Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00717

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00717

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Л

Хариуцагч: Д.Н

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Л , хариуцагч Д.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх хариуцагч Д.Н гэж хүнийг таньдаггүй байсан. н.Б намайг түүнтэй танилцуулсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Гэвч хариуцагч тал надаас авсан зээлийг төлөхгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүй тайлбар хэлж, зугтаж байна. Миний бие н.Б болон хариуцагч Д.Н нарын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй, одоо нэхэмжилж буй 10 000 000 төгрөгийг н.Б бид хоёрын 45 000 000 төгрөгийн зээлтэй хольж, хутгаж болохгүй. Хариуцагч өнгөрсөн хугацаанд зээлийг төлөхгүй байсан учраас би түүнтэй уулзах гэж Орхон аймгаас удаа дараа Улаанбаатар хотод ирж, бензин, шатахууны төлбөрт 2 500 000 төгрөгийн зардал гаргасан ба тооцооллыг холбогдох баримтын хамт хэрэгт өгсөн. Хэрэгт авагдсан мөнгөн орлогын баримтаар хариуцагчийн дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Иймд хариуцагчаас зээл 10 000 000 төгрөг, учирсан хохиролд 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч М.Л гэж хүнийг ерөөсөө танихгүй, гэнэт л надаас 10 000 000 төгрөг нэхэж, ажил дээр ирж дарамтлах болсон. Би 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр н.Батцэнгэлтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 40 000 000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Ингээд н.Б надад авсан зээлээ буцаан төлөхдөө миний дансыг авсан ба 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийг М.Л гэж хүнээс шилжүүлсэн байсан. Үүнийг н.Батцэнгэлээс лавлахад өөрийнхөө зээлийг төлсөн гэж хэлсэн. Яагаад надаас мөнгө шаардаад байгааг ойлгохгүй байна. Би өөрийнхөө бусдад өгсөн зээлийг авсан гэж бодож байна. Түүнээс биш Л гаас мөнгө зээллээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Орхон аймаг, Баян-Өндөр сумын иргэн М.Л иргэн Д.Н ас зээлийн төлбөр гэж 10 000 000 төгрөг, хохирол гэж 2 500 000 төгрөг нийт 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч Д.Н нэхэмжлэгч М.Л гаас зээл аваагүй гэж маргадаг учир шаардлагаа өөрчилж болсон. Асуудлыг үнэн зөвөөр нь бичиж шаардлагаа гаргаж байна. Нэхэмжлэгч М.Л 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Н ХААН банкан дахь -- дугаартай дансанд 10 000 000 төгрөгийг Л гаас гээд хийсэн байгаа юм. М.Л яагаад 10 000 000 төгрөгийг Д.Н дансанд хийх болсон бэ гэвэл гэрч гэх Ө.Б "Бу " ХХК-ийн нэр дээр авсан орон сууцны барилга барих эрхийг нь ашиглан барилгын тендерт ялахын тулд ажил бүтээлгэхээр шилжүүлсэн мөнгө юм байна. Ө.Б ганц Д.Н д мөнгө шилжүүлүүлээгүй нийт 4 хүнд 53 000 000 төгрөггийг тендерийн ажил бүтээлгэнэ гэж шилжүүлүүлсэн боловч нэг нь ч барилгын тендерийн ажил бүтээж өгөөгүй учир шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардаж мөнгөө гаргуулж авах нь зүйд нийцнэ. Гэрч гэх Ө.Б ажил бүтээх хүмүүс гэж хэлээд тэд нарт дараах мөнгөнүүдийг өгсөний дараа ажил бүтнэ гэсний дагуу мөнгө шилжүүлсэн байдлууд:Үүнд:

1.Нэхэмжлэгч М.Л 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Д.Н ХААН багкан дахь -- дугаартай дансанд 10 000 000төгрөг.

2. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Э.УГоломт банкан дахь № дугаартай дансанд 15 000 000 төгрөгийг М.Л гаас.

3. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Й ХААН банкан дахь № дугаартай дансанд 1 8 000 000 төгрөгийг М.Л гаас.

4. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Й ХААН банкан дахь № дугаартай дансанд 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Яагаад ийм олон хүнд мөнгө шилжүүлээд байна вэ гэвэл аливаа тендерийн ажил олон шат дамжлагатайн дээр олон хүн хариуцан ажилладаг гээд шат шатанд нь төлбөр хийсэн байдал нь юм байна. Хариуцагч Д.Н амалсан ёсоороо ажлаа бүтээгээд өгсөн бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй шүү дээ. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" бол буцаан шаардах эрхтэй байна. Иймд Д.Н ас 10 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр гаргуулан М.Л д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж өөрийн биеэр хуралдаа орно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн нэхэмжлэлийн шаардлага өөрчилснийг дэмжиж байна. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Н ХААН банкны -- дугаартай дансанд 10 000 000 төгрөг ажил бүтээлгэхээр шилжүүлсэн, тендрийн ажил бүтээгүй тул мөнгөө гаргуулан авна гэв.

Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.Л г огт танихгүй, түүнээс мөнгө зээллэх ямар ч үндэслэлгүй. Надад мөнгө өгөх ёстой байсан Ө.Б таны мөнгийг өглөө гэсэн хэнээс ирсэн нь сонин биш мөнгөө төлсөн тул би Ө.Б мөнгө гэж ойлгосон. Ажил төрөл бүтээж өгнө гэж энэ хүнд амлаагүй, намар мөнгөний хэрүүл хийж орж ирэхэд анх удаа харсан гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л хариуцагч Д.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг, хохиролд 2 500 000 төгрөг нийт 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд төлөөлөх эрх олгосон Ж.Н нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, Д.Н дансанд шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэснийг нэхэмжлэгч М.Л дэмжиж байна.

Хариуцагч Д.Н үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч М.Л гэрч Ө.Б хамтран ажиллахаар болж 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр түүний Бу ХХК-ний гишүүн болж 38 250 000 төгрөгийн үнэ бүхий 38 250 ширхэг хувьцаа эзэмшихээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Уг компани барилгын засал чимэглэл, худалдаа үйлчилгээ, такси үйлчилгээ, талх нарийн боов, банш, хэрчсэн гурилын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн бичгээр авч, дүрмэндээ өөрчлөлт оруулан бүртгүүлэхээр заажээ.

Бу ХХК-ний тусгай зөвшөөрлийг ашиглан тендэрт ялахад шаардлагатай мөнгийг М.Л нэр бүхий хүмүүст шилжүүлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Д.Н Хаан банкны -- тоот дансанд 10 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан орлогын мэдүүлгээр нотлогдож байна.

Хариуцагч Д.Н өөрийн дансанд энэ өдөр 10 000 000 төгрөг орсоныг хүлээн зөвшөөрч байх боловч энэ нь Ө.Б зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн мөнгө гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагчийн дансанд шилжүүлсэн 10 000 000 төгрөг нь нэхэмжлэгч М.Л гийн мөнгө болох нь Голомт, Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Д.Н ас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222 600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 492.1.1.-д зааснаар хариуцагч Д.Н ас 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л д олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222 600 /хоёр зуун хорин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н ас 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ