Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00925

 

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00925 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** хаягт оршин байрлах *** ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** хаягт оршин байрлах ***ХХК /РД: ***/-нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,546,605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

Хариуцагчийн өмгөөлөгч ***

Гэрч С.***

Иргэдийн төлөөлөгч ***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Баяржаргал

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК нь ***ХХК-нд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 4,546,605 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч болох ***ХХК-ийн зүгээс өөрсдийн дулааны шугам хоолойд засвар, шинэчлэлийн ажил хийх нэрийдлээр манай компанийн аж ахуйн хашааг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр техникээр шууд хүч түрэн эвдэн нурааж манай компанийн өмчид халдан хохирол учруулсан. Эвдэрсэн хашааг дахин босгоход шаардагдах зардлыг үнэлгээний байгууллагаар гаргуулахад 4,546,605 төгрөг болсон.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа ***ХХК нь *** ТӨХК-тай байгуулсан 0121 тоот гэрээний дагуу 5А магистралын Т-519 салаа шугамаас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгч байгууллага юм. Тус компанийн өмч 2-219 голчтой дулааны шугам 5А төв магистралаас *** ХХК-ийн хажуугаас ***ы хорооллын дундуур дамжин өнгөрдөг бөгөөд энэхүү шугамын ихэнхийг өнгөрсөн жилүүдэд шинэчилсэн. Гэвч *** ХХК нь тухайн шугам дээр хашаа барьж шугам шинэчлэх ажилд саад болсоор байсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох хүмүүс шалгалтаар ирж *** ХХК нь Газрын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж шугам сүлжээ бүхий газар дээр хашаа, байгууламж барьсан болохыг тогтоосон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг зөрчиж барьсан хашаа, байгууламжийг нураах шийдвэрийг гаргасан. Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллийг байлцуулан *** ХХК-ийн барьсан хашааг нурааж шугамын засварын ажлыг хийх гэтэл ***ыг барьсан **** ХХК-ийн гэрээт хамгаалагчид хашааг бүслэн хамгаалж, хашааг нураахад саад болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Иргэдийн төлөөлөгч Хэрэгсэхгүй болгох саналтай байна. Учир нь *** ХХК-аас маш олон төрлийн бичиг баримтыг илгээгээд байхад *** ХХК ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нураасан гэх өдрийг буруу хэлсэн. Тэгэхээр нураасан гэсэн нь тодорхойгүй." гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4. Нэхэмжлэгчээс *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зураг, *** ХХК-ийн эзэмшлийн хашаа болон саравчны эвдрэл хохирлыг үнэлсэн үнэлгээний тайлан, *** ХХК-ийн ***-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт гаргах тухай албан бичиг, *** ХХК-ийн 2015 оны 2, 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, нэг талаас *** ХХК, нөгөө талаас *** ХХК-ийн хооронд 2***-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний дагуу талуудын хооронд төлбөр төлсөн баримтууд,

Хариуцагчаас ***ХХК-ийн ***-ны өдрийн *** дугаартай *** ТӨХК-нд шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны ***-ны өдрийн *** дугаартай ***ХХК-нд мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, ***ХХК-ийн ***-ний өдрийн *** дугаартай Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргах тухай албан бичиг, ***ХХК-ийн ***-ний өдрийн *** дугаартай Эрчим хүчний сайдад гомдол гаргах тухай албан бичиг, ***ХХК-ийн ***-ний өдрийн *** дугаартай Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргах тухай албан бичиг, ***ХХК болон *** ХХК-ийн хооронд ***-ний өдөр үйлдсэн хөрөнгө хүлээлцсэн акт, Мэргэжлийн хяналтын газрын ***-ны өдрийн *** дугаартай *** ХХК-нд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ***ХХК-ийн ***0-ны өдрийн ***аартай *** ТӨХК-нд гомдол гаргах тухай албан бичиг, ***ХХК-ийн ***ны өдрийн *** дугаартай Ус сувгийн газарт мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ***ХХК-ийн ***-ны өдрийн *** дугаартай *** ХХК-нд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, *** ТӨХК-ийн ***-ны *** дугаартай *** ХХК-нд хандсан албан бичиг, ***ХХК-ийн ***-ний өдрийн * дугаарт**ай *** ХХК-нд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ***ХХК-ийн ***-ний өдрийн *** дугаартай Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргах тухай албан бичиг, *** ХХК-ийн ***-ний өдрийн *** дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргах тухай албан бичиг, *** ХХК-ийн ***-ны өдрийн *** дугаартай *** ТӨХК-нд дэмжлэг хүсэх тухай албан бичиг, ***ХХК-ийн ***-ны өдрийн *** дугаартай *** ХХК-нд шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, *** ТӨХК-ийн ***-ний өдрийн *** дугаартай *** ХХК-нд хандсан албан бичиг, ***ХХК болон *** ТӨХК*** ХХК-ийн хооронд ***-ны өдрийн гэрээ, Хот байгуулалт, хөгжлийн газрын ***-ны өдрийн шугам сүлжээний схем зураг зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн,

Шүүх Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс *** ХХК-аас гаргасан Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Энгельсийн гудамжид байршилтай хашаа нураасан талаарх гомдол, түүнийг шалгах ажиллагааны болон хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтуудыг, хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас *** ХХК-ийн хашаа, байгууламж барьсан газрын эзэмших эрхийн бүртгэлийн талаарх баримтуудыг тус тус бүрдүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр С.***аас мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ***ХХК нь хариуцагч *** ХХК-нд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,546,605 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Магнустрейд ХХК хууль бус үйлдлээр нэхэмжлэгч *** ХХК-ийн эзэмшлийн хашааг нураасан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч *** ХХК нь эвдэрсэн гэх хашааны өмчлөгч биш тул шаардах эрхгүйгээс гадна хариуцагч ***ХХК-ийн зүгээс хашааг эвдэж нураасан үйлдэл хийгээгүй гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. *** ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, нэгж талбарын *** дугаар бүхий 7729 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч *** ХХК нь ***-ний өдөр уг газар эзэмших эрхийг *** ХХК-нд шилжүүлэх гэрээ байгуулж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

5. Дээрх газраар хариуцагч ***ХХК-ийн албан контор, үйлчилгээний барилгын 5а магистраль шугамаас холболттой 200 мм голчтой дулааны салбар шугам дамжин өнгөрдөг бөгөөд ***ХХК-ийн зүгээс тухайн шугам засварын ажил гүйцэтгэхээр шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан гэх хашаа байгууламжийг нураах шаардлагыг *** ХХК болон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад тавьж байсан талаар талууд маргаагүй. 

6. Харин ***ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дулааны шугам засварын ажил хийхээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах *** ХХК-ийн аж ахуйн хашааг эвдэж сүйтгэсэн эсэх, нэхэмжлэгч *** ХХК нь маргаан бүхий хашааны эзэмшигч мөн эсэх талаар маргаж байна.

7. Гэм хор учруулснаас шаардах эрх үүссэн эсэхийг тогтооход бусдын хуулиар хамгаалагдсан эрхийн зөрчил, хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэл, тэдгээрийн шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байх шаардлагатай.

7.1. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ****-ны өдрийн *** дугаартай албан бичиг /хэргийн 70 тал/-ээр *** ХХК-аас *** ХХК-нд эрх шилжүүлэх тухай хувийн хэргийн хуулбарыг ирүүлсэн бөгөөд уг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *** ХХК-аас газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхээр заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч *** ХХК нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч байх ба маргаан бүхий хашаанд учирсан гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж үзэхээр байна.

 

8. Хариуцагч ***ХХК-ийн ***-ний өдрийн * дугаартай *** ХХК-нд ... хашаа байгууламжийг нурааж шугамын засварын ажлыг хийж гүйцэтгэх, мөн хашаа байгууламжийг нураасантай холбоотой аливаа хохирлыг хариуцахгүй тухай мэдэгдэл болон бусад төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгүүдээс үзэхэд ***ХХК нь бусдын газраар дамжин өнгөрөх өөрийн шугам хоолойг засварлахтай холбоотой маргаан бүхий үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч ***ХХК нь *** ХХК-ийн хашааг эвдэж, нураасан үйлдэл хийсэн болох нь нотлохгүй байна.

8.1. Хэрэгт авагдсан фото зураг, хохирлын үнэлгээний тайлан, нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тайлан, *** ХХК болон *** ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний дагуу талуудын хооронд төлбөр төлсөн баримт зэрэг нь хариуцагчийн хашаа эвдэж нураасан үйлдэл хийсэн болохыг нотлохгүй.

8.2. Түүнчлэн, нэхэмжлэгч *** ХХК-аас ***ХХК нь дулааны шугам сүлжээний засварын ажил хийхдээ *** ХХК-ийн хашааг эвдсэн тухай гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан байх ба гомдол, мэдээллийн мөрдөн шалгах ажиллагааны явцад зохигчийн төлөөлөгч буюу *** ХХК-ийн гүйцэтгэх захирал ***ын өгсөн гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т заасантай нийцэхгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, мөн шүүхэд *** ХХК-ийн ажилтан С.*** нь гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч *** ХХК-аас харуулын албаны даргаас хашаа нураах тухай албан бичиг өгч хашааг нураасан гэж мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байх тул зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагчийн хууль бус үйлдлээр бусдын эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй гэж үзлээ.

 

9. Иймд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

10. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг дээрх үндэслэлээр үндэслэлтэй гэж үзэв.

 

11. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ***ХХК-аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,546,605 төгрөг гаргуулах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 87,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

 

Х.ЭНХЗАЯА