Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2022/00698

 

2022 04 01 181/ШШ2022/00698

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , ТИТ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , УБЗБ ХХК д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаа төлбөр 56,562,258 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, өмгөөлөгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТИТ ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБЗБ ХХК -ийн 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн Хоёрдугаар үе шат, төгсгөлийн шатны ажил механик, цахилгаан, сантехникийн барилгын ажилд ТИТ ХХК -ийг томилох тухай албан бичгээр манай компани тендерт шалгарч УБЗБ ХХК -тай гэрээний гол нөхцлүүдийг харилцан тохирч талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан Туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний баримт бичгүүд гэсэн хэсэгт гэрээний захидал харилцаа нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн огноо бүхий өргөн мэдүүлсэн тендер, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тендерийн тодруулгын хамт Туслан гүйцэтгэх гэрээг бүрдүүлнэ гэж заасан.

Тус гэрээний дагуу УБЗБ-ын газар доорх авто зогсоолын сантехник угсралт, суурилуулалтын ажил болон лобби дахь ажлыг бүрэн хийж дуусгасан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/562 дугаар актаар автомашины дулаан зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой гэж үзээд УБЗБ ХХК -ийн захиалгатай газар доорх 2 давхар 136 автомашины дулаан зогсоол, газар дээрх тохижилтын барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

УБЗБ ХХК -тай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрийн нөхцлийн 4 дэх заалтад гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан тухай сертификат олгосноос хойш 36 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцаа мөнгөний үлдсэн 2,5 хувийг барьцаанаас суллана гэж заасан бөгөөд үүний дагуу талууд 2016 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн барьцаа төлбөр 2,5 хувь болох 56,562,258 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр төлөхөөр баталгаажуулсан.

Манай компани 2019 оны 9 дүгээр сарын 15-ний өдрөөс хойш барьцаа төлбөрийг авахаар УБЗБ ХХК -д албан бичгээр удаа дараа хандсан ба 2021 оны 3 дугаар сарын 25-ний өдөр 21/11 дугаар барьцаа төлбөрийг авах тухай албан бичгийг тус компанид хүргүүлсэн. Гэвч УБЗБ ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 104 дугаар хариу албан бичгээр барьцаа төлбөрийг барагдуулах боломжгүйг мэдэгдсэн байдаг. Иймд УБЗБ ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш барьцаа төлбөрийг манай компанид төлөөгүй тул барьцаа төлбөр болох 56,562,258 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч УБЗБ ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, өмгөөлөгч Н.Л нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБЗБ ХХК болон Говь инфрастракчер партнерс ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Газар доорх авто зогсоолын барилга болон гадна тохижилтын төсөл үндсэн гэрээний ажлууд нэртэй үндсэн гэрээг байгуулсан.

Гэрээний бэлтгэл ажил 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлсэн бөгөөд үүний дагуу дээрх үндсэн гэрээний нэрлэсэн туслан гүйцэтгэгчээр ТИТ ХХК , Сүнчир хайрхан ХХК-иуд оролцож 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УБЗБ ХХК нь ТИТ ХХК -тай Хоёрдугаар үе шат "Төгсгөлийн шатны ажил" Механик, Цахилгаан, Сантехник /МЦС/-ийн барилгын ажилд Термигас /Монгол/ ИТ ХХК-ийг томилох тухай албан бичгийг байгуулсан.

Ерөнхий гүйцэтгэгч Жи Ай Пи ХХК /Говь инфрастракчер партнерс ХХК/-ийн сонгосон нэрлэсэн туслан гүйцэтгэгч ТИТ ХХК нь газар доорх 2 давхар авто зогсоолын барилгын барилга угсралтын ажлыг 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэж, улсын комисс хүлээн авсан.

Гэрээ болон албан бичигт гүйцэтгэлийн баталгааны мөнгөний үлдэгдлийг /2.5%/ Хүлээлгэн өгөх сертификат гардуулснаас хойш 36 сарын дараа /Монголын зөрчил гологдол арилгах стандарт хугацаа/ эсвэл гүйцэтгэлийн сертификат гардуулсан даруйд хоёрын аль сүүлд болсон хугацаанд эргүүлэн олгоно /эсвэл Ажил олгогч/ Захиалагч болон Гол гүйцэтгэгч нарын хоорондын тохиролцсон дүнд дүйцэх хэмжээний бондоор солино/ гэж заасан.

Гэвч гүйцэтгэгч ТИТ ХХК нь чанарын шаардлага хангахгүй, ажлыг доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил олгогчийн зүгээс удаа дараа алдаа доголдлыг арилгах, засварлах тухай албан бичгийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл дутуу гүйцэтгэсэн ажлаа дуусгаагүй, доголдолтой гүйцэтгэсэн ажлаа засварлаагүй бөгөөд баталгааны мөнгөний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй.

Гэрээнд баталгааны төлбөрийг хүлээлгэн өгөх сертификат гардуулснаас хойш 36 cap гэж тусгайлан тусгасан байгаа бөгөөд гүйцэтгэгч өөрийн үзэж байгаагаар гэрээт ажлын гүйцэтгэл дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болохоос хамгийн багадаа 14 хоногийн өмнө инженерт Хүлээлгэн Өгөх Сертификатын хүсэлт илгээхээр заасан. Гүйцэтгэгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш Инженер нь 28 хоногийн дотор хүлээлгэн өгөх сертификатыг гардуулахаар мөн гэрээнд тусгасан бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс хүлээлгэн өгөх Сертификатын хүсэлт илгээгээгүй бөгөөд тухайн үед ажлаа бүрэн дуусгаагүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн учир хүсэлтээ илгээгээгүй бодит нөхцөл байдаг.

Мөн гэрээнд Инженер гүйцэтгэгчид тодорхой он, cap бүхий Гүйцэтгэлийн Сертификат гардуулах хүртэл Гүйцэтгэгчийг гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж дууссанд тооцохгүй. Зөвхөн гүйцэтгэлийн Сертификаттайгаар л гэрээт ажлыг албан ёсоор хүлээн авсан тооцохоор тусгасан бөгөөд Ажил олгогчийн зүгээс хүлээлгэн өгөх сертификатыг гардуулаагүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс шаардаад байгаа гүйцэтгэлийн баталгааны барьцаа мөнгийг төлөх үндэслэлгүй.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хуулийн хугацаа дууссан тул баталгааны төлбөр болох 56 562 258,02 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд дээрх нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа баталгааны төлбөр болох 56 562 258,02 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хоёрдугаар үе шат Төгсгөлийн шатны ажил: Механик, Цахилгаан, Сантехник /МЦС/-ийн барилгын ажилд Термигас /Монгол/ ИТ ХХК-ийг томилох тухай албан бичиг эх хувь, орчуулга, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн актын эх хувь, орчуулга, гэрээний нэмэлт өөрчлөлтийн төлбөрийн нэхэмжлэлийн жагсаалтын эх хувь, орчуулга, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2016/562 дугаар Барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын акт, ТИТ ХХК -ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21/11 өдрийн Барьцаа төлбөр авах тухай албан бичиг, УБЗБ ХХК -ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 104 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас УБЗБ ХХК -ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаар албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаар албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаар албан бичиг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар албан бичиг зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Туслан гүйцэтгэгчийн гэрээ, УБЗБ ХХК -ийн Ерөнхий гүйцэтгэгч Говь инфрастракчер партнерс ХХК-тай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Газар доорх авто зогсоолын барилга болон гадна тохижилтын төсөл үндсэн гэрээний ажлууд, гэрээний баримт бичгүүд эх хувь, орчуулга зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТИТ ХХК нь хариуцагч УБЗБ ХХК -д холбогдуулан барьцаа төлбөр 56 562 258 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. УБЗБ ХХК нь Ерөнхий гүйцэтгэгч Говь инфрастракчер партнерс ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Газар доорх авто зогсоолын барилга болон гадна тохижилтын төсөл үндсэн гэрээний ажлууд нэртэй үндсэн гэрээг байгуулсан байна. /хавтаст хэргийн 82-140 хуудас/

 

2. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УБЗБ ХХК нь ТИТ ХХК -тай Хоёрдугаар үе шат "Төгсгөлийн шатны ажил": Механик, Цахилгаан, Сантехник /МЦС/-ийн барилгын ажилд Термигас /Монгол/ ИТ ХХК-ийг томилох тухай албан бичиг-ийг байгуулсан байна. /хавтаст хэргийн 71-76 хуудас эх гэрээ, 5-9 хуудас орчуулсан/

Уг гэрээний дагуу туслан гүйцэтгэгч ТИТ ХХК нь газар доорх 2 давхар авто зогсоолын барилгын барилга угсралтын ажлыг 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2016/562 дугаар актаар байнгын ашиглалтад оруулсан талаар зохигч маргаагүй.

 

3. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний Төлбөрийн нөхцөл-ийн 4 дэх заалтад гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан тухай сертификат олгосноос хойш 36 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцаа мөнгөний үлдсэн 2,5 хувийг барьцаанаас суллана гэж заасны дагуу талууд 2016 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж барьцаа төлбөр 2,5 хувь болох 56,562,258 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр төлөхөөр баталгаажуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэгч ТИТ ХХК нь ажлыг чанарын шаардлага хангахгүй доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн учраас хүлээлгэн өгөх Сертификатын хүсэлт илгээгээгүй, Ажил олгогчийн зүгээс хүлээлгэн өгөх сертификатыг гардуулаагүй тул гүйцэтгэлийн баталгааны барьцаа мөнгийг төлөх үндэслэлгүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргаж байна.

 

4. Талууд гүйцэтгэлийн баталгааны барьцаа төлбөр 2,5 хувь болох 56,562,258 төгрөг байгаа талаар маргаагүй.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн чанарын шаардлага хангахгүй доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг гадна талбайн гэрэлтүүлэг дутуу асдаг буюу байнга шатдаг, гадна талбайн хэсэгт цагаан чулуу суулгасан ажил хийгдэж дуусаагүй, гаднах автозогсоолын хаалтын программ алдаатай гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч өөр гэрээгээр гүйцэтгэсэн ажил тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж тайлбарлаж байна.

 

Энэхүү доголдлын талаар УБЗБ ХХК -иас ТИТ ХХК -д 2020.01.21, 2020.03.22, 2020.05.04, 2020.06.09, 2020.06.18, 2020.08.13-ны өдөр албан бичиг /хх-59-66х/-үүд илгээсэн байх бөгөөд уг албан бичгүүдэд дурдсан доголдолтой гэх ажлыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хоёрдугаар үе шат "Төгсгөлийн шатны ажил": Механик, Цахилгаан, Сантехник /МЦС/-ийн барилгын ажилд Термигас /Монгол/ ИТ ХХК-ийг томилох тухай албан бичиг /хх-5-9х/, Туслан гүйцэтгэгчийн гэрээ /хх-77-81х/ зэргээр гүйцэтгэх ажлуудтай харьцуулахад хамааралгүй байхаас гадна УБЗБ ХХК -ийн 2020.01.21-ны өдрийн 28 дугаар Термигас ХХК-д илгээсэн албан бичиг /хх-59х/-т УБЗБ ХХК болон Термигас ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сард байгуулагдсан Туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу УБЗБ болон гадна тохижилтын төсөл-д хийгдэх инженерийн дотоод шугам сүлжээний ажлууд болон Туслан гүйцэтгэгчийн бусад ажлуудыг танай компани гүйцэтгэх үүрэг хүлээсэн гэж тодорхойлсон нь өөр гэрээгээр гүйцэтгэсэн ажил гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай нийцэж байна.

Иймд хариуцагч УБЗБ ХХК -ийн гүйцэтгэгч ТИТ ХХК ажлыг чанарын шаардлага хангахгүй доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр гүйцэтгэлийн барьцаа төлбөрийг олгохгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

6. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...Механик, Цахилгаан, Сантехник /МЦС/-ийн барилгын ажилд Термигас /Монгол/ ИТ ХХК-ийг томилох тухай албан бичиг /хх-5-9х/ болон Туслан гүйцэтгэгчийн гэрээ /хх-77-81х/-ний Төлбөрийн нөхцөл хэсэгт Сар бүрийн ажлын явцын төлбөрөөс 5%-ийн гүйцэтгэлийн баталгааг суутгах, гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан тухай сертификат олгосны дараа үүргийн гүйцэтгэлийн барьцаа мөнгөний тал хувийг (2.5%) барьцаанаас суллах, гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан тухай сертификат олгосноос хойш 36 сарын хугацаа өнгөрөх, эсвэл Гүйцэтгэлийн гэрчилгээ олгох хоёр үйл явдлын аль сүүлд тохиосноор үүргийн гүйцэтгэлийн барьцаа мөнгөний үлдсэн хувийг (2.5%) барьцаанаас суллана гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч ТИТ ХХК нь дээрхи гэрээгээр хүлээсэн ажлаа зохих ёсоор гүйцэтгэж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Тооцоо нийлсэн акт-аар хүлээлгэн өгч /хх-49-50, 10-11/, уг актад үүргийн гүйцэтгэлийн 2.5% барьцаа мөнгийг 3 жилийн дараа буюу 2019 оны 9 сарын 15 гэхэд ТЕРМИГАС-т 56,562,258.02 төгрөг төлөхөөр тогтоосон байна.

Иймд хариуцагч УБЗБ ХХК -ийн гүйцэтгэгч ТИТ ХХК -ийг ажлыг хүлээлгэн өгөх Сертификатын хүсэлт илгээгээгүй, Ажил олгогчийн зүгээс хүлээлгэн өгөх сертификатыг гардуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Хариуцагч УБЗБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийн 2.5% барьцаа мөнгийг 3 жилийн дараа буюу 2019 оны 9 сарын 15-ны өдөр ТИТ ХХК -д төлөх үүрэг хүлээсэн бөгөөд ТИТ ХХК нь 2021.03.25-ны өдрийн 21/11 дугаар албан бичгээр Баталгааны төлбөрөө авахаар шаардахад хариуцагч УБЗБ ХХК нь 2021.05.03-ны өдрийн 104 дугаар албан бичгээр төлбөрийг барагдуулах боломжгүйг мэдэгдснээр шүүхэд 2021.12.02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

8. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1.-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсоноор барьцааны эрх дуусгавар болохоор заасны дагуу ТИТ ХХК -ийн гүйцэтгэсэн ажилд гүйцэтгэлийн баталгааны хугацаанд доголдол илрээгүй, гүйцэтгэлийн баталгааны хугацаа 2019 оны 9 сарын 15-ны өдөр дууссанаар УБЗБ ХХК -д барьцааны 56,562,258.02 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

9. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3.-т Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч УБЗБ ХХК -иас барьцааны 56,562,258.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТИТ ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3.-т зааснаар хариуцагч УБЗБ ХХК -иас 56,562,258 /тавин зургаан сая таван зуун жаран хоёр мянга хоёр зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТИТ ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТИТ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,761 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 440,761 /дөрвөн зуун дөчин мянга долоон зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТИТ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА