Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/02648

 

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 11 сарын 18 өдөр                         Дугаар 183/ШШ2021/02648                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х  дүүрэг, 501 тоот оршин суух, Х овогт М.Н /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүргийн 32 тоотод оршин суух, Ж овогт Б.М /РД:00000001/-д холбогдох,

            Орон сууц хөлслөх гэрээний барьцаа төлбөрт 1 226 650 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй, ашиглалтын зардал 231 908 төгрөг, 7 хоногийн түрээсийн төлбөр 373 350 төгрөг, гэрээ зөрчсөний улмаас учирсан хохирол 2 050 000 төгрөг, нийт 2 655 258 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, хариуцагч Б.М,  хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Б.М-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээг Х дүүргийн 40 тоотыг 1 жилийн хугацаатай түрээслэх бөгөөд сарын 1 600 000 төгрөгийн төлбөр, мөн барьцааны 1 600 000 төгрөг, сар бүрийн СӨХ болон ашиглалтын зардлыг хөлсөгч талд төлөхөөр тохиролцон байгуулсан. Гэрээ дуусгавар болоход бүх юм гэрээний дагуу байсан боловч хөлслүүлэгч тал барьцааны төлбөр болох 1 600 000 төгрөгийг буцаан олгоогүйгээс гадна 2 сарын турш ямар ч шийдэлгүй дуудлаганд хариу өгөлгүй алга болсон бөгөөд дээд айл ус алдсан гэх бидэнд огт хамааралгүй асуудлыг тохон цэвэрлэгээ болон ашиглалтын зардал, засварын мөнгө гэхчлэн огт хамааралгүй асуудлыг тохон цэвэрлэгээ болон ашиглалтын зардал засварын мөнгө гэхчлэн олон тооны бидний хүлээхгүй нийт 2 655 258 төгрөгийн зардлыг нэмж нэхэмжлэн утсаар дайрч давшлан бидэнд огт хамааралгүй мөн бидний амьдрах хугацаанд гарсан бүх  төлбөр тооцоог байрнаас нүүсэн өдрөө төлж барагдуулсанаа хэлж тайлбарлаад байхад ойлгохгүй загнаж зандарсаар байна. Бид дээд айлын 45 тоот манайхруу ус алдсанг СӨХ-той ярьж асууж лавлахад усны хоолойнд асуудал үүссэн гэсэн хариу өгсөн. Усны хоолой задарч дээрээс доош ус алдахад доод айлыг түрээсэлж суусан бидэнд ямар хамаарал байгааг бид мэдэхгүй загнуулж сэтгэл санааны хохирол амсч байна. Мөн түрээсийн хугацаа дуусч гарах өдрөө ашиглалт болон кабелийн төлбөр цэвэрлэгээ хийлгэсэн хүний төлбөр төлсөн баримт бүгдийг доорхи хавсралтанд хавсаргав. Би түрээслэгчид мэдэгдсэний дагуу түрээсийн хугацаанаас 7 хоног илүү байрласан учир 7 хоногийн төлбөр болох 373 350 төгрөг суутгуулж үлдэгдэл 1 226 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 1 дүгээрт дурдсан СӨХ-ны үлдэгдэл төлбөр болон гэрээний хугацааг 7 хоногоор сунгасан түрээсийн төлбөр зэргийг хүлээн зөвшөөрч байна. Харин сөрөг нэхэмжлэлийн 2 дугаарт дурдсан байр ус алдсаны улмаас хэвийн чанар байдал алдагдсан, түрээслүүлэгчид цаг тухайд нь мэдэгдээгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй нуун дарагдуулсан гэх зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х дүүргийн 40 тоот байрыг 2019/10/20-ны өдөр анх түрээслэн ороход өмнө нь ус алдсанаас болж гал тогооны обой нь хууларсан байсан ба байрны бүрэн бүтэн байдал хэдийнэ алдагдсан байсан. Гал тогооны угаалтуурын дээд хэсэг болон таазнаас ус алдсан, 2 эгнээ обой хууларсан байсан. Энэ тухай байрны эзэн М руу залган хэлэхэд мэдэж байсан ба өөрсдөө аргалаад наачих гэсэн хариу өгсөн. Үүний дагуу бид обойн цаавуугаар гал тогооны тавилга онгойж хаагдахад саадгүй болгох хэмжээний нааж тогтоосон. 2019 оны 10 дугаар сарын 20-нд буюу анх гэрээ байгуулж түрээслэхээр тохирсон өдрийн фото зураг болон өөрсдөө түрээслүүлэгчийн хэлсний дагуу таазны обойг тогтоож наасны дараах буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн фото зургийг хавсаргав. Мөн байрны эзэнд ус алдсан тухай цаг тухайд нь мэдэгдэж, Гэгээнтэн хотхоны СӨХ-рүү залган хэлж, ус алдаж буй дээд айлруу орж мэдэгдэн өөрсдийн хэмжээнд бүхий л арга хэмжээгээ авсан болно.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Б.М-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээг Х дүүргийн 40 тоотыг 1 жилийн хугацаатай түрээслэх бөгөөд сарын 1,600,000 төгрөгийн төлбөр, мөн барьцааны 1 600,000 төгрөг, сар бүрийн СӨХ болон ашиглалтын зардлыг хөлслөгч талд төлөхөөр тохиролцон байгуулсан. Гэрээ дуусгавар болоход бүх юм гэрээний дагуу байсан боловч хөлслүүлэгч тал барьцааны төлбөр болох 1,600,000 төгрөгийг буцаан олгоогүйгээс гадна 2 сарын турш ямар ч шийдэлгүй дуудлагад хариу өгөлгүй алга болсон бөгөөд дээд айл ус алдсан гэх бидэнд огт хамааралгүй асуудлыг тохон цэвэрлэгээ болон ашиглалтын зардал, засварын мөнгө гэхчлэн огт хамааралгүй асуудлыг тохон цэвэрлэгээ болон ашиглалтын зардал засварын мөнгө гэхчлэн олон тооны бидний хүлээхгүй нийт 2,655,258 төгрөгийн зардлыг нэмж нэхэмжлэн утсаар дайрч давшлан бидэнд огт хамааралгүй мөн бидний амьдрах хугацаанд гарсан бүх  төлбөр тооцоог байрнаас нүүсэн өдрөө төлж барагдуулснаа хэлж тайлбарлаад байхад ойлгохгүй загнаж зандарсаар байна. Бид дээд айлын 45 тоот манайхруу ус алдсанг СӨХ-той ярьж асууж лавлахад усны хоолойнд асуудал үүссэн гэсэн хариу өгсөн. Усны хоолой задарч дээрээс доош ус алдахад доод айлыг түрээсэлж суусан бидэнд ямар хамаарал байгааг бид мэдэхгүй загнуулж сэтгэл санааны хохирол амсч байна. Мөн түрээсийн хугацаа дуусч гарах өдрөө ашиглалт болон кабелын төлбөр цэвэрлэгээ хийлгэсэн хүний төлбөр төлсөн баримт бүгдийг доорхи хавсралтад хавсаргав. Би түрээслэгчид мэдэгдсэний дагуу түрээсийн хугацаанаас 7 хоног илүү байрласан учир 7 хоногийн төлбөр болох 373,350 төгрөг суутгуулж үлдэгдэл 1,226,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.

 

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэхэмжлэгчийн ярьж байгааг сонсоод гомдолтой байна. Ковидын үеэр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Би хүүхдээ ковидоос хамгаалах үүднээс өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцуулсан. Би өнөөдөр шүүх хуралд биечлэн оролцож байна. Тайлбарлаж буй шиг нь орилж хашгичсан зүйл байхгүй, дарамтлаагүй, түрээсийн мөнгөө багасгаж байсан. Надад 4 удаа мөнгө төлөхдөө цагтаа төлдөггүй байсан. Гэрээ хийхдээ гурван сарын төлбөрийг урьдчилж авна гэж гэрээ заасан боловч нэг сараар бодож авсан. Удаа дараа нэхэж байсан удаагүй. Байрны хэрэглээний зардлыг төлдөг гэдгийг мэдэж байгаа байх. Байрнаас ус алдсан гэж хэлж байсан гэж тайлбарлаж байна. Би өөрийн хөдөлмөрөөр байртай болсон. Худлаа тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Тухайн үед ус алдсан талаар  надад мэдэгдээгүй. Байрнаас гарах үедээ нэг сараар сунгая гэж утсаар хэлсэн. Дараагийн хүндээ түрээслэхээр болчихсон байсан тул боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 2 цагийн дараа ус алдсан гээд бичлэг ирүүлсэн. Байранд ороход ус алдсан байдалтай, үүдний хавтан хугарсан, тавилга битүү толбо болчихсон байсан. Нэхэмжлэгч тал руу утасдаад ирж байраа хүлээлцээч ээ гэхэд боломжгүй гэсэн. Ус алдсан гэсэн болохоор дээд айл руу ортол ус алдсан шинж байхгүй, хоёр сарын өмнө ус алдсан гэж хүн орж ирсэн талаар хэлсэн. Тухайн үед ус алдсан талаар мэдсэн. М.Н рүү холбоо бариад хүлээж авсан байрны зургийг явуулаад 2 сарын өмнө ус алдсан юм уу гэхэд тиймээ дээд айлаас ус алдсан шинж тэмдэг байхгүй байсан гэж хэлсэн. Учруулсан хохирлоо барагдуулчихвал мөнгийг чинь өгье гэдэг яриа гарсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Байрнаас гарахаас 7 хоногийн өмнө өөр хүнд байр үзүүлэх гээд очих үед надад юу ч хэлээгүй. Энэ байдлыг мэдсэн боловч гэрээний гурван заалтад мэдэгдэх үүргийг тусгасан. Гэрээний үүргээ биелүүлээгүй. Өнөөдөр ийм байдалтай байгаад гомдолтой байна. Залуу хүн байж яаж ингэж худлаа ярьж хүнийг гүтгэж байгаад гомдож байна, өмнөөс нь харамсаж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Миний бие М.Н-тэй 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор, 102 дугаар байр, 11 давхарт байрлах 40 тоот 62.31 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаагаар сарын хөлс 1 600 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч тэдний хүсэлтээр дахин 7 хоног сунгасан. Гэрээний 3.2-т заасны дагуу 2020 оны 10 сарын СӨХ-ны төлбөр, ашиглалтын төлбөр болох 231 908 төгрөг төлөөгүй, 10 сарын ашиглалт 11 сардаа нэхэмжлэгддэг. Цахилгаан 24 342 төгрөг, контор 42 576 төгрөг, СӨХ 67 610 төгрөг, юнивишн 43 200 төгрөг, ус 54 180 төгрөг нийт 231 908 төгрөг. Гэрээний 8.2, 8.4, 10.2-т заасныг зөрчсөний улмаас хөлслөгчид хүлээлгэн өгсөн орон сууцны гал тогооны өрөөнд их хэмжээний ус алдсаны улмаас хэвийн чанар алдагдаж, сэргээн засварлахад хүрч 2 050 000 төгрөгийн хохирол учраад байна. 2 сарын турш ус алдаж байсныг мэдэгдэлгүй арга хэмжээ аваагүйгээс гэнэт их хэмжээгээр ус алдахад хүргэсэн. Орон сууцны засварын зардал одоогийн байдлаар хийгдсэн ажлын жагсаалт гал тогооны тавилга буулгах, шилжүүлэх, угсралт 100 000 төгрөг, цэвэрлэгээ 150 000 төгрөг. Корона цар тахалын улмаас гал тогооны шалны паркет засварлах ажил хойшлогдоод байгаа бөгөөд үүнд 1 650 000 төгрөг, шкафны хавтан солиход 150 000 төгрөг шаардлагатай байна.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нуун дарагдуулж бусдын өмч хөрөнгийн хэвийн байдлыг алдагдуулан чанар байдлын доголдолд оруулсан зөрчлийг хөлслөгч хариуцах ёстой гэж үзэж байгаа тул М.Н-ээс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний үүргийг зөрчсөний улмаас учирсан хохирол 2 281 908 төгрөг, 7 хоногийн түрээсийн төлбөр 373 350 төгрөг, нийт 2 655 258 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад нэхэмжлэгч нь илүү суусан 373 350 төгрөгийг барьцааны төлбөрөөс хасч нэхэмжилж байгаа тул 373 350 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээс хасаад нийт 2 181 908 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 2 181 908 төгрөг  нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнд эвлэрэх санал солилцсон боловч эвлэрлээгүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрч байгаа зардлыг хасаад нийт 2 181 908 төгрөгийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр шаардаж байна. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-т зааснаар талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Гэрээний 8.2, 8.4-т заасан үүргийг түрээслэгч зөрчсөний улмаас учирсан хохиролтой маргаж байгаа. Иймд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслүүлэгч гэм хор буюу хохирлоо шаардах эрхтэй, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 289.1.4-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Б.М-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний барьцаа төлбөрийн үлдэгдэл 1 226 650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.М нь нэхэмжлэгч М.Н-д холбогдуулан ашиглалтын зардал 231 908 төгрөг, 7 хоногийн түрээсийн төлбөр 373 350 төгрөг, гэрээ зөрчсөний улмаас учирсан хохирол 2 050 000 төгрөг, нийт 2 655 258 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 181 908 төгрөг болгон багасгажээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээ байгуулж барьцаа төлбөр болох 1 600 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч гэрээний хугацаа дуусаж, байрыг хүлээлгэн өгсөн байхад барьцаа төлбөрийг буцааж өгөхгүй байх тул 7 хоног орон сууцанд суусан 373 350 төгрөгийг хасаад үлдэх 1 226 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь орон сууцны хөлслөхөд байршуулсан барьцаа төлбөр болох 1 600 000 төгрөгийг нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчсөн тул буцаан шилжүүлэхгүй гэж маргаад орон сууцанд 7 хоног илүү суусан 373 350 төгрөг, төлөөгүй ашиглалтын зардал буюу СӨХ-ны төлбөр 231 908 төгрөг, гэрээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 2 050 000 төгрөг, нийт 2 655 258 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь 7 хоног илүү суусны мөнгийг барьцаа төлбөрөөс хасаад нэхэмжилсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2 181 908 төгрөг гаргуулахаар багасгасан гэж тайлбарласан.

 

            Нэхэмжлэгч М.Н, хариуцагч Б.М нар нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Х дүүргийн 40 тоот хаягт байрлах 62,31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөлслөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 5-7-р хуудас/

            Зохигч талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан талаараа маргаагүй тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчийн ашиглалтад шилжүүлсэн, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлж байсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болж орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн тул хариуцагчид барьцаа болгон байршуулсан 1 600 000 төгрөгнөөс гэрээ дууссанаас хойш 7 хоног илүү суусан төлбөр болох 373 350 төгрөгийг хасаад 1 226 650 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд талуудын байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 5 дугаар зүйлд “хөлслөгч нь нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 1 600 000 төгрөгийн барьцаа төлбөрийг гэрээгээр түрээслэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагын баталгаа болгон хөлслүүлэгчийн дансанд ямарваа нэгэн төлбөргүйгээр байршуулна”, 13 дугаар зүйлийн 13.2-д “хэрэв хөлслөгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бол барьцаа төлбөр болох 1 600 000 төгрөгийг хөлслүүлэгч талд үлдэнэ. Харин түрээсийн гэрээ энэхүү гэрээний 13.1 заалтын дагуу цуцлагдвал хөлслүүлэгч барьцаа төлбөрийг холбогдох суутгал, зардлуудыг хасан ажлын 10 хоногийн дотор хөлслөгч рүү буцаан шилжүүлнэ” гэж харилцан тохиролцсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг барьцаа төлбөрт 1 600 000 төгрөгийг байршуулсан талаар маргаагүй боловч уг барьцааны төлбөрийг буцаан олгохгүй нэхэмжлэгчийг гэрээний үүрэг зөрчиж хохирол учруулсан, СӨХ болон ашиглалтын төлбөр төлөөгүй, 7 хоног илүү байранд суусан гэж маргаад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж 2 655 258 төгрөгийг нэхэмжилсэн гэж мэтгэлцсэн.

            Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний зүйл болсон хариуцагчийн өмчлөлийн орон сууцанд 7 хоног илүү суусан талаар маргаагүй бөгөөд барьцаа төлбөрөөс 373 350 төгрөгийг хасахад татгалзахгүй гэж тайлбарласан тул хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 373 350 төгрөгийг хасч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэсэн.

            Мөн талуудын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 3.2-д “хөлслөгч нь түрээсийн байрны цахилгаан, дулаан, ус кабель ТВ, интернэт, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг сар бүр хариуцан төлнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ болон ашиглалтын зардал 231 908 төгрөгийг төлөхийг маргаагүйгээр хүлээн зөвшөөрсөн болно.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ зөрчсөнөөс учирсан хохирол болох 2 050 000 төгрөг буюу ус алдсаны улмаас шалны паркет засварлахад гарах зардал 1 650 000 төгрөг, гал тогтооны тавилга буулгах шилжүүлэхэд гарсан зардал 100 000 төгрөг, цэвэрлэгээний зардал 150 000 төгрөг, эвдэрсэн шкафны хавтан солиход 150 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүргээ зөрчөөгүй, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учраагүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 7.1-д “хөлслүүлэгч тал нь өөрийн тавилга эд хогшлийг тохиролцсоны дагуу Хөлслөгч талд үнэ төлбөргүй хэрэглүүлнэ. Бүх тавилга, эд хогшлийг бүртгэн хавсралт А-д хавсарган орон сууц хөлслөх гэрээ байгуулахад гарын үсэг зурж хүлээлгэн өгнө” гэж зааснаар талууд тавилга, эд хогшлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тавилгын жагсаалтаар тогтоогдож байна. /хэргийн 8-р хуудас/

Мөн гэрээний 7.2-д “хөлслөгч тал тавилга болон бусад эд хөрөнгийг гамтай эдэлж хэрэглэнэ. Орон сууц хөлслөх хугацаа дуусахад хөлслөгч тал нь тус гэрээнд хавсаргасан хогшлийг бүртгэлд бүртгэсэн зүйлсийг хүлээлгэн өгнө” гэж харилцан тохиролцсон боловч орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаж орон сууцыг хүлээлгэн өгөхдөө эд хөрөнгө хүлээлцсэн акт болон баримт үйлдээгүй байх тул гэрээний 7.3-д “хэрэв ямар нэгэн эд зүйл алга болсон эвдэрсэн бол хөлслөгч тал 3 хоногийн дотор хохирлыг барагдуулна” гэж зааснаар хариуцагчийн шкаф нь эвдэрсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургаар нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 48, 63-р хуудас/

Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тавилгын жагсаалтад “...корридор шүүгээ” гэж дурдсан байх бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаа эсэх талаар бичигдээгүй байх тул хариуцагчийн шкафны хавтанд гэмтэл гарсан гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна. /хэргийн 8-р хуудас/ 

 

Иймд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх” үүргээ хариуцагч нь биелүүлсэн, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д “гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул эвдэрсэн шкафны хавтан солиход гарах зардал болох 150 000 төгрөгийг хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн нэхэмжлэгчээс гаргуулан олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв. /хэргийн 85-р хуудас/

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.2-д “хөлслөгч тал нь тус Орон сууцанд түүний ойр орчимд ямар нэг аюултай нөхцөл бий болсон, гэмтэл согог гарсан эсвэл гэнэтийн аюул гарсныг мэдмэгц даруй хөлслүүлэгч талд мэдэгдвэл зохино” гэж заасныг биелүүлээгүй, удаа дараа ус алдаж аюултай нөхцөл байдал бий болох нөхцөл үүссэн, үүний улмаас ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс эд хөрөнгөд хохирол учирсан тул гэрээний 8.4-д “хөлслөгч талын буруутай үйлдлээс тус орон сууц эд хогшилд учирсан ямар нэгэн эвдрэл гэмтэл /ус алдах, гал алдах, хулгай гэх мэт/ хохирлыг хөлслөгч тал хариуцан барагдуулна” гэж зааснаар ус алдсаны улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байна гэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.2-д “хөлслүүлэгч тал нь гэнэтийн ослын үед зөвхөн шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, гэнэтийн ослын үр дагавар, сөрөг нөлөөг зайлуулах, бууруулах зорилгоор хөлслөгч талд урьдчилан мэдэгдэлгүйгээр орон сууцанд нэвтрэн орж болно. Гэнэтийн ослын тохиолдолд хөлслүүлэгч тал нь энэ тухай хөлслөгч талд нэн даруй мэдэгдэж, улмаар хөлслөгч тал зохих арга хэмжээг цаг алдалгүй авах боломж бүрдүүлнэ” гэж заасныг биелүүлээгүйгээс хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан ус алдсан болохыг харуулсан гэрэл зургаар, гэрч Д.Амарзулын мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарласан. /хэргийн 61-62, 67 хуудас/

Гэвч нэхэмжлэгч нь орон сууцанд ус алдсан болохыг СӨХ болон хариуцагчид нэн даруй мэдэгдсэн, ус алдсаныг нотлох гэрэл зураг болон бичлэгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан, мөн орон сууцыг хөлслөх гэрээ байгуулаад орон сууцыг хүлээн авч ороход дээд айлаас ус алдсан гээд обой нь хууларсан байсныг нааж тогтоосон гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Мөн гэрч Д.У шүүх хуралдаанд “...2020 оны 10 сарын 25-нд гэртээ орж ирэхэд ус алдсан байсан, энэ талаар бичлэг хийгээд зураг аваад хариуцагчид мэдэгдсэн гэсэн” гэж тайлбарласан тул хариуцагчийн нэхэмжлэгчийг гэмтэл согог гарсан эсвэл гэнэтийн аюул гарсныг мэдмэгц даруй хөлслүүлэгч талд мэдэгдвэл зохино гэж заасныг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6-д заасан “хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх” гэснийг зөрчөөгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 288.2.3-д “хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон бол ...хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан боловч боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 8.2, 8.4, 10.2-д заасныг зөрчсөний улмаас хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж, түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохирол гал тогооны тавилга буулгах, шилжүүлэх угсрах 100 000 төгрөг, паркет шал завсарлах 1 650 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Харин цэвэрлэгээний зардал болох 150 000 төгрөгийг хариуцагч нь байрыг буцаан хүлээн авсны дараагаар хийгдсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь цэвэрлэгээний зардлын талаар маргаагүй тул нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага барьцаа төлбөрийн үлдэгдэл болох 1 226 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2 181 908 төгрөгнөөс СӨХ болон ашиглалтын зардал 231 908 төгрөг, цэвэрлэгээний зардал 150 000 төгрөг, шкафны хавтан солиход гарах зардал болох 150 000 төгрөг, нийт 531 908 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гал тогтооны тавилга буулгах шилжүүлэхэд гарсан зардал 100 000 төгрөгийг ус алдсаны улмаас шалны паркет засварлахад гарах зардал 1 650 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хариуцагч нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 289.1.6, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч Б.М-аас 1 226 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэгч М.Н-ээс 531 908 төгрөг гаргуулж хариуцагч Б.М-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 33 989 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 24 823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33 989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 16 607 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ                               Д.ХУЛАН