Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/02970

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 12 сарын 14 өдөр                   Дугаар 183/ШШ2021/02970                           Улаанбаатар хот

 

 

             

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 101 тоотод байрлах, Ю ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, өөрийн байранд байрлах, М ХХК /РД:00000/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 622 775 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, гэрч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю ХХК нь 2012 оноос эхлэн Б.Н.Б улсын Белаз брэндийн уул уурхайн машин механизмуудыг Монгол улсад нийлүүлэх албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн билээ. Манай компани 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 051-1119 дугаартай “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-г М/МАК/ ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр талуудын харилцан тохиролцсон чанар, техникийн үзүүлэлт бүхий Белаз маркийн /75135-110 тн загвар/ машин хоёр ширхэгийг зээлээр худалдахаар болсон. Гэрээ байгуулагч талууд гэрэний үнийг тооцох нэгжээр тогтоож нийт үнэ 1 580 000 тооцох нэгж болсон. Нэг тооцох нэгж нь нэг ам.доллартай тэнцэх бөгөөд төлбөр шилжүүлэх өдрийн Монгол банкны ам.долларын ханшийг баримтлан төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “Үлдэгдэл төлбөр болох 60 хувь буюу 1 896 000 тооцох нэгжийг Машиныг актаар хүлээлцсэнээс хойш сар бүр 12 сарын хугацаанд жилийн 7,5 хувийн хүүтэйгээр сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна. Машиныг актаар хүлээцсэний дараа талууд уг төлбөрийн хуваарийг гарган гэрээнд хавсаргана” гэж заасан. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу бид техникуудыг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч гэрээний 3.6-д заасан хүүний төлбөр болох 152 241.88 ам.долларыг төлөөгүй байна. Бид гэрээгээр тохирсон хүүний төлбөрийг төлөхийг удаа дараа бичгээр болон амаар шаардахад өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. Гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцөөнөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Иймд бидний нэхэмжлэлийг хүлээн авч М ХХК-иас Хүнд даацын машин нийлүүлэх гэрээний хүүний төлбөр болох 152 241.88 ам.долларыг буюу 433 691 433 төгрөгийг гаргуулан өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 051-1119 дугаартай “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний 9.2-д гэрээгээр тохирсон хугацааны дотор тухайн машины үнийг төлөлгүй 15 хоног хожимдуулсан бол хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх ба алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар заасан байна. Үүний учир 051-1119 дугаартай “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний нийт хоцорсон хугацааны алданги болох 66 370.72 ам.долларыг нэмэгдүүлсэн шаардлага гаргах өдрийн /2021.11.16 өдрийн ам.долларын ханш 2 848.91 төгрөг/ Монголбанкны ханшаар тооцож 189 084 207 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 0511119 буюу Хүнд даацын автомашин нийлүүлэх гэрээг дурдаж байгаа. Тус гэрээний төлбөр тооцооны үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн. Тус гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан гэрээний зүйл буюу 2 ширхэг автосамсомол машин байгаа. Тус автомашинуудыг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хүнд даацын автомашин нийлүүлэх гэрээний 3.6-т үлдэгдэл төлбөрийг 12 сарын хугацаанд төлөх бөгөөд машиныг актаар хүлээлцсэн өдрөөс эхлэн сар бүр ижил дүнгээр жилийн 7,5 хувийн хүүтэйгээр төлж барагдуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор М ХХК тухайн төлбөрийг төлж барагдуулах байсан. Төлбөр төлөх нөхцөлийг гэрээний хавсралт 7-д зээлийн график, хуваарийг гаргасан. М ХХК хуваарийн дагуу төлсөн удаа цөөхөн. Тухай бүр холбоо барьж утсаар, албан бичгээр төлбөрийн хугацаа хэтрэлттэй байгаа талаар мэдэгддэг байсан. М ХХК янз бүрийн тайлбар хэлдэг байсан. Үндсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн үйлчилгээ үзүүлсний үлдэгдэл төлбөр, цаг тухай бүрт төлбөрөө төлөөгүй хүү, алдангийг нэхэмжилсэн. Үндсэн гэрээний буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн гэрээний 3.1-т хавсралт баримт байгаа. Эдгээр хавсралт баримтын 1.7-т төлөлтийн хуваарь, гэрээний 3.6-т жилийн 7,5 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна гэсэн заалтуудыг М ХХК нь танилцаад гэрээний нүүрэн хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй, бидний зүгээс тавьсан саналыг хүлээн авах боломжгүй гэж тайлбарлаж байгаа тул өнөөдрийг хүртэлх үүссэн шууд ба шууд бус хохирлыг нэхэмжлэлгүй алдангийг гэрээнд заасны дагуу нэхэмжилж байгаа. Хүүгийн төлбөр 433 691 433 төгрөг, алданги 189 084 207 төгрөг, нийт 622 775 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох 433 691 433 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд талуудын хооронд дараах харилцаанууд үүссэн. 2019 оны 03 сарын 07-ны одөр 051-1119 дугаартай “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр тохиролцсон хугацаанд автомашиныг нийлүүлж тогтоосон хугацаанд хүлээн авч, үнийг хүүгийн хамт төлөхөөр тохирсон. 2020 оны 08 сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. 051-1119 дугаартай “Хүнд даацын машин нийлүүлэх тухай гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 1 038 235.94 ам.доллар болохыг Ю” ХХК-аас ирүүлсэн 2020 оны 07 сарын 22-ны өдөр 2007-36 дугаартай мэдэгдэлд дурдсан ба дээрх албан бичигт дурдсаны дагуу дээрх дүнгээр талууд 2020 оны 08 сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, баталгаажуулсан. 2020 оны 08 сарын 20-ны өдөр Тооцоо нийлсэн актад заагдсан төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцож 318-1120 дугаартай “Толбор барагдуулах гэрээ“-г байгуулсан. Тооцоо нийлэх, үлдэгдэл баталгаажуулах үед тус компанийн ерөнхий менежер Я.У “...үндсэн төлбөрөө л төлөөд дуусгачих, хүү, алданги тооцохгүй” гэсэн саналыг манай компанийн Хангамж, техник үйлчилгээ хариуцсан захирал Д.Н-т гаргасан. Талууд дээрх ойлголцол, харилцан тохиролцоогоо 2020 оны 08 сарын 20-ны өдөр 318-1120 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ”- ээр баталгаажуулж, зөвхөн 1 038 235.94 ам.доллар төлөхөөр болсон. Дээрхтэй холбогдуулан “Ю” ХХК-аас 2021 оны 01 сарын 08-нд төлбөр барагдуулах гэрээний үүргийн биелэгдлийг шаардсан албан бичиг манайд ирүүлсэн. Албан бичигт “ ... 318-1120 дугаартай гэрээний дагуу 1 038 235,94 ам.долларыг төлөх үүрэг хулээсэн, ... улдэгдэл төлбөр 369 082.88 ам.доллар байна ... “ гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн ирүүлсэн энэхүү албан бичгээр 051-1119 дугаартай гэрээний үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрснийг нотолно.

2021 оны 02 сарын 18-ны өдөр хоёр талын санхүүгээс манай компанийг Төлбөр барагдуулах гэрээнд заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, талуудын үйлдсэн тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах гэрээний дагуу “М ХХК төлбөрийг 100% төлж дуусгасан буюу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэлтэй танилцахад хоёр компанийн хооронд зөвхөн 2019 онд 051-1119 дугаартай “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ” байгуулсан мэтээр дурдаж, бусад харилцааг огт дурдаагүй байна. Мөн "Ю ХХК нь үүнээс хойш нэгэнт дуусгавар болсон гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж эхэлсэн учраас манай компани нь 2021 оны 05 сарын 11-ний өдрийн №02/439 тоот, 2021 оны 03 сарын 30-ны өдрийн №02/333 тоот дугаартай албан бичгүүдээр нэхэмжилж буй хүүгийн төлбөрийг төлөх үүрэггүй талаарх хариуг хүргүүлсэн. Нэхэмжлэгч Хариуцагчтай хүү авахгүй гэж шинээр тохиролцож, бие даасан 318-1120 дугаартай гэрээ байгуулсан, тооцоо нийлсэн актууд үйлдсэн атлаа дуусгавар болсон 051-1119 дугаартай гэрээнд үндэслэсэн хүүгийн төлбөр нэхэмжилж буй нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй болно.

1. Тооцоо нийлсэн актын тухайд: Талуудын хооронд хийгдсэн 051-1119 тоот гэрээний төлбөрийн үлдэгдлийг тооцож нийлсэн акт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.4-д үнэн зөв байх...”, 13-р зүйлийн 13.6-д “... Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна..”, 12-р зүйлийн 12.1, 20-р зүйлийн 20.2.5-д “...дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нъ өмнө хянан, батапгаажуулах...”, мөн зүйлийн 20.2.6-д "...эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах...” гэж заасан хуулийн шаардлагад нийсэн бөгөөд талуудын харилцан ойлголцол, зохицлыг албажуулсан баримт болно.

2.051-1119 болон 318-1120 дугаартай гэрээнүүд нь бие даасан хэлцэл болох тухайд: Талуудын хооронд байгуулсан 318-1120 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 39.1, 42.7, 43.1.1. 43.2.1-т заагдсан хэлцлийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд "гэрээ, хэлцэл нь эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэсэн үйлдэл” байдаг. Сүүлийн буюу 318-1120 дугаартай гэрээнд “энэхүү гэрээнд тусгагдаагүй бусад асуудлыг 051-1119 дугаартай гэрээгээр зохицуулна, эсхүл 051-1119 дугаартай гэрээний салшгүй хэсэг байна” гэсэн утга агуулга бүхий заалт байхгүй. 318-1120 дугаартай гэрээний 1.4 дэх заалтад “Энэхүү гэрээгээр Төлбөр төлөгч нь Төлбөр авагчид энэхүү гэрээний 1.2-т заасан төлбөрийг төлж барагдуулах, ... тодорхой болгон зохицуулна” гэж заасан.

3.051-1119 дугаартай гэрээ дуусгавар болсон тухайд: 051-1119 дугаартай гэрээний дагуу үүссэн байсан эрх зүйн харилцаа “Ю ХХК машин техникийг манай компанид хүлээлгэн өгч, түүнд холбогдох баталгаат хугацаа дууссанаар техникт холбогдох талуудын эрх, үүрэг. Харин гэрээний төлбөрийн үүрэг 318-1120 дугаартай гэрээ байгуулагдсан буюу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бүхэлдээ дуусгавар болсон.

4.Хүү төлөх үүрэггүй тухайд: 051-1119 дугаартай гэрээ дуусгавар болсноор тус гэрээнд заагдсан хүүгийн талаарх заалт мөн дуусгавар болно. а. Иргэний хуулийн 236.4-т “Өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно” гэж заасан. Хэрэв талууд 051-1119 дугаартай гэрээнд тусгагдсан хүүг үргэлжлүүлэн төлөх талаар тохиролцсон бол зайлшгүй тооцоо нийлэх актад, улмаар түүнд үндэслэн хийгдэж буй 318-1120 дугаартай гэрээнд тусгагдах ёстой байсан. Гэвч талууд хүү төлөх тохиролцоогоо өөрчилж, хүү төлөхгүй зөвхөн үндсэн төлбөрийг төлөхөөр тохирсон болох нь талуудын үйлдсэн баримтаар нотлогдож байна.

5.Төлбөрийн үлдэгдлийг 100% бүрэн төлж дуусгасан тухайд: Талуудын үйлдсэн 2020 оны 08 сарын 17-ны өдөр хийгдсэн тооцоо нийлсэн акт, 318-1120 дугаартай гэрээнд заасан төлбөрийг манай компани бүрэн төлж дуусгасан болохыг 2021 оны 02 сарын 18-ны өдөр талуудын нягтлан бодогчид тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. а. Иргэний хуулийн 466-р зүйлийн 466.3-д “Тооцооноос үүссэн үлдэгдлийг төлснөөр тооцоо нийлэх гэрээний шаардлагыг хангасанд тооцно” Ийнхүү төлбөр тооцоо дуусгавар болгосон тооцоо нийлсэн акт үйлдсэнээр 2020 онд байгуулсан 318-1120 дугаартай гэрээ дуусгавар болсон.

Иймд манай компани үүссэн төлбөр тооцоог бүрэн барагдуулсан, нэхэмжлэгчид ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2019 оны 0511119 тоот гэрээ байгуулагдаж, гэрээний зүйлийг хүлээж авсан талаар маргаан байхгүй. Гэрээний төлбөрийг харилцан тооцсонтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Төлбөрийн  хувьд хариуцагчийн зүгээс маргаж байгаа. Удаа дараа тооцоо нийлэх акт үйлдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэлд дурдсан үнийн дүнгээр нэхэмжлэгч хариуцагч нар тооцоо нийлж 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөр барагдуулах гэрээгээр зохицуулахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний үүрэг дуусгавар болоод 2021 оны 02 дугаар 18-ны өдөр хоёр талын санхүү эрхэлсэн ажилтнууд тооцоо нийлж, 318320 тоот гэрээний үүрэг дуусгавар болж, талуудын хооронд өр төлбөргүй болохыг баталгаажуулсан. Хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээ байгуулах үндсэн санал нь хүү, алданги тооцохгүй зөвхөн үндсэн төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс 318320 тоот төлбөр барагдуулах гэрээгээр нэхэмжлэгчид өгөх төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт хүү болон алданги 622 775 640 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК-нд гэрээний зүйл болох хүнд даацын машиныг хүлээлгэн өгсөн боловч гэрээ буюу гэрээний хавсралтад заасан төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тул хүүгийн төлбөр 433 691 433 төгрөг, алданги 189 084 207 төгрөг, нийт 622 775 640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ю ХХК-иас хүнд даацын машиныг хүлээн авч, төлбөрийн нөхцлийн талаар харилцан зөвшилцөж, тооцоо нийлж Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, уг гэрээгээр гэрээг дүгнэж, үлдэх төлбөрийг хааж дуусгахаар тохиролцсон тул үүрэг дуусгавар болсон, хүүгийн төлбөр, алдангийг төлөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр №051-1119 тоот “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-г нэг талаас М ХХК, нөгөө талаас Ю ХХК нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийнсухайтын уурхайд ашиглагдах 2 ширхэг Белаз маркийн машиныг гэрээнд заасан хугацаанд худалдан авагч М ХХК-нд нийлүүлэн түүний өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь машиныг тогтоосон хугацаанд нь хүлээн авч, үнийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 6-13-р хуудас/

Гэрээний 2.1-д нэхэмжлэгч Ю ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийнсухайтын уурхайд ашиглагдах МУ-ын холбогдох стандарт, гэрээнд заасан шаардлага Хүснэгт№1-т заасан тоо ширхэг, чанар, гэрээний хавсралт №1-т заасан техникийн үзүүлэлтийг бүрэн хангасан, Монгол орны байгаль цаг уур, худалдан авагчийн уурхайн онцлогт нийцсэн, жилийн 4 улирал саадгүй ашиглагдах боломжтой, 110тн 130 тн даацтай, Бүгд найрамдах Беларусь улын Белаз хувьцаат компанийн үйлдвэрт 2018 оны 9 сараас хойш үйлдвэрлэгдсэн, 00 мото/цагтай /зөвхөн тест хийсэн/ шинэ, жинхэнэ, эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй Белаз маркийн 75135 загвар машиныг холбогдох бичиг баримтын хамт хариуцагч МХХК-нд нийлүүлэн угсарч суурилуулан түүний өмчлөлд актаар хүлээлгэн өгнө.

Хүснэгт №1-т “машины нэр Белаз 75135/110тн-130тн/ камминс КТА-38 С хөдөлгүүртэй, 895 кВ/1200 м,х дизель шатахуун, цахилгаан хүч дамжуулах ангитай 6400 мм өргөн, 5900 мм өндөр 11500 мм урттай 2 ш , нэгжийн үнэ 1 580 000 тн, нийт үнэ 3 160 000 тн” гэжээ.

 

Зохигч талууд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний зүйл болох техникийг хүлээн авсан талаараа маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг №051-1119 тоот “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-нд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөл зохих хүүг төлөөгүй тул гэрээнд зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх тооцсон хүү 152 241.88 ам.доллар буюу 433 691 433 төгрөг, алданги 66,370 ам.доллар буюу 189,684,207 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үүргээ биелүүлэх талаар хариуцагчид 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2104/136 албан тоот, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2107-14 тоот албан бичгээр мэдэгдэж байсан болох нь нотлогдоно гэж тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д “Белаз 75135 загварын машины нэг бүрийн үнэ нь аливаа татвар хураамж багтсан /НӨАТ тооцсон/ дүнгээр 1 580 000 тооцох нэгж байна. 2 машин нийлүүлэх гэрээний нийт үнэ нь 3 160 000 тн тооцох нэгж байна”, 3.5-д “энэхүү гэрээ байгуулагдсанаар нийлүүлэгч нь урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг худалдан авагчид өгөх бөгөөд нэхэмжлэхийн дагуу худалдан авагчид урьдчилгаа төлбөрийг төлнө. Урьдчилгаа төлбөр 40 хувь байх ба нийт 1 264 000 тооцох нэгж болно”, 3.6-д “үлдэгдэл төлбөр болох 60 хувь буюу 1 896 000 тооцох нэгжийг машиныг актаар хүлээлцсэнээс хойш сар бүр 12 сарын хугацаанд жилийн 7,5 хүүтэйгээр сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна. Машиныг актаар хүлээлцсэний дараа Талууд уг төлбөрийн хуваарийг гарган гэрээнд хавсаргана” гэж харилцан тохиролцсон байна .

Хавсралт№7 буюу төлбөрийн хуваарьт “...Белаз, загвар 75135, тоо ширхэг 2, гэрээний нийт дүн 3 160 000, урьдчилгаа 1 264 000 40%, 1 896 000 60%, хүү жилийн 7,5%, хүүгийн дүн 77 905, гэрээний нийт дүн хүүгийн хамт 3 237 905” гэжээ.

Мөн гэрээний 9.2-д “худалдан авагч энэ гэрээгээр тогтоосон хугацааны дотор тухайн машины үнийг төлөлгүй 15 хоног хожимдуулсан бол хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө. Алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан №051-1119 тоот “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ” нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №318-1120 тоот “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулснаар дуусгавар болсон, гэрээний үүргийг сольсон, “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хүү, алдангийг төлөх үүрэггүй гэж маргаад нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэж байсан болох нь 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 02/333 тоот албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/439 тоот албан бичгээр тус тус тогтоогдоно гэж мэтгэлцсэн.

 

 Хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр №318-1120 тоот “Төлбөр барагдуулах гэрээ”-г төлбөр төлөгч М ХХК, төлбөр хүлээн авагч Ю ХХК нар нь харилцан тохиролцож байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрээ байгуулсан талаараа маргаагүй. /хэргийн 32-33-р хуудас/

Уг “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 1.1-д “төлбөр хүлээн авагч нь Төлбөр төлөгчтэй 051-1119 тоот Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан”, 1.2-д “төлбөр төлөгч нь төлбөр хүлээн авагчид 2020.08.17-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 1 038 236,94 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байна”, 2.1-д “талуудын харилцан тохиролцож нийт 1 038 236,94 ам.долларын төлбөрийг дор дурдсан графикийн дагуу төлнө. Төлбөрийн хэмжээ 100 000 төлбөр төлөх огноо 2020 оны 08 сарын 13 /төлсөн/, 938 236,94 төлбөр төлөх огноо 2021 оны 01 сарын 31 хүртэл” гэж харилцан тохиролцсон байна.

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгчид “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан төлбөрийг мөн төлсөн болох нь талуудын тайлбар, Голомт банкны цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрээний үүрэгт нийт 3 160 000 тн төлөгдсөн талаар зохигч маргаагүй болно.

 

Харин хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээг үндсэн гэрээний үүргийг барагдуулахаар байгуулсан, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсон, мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.3-д заасан тооцооноос үүссэн үлдэгдлийг төлснөөр тооцоо нийлэх гэрээний шаардлагыг хангасанд тооцох тул гэрээний үнэ 3 160 000 тн төлснөөр үүрэг дуусгавар болсон гэж, нэхэмжлэгч нь гэрээний нийт үнийн дүн 3 237 905 тн байхаар харилцан тохиролцсон, хариуцагч нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээнд заасан хүү, алдангийг төлөх үүрэгтэй, төлбөр барагдуулах гэрээгээр хүү, алдангиас татгалзаагүй гэж маргасан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар “Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан талаараа маргаагүй бөгөөд “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-нд зааснаар гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн гэрээний төлбөр төлөх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан, төлбөр барагдуулах гэрээг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, уг гэрээнд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 1 038 236,94 ам.долларын үлдэгдэлтэй байна гэжээ.

Хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Тооцоо нийлсэн актад “...гэрээ №051-1119 2021 оны 02 сарын 18, 75 661,62 ам.доллар, нийт 3 160 000”, мөн Тооцоо нийлсэн актанд “...2021/02/18 №051-1119 гэрээний нийт үлдэгдэл 2021/02/18 75 661,62” гэсэн байх бөгөөд нэхэмжлэх №257-гоор гэрээ №318-1120 дагуу үлдэгдэл төлбөр төлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 86-р хуудас/

Мөн гэрч М.П шүүхэд мэдүүлэхдээ “...тооцоололд хүүгийн талаарх тооцоолол багтаагүй”, гэрч Д.Н “...хоорондоо ярилцаад хүү, алданги төлөхгүй, үндсэн төлбөрөө төлчих гэсэн” гэсэн гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүү, алдангиас төлөхгүй гэж тохиролцоогүй гэсэн болно.

Төлбөр барагдуулах гэрээг талууд байгуулахдаа 2020 оны 08 дугаар сарын 17-ны тооцоо нийлсэн актыг үндэслэсэн гэсэн боловч уг баримтыг хэрэгт ирүүлээгүй, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн актаар буюу төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл нийт 3 160 000 тн төлсөн гэж хариуцагч тайлбарласан тул гэрээний хавсралтад зааснаар хүү болох 77 905 тн төлөгдөөгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний 3.6-д “машиныг актаар хүлээлцсэнээс хойш сар бүр 12 сарын хугацаанд жилийн 7,5 хувийн хүүтэйгээр сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна” гэж төлбөрийн хуваарийг харилцан тохиролцсон байхад 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүү, мөн  үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж мөн хугацааны алданги тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иймд хариуцагч М ХХК-иас “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-нд заасан гэрээний нийт дүн 3 237 905 тн гэж талууд харилцан тохиролцож, энэ талаар төлбөрийн хуваарьт заасан, уг төлбөрийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч төлж байсан болох нь хэрэгт авагдсан Голомт банкны цахим гүйлгээний баримтуудаар /2019.04.30 164 492,06, 2019.06.03 164 492,06, 2019.07.26 164 492,06/ тогтоогдож байх тул гэрээний хүүгийн дүн болох 77 905 тн буюу 221 927 973 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү, хугацаандаа төлөөгүй алданги болох 400 847 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв./77 905х2 848,70=221 927 973, 622 775 640-221 927 973=400 847 667/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар /2 848,70 төгрөг/ тооцсон болно. /хэргийн 19-р хуудас/

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 429 781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн хангасан шаардлагад тооцогдох 1 066 929 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгох үндэслэлтэй байна гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 221 927 973 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 400 847 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 429 781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 066 929 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН