Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/00622

 

 

 

 

                                                                                           

 

 

 

 

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр            Дугаар 102/ШШ2022/00622                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч З.Доржнамжин, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух *** овогт ***ийн *** /РД: ***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух *** бааз овогт ***ын ***/***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

Хариуцагч Н.***, түүний өмгөөлөгч***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан,

 

Иргэдийн төлөөлөгч Г.***д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар талуудын зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.*** нь хариуцагч Н.***т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Н.***нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *** байрны орцонд иргэн Н.***ы нүүрэн тус газарт гараараа болон хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Нэхэмжлэгч Н.***ы хамар ясны хугарал засах мэс заслын эмчилгээ хийлгэж, уг эмчилгээний зардалд төлсөн 3,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор гаргасан эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа татвар болон аж ахуйн нэгжийн тухай хуулиудад тусгасан заалт, шаардлагуудыг хангахгүй байна. Мөн Н.***нь нэхэмжлэгч Н.***ы эмчилгээний зардалд 269,800 төгрөг төлж барагдуулсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, “Цэвхэн” эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Н.***ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол зэрэг баримтуудыг, хариуцагчаас Н.***ийн Хаан банк дахь *** дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Д.***ыг асууж, мөн шүүх “Цэвхэн” эмнэлгээс тухайн эмнэлэг нь ***” ХХК-тай ямар хамааралтай болох, Н.***ы өвчний түүх, уг эмнэлэг хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт өгсөн эсэх талаарх нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн баримт байхгүй шалтгаанаар гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардсан. 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Н.***ы эмчилгээний зардалд 269,800 төгрөг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон эмчилгээний төлбөрийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан эмчилгээний төлбөр төлсөн санхүүгийн анхан шатны баримт /хэргийн 3 тал/, мөн мэс заслын эмчилгээ хийж, төлбөр төлсөн болохыг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг /хэргийн 61-62 тал/, амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн эмчийн үзлэгийн хуудас, хамрын ясны хугарал зассан тухай эмчийн тодорхойлолт /хэргийн 4-6 тал/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Н.***нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *** байрны орцонд Н.***ы нүүрэн тус газарт гараараа болон хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба нэхэмжлэгч Н.*** гэмтлийн улмаас хамар ясны хугарал засах мэс заслын эмчилгээ хийлгэж, эмчилгээний төлбөрт 3,000,000 төгрөг төлжээ.

 

4. Хариуцагч Н.***ийн хууль бус үйлдлээр нэхэмжлэгч Н.***ы эрүүл мэндэд хохирол учруулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

5. Татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх, мөн эмнэлэг өвчний түүх хөтлөөгүй гэх үйлчлүүлэгчийн үүрэгт хамааралгүй үндэслэлээр дээрх баримтуудыг үгүйсгэх боломжгүй гэж үзлээ.

 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Иймд хариуцагч Н.***нь нэхэмжлэгч Н.***ы эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Хариуцагч Н.***оос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.***д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7. Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Н.***оос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.***д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Н.***оос улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД                                                       З.ДОРЖНАМЖИН

 

 

Ш.ОЮУНТУУЛ