Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/02860

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 12 сарын 07 өдөр                         Дугаар 183/ШШ2021/02860                       Улаанбаатар хот

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч  дүүрэг, 36а тоот оршин суух, О овогт Г.Д /РД:000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 1302 тоот байрлах, А ХХК /РД:000000/-д холбогдох,

Зуучлалын гэрээний үүрэгт шилжүүлсэн 8 475 665 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цг шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Д нь Хятад Улсын томоохон нэр хүндтэй их, дээд сургуулиудад зуучлан суралцуулна гэсэн зарын дагуу хариуцагч "А" ХХК-ийн эрх бүхий хүмүүстэй уулзахад манай байгууллага 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа, сүүлийн 6 жилд Хятад улсын томоохон их сургуулиудад хүүхдүүд зуучилж суралцуулж, улмаар Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байгаа гэсэн тул хариуцагч талтай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хятад улсын их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээг байгуулсан. Тус зуучлалын гэрээний дагуу "Апек нар" ХХК нь БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцуулахад зуучлалын үүрэг гүйцэтгэх, харин нэхэмжпэгч нь зуучлалын хөлс төлөхөөр талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Тус гэрээний 3.1-т зааснаар зуучлалын үйлчилгээ үзүүлсний нийт төлбөр 4 000 ам.доллар бөгөөд урьдчилгаа 2000 ам.долларыг гэрээ байгуулах үед байгууллагын дансанд тушаасан байна гэж зааснаар 2 000 ам.долларыг хариуцагч компанийн дансанд тушааж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний урьдчилгаа төлбөр болох 2 000 ам.долларыг хүргэн ах Ихбаяр Хүрэлбаатарын эзэмшлийн 420000632 дугаар тоот данснаас хариуцагчийн эзэмшлийн дансруу шилжүүлсэн. Мөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нэмэлт гэрээ байгуулж тус гэрээний дагуу 1 500 ам.долларыг "А" ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Нийт 3 500 ам долларыг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ Г.Д нь бүрэн биелүүлсэн. Нэмэлт гэрээг амаар харилцан тохиролцсон бөгөөд гол нөхцөл нь Хятадын Засгийн газрын тэтгэлэгтэй үндсэн ангид шууд хамрагдах, эсхүл Яншан их сургуульд суралцахад зуучлахаар талууд харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч талын гадаадад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулах үйл ажиллагаа нь Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6 /гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ/-д зааснаар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан байх бөгөөд хариуцагч нь тус хуулийн дагуу тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагчид төлсөн төлбөрөө буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч талын менежер, захирлаас өгсөн төлбөрөө амаар болон утсаар байнга шаардахад удахгүй урилга ирнээ, жаахан хүлээнэ үү гэх зэргээр санаатайгаар хугацаа хойшлуулж нэхэмжпэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр байна. Хариуцагч нь урьдчилгаанд төлсөн мөнгийг чинь буцаагаад шилжүүлье түр хүлээж байгаарай гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлсэн 3 500 ам.доллараас өнөөдрийн байдлаар 1 500 000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл 8 475 665 төгрөгийг төлөөгүй. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэхэмжлэл гарах үеийн ханшаар буюу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Монголбанкнаас албан ёсоор зарласан ам.долларын ханш болох 2 850.19 төгрөгөөр /3 500х2 850.19= 9 975 665, 9 975 665-1 500 00=8 475 665 төгрөг/ тооцоход үлдэгдэл төлбөр нь 8 475 665 төгрөг болж байгаа. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчид шилжүүлсэн 8 475 665 төгрөгийг хариуцагч "А" ХХК-аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахад нэхэмжлэгч Г.Д нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын томоохон нэр хүндтэй их дээд суралцуулна гэсэн зарын дагуу хариуцагч А ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзахад 10 гаруй жил энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, томоохон их, дээд сургуульд зуучилж суралцуулж Засгийн газрын тэтгэлэгт хамруулах үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарласны дагуу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хятад улсын их, дээд сургуульд суралцуулах зуучлалын гэрээ байгуулсан. Тус зуучлалын гэрээний дагуу А ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд суралцахад зуучлалын үүрэг гүйцэтгэх, харин нэхэмжлэгч нь зуучлалын хөлс төлөх харилцан төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд зааснаар зуучлалын үйлчилгээний хөлс 4 000 ам.доллар байх бөгөөд урьдчилгаа 2 000 ам.долларыг гэрээ байгуулах үед төлнө гэж заасны дагуу төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 1 500 ам.долларыг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Ингээд нийт 3 500 ам.долларыг шилжүүлсэн. Нэмэлт гэрээг амаар тохиролцсон, гэрээнд гарын үсэг зураагүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэрийг бичсэн байна. Гэрээ байгуулаагүй шалтгаан бол гэрээний зарим нөхцлийг буюу 1.5 гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй юм. Нэмэлт гэрээгээр Хятад улсын Засгийн газрын тэтгэлэгтэй сургуулийн үндсэн ангид хамрагдах эсхүл Яншань гэх сургуульд зуучлуулна гэж харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нь тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн хариуцагч талын гадаадад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулах үйл ажиллагаа нь Монгол улсын аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагаа байхад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Тиймээс зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хэлцэлд хамаарах тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагчид төлсөн төлбөрөө буцаан шаардах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч талаас төлбөрөө төлнө гэж удаасан бөгөөд 1 500 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь сурч боловсрох 2 жилийн хугацаагаа алдаж хохирч байна. Иймд хариуцагчаас 8 475 665 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсан нэхэмжлэлтэй танилцсан. Иргэн Г.Д манай компанитай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үндсэн гэрээ байгуулаад Хятад улсад хэлний  бэлтгэлд суралцахаар явсан. Үндсэн гэрээнд сургуулийн нэр, тэтгэлэгт хөтөлбөрийн төрлийг заагаагүй. Гэрээний дагуу суралцаж байх хугацаандаа өөрийн хүсэлтээр болиод найз залуутайгаа суралцмаар байна гэж хүсэлт гаргасны дагуу нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээнд гарын үсэг зуруулаагүй нэр, хаягийг өөрөөр нь бичүүлсэн. Нэмэлт гэрээ байгуулаад 1 500 ам.доллар төлсөн гэх мейлийг хавсаргаж өгсөн. Нэмэлт гэрээгээр үндсэн гэрээг биелүүлсэн гэж үзээд үйл ажиллагаа явуулсан 500 ам.долларыг хасаад 1 500 ам.долларыг буцааж өгч болно гэж заасны дагуу  1 500 000 төгрөгийг буцаан өгсөн. Манай байгууллагын үйл ажиллагааг явуулахад тусгай зөвшөөрөл шаардлагагүй, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа. Энэ талаар Боловсролын яамнаас тусгай зөвшөөрөл олгодоггүй гэдэг бичиг хэрэгт авагдсан. Г.Д Хятад улс руу хэлний бэлтгэлд яваад өөрийн хүсэлтээр буцаж ирээд нэмэлт гэрээ байгуулсан. Ковид болон өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцалсан. Үндсэн гэрээ дуусгавар болсон. Нэмэлт гэрээний 1.7-т заасны дагуу 1 500 ам.доллараас 500 ам.долларыг хасаад 1 000 ам.долларыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Манай байгууллага нь зуучлалын гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, БНХАУ-ын сургуулийн хэлний бэлтгэлд явуулсан, хэлний бэлтгэлд сууж байж дараагийн шатанд суралцдаг юм. Гэтэл нэхэмжлэгч өөрөө л сургуулиа орхиод хүрээд ирсэн, Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зарим хэсгийг нь зөвшөөрч эвлэрч болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч А ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт шилжүүлсэн 8 475 665 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч А ХХК нь гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн тул талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд гэрээний үүрэгт шилжүүлсэн сургалтын төлбөрийн үлдэгдэл 8 475 665 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Г.Д-тэй харилцан тохиролцож зуучлалын гэрээ болон нэмэлт гэрээг байгуулсан, гэрээнд заасан үүргээ биелүүлж БНХАУ-д сургуульд явуулсан боловч өөрийн хүсэлтээр буцаж ирсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас нэмэлт гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 1000 ам.долларыг буцаан өгөхийг зөвшөөрч байна, зуучлалын гэрээг байгуулахад зохих этгээдийн зөвшөөрөл шаардлагагүй тул талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч А ХХК нар нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ” байгуулж, хариуцагч А ХХК нь Г.Д-г БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцуулахад зуучлалын үүрэг гүйцэтгэхээр, БНХАУ-ын их, дээд сургуульд суралцахаар хүсэлтээ гаргаж, зуучлалын гэрээ байгуулсан Г.Д-д энэхүү гэрээгээр заасан зуучлалын үйлчилгээ үзүүлэх ба үйлчилгээ авсан нэхэмжлэгч Г.Д нь гэрээнд заасан төлбөр тооцоог аливаа мэдэгдэл, шаардлага, шахалтаас ангид бүрэн барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 5-6-р хуудас/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулсан “Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д зааснаар зөвшөөрөл авах байсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор заасан бөгөөд “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д “гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ”-г тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан боловч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно” гэжээ.

Хэрэгт авагдсан Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 07дугаар сарын 08-ны өдрийн №7/3550 тоот албан бичигт “...Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтын дагуу төрийн өмчийн их, дээд сургууль коллежийг байгуулах, өөрчлөх татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг. Боловсрол шинжлэх ухааны яамнаас Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн бус өмчийн их, дээд сургууль коллежид сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд аж ахуй нэгжид гадаад улс руу оюутан зуучлах тусгай зөвшөөрөл олгодоггүй болно”, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №10/3182 тоот албан бичигт “...Боловсрол шинжлэх ухааны яам Гадаад улсад боловсрол эзэмшүүлэх сургалтад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна. /хэргийн 43, 45-р хуудас/

Иймд зохих этгээдийн зөвшөөрөл гэдэгт гуравдагч этгээдийн зөвшөөрлөөс хамаарах эрх зүйн үйлдэл хэлцлийг ойлгох бөгөөд хэлцэл байгуулагдсаны дараа гуравдагч этгээдээс бусад этгээдийн байгуулсан хэлцлийг дэмжин зөвшөөрөх тухай мэдэгдлийг ойлгодог тул талуудын хооронд байгуулагдсан “Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ”-г байгуулахад зохих этгээдийн зөвшөөрөл шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” тул зохигч талуудын хооронд мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зуучлалын гэрээний үүргээ хариуцагч нь зохих ёсоор биелүүлээгүй, нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй гэж, хариуцагчийн төлөөлөгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, БНХАУ-д хэлний бэлтгэлд явуулсан гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ”-ний 2.3-д “А ХХК нь Г.Д-г үнэн зөв мэдээллээр хангах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, зуучлах үүрэгтэй”, 2.4-д “Апекнар ХХК нь зуучлалын үүргээ биелүүлээгүй тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаагүй тохиолдолд Г.Д-д бүртгэлийн хураамж болох 200 ам.долларыг суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно”, 3.1-д “энэхүү гэрээний дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлсний нийт төлбөр 4000 ам.доллар болох бөгөөд урьдчилгаа 2000 ам.долларыг гэрээ байгуулах үед байгууллагын дансанд тушаасан байна. Тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцон төгрөгөөр төлж болно. Үлдэгдэл 2000 ам.долларыг суралцах урилга ирсэний дараа байгууллагын дансанд тушаана”, 3.2-д “суралцах урилга ирээгүй гэрээ хэрэгжээгүй тохиолдол энэхүү зүйлийн 3.1-д зааснаар бүртгэлийн  хураамж болох 200 ам.долларыг суутган үлдэгдэл урьдчилгаа төлбөрийг буцаан олгоно. Гэрээний нөхцөл биелэгдэн урилга ирсний дараа Г.Днь өөрийн зүгээс гэрээгээ цуцласан тохиолдолд дээрх заалт хамаарахгүй болно” гэж харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь дээрх зуучлалын гэрээний дагуу зуучлалын хөлсөнд 2 000 ам.долларыг шилжүүлсэн талаар зохигч талууд маргаагүй, хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2000 ам.долларыг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 9-р хуудас/

Мөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Нэмэлт гэрээнд “нэг талаас А ХХК, нөгөө талаас Г.Д-тэй хийсэн 2019025 дугаартай Хятад улсын их, дээд сургуульд суралцахад зуучлах гэрээг дүгнэн, баталгаажуулж дараах байдлаар үргэлжлүүлэн шийдвэрлэх тухай харилцан тохиролцож, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэжээ. 

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Нэмэлт гэрээний 1.5-д “А ХХК-тай хийсэн 2019025 дугаартай гэрээний зуучлалын төлбөр болох 2000 ам.долларын 1500 ам.доллар нь зуучлалын төлбөрт, 500 ам.долларыг Яншан их сургуульд төлөх төлбөрт суутгасан болно. Зуучлуулагч нь Яншан их сургуульд төлөх нийт 4000 ам.долларын 500 ам.долларын төлбөрийг төлсөн тул үлдэгдэл 3500 ам.долларыг хуваарийн дагуу төлж барагдуулна”, 1.7-д “Апекнар ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд зуучлалын урьдчилгаа төлбөр болох 1500 ам.доллараас үйл ажиллагааны зардал болох 500 ам.долларыг суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь нэмэлт гэрээний зуучлалын хөлсөнд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 500 ам.долларын төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй болно. /хэргийн 8-р хуудас/

 

Нэхэмжлэгч нь үндсэн гэрээ хэрэгжээгүй учраас нэмэлт гэрээ байгуулсан, уг гэрээнд гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр биш, хариуцагч нь Засгийн газрын тэтгэлэгт хамааруулах, Яншан их сургуульд явуулахаар тохирсон боловч үүргээ биелүүлээгүй тул зуучлалын хөлсөнд шилжүүлсэн 3 500 ам.доллар буюу 9 975 665 /3 500х2850,19=9 975 665/ төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 1 500 000 төгрөгийг хасаад үлдэх 8 475 665 төгрөгийг /9 975 665-1 500 000=8 475 665/ буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нэмэлт гэрээг байгуулсан, Яншан их сургуульд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байхад өөрийн хүсэлтээр буцаад ирсэн тул нэмэлт гэрээ хэрэгжих боломжгүй болсон, нэмэлт гэрээний зуучлалын гэрээний хөлсөнд төлсөн 1 500 ам.доллараас 1 500 000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэх 1 000 ам.долларыг нь буцаан өгөхөд татгалзахгүй гэсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зуучлалын гэрээг хэрэгжээгүй гэсэн боловч хэрэгт авагдсан сургуулийн урилга буюу хүлээн авах бичигт “...Г.Д, Та Хэбэйн Шинжлэх ухаан техникийн их сургуулийн олон улсын солилцооны төвд Хятад хэлний бэлтгэлийн сургалтын хөтөлбөрт хамрагдахаар болсон. Сургалтад хамрагдах хугацаа 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 06 сард хүртэл эхлэх тул 2019 оны 11 дүгээр сарын 15-наас өмнө ирж бүртгүүлнэ үү” гэжээ. /хэргийн 33-34-р хуудас/

Мөн нэхэмжлэгч Г.Д-ийн Е2616636 тоот гадаад паспорт дээр 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орсон дардас дарагдсан байна. /хэргийн 51-р хуудас/

Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан сургуулийн урилга нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн боловч уг баримтын эх хувь нь байхгүй, БНХАУ-ын элчин сайдын яам хураагаад авчихдаг гэж хариуцагч тайлбарласан бөгөөд сургуулийн урилгын дагуу нэхэмжлэгч нь Хэбэйн Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хэлний бэлтгэлийн сургалтын хөтөлбөрт хамрагдахаар явсан талаар маргаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ”-ний зуучлалын хөлсөнд төлсөн 2000 ам.долларыг буцаан шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Нэмэлт гэрээнд нэхэмжлэгч Г.Д-ийн гарын үсэг зурагдаагүй талаар зохигч талууд маргаагүй, мөн дээрх гэрээний 1.5-д  заасан Яншан их сургуульд суралцуулах үүргээ хариуцагч нь биелүүлээгүй, Хэбэйн сургуулиас Яншан их сургуульд шилжүүлэн суралцуулахаар харилцан тохиролцсон талаараа баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зуучлалын гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тул зуучлалын гэрээний хөлсийг буцаан шаардах эрхтэй байна гэж үзэв.

Хариуцагчийн төлөөлөгч нь Нэмэлт гэрээний үүргийг биелүүлээгүй талаараа хүлээн зөвшөөрч зуучлалын хөлсөнд төлсөн 1 500 ам.доллараас 1 500 000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас үлдэх 1 000 ам.доллар буюу 2 850 190 төгрөгийг /1000х2850.19=2 850 000/ гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иймд хариуцагч А ХХК-иас зуучлалын гэрээний үүрэг 2 850 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 625 475 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар” тооцох тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаагаар ам.долларын ханшийг тооцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хариуцагч А ХХК-иас зуучлалын хөлсөнд 2 850 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 625 475 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60 533 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН