Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00639

 

 

 

 

 

 

         2022         04          04                                           210/МА2022/00639

 

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02970 дугаар шийдвэртэй,

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 622,775,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Уугансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Ю” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 051-1119 дугаартай “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-г “М” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр талуудын харилцан тохиролцсон чанар, техникийн үзүүлэлт бүхий Белаз маркийн /75135-110 тн загвар/ машин хоёр ширхэгийг зээлээр худалдахаар болсон. Гэрээ байгуулагч талууд гэрээний үнийг тооцох нэгжээр тогтоож нийт үнэ 1,580,000 тооцох нэгж болсон. Нэг тооцох нэгж нь 1 ам.доллартай тэнцэх бөгөөд төлбөр шилжүүлэх өдрийн Монгол банкны ам.долларын ханшийг баримтлан төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Гэрээний 3.6-д “Үлдэгдэл төлбөр болох 60 хувь буюу 1,896,000 тооцох нэгжийг машиныг актаар хүлээлцсэнээс хойш сар бүр 12 сарын хугацаанд жилийн 7,5 хувийн хүүтэйгээр сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна. Машиныг актаар хүлээцсэний дараа талууд уг төлбөрийн хуваарийг гарган гэрээнд хавсаргана” гэж заасан. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу бид техникүүдийг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч гэрээний 3.6-д заасан хүүгийн төлбөр болох 152,241.88 ам.долларыг төлөөгүй байна.

Гэрээгээр тохирсон хүүгийн төлбөрийг төлөхийг удаа дараа бичгээр болон амаар шаардсан боловч төлөөгүй. Иймд “М” ХХК-аас “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний хүүгийн төлбөрт 152,241.88 ам.долларыг буюу 433,691,433 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түүнчлэн гэрээний 9.2-т “гэрээгээр тохирсон хугацааны дотор тухайн машины үнийг төлөлгүй 15 хоног хожимдуулсан бол хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх ба алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байх”-аар заасан. Нийт хоцорсон хугацааны алданги болох 66,370.72 ам.долларыг нэмэгдүүлсэн шаардлага гаргах өдрийн /2021.11.16 өдрийн ам.долларын ханш 2 848.91 төгрөг/ Монголбанкны ханшаар тооцож 189,084,207 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Иймд “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний хүүгийн төлбөрт 433,691,433 төгрөг, хоцорсон хугацааны алданги 189,084,207 төгрөг, нийт 622,775,640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 051-1119 дугаартай “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр тохиролцсон хугацаанд автомашиныг нийлүүлж, тогтоосон хугацаанд хүлээн авч, үнийг хүүгийн хамт төлөхөөр тохирсон. Гэрээний үлдэгдэл төлбөр 1,038,235.94 ам.доллар болохыг “Ю” ХХК-аас ирүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэлд дурдсан ба үүний дагуу уг дүнгээр талууд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, баталгаажуулсан.

Тооцоо нийлэх, үлдэгдэл баталгаажуулах үед тус компанийн ерөнхий менежер Я.Уугансүх “...үндсэн төлбөрөө л төлөөд дуусгачих, хүү, алданги тооцохгүй” гэсэн саналыг манай компанийн Хангамж, техник үйлчилгээ хариуцсан захирал Д.Нинжбадгарт гаргасан. Үүний дагуу талууд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн актад заагдсан төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцож, “Төлбөр барагдуулах гэрээ“-г байгуулсан. Уг гэрээгээр 1,038,235.94 ам.доллар төлөхөөр болсон. Дээрхтэй холбогдуулан “Ю” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах гэрээний үүргийн биелэлтийг шаардсан албан бичиг манайд ирүүлсэн. Нэхэмжлэгчийн ирүүлсэн энэхүү албан бичгээр “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрснийг нотолно.

Талууд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, талуудын үйлдсэн тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах гэрээний дагуу “М” ХХК төлбөрийг 100 хувь төлж дуусгасан.

"Ю” ХХК нь үүнээс хойш нэгэнт дуусгавар болсон гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж эхэлсэн учраас манай компани нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/439 тоот, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02/333 тоот албан бичгүүдээр нэхэмжилж буй хүүгийн төлбөрийг төлөх үүрэггүй талаарх хариуг хүргүүлсэн.

Иймд манай компани “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний төлбөртэй холбогдох харилцааг “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр дуусгавар болгож, үүссэн төлбөр тооцоог бүхэлд нь барагдуулсан тул нэмэлтээр алданги төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгчид ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас 221,927,973 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 400,847,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,429,781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,066,929 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтын уялдаа холбоог бодитоор харьцуулан үзээгүй, хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж байгаа талаар заагаагүй.

1. Шүүх “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-г дуусгавар болоогүй гэж дүгнэхдээ яагаад дуусгавар болоогүй талаараа тайлбар, дүгнэлт хийгээгүй, мөн энэ талаарх нотлох баримтуудыг үнэлээгүй. Зохигчид “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулснаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ” бүхэлдээ дуусгавар болсон.

Шүүх төлбөр барагдуулах гэрээг талууд байгуулахдаа 2020 оны 08 дугаар сарын 17-ны тооцоо нийлсэн актыг үндэслэсэн гэсэн боловч уг баримтыг хэрэгт ирүүлээгүй гэж дурджээ. Тус актад заагдсан дүн нь “Төлбөр барагдуулах гэрээ”-нд бүрэн тусгагдсан, энэхүү актын талаар талууд огт маргаагүй учир гаргаж өгөөгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, тооцоо нийлсэн актад төлбөр, түүнийг дагалдах бусад төлбөрийн үүргийн хамтатган нэхэмжлэх ёстой атал талуудын тооцоо нийлж байсан актууд нь зөвхөн үндсэн төлбөрөөр хязгаарлагдсан. Энэ нь “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үндсэн тохиролцоо агуулгыг давхар тодотгож байна.

2. Зохигчдын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ” нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 42.7, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хэлцлийн шинжийг бүрэн агуулсан. Шүүх “...гэрч нар ...хоорондоо ярилцаад хүү, алданги төлөхгүй, үндсэн төлбөрөө төлчих гэж мэдүүлсэн байхад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүү, алданги төлөхгүй гэж тохиролцоогүй...” гэснийг гол болгон хэт нэг талыг баримталсан. “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үндсэн тохиролцоо, талуудын дунд үүссэн нэгдсэн ойлголтыг тогтоох ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийн хамаарал, хэрэгт авагдсан үйл баримтуудын нөхцөлийг шүүх харгалзаж үзсэнгүй.

3. “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний холбогдох үүргийн харилцаа дуусгавар болсноор гэрээнд заагдсан хүү, алдангийн талаарх заалт мөн дуусгавар болно. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т “...үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн...”, 236.4 дэх хэсэгт “өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно...” гэж заасан. Хэрэв талууд “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-нд тусгагдсан хүүг үргэлжлүүлэн төлөх талаар тохиролцсон бол зайлшгүй тооцоо нийлэх актад, улмаар түүнд үндэслэн хийгдэж буй “Төлбөр барагдуулах гэрээ”-нд тусгагдах ёстой байсан. Гэвч талууд хүү төлөх тохиролцоогоо өөрчилж, хүү төлөхгүй талаар тохирсон болох нь талуудын үйлдсэн баримтуудаар нотлогдож байгаа болно.

4. Шүүхээс “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-г зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэмээн талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу дүгнэсэн. Мөн хэргийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх нөхцөл байдлыг шүүхээс үнэлэхдээ үйл баримтын хамаарал, нотлох болон няцаах баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тооцоо нийлсэн актыг хариуцагч тал анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй ба шүүгч уг баримтыг гаргуулах талаар хэлж байсан. Гэрчээр асуулгасан нягтлан бодогч нар нь тус актыг хоёр дахь гэрээтэй холбоотой акт болохыг тодорхойлсон. Хариуцагч талтай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүнд даацын машин нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу зээлээр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хүү болон төлбөрийн талаар тусгасан. Хариуцагчийн хэлж байгаа хавсралт 7 нь гэрээний нэг хэсэг бөгөөд энэ талаар гэрээний ерөнхий нөхцөл дэх 1.3.7-д тодорхой заасан. Анх хариуцагч тус гэрээг хуулбарлаж шүүхэд өгсөн атлаа байхгүй мэтээр тайлбарлах үндэслэлгүй. Хариуцагч талын гомдол үндэслэлгүй буюу тус гомдолд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. Хариуцагчийн гаргасан гомдол нь мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-д зааснаар давж заалдах гомдлын агуулгад шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар тусгаагүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаж буй байдлаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэв.

 

2. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            3. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 622,775,640 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            4.а. “Ю” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр худалдагч “Ю” ХХК нь талуудын тохиролцсон чанар, техникийн үзүүлэлт бүхий 2 ширхэг Белаз маркийн машиныг гэрээнд заасан хугацаанд худалдан авагч “М” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “М” ХХК машиныг тогтоосон хугацаанд нь хүлээн авч, урьдчилгаа төлбөрт 40 хувийг төлж, үлдэгдэл 60 хувийн төлбөрийг машиныг актаар хүлээлцсэнээс хойш 12 сарын хугацаанд жилийн 7.5 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү хэмжээгээр, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу “Ю” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 6-13-р хуудас/

 

Уг гэрээний зүйл болох техникийг хүлээн авсан талаар талууд маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д гэрээний нийт дүн хүүгийн хамт 3,237,905 тооцох нэгж, 1 тооцох нэгжийг 1 ам.доллар гэж тус тус  тодорхойлсон талаар талууд маргаангүй байна.

 

4.б. Талууд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ“-г байгуулсан. Уг гэрээний 1.2-д “төлбөр төлөгч нь төлбөр хүлээн авагчид 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 1,038,236,94 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй”, 2.1-д “талуудын харилцан тохиролцож нийт 1,038,236,94 ам.долларын төлбөрийг дор дурдсан графикийн дагуу төлнө. Төлбөрийн хэмжээ 100,000 ам.долларыг 2020 оны 08 дугаар сарын 13 өдөр төлөх, 938,236.94 ам.долларыг 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлөх” гэж харилцан тохиролцсон байна. /1хх 32-33/

 

4.в. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгчид “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний үүрэгт 2,121,764 ам.доллар бүрэн төлж барагдуулсан, “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан төлбөрт 1,038,236.9 ам.доллар, нийт 3,160,000 ам.доллар төлсөн талаар талууд маргаагүйгээс гадна Голомт банкны цахим гүйлгээний баримтаар тогтоогджээ. /хх 38-52/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ” нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх гэрээний үүргийг сольсон, “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ.

 

Иймд “Хүнд даацын машин нийлүүлэх гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон тул энэ гэрээнд заасан хүү, алдангийг шаардах эрхгүй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02970 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “М” ХХК-аас гэрээний үүрэгт 622,775,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,267,589 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

Э.ЗОЛЗАЯА