Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0577/з |
Дугаар | 221/МА2017/0178 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2017/0178
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “******* ******* *******” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр “******* ******* *******” ХХК-ийн MV-14986А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах гомдолдоо: ...“******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 1024 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлаагүй, үйл баримтыг зөв үнэлээгүйн улмаас хэргийг буруу шийдвэрлэсэн.
Шүүх “Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалт нь баялаг ашигласны төлөөх төлбөр бус, харин тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хүчинтэй байдлыг хадгалах үндсэн зорилготой төлбөр байхад энэ үүргээ биелүүлээгүй” гэжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсэн тохиолдолд баялаг ашиглах нь зүйн хэрэг юм.
Харин “******* ******* *******” ХХК-ийн хувьд энэ үүргээ зохих ёсоор биелүүлэх, эрхээ эдлэх боломжийг Төрөөс хязгаарлан, хүлээлтийн байдал бий болгосон нь компанийг санхүүгийн хүнд байдалд оруулж, бүх хөрөнгө царцаж, өрд ороход хүргэсэн атлаа төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийг цуцалж, түүнийгээ мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.
Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 7 сарын 16-ны өдөр батлагдан, түүний дагуу 2011 оны 6 сарын 8-ны өдөр “Хилийн заагийг тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 174 тоот тогтоол гарсан. Тогтоолын хавсралтын 220 дугаарт “******* ******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь дээрх хуулиар хориглосон хэсэгтэй давхцалтай болох нь тодорхой болсон.
Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоох талаар журамласан бөгөөд энэ дагуу аж ахуйн нэгжүүд огт үйл ажиллагаа явуулаагүй.
Мөн Зууны мэдээ сонины 2011 оны 10 сарын 11-ний өдрийн дугаарт “Засгийн газрын 2011 оны 06 сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан ашиглалтын 242 тусгай зөвшөөрөл эзэмшигчид ... нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн дотор Ашигт малтмалын газарт гаргана уу” гэ нэхэмжлэгч компанийн нэрийг дурьдан зарласан нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж ойлгогдох үндэслэл болж байсан.
Үүний зэрэгцээ 2011.08.29-ний өдөр “Эрдэс баялаг эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын даргын 2011 оны 1/2961 дүгээр албан тоотоор тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг Засгийн газрын шийдвэр эцэслэн гарах хүртэл хийхгүй байх талаар чиглэл ирүүлсэн учир шилжүүлэх өргөдлийг түр түдгэлзүүлсэн болохыг мэдэгдье” гэсэн албан бичгийг “******* ******* *******” ХХК ирүүлсэн.
Дээрх байдлаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон тул Засгийн газрын 174 тоот тогтоолд хамрагдсан бүхий л аж ахуйн нэгж хүлээлтийн байдалтай 2016 оныг хүрсэн нь бодит нөхцөл байдал гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь үнэлээгүй, зарим баримтыг гуйвуулан тайлбарласан учраас шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Үүнд:
Шийдвэрт “Ашигт малтмалын газрын ГУУКХ-ээс “тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2011.07.08.-ны өдөр “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хүргүүлсэн нь тогтоогдсон” гэжээ. Харин хэргийн 44, 84 талд авагдсан “Явсан бичгийн бүртгэлийн дэвтэр”-ээс мэдэгдэл “******* ******* *******” ХХК-д ирээгүй болох нь нотлогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх” гэсэн нь мэдэгдэл гэх албан бичиг хэвлэгдэн гарсан байхыг бус “мэдэгдсэн байхыг” хэлж байгаа бөгөөд “цуцлах үндэслэлийг” зөвшөөрөхгүй талаар нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу эдлэх эрхтэй байсан. Хуульд заасан энэ эрхээ эдлэх боломж олдоогүй болох нь хэргээс тодорхой харагдаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Төрийн захиргааны байгууллага…ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон мэргэжлийн хяналтын байгууллагад тус тус мэдэгдэж өдөр тутмын сонинд нийтэлнэ” гэж заасан боловч хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн.
Хуралдаанд хэлэлцэгдсэн, тайлбарласан асуудлыг шүүх өөрөөр дүгнэж, нэхэмжлэгчийн эсрэг үндэслэл болгож ашигласан нь туйлын ойлгомжгүйгээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3-т заасанд нийцээгүй.
Нэхэмжлэгч компани анх нэхэмжлэл гаргахдаа ажилтны буруугаас болж Д.Дунгаамаагийн өөр компаний албан бланк дээр нэхэмжлэлийг хэвлэж ирүүлсэн байсан тул “******* ******* *******” ХХК-ийн хаяг огт өөрчлөгдөөгүй гэдгийг харуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт, үндсэн бланк дээрх итгэмжлэл, бусад баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасныг зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй.
Хэргийн 73, 74 талд авагдсан баримтаар “******* ******* *******” ХХК-аас тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргахдаа 7,000.000 /долоон сая/ төгрөг 2011.5.17-ны өдөр Ашигт малтмалын газрын дансанд төлж байсан. Хэдийгээр тусгай зөвшөөрөл шилжих боломжгүй болсон ч энэ төлбөр одоог хүртэл хариуцагч байгууллагын дансанд байгаа нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр гэж итгэж ирсэнийг харуулна.
Зууны мэдээ сонины 2011.10.11-ний өдрийн дугаарт тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн дотор Ашигт малтмалын газарт гаргана уу” гэж “******* ******* *******” ХХК-д мэдэгдсэн /Хэргийн 134 тал/. Эдгээр мэдэгдэл, мэдээлэл нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж ойлгогдох үндэслэл болж байсан зэргийг шүүх анхааран үзнэ үү.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 1024 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөөгүй” гэсэн үндэслэлээр “******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 14986А тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагтай давхцалтай, түдгэлзүүлсэн гэсэн хирнээ төлбөр төлөөгүй гэж цуцалсан байна. ... Захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, цуцалсан талаар ямар ч мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй өдийг хүрсэн нь хууль бус ...” гэж маргасан нь үндэслэлтэй байна.
Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын 14986А тусгай зөвшөөрлийг олгож, хугацааг 2009 оны 07 дугаар сарын 08-наас тооцохоор тэмдэглэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг төлөх хугацаа буюу 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр болохоос өмнө 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг тусгай зөвшөөрлөө “ХОТУ” ХХК-д шилжүүлэх өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасан байна.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 6-4603 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхцсан гэх шалтгаанаар уг тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг түр түдгэлзүүлсэн талаар мэдэгдэж, уг албан бичгийг 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгчээ.
Үүнээс хойш хариуцагч нь 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 886 дугаар шийдвэрээр Засгийн газрын шийдвэр гарах хүртэл тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хийхгүй байх чиглэлийн дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн боловч энэ талаарх мэдэгдлийг тухайн үед нь нэхэмжлэгчид хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр (хэргийн 75 дахь тал) хүлээн авсан талаар тэмдэглэн гарын үсэг зурсан 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6-4955 дугаар мэдэгдэл, хариуцагчаас уг мэдэгдлийг нэхэмжлэгчид тухайн үед нь хүргүүлсэн талаар маргаагүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон талбайтай давхцсан талаар мэдэгдэж, улмаар “Зууны мэдээ” сонинд нөхөх олговор авах хүсэлтээ ирүүлэхийг зарласан, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн атлаа 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр “төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалсан нь эрх зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа болоогүй байхад тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдөл гаргасан, тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор баталсан хуулиар хориглосон талбайд хамрагдсаны улмаас тус компани нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ эдлэх боломжгүй болсон байх тул тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй.
Мөн дээрх үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасныг зөрчсөн байх ба хууль зөрсөн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн мөн хуулийн 56.3-т “энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй шалтгаан буюу тусгай зөвшөөрлийн талбай нь хориглосон талбайтай давхцсаны улмаас шилжүүлэх өргөдөл нь түдгэлзсэн талаарх баримтыг гарган өгч 56 дугаар зүйлийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.” гэж заасны дагуу зохих журмаар шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдсөн байна.
Хариуцагч нь тайлбартаа “... нэхэмжлэгч нь Засгийн газрын 175 дугаар тогтоолын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй. ... хуулиар хориглосон талбайтай давхцалтайн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг түдгэлзүүлж, мөн шалтгаанаар өргөдлийн бүртгэлээс хассан нь зөвхөн тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хориглосноос биш тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй ...” талаар дурдсан боловч тусгай зөвшөөрлийн талбай нь хориглосон талбайтай давхцсан байхад тусгай зөвшөөрөл эзэмших эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх “... 2011 оноос эхлэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, үүний улмаас цуцлагдах нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэж байсан атлаа хариуцагчид хандаагүй ...” гэх зэргээр хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасныг буруу хэрэглэж, уг хуульд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/3859 дүгээр албан бичиг, мөн маргаан бүхий 933 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6-5227 дугаар албан бичгээр хүргүүлсэн гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд явуулсан бичгийн бүртгэлд тус албан бичгүүд хүргэгдээгүй, буцаалт гэсэн тэмдэглэгээтэй, нэхэмжлэгч хүлээн аваагүй нь тогтоогдож байхад хаягийн өөрчлөлтөө хуульд заасны дагуу захиргааны байгууллагад мэдэгдээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12/11233 албан бичгээр ирүүлсэн “******* ******* *******” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, мөн 2016 оны Үндэсний татварын албаны тодорхойлолт зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20-38 тоот хаяг өөрчлөгдөөгүй, мөн хэрэгт авагдсан 6-3859, 6-5227 дугаар албан бичгийг хүргүүлсэн дугтуйн дээр “Шуудангийн зүйлсийг гардуулаагүй шалтгаан: 20-38 ийм хаяглал байхгүй тул буцаав” гэж тус тус тэмдэглэснээс үзвэл нэхэмжлэгчийн хаяг өөрчлөгдөж хаягтаа байгаагүй шалтгаанаар буцаагдаагүй, өөрөөр хэлбэл хариуцагчид нэхэмжлэгчийн хаягийг тодруулан дахин хүргүүлэх боломжтой байхад анхан шатны шүүх уг нотлох баримтыг үнэлэлгүй, хаягийн өөрчлөлтөө хариуцагчид мэдэгдээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол мөн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон талбайтай давхцалтай болох талаар нийтэд мэдээлж, шилжүүлэх өргөдлийг үүнтэй хобоотойгоор түдгэлзүүлснийг мэдэгдсэн, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргээгүйгээс нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг мэдээгүй байх бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/01 дүгээр албан бичгээр “... Засгийн газрын 174 дүгээр тогтоолтой холбоотой тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг түдгэлзүүлснээс хойш уг өргөдлийг шийдвэрлээгүй” талаарх гомдлоо хариуцагчид гаргахад хариуцагчаас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6/3205 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий акт гарсан болохыг мэдэгдсэн байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн “... ЗХШХШТх-ийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж зааснаас үзвэл Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт нөхөх олговор олгож тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байх бөгөөд зохих журмын дагуу өргөдөл гаргаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлүүлэх боломж тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт нээгдсэн байна.
Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд маргаан бүхий акт 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн дээрх дагуу өргөдөл гаргаж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай дээрх хуулиар хориглосон талбайтай давхцсан боловч маргаан бүхий акт гарсны улмаас нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу өргөдлөө гаргаагүй, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн талаар нэхэмжлэгч тодорхойлоогүй байх тул “тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг шууд хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрийн “******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ