Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00758

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00216 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 4,546,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч М- ХХК нь дулааны шугам хоолой, засвар шинэчлэлтийн ажил нэрийдлээр манай компанийн аж ахуйн хашааг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр техникээр хүч түрэн эвдэж хохирол учруулсан. Гэвч завсарлаж шинэчлэнэ гэсэн шугам хоолойгоо янзалсан ч зүйлгүй 20 гаруй метр газар ухаж, манай компанийн хашааг эвдэж тэр чигт нь орхиж явсан. Тухайн үед хариуцагчийн зүгээс эвдсэн хашааг анх байсан байдлаар нь шинээр босгож өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл манай компанид учруулсан хохирлоо барагдуулаагүй. Эвдэрч нурсан хашааг дахин босгоход шаардагдах зардлыг үнэлгээний байгууллагаар гаргуулахад 4,506,605 төгрөг болсон болно. М- ХХК-ийн зүгээс манай компанийн хашааг нурааж эвдсэнээс үүдэн тухайн хэсгээр манай эзэмшил газар онгорхой байгаагаас компанийн өмч, хөрөнгө хулгайд алдагдах улмаар бид нэмж хохирох нөхцөл байдал бүрдээд удаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нурсан гэх хашаа хэвийн байдалтай, бусдын эзэмшлийн газар дээр шугам хоолой дамжиж, дээгүүр нь дарж баригдсан байдалтай байсныг Мэргэжлийн хяналтын газар шалган тогтоож, холбогдох арга хэмжээ авах, чөлөөлөх, шугам хоолойноос тодорхой зайнд шилжүүлэх талаарх мэдэгдлийг өгч байсан. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын үйл ажиллагаагаар хашаа хэвийн байсан. Хэзээ, хэний буруутай буруутай үйл ажиллагааны улмаас хашаа эвдэрсэн нь ойлгомжгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хашаа хэвийн бөгөөд хажууд нь барилгын хог хаясан байдалтай байсан. Т- ХХК, Г- ХХК-ийн эзэмшлийн газраар дайран өнгөрч байгаа шугам сүлжээ дээр М- ХХК-ийн хашаа байрласан байдаг. Үүнтэй холбоотой маргаан гарч, шүүх хашааг хэн нураасан талаарх буруутай үйл ажиллагаа нотлогдохгүй байна гэж үзсэн. Манай компанийн хашаа нураасан үйл баримт нотлогдохгүй, өөрөөр хэлбэл, хэзээ, хэний эзэмшлийн ямар техникээр хэн нураасан нь тодорхойгүй. М- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т- ХХК, Г- ХХК, М- ХХК нарт холбогдох хэрэг маргааны хүрээнд манай шугам сүлжээг дайран өнгөрч байгаа Г- ХХК болон Т- ХХК-ийн эзэмшлийн газар дээр 6 метр доош ухалттай шугам дээр ашиглаж, засвар үйлчилгээ хийх хэвийн үйл ажиллагааг хангахад саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. М- ХХК нь шүүхэд тайлбар гаргахдаа гэм хорын хохирол шаардсан хашааг газартай нь хамт Г- ХХК-д 2017 онд зарсан, 2019 онд гэрээ байгуулагдаж, 2020 онд гэрчилгээ нь гарсан гэсэн. Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01773 дугаартай шийдвэрээр тогтоогдож байгаа үйл баримт нь хашааг газартайгаа хамт шилжүүлж өгсөн, бид хашааны өмчлөгч биш, энэхүү хэргийн хариуцагч биш учраас хариуцагчаас чөлөөлүүлэх тайлбар гаргасныг үндэслэж М- ХХК-ийг хариуцагчаас чөлөөлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад зааснаар нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргахгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан М- ХХК-аас 4,546,605 төгрөг гаргуулахыг хүссэн М- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар М- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анх 2022 оны 01 сард нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00925 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210/MA2022/00955 дугаар магадлалаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үйл баримтыг тодруулаагүй, маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай компанийн аж ахуйн хашааг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шугамын засвар хийх нэрийдлээр нураан, бусдын өмчид дур мэдэн халдаж 4,546,605 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай тогтоогдож байхад шүүх хэт нэг талыг барин нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон гэрчийн мэдүүлэг, үнэлгээ, тухайн хашаа нураах үед бэхжүүлж авсан гэрэл зураг, санхүүгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй, хариуцагч талын татгалзлыг нотолсон нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хашааг нураасан гэж тайлбарладаг бөгөөд түүнийг дэмжиж экскаватор болон эргэн тойрны зургийг хэрэгт хавсаргасан. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 3, 4 хоногийн дараа мэргэжлийн хяналтын газраас үзлэг хийсэн байна. Мэргэжлийн хяналтын газраас үүссэн асуудалд хяналт шалгалт хийж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн баримтаас харахад нурсан гэх хашаа хэвийн байсан. Тухайн актаар хашааг чөлөөлж, газрыг чөлөөлөх талаарх шаардлагыг хүргүүлсэн үйл баримт байдаг. Манай зүгээс газраа 2017 онд худалдаж, үлдсэн газраа 2019 онд худалдаж, 2021 онд гэрчилгээг гаргаж өгсөн. Мөн тухайн хашааг манай эзэмшлийн хашаа гэх тайлбарыг хэлж, хариуцагчаас чөлөөлсөн үйл баримт байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд маргааны зүйл болох хашааг манай хашаа биш гэх тайлбарыг хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үйл баримтыг нотолсон зураг дээрх мод нь хаврын мод байсан. Мөн экскаватор манайх гэх ямар ч нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 4,546,605 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч М- ХХК нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, нэгж талбарын 1681210096 дугаарт бүртгэлтэй, 7,729 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгджээ. Улмаар нэхэмжлэгч М- ХХК нь Г- ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус газрыг Г- ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байна. /хх-ийн 70-110-р тал/

4.а.Дээрх газраар хариуцагч М- ХХК-ийн өмчлөлийн 5А магистраль шугамаас холболттой 200 мм-ийн голчтой дулааны салбар шугам дамжин өнгөрдөг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4.б.Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч М- ХХК-аас 4,546,605 төгрөг нэхэмжилж буй үндэслэлээ хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай компанийн аж ахуйн хашааг эвдэн, өөрийн өмчлөлийн дулааны шугамыг засварлахаар хүч түрэн орж гэм хорын хохирол учруулсан, хашааны эвдрэл, хохирлын үнэлгээг шинжээч 4,546,605 төгрөгөөр тогтоосон гэх агуулгаар тодорхойлсон ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч тухайн үед дулааны шугамыг завсарлах, дулаалахтай холбоотой маргаан гарч байсан хэдий ч нэхэмжлэгч М- ХХК-ийн хашааг эвдээгүй, дулааны шугам, сүлжээг засварлаж чадаагүй гэж тайлбарласан байна.

4.в.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба хариуцагч М- ХХК-ийн хууль бус үйлдэл болон түүнээс нэхэмжлэгчид учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

4.г.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Б- ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж, С.Д- гэрчийн мэдүүлэг өгсөн ба хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд авагдсан боловч эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээгүй нотолсон баримтууд гэж үзэхгүй. /1хх-ийн 6-17, 2хх-29-34, 2хх-ийн 66-67-р тал/

4.д.Тодруулбал, Б- ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайланд ... М- ХХК-ийн хашааны рам төмрүүд болон баганууд гулзайн хэлбэрээ алдаж, хашааны рамыг нь битүүлсэн гөлмөн төмрүүд урагдсан, хонхойсон, цоорсон байдалтай, ... хашааны хохирлын хэмжээ 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 4,547,000 төгрөг гэж үнэлснийг хариуцагч М- ХХК-ийн буруутай үйлдэлтэй холбоотой гэж шууд дүгнэх боломжгүй, чухам ямар шалтгааны улмаас дээрх хохирол учирсан талаар үнэлгээний тайланд заагаагүй байна.

4.е.Түүнчлэн, гэрч С.Д- нь Тухай үед М- ХХК-ийн ажилтнууд машинтайгаа ирж, дулааны шугамаа засварлана гээд манай компанийн хашаа руу халдсан, энэ нь камерт бичигдсэн гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгч тал камерийн бичлэг, түүнд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч М- ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа эргэлзээгүй баримтаар нотолсон гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэх хариуцагчийн үйлдэл нотлогдоогүй тул нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

4.ё.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцсэн ба шүүх зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ