Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/00690

 

2022 оны 03 сарын 17 өдөр              Дугаар 183/ШШ2022/00690                  Улаанбаатар хот

 

                  

    

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ж.Сэмжид, шүүгч Б.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 00 давхарт байрлах М ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, , 2 давхарт байрлах Ц ХХК /РД:00000/-д холбогдох

Гэм хорын хохиролд 3 592 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О,

Иргэдийн төлөөлөгч Н.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 3 592 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б овогтой М 2019 оноос эхлэн ХХХ баарны үйл ажиллагаа явуулж ирсэн. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаа маань 1 жил гаруй хугацаанд зогссон. 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхпэн кароаке чиглэлээр биш баарны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар болж, ажиллаж эхэлж байсан. 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагт “Ц” ХХК-ний эмийн сангаас ус алдаж байна гэж үсчин Ж.Б утасдаж хэлснээр ажил дээрээ очсон. Манай үйл ажиллагаа өдрийн 15 цагт эхэлдэг тул энэ үед ажил маань хаалттай байсан. “Ц” ХХК-ний эмийн сан нь манай кароакены дээд давхарт байрладаг. 2021 оны 8 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагаас өдрийн 14 цагт хүртэл ус алдсан байсан. Ажил руугаа ороход битүү ус алдаж эд хогшил, шал, хана, тааз усанд автсан байсан. Энэ үед “Ц” ХХК-ний эмийн сангийн эрхлэгч эзэн Б овогтой Ц гэдэг эмэгтэй орж ирэн өөрийн буруугаас болсон тул танай байгууллагыг хохиролгүй болгож өгнө гэж хэлээд тэр өдөртөө (2021.8.15) 2 залуу, өөрийн эмийн сангийн худалдагч охинтой ирж хаана таазны шоохойг хуулсан. Б.Ц гуай надтай тохирч “Эгч нь хувь хүмүүс авчраад аль боломжоороо хийж өгье” гэсэн. Тэр үед нь би зөвшөөрч настай эмэгтэй их хохирол мөнгө төлөх боллоо гээд “Та боломжоороо янзлаад л өгвөл заавал би стандарт энэ тэр гэхгүй ээ” гээд янзлахаар тохиролцож бүх бараа таваараа хурааж агуулахад цоожлоод Ц гуайд нэг түлхүүрээ өгөөд явсан. 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл Б.Цнь таг чиг болж байснаа 8 дугаар сарын 18-ны өдөр “Танай хохирлыг барагдуулж өгөхгүй та нар түрээслэгчтэйгээ ярь. Би бол чадахгүй” гээд хаяад явсан. Би ОСНААУГазар хэрэглэгчдэд үйлчлэх төв-10т хандаж ус алдсан шалтгааныг тогтоолгоход “Ц” ХХК-ний эмийн сангийн эрхлэгч Б.Ц нь түрээслэгч Х.Б-тай түрээсний гэрээ хийхдээ тухайн үйлчилгээний газрын сантехник, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг бүрэн хариуцаж ажил үйлчилгээгээ явуулна гэсэн гэрээтэй байдаг тул өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн манай байгууллагын хохирлыг өгөхгүй гэсэн тул миний бие үнэлгээний газар хохирлын үнэлгээг гаргуулан 2 588 800 төгрөгийг “Ц” ХХК-ний эмийн сангийн эрхлэгч Б.Цэрмаагаар барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа обьектынхоо засвар үйлчилгээнд анхаарал тавьж зохих хугацаанд нь засаж сэлбэж байгаагүйгээс болж бусдын хөрөнгөнд хохирол учруулсан тул Б.Ц-аас хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 3 388 800 төгрөг үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 203 300 төгрөг нийт 3 592 100 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Би ажиллаж байсан хоногийн мөнгөө нэхэмжлээгүй. Би зөвхөн засвар хийхэд гарсан зардлаа л нэхэмжилсэн. 2021 оны 8 дугаар сарын 15-ны өглөө 9 цагт ажил дээрээ дуудагдаж очиход Ц ХХК-ийн уян хоолойноос нь манайх руу ус алдсан байсан. Тухайн үедээ манай байрны засварыг хийж өгье гээд хамт цэвэрлэгээ хийж өгсөн. Гэтэл манай эхнэртэй маргалдаад асуудал шүүхээр явах гол шалтгаан болсон. Албан ёсоор үнэлгээний байгууллагаар хохирлын үнэлгээ хийлгэсэн. Гипсэн хавтангууд нь нураад уначихсан, 5 өрөө усанд автсан. Үнэлгээгээр тогтоогдсон 3 388 800 төгрөг үнэлгээ хийсэн төлбөр нь 263 300 төгрөг нийт 3 592 100 төгрөгийг нэхэмжилж байна, өөр зүйл нэхээгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хариу тайлбартаа:   

М ХХК-ийн нэхэмжлэлийн хариуцах эзэн нь тухайн обьектыг бүхэлд нь хариуцаж байгаа Ж ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн эзэн Ж.Б-ыг хариуцагчаар татах нь шүүхийн шийдвэрт хялбар болох байх гэж бодож байна. Манай үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг нь Хаан банк ХХК-ийн дохиолол, ус алдалтыг зогсоох хүртэл 6 цагийн өмнө дуугарч мэдэгдсэн боловч Хаан банк ХХК арга хэмжээ аваагүй. Тийм учраас Хаан банк ХХК хариуцагчаар оролцох нь үнэн зөв шийдэгдэхэд нөлөөлнө гэж үзэж байна. Ж ХХК нь гэрээний дагуу ашиглалтын хяналт шалгалтыг огт тавьдаггүйгээс гадна тус обьектийн ашиглалтын хугацаа дууссан 1973 онд ашиглалтад орсон 2022 он гэхэд 49 жил болсон бороо болон цасны уснаас болж мөөгөнцөр үүссэн, нойлын өрөө гэж нэрлэхээс ус алдсан хэсэг нь зориулалтын бус газар байрлуулсан, агааржуулалт байхгүй. Байрны тулгуур хэсэг болох цонхны даац бүхий төмрийг Мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрөлгүйгээр салгаж буулгаж, хөнгөн материалаар хийсэн байгаа зэрэг нь хүний амь насанд хүрч нурж болзошгүй байдаг. Хаан банк ХХК руу их хэмжээний ус 6 цагийн турш алдаж Ж ХХК-д хохирлын 22 000 000 төгрөгийн акт бичигдэж албан бичиг хүргүүлсэн байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн нь мэдэгдэхгүй нам дарагдаж, Хаан банк ХХК өөрсдөө засвараа хийсэн. Үүнийг холбогдох эздүүдээс нь тодруулан шалгах нь Хаан банк ХХК-ийн доор подволд байрлах 9999 караоке баарны нэхэмжлэлд гарч ирнэ гэж үзэж байна. Ж ХХК нь манай Ц ХХК-д 20 жил байр түрээслүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд сар бүр түрээсийн төлбөрийг 1 200 000 төгрөгөөр хийж байсан боловч 3 000 000 төгрөг авч байсан. Хаан банк ХХК-д Ж ХХК-д түрээсийн төлбөр төлж байсан. Ийм их хэмжээний төгрөг /1 800 000 төгрөг/ илүү авч байсан ч байрны засварт огт анхаардаггүй. Нэг ч удаа эргэж тойрч шалгаж байгаагүй. Гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг зөрчиж байсан нь тухайн байрны ус алдах нөхцлийг бүрдүүлж байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх 2 давхарт байдаг, манайхаас ус алдаад доошоо дамжсаар байгаад М ХХК-ийн байр руу ус орсон юм билээ. Тухайн үедээ би ороод байдлыг зөөллөе гээд хүүхэд дуудаж гипсэн хавтангуудыг нь буулгуулаад, хогийг нь цэвэрлэсэн. Үүнийг нотлох гэрчээ авчирсан байгаа, дараа нь хамаатны дүү нараасаа асуутал наад асуудал чинь тантай хамааралгүй, шүүхэд хандаад үнэн зөвөө олуулах асуудал байна гэж хэлсэн. Надад одоо бэлэн гаргаж өгөх мөнгө байхгүй, би тэтгэврийн хүн. Би уг нь эвтэйхэн засаад өгчихье гэж байсан боловч нэхэмжлэгчийн эхнэр нь хамгийн үнэтэй материалыг авч төлүүлнэ гэхээр нь би эхнэртэй нь муудалцсан. Миний бодлоор үнэн зөвөө олох хэрэгтэй байх гэж үзэж байна. Би 20 жил нэг түрээсийн байрандаа амьдарч байсан. Аль болох асуудлыг эвээр шийдэж хуучин байдалд нь оруулж өгье гэсэн боловч маргаан үүссэний улмаас ийм байдалд хүрсэн. Одоо би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ХХК-ийн дүрэм, Б.М-н иргэний үнэмлэхний хуулбар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 04/0139 тоот тусгай зөвшөөрөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 174 дугаар албан бичиг, 2021 оны А ХХК-ийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтуудыг /хэргийн 3, 4, 5, 6-8, 9, 10, 11, 12-18, 19-р хуудас/,

хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ж ХХК болон Ц ХХК нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 173 тоот албан бичиг, Ж.Б-ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б.Ц-аас Б.Г-д олгосон итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ц ХХК-ийг төлөөлж Б.Ц-с Б.Ц-д олгосон итгэмжлэл, Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ц ХХК болон Л.О нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А ХХК-ийн Ц ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэл, Б.Ц-ийн Хаан банк ХХК-ийн харилцах дансны хуулга, түрээсийн тооцоо бодсон гар бичвэр, Ц ХХК-ийн Голомт банк ХХК-ийн дансны хуулга /хэргийн 25-27, 28-29, 30, 31, 33, 34-35, 36, 37, 45-46, 53-54, 55-56, 57-85, 86, 87-88, 89-115, 116-118-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 592 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3 132 300 төгрөгийг хангаж, 459 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц ХХК-ийн 00 өрөөнөөс ус алдсанаас болж эд хогшил, шал, хана, тааз усанд автаж, завсарын зардалд 3 592 100 төгрөгний хохирол учирсан тул хохирлыг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэгч М ХХК-ийн хохирлыг хариуцахгүй, жинхэнэ хариуцагч нь Ж ХХК, манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирол учраагүй гэж үгүйсгэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь Хан-Уул дүүргийн Жаргалант үйлчилгээний төвд “9999” караоке, баарны үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дээд давхарт нь байрлах хариуцагч Ц ХХК-ний 00 өрөөнөөс ус алдсан болох нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 174 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

Талуудын маргааны зүйл нь гэм хорыг хариуцан арилгах талаар байх бөгөөд ус алдсан үйл баримтын талаар болон хэн аль нь Хан-Уул дүүргийн Жаргалант үйлчилгээний төвийг түрээслэн караоке, баар, эмийн сангийн үйл ажиллагаа явуулж, эзэмшиж, ашигладаг талаар маргаагүй байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь түүний эд хөрөнгөд хохирол учруулсан гэж хариуцагчаас шаардах эрхтэй.

Хуульд зааснаар гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь юуны өмнө хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх /эд хөрөнгө/-д гэм хор, хохирол учирсан бодит нөхцөл бий болсон байхыг шаарддаг бөгөөд үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээх үндэслэл болно.

Хариуцагч нь ус алдахад манай буруутай үйл ажиллагаа байхгүй гэж маргасан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан.

Хэрэгт авагдсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 албан бичигт “...Дуудлагын дагуу манай байгууллагын тоног төхөөрөмжийн засварчин О.А Ц ХХК-ийн эмийн сан руу орж үзэхэд 00 өрөөний тосгуурын холигчны уян холбоо задарч ус алдсан байсан тул аваарын хаалт хааж усны алдагдал зогсоосон. Уг задарсан уян холбоо нь ашиглалтын хугацаанд элэгдэлд орж ус алдсан гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч нь 00 өрөөний уян холбоос задарч ус алдсан талаар маргаагүй боловч энэ нь манай байгууллагын буруугаас болоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн түрээслүүлэгч Ж ХХК-ны буруутай үйлдлээс болсон гэж маргасан.

Хариуцагч Ц ХХК нь Ж ХХК-тай байгуулсан 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан түрээсийн гэрээгээр Ж ХХК-ийн өмч болох Х-ийн 2 давхарын 150 м.кв талбай бүхий өрөөнүүдийг эмийн сан, баарны зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцжээ.

Уг гэрээний 5.1-д “түрээслэгч гэрээний хугацаанд гэрээнд заасан зориулалтаар эзэмших, ашиглах бөгөөд эд хөрөнгийн урсгал засварын зардлыг хариуцна. Хэрэв гэмтэл хохирол учруулбал учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь хамтран хариуцагчаар Ж ХХК-ийг татан хохирлыг хариуцуулах ёстой гэсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагчаар Ц ХХК-ийг тодорхойлсон, хариуцагчаар хэнийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх юм. 

Мөн Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.1.9-д “өмчлөгч, эзэмшигч нь барилгын даацын хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих” үүрэгтэй ба хэдийгээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих үүрэгтэй боловч энэ үүрэг нь уг үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн үүрэгт мөн хамаарч байх тул хариуцагчийг хяналт тавих хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.  

Иймд 00 өрөөний уян холбоос гэдэг нь гадна гэмтэл байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн 00 өрөөнөөс ус алдсанд буруугүй гэх тайлбар нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах буюу хохирлыг арилгах үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас эд хогшил, шал, хана, тааз усанд автаж, завсарын зардалд 3 592 100 төгрөгний зардал гарсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь харилцан тохиролцоод засаж өгөх гэсэн боловч зах зээлийн ханшаас өндөр ханшаар хийлгэнэ гэсэн тул маргасан, мөн засвар хийхэд нь туслаж обой, гипсэн хавтан хуулж, хог зөөлгөсөн гэдгийг гэрч нотлоно гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн А ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн ДХҮ-421-1679 тоот үнэлгээний тайланд “...Х дүүргийн Б1 давхарт байрлах үйлчилгээний /караоке/ талбайд 2 давхараас ус алдсаны улмаас дараах хохирол учирсан байв. Үүнд: нийт коридор болон өрөөний тана таазны замаска, эмульс хууларч норж, өрөөнүүдийн гипсэн хавтан тааз норж цөмөрч унасан, ариун цэврийн өрөөний хаалганы хүрээ норж хөвсийсэн, ханын цаас норж шарлаж хууларсан байв. Х дүүргийн Б1 давхарт учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг 3 388 800 төгрөг” гэжээ.

Хариуцагч нь ус алдсаны улмаас дээрх хохирлыг учирсан талаар маргаагүй бөгөөд үнэлгээний тайланг барилгын материалын болон ажил гүйцэтгэлийн зах зээлийн дундаж үнээс ашигласан хугацааны элэгдэл хасаж тооцож үнэлсэн байх тул үнэлгээний тайланд дурдсан 3 388 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь ус алдсаны улмаас засвар хийхэд тусласан болохыг нотлоно гэж гэрчээр Б.Э-ийг дуудаж мэдүүлэг авах хүсэлтийг гаргасан бөгөөд уг гэрчийг шүүх хариуцагчийн хүсэлтээр дуудаж ирүүлсэн боловч 18 насанд хүрээгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.2-д заасан гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй этгээдэд хамаарч байна гэж үзэж, хариуцагч түүний өмгөөлөгч нь гэрчээр мэдүүлэг авахаас татгалзсан болно.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг гипсэн хавтан буулгуулаад хог зөөлгөсөн, таазны обой хусч өгсөн талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул хохирлоос хана, тааз хусч цэвэрлэх зардал 256 500 төгрөгийг, мөн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зардал болох А ХХК-ийн үнэлгээний төлбөр 203 300 төгрөгийг тус тус хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Ц ХХК-иас 3 132 300 /3 388 800-256 500-203 300=3 132 300/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 459 800 төгрөгийг /256 500+203 300=459 800/ хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.З нь “хоорондоо эвлэрэх, үгүй бол хариуцагчаас тодорхой хэмжээний төлбөр гаргуулах нь зөв байх” гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдах нь зүйтэй. 

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 65 066 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас хохиролд 3 132 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 459 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас 65 066.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН

 

                                                        ШҮҮГЧ                             Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                        ШҮҮГЧ                             Ж.СЭМЖИД