Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02793

 


 

 

             2021 оны  12 сарын 01 өдөр

   Дугаар 183/ШШ2021/02793

Улаанбаатар хот

     

 

          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Аргалант сум, 1 дүгээр баг, Аргалын уул, Яргайт 6X дугаар гудамж, XX тоотод оршин суух, 19XX онд төрсөн, XX настай, эмэгтэй, Х овогт Б-ийн A******* /рд:НЬXXXXXXX/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэл XXдугаар байрны XX тоотод оршин суух, 19XX онд төрсөн, XX настай, эрэгтэй, Б овогт Ц-н М***-О* /рд:ЦЕXXXXXXXX/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.A*******, хариуцагч Ц.М***-О*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.A******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2003 онд Ц.М***-О*той танилцаж, 2007 онд гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас ихэр хөвгүүд болох М.Х**-б***, М.Х**-******* нар нь 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, охин М.Хү***** 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, хүү М.Д****** 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, хүү М.Б******* 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Сүүлийн 3 жилийн хугацаанд бид гэр бүлийн маргаан, хэрүүл болон бусад тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Ц.М***-О*той хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, 5 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулна. Бидний дундын өмч гэж 5 ханатай нэг гэр л байгаа. Миний хувьд эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй, тэр гэрээ өөрөө авах эсэхээ мэднэ биз” гэв.

 

            Хариуцагч Ц.М***-О* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.A*******тай 2003 онд анх танилцаж, 2006 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Х**-б***, М.Х**-*******, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин М.Хү*****, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Д******, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү М.Б******* нар төрсөн.  Б.A******* нь намайг 2018 онд хөдөө ажлаар явахад өөр хүнтэй болсон, одоо тусдаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөх боловч гэрлэлт цуцалбал 5 хүүхдээ би өөрийн асрамжид авах хүсэлтэй. Гэхдээ хүүхдийн асрамжийг өөрсдийнх нь саналыг асууж шийдвэрлүүлнэ. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй. Одоо хамт амьдраагүй байгаа ч гэсэн би мөнгө хэрэгтэй гэхэд нь мөнгө шилжүүлдэг” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.A******* нь хариуцагч Ц.М***-О*ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан, гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр Б.A*******, Ц.М***-О* нар нь 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Х**-б***, хүү М.Х**-*******, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин М.Хү*****, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Д******, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү М.Б******* нар төрсөн болох нь тогтоогдож байна. 

 

Гэрлэгчид гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Б.A*******, Ц.М***-О* нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргасан тул шүүх хариуцагчийн хүсэлтээр, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т заасныг баримтлан хүүхдүүдийн саналыг асуухад 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.Хү***** эцгийн асрамжид, 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Х**-б***, М.Х**-*******, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Д****** нар эхийн асрамжид үлдэх тухай шүүхэд саналаа илэрхийлсэн байна.

 

Иймд шүүх охин М.Хү*****гийн саналыг харгалзан түүнийг эцэг Ц.М***-О*ийн асрамжид, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хүү М.Х**-б***, М.Х**-*******, М.Д****** болон 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Б******* нарыг эх Б.A*******гийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хүү М.Д******ийг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү М.Д******, М.Х**-б***, М.Х**-******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тогтоон эцэг Ц.М***-О*оос сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэхээр, охин М.Хү*****, хүү М.Б******* нарыг тэжээн тэтгэх үүргийг Б.A*******, Ц.М***-О* нарт даалгахаар шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар гэрлэгчдийн хүүхдүүдтэйгээ уулзах эрх нь нээлттэй болохыг, гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хашиг овогт Буянгийн A******* /рд:НЬ85041267/, хариуцагч Боржигон овогт Цогтмагнайн М***-О* /рд:ЦЕXXXXXXXX/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Х**-б***, М.Х**-*******, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Д******, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү М.Б******* нарыг эх Б.A*******гийн асрамжид, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.Хү*****г эцэг Ц.М***-О*ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хүү М.Д******ийг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү М.Д******, М.Х**-б***, М.Х**-******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тогтоож  сар бүр эцэг Ц.М***-О*оос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар охин М.Хү*****, хүү М.Б******* нарыг тэжээн тэтгэх үүргийг Б.A*******, Ц.М***-О* нарт даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэх, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг эх Б.A*******, эцэг Ц.М***-О* нарт тус тус даалгаж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар Б.A*******, Ц.М***-О* нар нь эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдсугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНГӨНТУУЛ