Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2022/00884

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00884

 

 

Н.Б нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00622 дугаар шийдвэртэй, Н.Б нэхэмжлэлтэй, Н.З-т холбогдох эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Н.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.З нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 22а байрны орцонд иргэн Н.Б нүүрэн тус газарт гараараа болон хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Н.Б хамар ясны хугарал засах мэс заслын эмчилгээ хийлгэж, уг эмчилгээний зардалд төлсөн 3,000,000 төгрөг төлсөн тул уг хохирлыг Н.З оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор гаргасан эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа татвар болон аж ахуйн нэгжийн тухай хуулиудад тусгасан заалт, шаардлагуудыг хангахгүй байна. Мөн Н.З нь нэхэмжлэгч Н.Б эмчилгээний зардалд 269,800 төгрөг төлж барагдуулсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Н.З оос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Н.З оос улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан баримт хангалтгүй учир шүүхээс нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшилж байсан. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа ажиллагаа явуулсан боловч хагалгаа хийлгэсэн гэх Цэвхэн эмнэлгээс өвчтөний түүх болон санхүүгийн баримт байгаагүй. Шүүх хэт нэг талыг барьж нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс гаргасан 3 сая төгрөгийн баримт нь Монгол Улсад дагаж мөрдөж байгаа татвар болон аж ахуй нэгжийн тухай хуулиудад тусгасан заалт, шаардлагуудыг хангахгүй баримт болох нь харагдаж байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийн заалтаас үзэхэд төлбөрийн баримт нь кодоор баталгаажуулсан байхыг ойлгоно. Хагалгаа хийлгэсэн гэх эмнэлэг нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт зааснаар аж ахуй нэгжид хамаарч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар баримт нь шаардлага хангахгүй байна. дээрх хуулийн заалтуудыг үндэслэн шүүхээс удаа дараа Цэвхэн эмнэлгээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн эмнэлэг баримт гаргаж өгч чадаагүй. Иймд хангалтгүй нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд хагалгаа хийсэн эмч гэрчээр оролцсон. Өмнө нь өгсөн гэх 200,000 төгрөг нь эмчилгээний зардал биш, тухайн үед зураг авахуулсан, ганц нэг эм тариа авсан мөнгө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Б нь Н.З-т холбогдуулан эрүүл мэндэд нь гэм хор учруулсанаас учирсан хохиролд 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Н.З нь нэхэмжлэгч Н.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсаны улмаас тэрээр хамар ясны хугарал засах мэс заслын эмчилгээ хийлгэж, эмчилгээний төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн байна. Хариуцагч Н.З нь нэхэмжлэгч Н.Б д гэмтэл учруулсан эсэх талаар маргаангүй бөгөөд энэ үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ. /хх3, 4-6, 12-14/

 

4. Хариуцагч Н.З нь эмнэлгийн өвчтөний түүх болон мэс заслын төлбөр төлсөн санхүүгийн и-баримт байхгүй гэж маргадаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, өвтөний түүх нээх, санхүүгийн баримт бүрдүүлэх нь нэхэмжлэгч буюу иргэн Н.Б үүрэг биш талаар үндэслэлтэй дүгнэжээ.

 

Түүнчлэн, хэргийн 3 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б нь хамрын таславч, ясны хугарал засах хагалгаанд 3,000,000 төгрөг төлснийг Н ХХК хүлээн авсан байна. Энэ үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед асуугдсан гэрч Д.Мягмарын гаргасан уг хагалгааг Цэвхэн эмнэлэг 3,000,000 төгрөгөөр хийсэн бөгөөд бэлэн мөнгөний орлогын баримт нь тус эмнэлгийн санхүүгийн баримт мөн гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хх61-62/

 

Иймд нэхэмжлэгч Н.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд өвчтөний түүх, санхүүгийн и-баримт зэрэг баримт хэрэгт авагдсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч Н.Б д гэм хор учирсан нь хариуцагч Н.З ийн гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлж хохирсон нь тогтоогдсон тул хариуцагч Н.З нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

Д.ЦОГТСАЙХАН