Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01091

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01091

 

 

М.С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00690 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.С ХХК-ийн хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 3,592,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 9 цагт ажил дээрээ дуудагдаж очиход Ц ХХК-ийн уян хоолойноос нь манайх руу ус алдсан байсан. Тухайн үедээ манай байрны засварыг хийж өгье гээд хамт цэвэрлэгээ хийж өгсөн. Гэтэл манай эхнэртэй маргалдаад асуудал шүүхээр явах гол шалтгаан болсон. Албан ёсоор үнэлгээний байгууллагаар хохирлын үнэлгээ хийлгэсэн. Гипсэн хавтангууд нь нураад уначихсан, 5 өрөө усанд автсан. Үнэлгээгээр тогтоогдсон 3,388,800 төгрөг үнэлгээ хийсэн төлбөр нь 263,300 төгрөг нийт 3,592,100 төгрөгийг нэхэмжилж байна, өөр зүйл нэхэмжлээгүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.С ХХК-ийн нэхэмжлэлийн хариуцах эзэн нь тухайн обьектыг бүхэлд нь хариуцаж байгаа Жүб ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн эзэн Ж.Батбаатарыг хариуцагчаар татах нь шүүхийн шийдвэрт хялбар болох байх гэж бодож байна. Манайх 2 давхарт байдаг, манайхаас ус алдаад доошоо дамжсаар байгаад М.С ХХК-ийн байр руу ус орсон. Тухайн үедээ би орж хүүхэд дуудаж гипсэн хавтангуудыг нь буулгуулаад, хогийг нь цэвэрлэсэн. Үүнийг нотлох гэрчээ авчирсан байгаа, дараа нь хамаатны дүү нараасаа асуутал наад асуудал чинь тантай хамааралгүй, шүүхэд хандаад үнэн зөвөө олуулах асуудал байна гэж хэлсэн. Надад одоо бэлэн гаргаж өгөх мөнгө байхгүй, би тэтгэврийн хүн. Би уг нь эвтэйхэн засаад өгчихье гэж байсан боловч нэхэмжлэгчийн эхнэр нь хамгийн үнэтэй материалыг авч төлүүлнэ гэхээр нь би эхнэртэй нь муудалцсан. Миний бодлоор үнэн зөвөө олох хэрэгтэй байх гэж үзэж байна. Би 20 жил нэг түрээсийн байрандаа амьдарч байсан. Аль болох асуудлыг эвээр шийдэж хуучин байдалд нь оруулж өгье гэсэн боловч маргаан үүссэний улмаас ийм байдалд хүрсэн. Одоо би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц ХХК-аас хохиролд 3,132,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.С ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 459,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-аас 65,066.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 4.1. Хууль зөрчин бүтэн сараа дараа шийдвэр бичгээр гаргадаг нь буруу. 4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.С ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд олон хүсэлт гаргаж байсан бөгөөд үүнд хэргүүдийг нэгтгэх, түрээслүүлэгч Жүб ХХК-г жинхэнэ хариуцагчаар татах, хэргийн газарт үзлэг хийх, гэрчээр нэр бүхий хүмүүсийг оролцуулах, ийнхүү гэм хор уруулсан нь н.Цэрмаагийн буруугаас болоогүй учраас хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэтэл анхан шатны шүүх үндэслэл бүхий хүсэлтүүдийг хүлээн авалгүй, залхууран, хөнгөмсөгөөр тогтоол гаргаж, улмаар дээрх шийдвэрт хүржээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч компани үйл ажиллагаа явуулж байгаад ус алдсан учир хохиролыг нэхэмжилсэн. Хариуцагч талд хохирол барагдуулах талаар удаа дараа хэлсэн боловч хохирол барагдуулж чадахгүй гэдгээ хэлсэн. Үнэлгээний компанаар хохиролыг үнэлүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Мөнхстар ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3,592,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагч Ц ХХК-ийн 00-ын өрөөнөөс ус алдсанаас болж эд хогшил, шал, хана, тааз усанд автсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... жинхэнэ хариуцагч нь ЖҮБ ХХК, манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж тус тус тайлбарласан.

3. Нэхэмжлэгч Мөнхстар ХХК нь Хан-Уул дүүргийн Жаргалант үйлчилгээний төвийн В1 давхарт 9999 караоке, бар, хариуцагч Ц ХХК нь уг төвийн 2-р давхарт эмийн сан тус тус ажиллуулдаг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Ц ХХК-ийн эмийн сангийн 00-ын өрөөнөөс ус алдаж, нэхэмжлэгч Мөнхстар ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг караоке, баранд нийт коридор болон өрөөний хана таазны замаска, эмульс хууларч норж, өрөөнүүдийн гипсэн хавтан тааз норж цөмөрч хугарсан, ариун цэврийн өрөөний хаалганы хүрээ норж хөвсийсөн, ханын цаас норж шарлаж хууларсны улмаас уг эвдрэлийг засварлахад 3,388,000 төгрөгийн зардал гарч хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзэж Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 3,388,000 төгрөгийн хохирлоос нэхэмжлэгчийн хариуцагч гипсэн хавтан буулгуулж хог зөөлгөсөн, таазны обой хуссан гэх тайлбарыг үндэслэн хана, тааз хусч цэвэрлэх зардал 256,500 төгрөг, үнэлгээний төлбөр 203,300 төгрөг, нийт 459,800 төгрөгийг хасч 3,132,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хэргийг нэгтгүүлэх, жинхэнэ хариуцагчаар ЖҮБ ХХК-ийг татан оролцуулах, үзлэг хийлгэх, гэрч оролцуулах хүсэлтүүдийг шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.а. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч түрээслүүлэгч ЖҮБ ХХК-ийг хариуцагчаар татах хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй тул шүүх 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШТ2022/00106 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно, мөн хуулийн 28.3 дахь хэсэгт нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй тохиолдолд шүүх хариуцагчийг солих боломжгүй юм.

4.б. Хариуцагчийн өмгөөлөгч нь М.С ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц ХХК-д холбогдох иргэний хэргийг Агь трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 27,276,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхгүй гэж маргасан тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлснийг буруутгах үндэслэлгүй.

4.в. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн газарт үзлэг хийлгэх хүсэлтийг ус алдсан үйл баримтын талаар талууд маргаагүй тул шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4.г. Хариуцагчийн өмгөөлөгч гэрчээр Б.Элбэгдоржийг асуулгах хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШТ2022/00106 дугаартай захирамжаар хангаж, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Б.Элбэгдорж оролцож мэдүүлэг өгсөн байх ба өөр гэрч оролцуулах хүсэлт гаргаагүй байна. Иймд гэрчээр нэр бүхий хүмүүсийг оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

4.д. ЖҮБ ХХК болон Ц ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 5.1-д эд хөрөнгийн урсгал засварыг түрээслэгч хариуцахаар тохиролцсон. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 174 дугаар албан бичигт ... Ц ХХК-ийн эмийн сангийн 00-ын өрөөний тосгуурын холигчны уян холбоо задарч ус алдсан гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Ц ХХК-ийн 00-ын өрөөний тосгуурын холигчны уян холбоо задарснаас ус алдсан байх ба түрээслэгч Ц ХХК түрээсийн гэрээгээр хүлээн авсан эд хөрөнгийн урсгал засварыг, бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй байх тул гэм хор учруулсан нь Б.Цэрмаагийн буруугаас болоогүй учраас хариуцлагаас чөлөөлөгдөнө гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00690 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.БЯМБАСҮРЭН