Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2022/00398

 

 

 

 

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02793 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Мид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие 2003 онд Ц.Мтой танилцаж, 2007 онд гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас ихэр хөвгүүд болох М.Х, М.Х-э нар 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, охин М.Х 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, хүү М.Д 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, хүү М.Б 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Сүүлийн 3 жилийн хугацаанд бид гэр бүлийн маргаан, хэрүүл болон бусад таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Ц.Мтой хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, 5 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Б.А- нь намайг 2018 онд хөдөө ажлаар явахад өөр хүнтэй болсон, одоо тусдаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөх боловч 5 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй. Гэхдээ хүүхдийн асрамжийг өөрсдийнх нь саналыг асууж шийдвэрлүүлнэ. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй. Одоо хамт амьдраагүй байгаа ч гэсэн би мөнгө хэрэгтэй гэхэд нь мөнгө өгдөг гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Б.А /рд:..../, хариуцагч Б овогт Ц.М /рд:ЦЕ86062073/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Х, М.Х-э, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Д, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү М.Б нарыг эх Б.А-гийн асрамжид, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.Хг эцэг Ц.Мийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хүү М.Дийг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү М.Д, М.Х, М.Х-э нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тогтоож  сар бүр эцэг Ц.Моос гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар охин М.Х, хүү М.Б нарыг тэжээн тэтгэх үүргийг Б.А-, Ц.М нарт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэх, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг эх Б.А-, эцэг Ц.М нарт тус тус даалгаж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг, Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар Б.А-, Ц.М нар нь эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг тус тус дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхээс шийдвэрээ гардаж аваагүй байхад хүүхдийн ээж Б.А- н.Д гэх хүнтэй хамт амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр том хүү М.Х над руу залгаж, н.Дг согтуугаар Жижгээ бид хоёрыг ална гэж хөөгөөд байна та хурдан ир гэж гэсэн. Би сандраад Аргалант сумын Цагдаагийн хэлтэст дуудлага өгч, үйлчлүүлж байсан хүнээ буулгаад очсон. Замдаа хүүхдүүд рүүгээ залгахад ангийн багшийнхаа гэрт очсон байсан. Би 22-23 цагийн үед Аргалантад очиход хүүхдүүд Цагдаагийн хэлтэст ирчихсэн, хэсгийн байцаагч н.Ганбат хүүхдүүдээс мэдүүлэг авч байсан. Тухайн өдөр хүүхдүүдээ аваад явна гэхэд надад өгөөгүй. Миний хувьд цаашид хүүхдүүдээсээ хол байж чадахгүй, хүүхдүүдийн аюулгүй байдалд маш их санаа зовж байгаа тул өөр дээрээ авах хүсэлттэй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шинжээч томилж хүүхдийн аюулгүй орчинд өсөх, амьдрах таатай орчин хаана байгааг тогтоож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг анхаараагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ц.Мид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилж, үндэслэлээ “хоорондын таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй” гэсэн агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, “гэрлэлт цуцлуулахгүй, хэрэв гэрлэлт цуцлагдсан тохиолдолд хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж” маргажээ. /хх 61-63/

4. Зохигчид 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Х, хүү М.Х-э, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин М.Х, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Д, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү М.Б нарыг төрүүлсэн нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна. /хх 4-9/

5. Анхан шатны шүүх хүүхдүүдийн асрамжийг тогтоож шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг авсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт нийцсэн боловч мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн асрамж тогтооход анхаарвал зохих  эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн өсөж торних орчин зэрэг нөхцөл байдал тодорхой бус байна.  

Эдгээр нөхцөл байдлыг тодруулах буюу мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж, энэ талаар дүгнэлт гаргуулсаны үндсэн дээр хүүхдийн асрамжийг тогтоох нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                  ШҮҮГЧИД                                       Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                   Д.ЦОГТСАЙХАН