Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00693

 

                

Э.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02840 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Эын хариуцагч Л.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 141,885,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон,  хариуцагч өмгөөлөгч М.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Эын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч Л.Бтай барьцаат зээлийн гэрээ хийж, 20,000,000 төгрөгийг сард 5.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 507 дугаар байрны 36 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд хүүгээ төлж байсан боловч үндсэн зээл төлөгдөөгүй тул түүний хүсэлтээр зээлийн хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 23 сараар сунгасан. Зээлийн хүүг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл өгч байгаад түүнээс хойш төлөөгүй тул 19 сарын төлөгдөөгүй хүү 22,004,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг, нийлээд гүйцэтгээгүй үүрэг 42,040,000 төгрөгөөс алдангийг тооцоход 21,020,000 төгрөг, нийт 63,060,000 төгрөг болсон. Мөн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Э.Э нь Л.Бтай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 1 сарын 5.8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Барьцаанд нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 508 дугаар байрны 18 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл төлөгдөөгүй тул түүний хүсэлтээр зээлийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгаж гэрээг бичгээр байгуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн хүүгээ төлж байгаад түүнээс хойш төлөөгүй тул төлөгдөөгүй 20 сарын хүү 29,000,000 төгрөг, үндсэн зээл 25,000,000 төгрөг, нийлээд гүйцэтгээгүй үүрэг 54,000,000 төгрөгөөс алданги тооцоход 27,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөг болж байна. Мөн дээрх 2 зээлийн үнийн дүн 144 ,060,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа 2,175,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 141,885,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би Э.Эоос 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.8 хувийн хүүтэй зээлж авсан. Тус зээлийн төлбөрт нийт 8,120,000 төгрөг төлснөөс 3,480,000 төгрөгийг зээлийн хүүд төлж, 4,640,000 төгрөгийг сар бүр зээлийн хүүгийн хэмжээгээр төлж байсан. Энэ төлбөр үндсэн зээлээс хасагдах ёстой гэж үзэж байна. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээг 2018 оны 08 дугаар сарны 23-ны өдрийг хүртэл 23 сараар сунгасан нэмэлт гэрээг зээлдүүлэгч Э.Этой хийгээгүй бөгөөд гэрээний нэмэлт болох хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Дээр нь зээлийн хугацаа, хүү, алданги гэх мэтийг гараар бичиж, уншиж танилцан нөхцлийг хүлээн зөвшөөрсөн, гэрээг хийсэн мэтээр бичсэн хуурамч баримт байх тул энэ хугацаанд тооцсон хүү, алданги, зээлийн тооцоог зөвшөөрөхгүй. Мөн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би зээлдүүлэгч Э.Эоос 25,000,000 төгрөгийг 1 сарын 5.8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн эргэн төлөлтөд 8,700,000 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн хүүд 5,800,000 төгрөг төлсөн. Үлдэх 2,900,000 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг мөн л 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сунгаж гэрээг бичгээр хийсэн гэсэн нь дээрхтэй адил хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад өөрсдөө нөхөж бөглөсөн гэрээ юм. Иймд мөн зээлийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ зээлийн хүү сарын 5.8 хувь, жилийн 69.6 хувь болж байна. Энэ нь зээлдэгч надад илт хохиролтой байгаа бөгөөд банк болон санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын жилийн хүү 9-36 хувьтай байдаг. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн өндөр хүүг бууруулж өгнө үү. Зээлийн сунгалт хийсэн баримтыг нотариатаар батлуулсан үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2 шатны шүүхээр шийдвэрлэж нотариатын үйлдлийг хүчингүй болгосон. Мөн зээлийн гэрээнд заасны дагуу алдангийг тооцохдоо хүүгээс алданги тооцсон байна. Иргэний хуульд хүүгээс алданги тооцохгүй гэж заасан бөгөөд алдангийг зөвхөн үндсэн зээлийн 20,000,000 төгрөг болон 25,000,000 төгрөгөөс тооцуулах хүсэлтэй байна. Ингээд тооцохоор 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд 1 сарын хүү 1,160,000 төгрөг, 3 сараар тооцоход 3,480,000 төгрөг, үндсэн зээл, хүү, алданги нь нийлээд 33,480,000 төгрөг болж, үүнээс 8,120,000 төгрөгөө хасахаар 25,360,000 төгрөгийг зөвшөөрч байгаа. 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд сарын хүү 1,450,000 төгрөгийг 4 сараар тооцоход 5,800,000 төгрөг, 12,500,000 төгрөгийг алдангид тооцоод, нийт 43,300,000 төгрөгийг төлөх ёстойгоос 8,700,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 33,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нийлээд 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 59,960,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Бгаас 67,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Эод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,385,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Л.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногооннуур гудамж, 507 дугаар байрны 36 тоотод байрлах 2 өрөө орон сууц, Л.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногооннуур гудамж, 508 дугаар байрны 18 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 565,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

            4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Б нь зээлийн гэрээний хугацааг 21, 23 сарын хугацаагаар сунгаж буйг ойлгоогүй, мэдээгүй байх боломжтой гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Э.Э нь өөр хүнд мөнгөө зээлдүүлсэн бол 6 жилийн хугацаанд багадаа 100,000,000 төгрөг болгон өсгөж болох байсан.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Л.Бг зээлийн гэрээний сунгалт хийгдснийг зөвшөөрсөн гэж дүгнэсэн атлаа зээлийн гэрээг 21 болон 23 сараар сунгагдсан болохыг хариуцагч Л.Б нь мэдээгүй гэсэн дүгнэлтийг хийж байгааг гайхаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Л.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 141,885,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд анхан шатны шүүх ямар нотлох баримт буруу үнэлсэн, ямар хуулийг буруу хэрэглэсэн талаархи үндэслэл нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, хэрэгт ач холбогдолгүй зүйлийн талаар тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Гэрээний хугацааг сунгасан эсэх талаар маргадаг. Гэрээний хугацааг сунгасан эсэхтэй холбоотой нотариатын үйлдлийн талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас энэ талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй. Анхан шатны шүүх зээлийн гэрээний төлбөрийн гүйцэтгэлд төлөх үнийн дүнг зөв тооцсон. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв

2.  Э.Э нь Л.Бд холбогдуулан 141,885,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 59,960,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийн үндэслэлээ “20,000,000 төгрөгийг сард 5.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хугацааг 23 сараар сунгасан. Хүү 22,004,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг, нийлээд гүйцэтгээгүй үүрэг 42,040,000 төгрөгөөс алдангийг тооцоход 21,020,000 төгрөг, нийт 63,060,000 төгрөг болсон. Мөн 25,000,000 төгрөгийг 1 сарын 5.8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Зээлийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгаж гэрээг бичгээр байгуулсан. Хүү 29,000,000 төгрөг, үндсэн зээл 25,000,000 төгрөг, нийлээд гүйцэтгээгүй үүрэг 54,000,000 төгрөгөөс алданги тооцоход 27,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөг болж байна. 2 зээлийн үнийн дүн 144,060,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа 2,175,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 141,885,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Л.Б хариу тайлбартаа “20,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт нийт 8,120,000 төгрөг төлснөөс 3,480,000 төгрөгийг зээлийн хүүд төлж, 4,640,000 төгрөгийг үндсэн зээлээс хасагдах ёстой гэж үзэж байна. Зээлийн гэрээг сунгасан нэмэлт гэрээг зээлдүүлэгч Э.Этой хийгээгүй бөгөөд гэрээний нэмэлт болох хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. 25,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 8,700,000 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн хүүд 5,800,000 төгрөг төлсөн. Үлдэх 2,900,000 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой. Зээлийн гэрээний хугацааг мөн л сунгаж гэрээг бичгээр хийсэн гэсэн нь дээрхтэй адил хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад өөрсдөө нөхөж бөглөсөн гэрээ юм. Энэ зээлийн хүү сарын 5.8 хувь, жилийн 69.6 хувь болж байгаа нь зээлдэгч надад илт хохиролтой байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн өндөр хүүг бууруулж өгнө үү. Алдангийг тооцохдоо хүүгээс алданги тооцсон байна. Алдангийг зөвхөн үндсэн зээлийн 20,000,000 төгрөг болон 25,000,000 төгрөгөөс тооцуулах хүсэлтэй байна. Ингээд тооцохоор 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд 1 сарын хүү 1,160,000 төгрөг, 3 сараар тооцоход 3,480,000 төгрөг, үндсэн зээл, хүү, алданги нь нийлээд 33,480,000 төгрөг болж, үүнээс 8,120,000 төгрөгөө хасахаар 25,360,000 төгрөгийг зөвшөөрч байгаа. 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд сарын хүү 1,450,000 төгрөгийг 4 сараар тооцоход 5,800,000 төгрөг, 12,500,000 төгрөгийг алдангид тооцоод, нийт 43,300,000 төгрөгийг төлөх ёстойгоос 8,700,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 33,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нийлээд 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 59,960,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбар гарган энэ хүрээнд зохигчид мэтгэлцжээ.

3. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацааг сунгаж буй хэлцлийг стандарт нөхцөлтэй гэрээ гэж үзсэн нь алдаатай байна.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний сунгалтыг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч “Зээлийн гэрээг сунгасан нэмэлт гэрээг зээлдүүлэгч Э.Этой хийгээгүй бөгөөд гэрээний нэмэлт болох хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсан” гэж тайлбар өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр зээлийн гэрээний сунгалтад бичигдсэн “уншиж танилцсан” гэх бичвэр хариуцагч Л.Бгийн бичгийн хэв мөн эсэхийг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилсон бөгөөд шинжээч уг бичвэр нь хариуцагч Л.Бгийн бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүхээс дахин шинжээч томилсон ба шинжээч нар дээрх бичвэр хариуцагчийн бичгийн хэвийн загваруудтай тохирно гэсэн дүгнэлтийг гаргажээ.    

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тус тус сунгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан

зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

            Нэхэмжлэгч Э.Э хариуцагч Л.Бгийн хүсэлтийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

 

            5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог бөгөөд мөнгийг буцаан шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх юм.

            Л.Б нь 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 8,120,000 төгрөгийг, 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 8,700,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг зохигчид маргаагүй ба хариуцагч нь зээлийн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн байна.

Иймээс хариуцагчаас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 30,160,000 төгрөг, нийт 50,160,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 8,120,000 төгрөгийг хасаж 42,040,000 төгрөг, үүнээс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 147 хоногийн алдангийг тооцоход 30,899,400 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 21,020,000 төгрөг, нийт 63,060,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 36,250,000 төгрөг, нийт 61,250,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 8,700,000 төгрөгийг хасаж 52,550,000 төгрөг, үүнээс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 157 хоногийн алдангийг тооцоход 41,251,750 төгрөг болж байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 26,275,000 төгрөг, нийт 78,825,000 төгрөг, 2 зээлийн гэрээний нийт үүрэг 141,885,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

            6. Дээр дурдснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Л.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 141,885,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох”-ыг хүссэн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “67,500,000” гэснийг “141,885,000” гэж, “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,385,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “олгосугай” гэж, 3 дахь заалтын “56.2 дахь” гэснийг “56.1 дэх” гэж, “565,650” гэснийг “937,575” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 529,875 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА

 

                              ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН