Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2004

 

 

“ХБ-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01884 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХБ-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Э-, Д.М- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 607 729,46 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Э-ийн, 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1720001887 тоот зээлийн гэрээний 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөх эргэн төлөлтийн хуваарь нэртэй 1-р зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Хариуцагч А.Э-

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ХБ-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Э-, Д.М- нар нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ХБ- ХХК-тай 1720001887 тоот зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Фидуцийн 1720001887 дугаар гэрээ байгуулан Тоёота аксио 0 маркийн 29-87 УНЕ улсын дугаартай, 2008 оны NZE1446013092 тоот арлын дугаартай, цагаан өнгийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт дахь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын сарын 31-ний өдрийг хүртэл нийт 301 хоногоор хугацаа хэтрүүлж зээлийн төлбөрийг төлөөгүй. Энэ нь зээлийн гэрээний 5.1.1-д заасан үүргээ зээлдэгч биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцлийг хангах тул тус гэрээний 5.1-д заасны дагуу зээлдэгч гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах үндэслэлтэй. Банкны зүгээс зээлдэгч нарт зээлийн төлбөрөө төлөхийг утсаар сануулж, шаардаж, мэдэгдэж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1-т заасны дагуу 1720001887 тоот зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр цуцалж, зээлийн үндсэн төлбөр 1 289 117,46 төгрөг, хүү 266 303 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43 307 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9 000 төгрөг нийт 1 607 729,46 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, 1720001887 дугаар зээлийн гэрээний 5.2-д заасны дагуу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ХБ-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “ХБ-” ХХК нь төлбөл зохих төлбөрийг хэдэн арав дахин нугалж нэхэмжилсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасныг зөрчсөн болохыг нотолно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар, хариуцагч А.Э-, Д.М- нараас 1 607 729,46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буюу төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцаа хөрөнгө /NZE144-6013092 арлын дугаартай, Toyota Axio маркийн суудлын автомашин/-өөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар дансанд нөхөн төлүүлж, хариуцагч А.Э-, Д.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 113 336 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Э-, хариуцагч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээний үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж төлөн давж заалдах гомдол гаргаж байна.

А.Э- нь сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба шүүхийн шийдвэрт миний бичсэн
сөрөг нэхэмжлэлийн тухай огт дурдаагүй. Шүүхээр сөрөг нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх эрхтэй ба сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй бол тэмдэгтийн хураамжийг нь буцаан өгөх хуультай.

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд А.Э-, Ж.А, Ш.Э нарын нэхэмжлэлтэй ШЕЗ-д холбогдох “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт оролцож байсан бөгөөд шүүх хуралдаан 14 цагт дууссан. Энэ тухайгаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлж, түр хугацаагаар чөлөө авч, Баянзүрх дүүргийн шүүхэд ирж хүсэлтээ бичиж өгөөд буцаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаандаа орсон. Шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай байхад мэтгэлцэх боломж олгоогүй.

Монгол банкнаас томилогдсон шинжээчийн гаргасан тооцоолол нь худал, ойлгомжгүй буюу 3 хоногийн дотор 18 хоногоор нэмэгдүүлсэн хүү тооц гэсэн утгатай хууль, дүрэм, гэрээнд байхгүй тооцоолол хийсэн. Шинжээч нарыг шүүх хуралд оролцуулахаар шийдвэрлэсэн ба шүүх хуралд гэрчийг оролцуулсан эсэхийг шийдвэрт дурдаагүй. Шинжээчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтээсээ татгалзаагүй болно. Хариуцагч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.A, өмгөөлөгч Л.Б нар өөр шүүх хуралд оролцож байгаа шалтгаанаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр дамжуулан мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч “ХБ-” ХХК нь хариуцагч А.Э-, Д.М- нарт холбогдуулан 1 607 729,46 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч А.Э- нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1720001887 тоот зээлийн гэрээний 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөх эргэн төлөлтийн хуваарь нэртэй 1-р зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчжээ. Тодруулбал, шүүх хариуцагч А.Э-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар 115.2 дахь хэсэгт нийцээгүй, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын маргаж буй асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан тохиолдолд давж заалдах шатны шүүхээс тухайн асуудлыг шийдвэрлэх буюу анхан шатны шүүхийн гүйцэтгээгүй ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хамаарах тул энэ талаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлтэй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД