн барьцаат зээлийн гэрээний хүүд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4 300 000 төгрөгийг зээлийн хүү гэсэн утгатайгаар төлсөн. Дээрх 2 зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалтууд нь хууль зүйн хувьд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 196.1.5, мөн хуулийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасан шаардлагуудыг бүрэн хангасан. Мөн дээрх 2 зээлийн үнийн 144 060 000 төгрөг болж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа 2 175 000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 141 885 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага гаргаж байна” гэв.

 

 Хариуцагч Л.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Э.Э**********оос 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг бүрэн төлсөн. Тус зээлийн төлбөр нийт 8 120 000 төгрөгийг төлснөөс 3 480 000 төгрөгийг зээлийн хүүд төлж, 4 640 000 төгрөгийг сар бүр зээлийн хүүгийн хэмжээгээр төлж байсан. Энэ төлбөр үндсэн зээлээс хасагдах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 2018 оны 8 дугаар сарны 23-ны өдрийг хүртэл 23 сараар сунгасан нэмэлт гэрээг Л.Б******* би зээлдүүлэгч Э.Э**********той хийгээгүй бөгөөд гэрээний нэмэлт болон хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсан, дээр нь зээлийн хугацаа, хүү, алданги гэх мэтийг гараар бичиж, уншиж танилцсан гэх мэтээр миний энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, энэ гэрээг хийсэн мэтээр бичсэнийг хуурамч баримт байх тул энэ хугацаанд тооцсон хүү алданги, зээлийн тооцоог зөвшөөрөхгүй. Мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Л.Б******* би зээлдүүлэгч Э.Э**********оос 25 000 000 төгрөгийг 1 сарын 5.8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн эргэн төлөлтөд 8 700 000 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн хүүд нь 5 800 000 төгрөг төлсөн, үлдэх 2 900 000 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг мөн л 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сунгаж, гэрээг бичгээр хийсэн гэсэн нь дээрхтэй адил хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад, өөрсдөө нөхөж бөглөсөн гэрээ юм. Үүнийг зээлдэгчтэй хийсэн нэмэлт гэрээ гэж үзэхгүй. Иймд мөн зээлийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн гэрээг анх байгуулахад 5.8 хувийн хүү өндөр хүү байсан ч тухайн үед мөнгөний зайлшгүй хэрэгцээ гарсан болон бусдаас авах авлага удахгүй орж ирнэ гэж итгэсэн учир дээрх гэрээг байгуулсан. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөж бусдаас авах авлагаа авч чадахгүй өнөө хүртэл араас нь хөөцөлдөж байна. Зээл төлөх үед зээлийн хүү хэтэрхий өндөр тул зээл төлөхөд хүндрэл үүсэж, зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн. Энэ зээлийн хүү сарын 5.8 хувь, жилийн 69.6 хувь болж байна. Энэ нь зээлдэгч надад илт хохиролтой байгаа бөгөөд Банк болон санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын жилийн хүү 9-36 хувьтай байдаг. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн өндөр хүүг бууруулж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн сунгалт хийсэн баримтыг нотариатаар батлуулсан үйлдлийг хүчин төгөлдөр бус болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж,  2 шатны шүүхээр шийдвэрлэж нотариатын үйлдлийг хүчингүй болгосон. Мөн зээлийн гэрээнд заасны дагуу алдангийг тооцохдоо хүүгээс алданги тооцсон байна. Иргэний хуульд анзаас алданги тооцохгүй гэж заасан бөгөөд алдангийг зөвхөн үндсэн зээлийн 20 000 000 төгрөг, 25 000 000 төгрөгөөс тооцуулах хүсэлтэй байна. Ингээд тооцохоор 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд 1 сарын хүү 1 160 000 төгрөг, 3 сараар тооцоход 3 480 000 төгрөг, үндсэн зээл, хүү, алданги нь нийлээд 33 480 000 төгрөг болж үүнээс 8 120 000 төгрөгөө хасахаар 25 360 000 төгрөгийг зөвшөөрч байгаа. 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд сарын хүү 1 450 000 төгрөгийг 4 сараар тооцоход 5 800 000 төгрөг, 12 500 000 төгрөгийг алдангид тооцоод, нийт 43 300 000 төгрөгийг төлөх ёстойгоос 8 700 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 33 600 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нийлээд 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 59 960 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э********** нь Л.Б*******д холбогдуулан анх тус шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 144 060 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2 175 000 төгрөгөөр багасгасныг хариуцагч эс зөвшөөрчээ.    

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Э********** нэхэмжлэлийн шаардлагаа “...2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ...Л.Б*******д 20 000 000 төгрөгийг сард 5,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн, ...түүний хүсэлтээр зээлийн хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 23 сараар сунгасан, ...гэрээний үүрэгт нийт 63 060 000 төгрөг гаргуулна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Л.Б*******д 25 000 000 төгрөгийг сард 5,8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаагаар зээлдүүлсэн, ...түүний хүсэлтээр зээлийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгаж, ...гэрээний үүрэгт нийт 81 000 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хэргийн баримтаар, талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Э.Э********** нь 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.8 хувийн хүүтэй Л.Б*******д зээлдүүлэхээр,

мөн талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Э.Э********** нь 25 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5.8 хувийн хүүтэй Л.Б*******д зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний зүйлийг хариуцагч хүлээн авсан эсэхэд маргаагүй.  

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.  

 

            Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан зээлийн гэрээний сунгалт гэх баримтад “...сунгасан он сар өдөр 2016 он 10 сарын 27, зээл төлөх он сар өдөр 2018 он 7 сар 27, хугацаа 21 сар, 1 сард ноогдох хүү 5,8 хувь, алданги 0,5” хувь,

Мөн хэргийн 12 дугаар талд авагдсан зээлийн гэрээний сунгалт гэх баримтад “...сунгасан он сар өдөр 2016 он 9 сарын 6, зээл төлөх он сар өдөр 2018 он 8 сар,  хугацаа 23 сар, 1 сард ноогдох хүү 5,8 хувь, алданги 0,5 хувь” гэжээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний сунгалтын талаар “...2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 8 120 000 төгрөг төлсний 3 480 000 төгрөг нь зээлийн хүү, үлдэх хэсэг нь үндсэн зээлээс хасагдах ёстой. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 23 сараар сунгасан нэмэлт гэрээг би хийгээгүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж дээр нь зээлийн хугацаа, хүү, алданги гэх мэтийг гараар бичиж гэрээг хийсэн мэтээр хуурамч баримт үйлдсэн. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 8 700 000 төгрөг төлсний 5 800 000 төгрөг нь зээлийн хүү, үлдэх 2 900 000 төгрөг үндсэн зээлээс мөн хасагдана. Энэ гэрээний хугацааг мөн сунгаж, гэрээг бичгээр хийсэн гэсэн нь дээрхтэй адил хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад, өөрсдөө нөхөж бөглөсөн гэрээ тул зөвшөөрөхгүй” гэх тайлбарлан маргасан. 

 

Хариуцагч ийнхүү гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14411 дүгээр шүүгчийн захирамжаар, нэхэмжлэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтад бичигдсэн бичвэрүүд Л.Б*******гийн бичгийн хэв мөн эсэх, зээлийн гэрээний сунгалтад бичигдсэн зүйлс нэг цаг хугацаанд, нэг бичгийн хэрэгслээр бичигдсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 628 дугаар дүгнэлтэд “1. ...бичвэрүүд Л.Б*******гийн гэх бичгийн ...загваруудтай тохирно. 2. Харин ...зээлийн гэрээний сунгалт гэсэн 2 баримтад бичигдсэн шинжилж  буй бичвэрүүд нь нөхөх хэсэгт бичигдсэн байх тул нэг цаг хугацаанд үйлдэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдаан даргалагчаас дээрх нөхцөл байдлыг тодруулахаар нэхэмжлэгч талаас “...зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтад бичигдсэн шинжилж буй бичвэрүүд нь нөхөх хэсэгт бичигдсэн гэжээ. Энэ ямар зориулалттай вэ, нөхөөд биччихдэг бэлэн байж байдаг загварууд юм уу” гэж асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч тийм гэж хариулсан.  

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Төмөрсүх “...Нэхэмжлэгч Э.Э********** манай нөхөр. Зээлийн гэрээний эхний сунгалтыг гэрийн гадаа Л.Б******* машинтай ирээд “...нөхөр бид хоёрын ажил болсонгүй, зээлийн гэрээний хугацааг сунгаж өгнө үү” гэсэн. ...3 сар зээлийн хүүг төлсөн, үндсэн зээлээс төлж чадаагүй байсан болохоор гэрийн гадаа ирэхэд нь нөхөр бид хоёр зээлийн гэрээний сунгалтын маягттай гарч, зээлийн гэрээг сунгасан байдаг” гэж мэдүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заасан бөгөөд дээрх үйл баримтуудаар, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний сунгалт гэсэн нөхөж бичих зориулалттай, бэлэн маягт ашиглаж зээлийн гэрээний хугацааг сунгаж буй хэлцлийг стандарт нөхцөлтэй гэрээ гэж үзэх тул мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж зааснаар хариуцагчийн “...хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан” гэх тайлбарыг үндэслэлтэй, хариуцагчийг зээлийн гэрээний хугацааг 21, 23 сарын хугацаагаар сунгаж буйг ойлгоогүй, мэдээгүй байх боломжтой гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний сунгалтад үндэслэн хүү, алданги шаардах эрхгүй байх боловч хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан гэж маргасан атал 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “...10.26, 11.26, 12.26 байрны хүү” гэсэн утгатай 4 350 000 төгрөг төлсөн, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дууссан гэж маргасан атал мөн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “...11.06, 12.06, 01.0-ний байрны хүү” гэсэн утгатай 3 480 000 төгрөг төлсөн үйл баримтаар хариуцагчийг энэ хугацаагаар зээлийн гэрээ сунгагдсаныг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Би яг ломбард шиг гэж бодсон, гэрээний сунгалт гэж хийдэггүй болохоор хүү төлж сунгаж явж байгаад үндсэн төлбөрөө төлөөд байраа авна гэж бодож байсан” тайлбарыг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар дээрх хугацааны хүү төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэсэн тул хариуцагчийн илүү төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасуулна гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.   

 

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний 2.6 дахь заалтаар, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 2.7 дахь заалтаар тус тус “...зээлдүүлэгч нь зээлийн эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Б*******гаас 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 25 000 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг нийт 67 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74 385 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.   

 

 Нэхэмжлэгч Э.Э********** нь хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заажээ.

 

Талууд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, мөн өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Л.Б*******гийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хороолол, Ногоон нуур гудамж 507 дугаар байрны 36 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг,  

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, мөн өдрийн 25 000 000 төгрөгийн  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж,  Л.Б*******гийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хороолол, Ногоон нуур гудамж 508 дугаар байрны ЧЧ тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.

 

Хариуцагч дээрх барьцааны гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 565 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Б*******гаас 67 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э**********од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74 385 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Л.Б*******гийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хороолол, Ногоон нуур гудамж 507 дугаар байрны 36 тоотод байрлах 2 өрөө орон сууц, Л.Б*******гийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хороолол, Ногоон нуур гудамж 508 дугаар байрны ЧЧ тоотод байрлах, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 565 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ